COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар зөвшилцөлд хүрээгүй байна

2018 оны 9 сарын 19

БНСУ, БНАСАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар зөвшилцөлд хүрээгүйг Мун Жэ Иний Хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тиймээс хоёр Солонгосын Төрийн тэргүүн нар Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох, хоёр Солонгосын харилцааг сайжруулах асуудлаар дахин хэлэлцэхийг эх сурвалж онцоллоо.

Айлчлалын эхний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар дугуй ширээний уулзалт хийж, хоёр улсын харилцааг сайжруулахад хамтын хүчин чармайлт гаргаж байгааг онцолсон байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “АНУ, БНАСАУ-ын хооронд яриа хэлэлцээ хийхэд оруулсан таны хичээл зүтгэлийн үр дүнд АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болсон. Түүнчлэн БНСУ болон БНАСАУ асуудлыг хэлэлцэж, бүс нутагт тогтвортой байдал бий болгон, хөрш орнуудтайгаа харилцахын тулд хамтын хүчин чармайлт гаргаж байна. БНАСАУ болон АНУ-ын харилцаанд цаашид ахиц дэвшил гарна гэж бодож байна” гэж мэдэгдлээ.

Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин “Ердөө таван сарын дотор БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай гурван удаа уулзаад байна. Эргэн харахад Пёнчаны Өвлийн Олимп, бүр цаашилбал Ким Чен Ун удирдагчийн шинэ оны мэдэгдлийг дурдаж болно. Зөвхөн хоёр Солонгосын хувьд ч биш БНАСАУ, АНУ-ын харилцааны шинэ эрин үеийг нээж байгаад танд талархал илэрхийлмээр байна” гэж онцолсон байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Иний энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн бүрэлдэхүүн багтаж байгаа нь онцлох үйл явдалд тооцогдож байна. Тухайлбал, “Samsung”-ийн дэд Ерөнхийлөгч И Жэ Ён Тэргүүтэй БНСУ-ын компаниудын удирдлагууд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдтай мягмар гарагт уулзсан юм. Энэхүү уулзалт нь хоёр талын хоорондын итгэлцлийг сайжруулна гэж найдаж байгаагаа “Samsung” компанийн дэд Ерөнхийлөгч И Жэ Ён онцолжээ.

Түүнчлэн Бусан хотын захиргаа БНАСАУ-тай урт хугацаанд хамтран ажиллах төслүүдээ танилцууллаа. Үүний дунд төмөр зам, далайн тээврийн төсөл багтаж байгаа аж. Үүнээс гадна загасны худалдааны чиглэлээр хамтран ажиллаж, Бусаны Олон улсын кино наадамд БНАСАУ-ын кино уран бүтээлч, жүжигчдийг урихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595002
0 эможи

keyboard_arrow_up