COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Бид аюулгүй, хүчирхэг, гайхалтай АНУ-ыг хамтдаа цогцлоож байна

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлын талаар Конгресст анх удаа илтгэл тавив. 80 минутын турш үргэлжилсэн илтгэлдээ тэрбээр сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн нөлөө бүхий татварын шинэчлэл хийснээ дахин тодотголоо. Мөн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд 1.5 их наяд ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ. Шударга худалдааны зарчмыг баримталж, хүн бүрд ээлтэй Америк орныг цогцлоохоо амласан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Өнгөрсөн оны турш америкчуудаас илүү зоригтой, шийдэмгий хүмүүс байхгүй гэдгийг дэлхий нийт харсан. АНУ-ын өнөөгийн нөхцөл байдал урьд өмнөхөөс илүү хүчирхэг байна. Учир нь бид аюулгүй, хүчирхэг, гайхалтай АНУ-ыг хамтдаа цогцлоож байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бид 2.4 сая ажлын байрыг шинээр бий болгосон. Үүнээс 200 мянга нь үйлдвэрлэлийн салбарын ажлын байр байсан. Олон жилийн турш цалин тогтвортой түвшинд хадгалагдсаны дараа өсөж байна. Мөн ажилгүйдлийн түвшин 45 жилийн доод цэгт хүрээд байна. Африк гаралтай америкчуудын ажилгүйдэл түүхэн доод хэмжээнд хүрлээ. Жижиг бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс бүх цагийн дээд цэгт хүрээд байна. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн үнэлгээ найман их наяд ам.доллараар нэмэгдлээ. Энэ бол америкчуудын хувьд таатай мэдээ. 11 сарын өмнө миний бие энэ индэр дээрээс олон амлалтуудыг өгч байсан. АНУ-ын засаг захиргаа улсынхаа түүхэн дэх хамгийн том татварын шинэчлэлийг хийж, татварыг бууруулсан. Энэ бол АНУ-ын хөгжил цэцэглэлт оргил үедээ ирсний баталгаа юм. "Америк мөрөөдөл"-өөр амьдрахад үүнээс таатай цаг үе урьд өмнө нь байгаагүй. Хэрвээ та шаргуу хөдөлмөрлөж, өөртөө, цаашлаад АНУ-д итгэж, хүсэл мөрөөдөлтэй байж чадвал, юунд ч хүрч болдгийг манай улсын иргэн бүр харж байгаа" гэсэн юм.

Үүнээс гадна гадаад бодлогын чиглэлд хэд хэдэн анхаарал татсан бодлого, шийдвэрийн талаар дурдлаа. Тэрбээр АНУ-ын цагаачлалын бодлогыг бүрэн шинэчлэхэд хоёр намын оролцоо чухал шаардлагатай гэдгийг мэдэгдэлдээ дурдсан юм. Олон жилийн турш цагаачлалын нээлттэй бодлого баримталсны дүнд хууль бус хар тамхины худалдаа, гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжсэнийг анхааруулаад, хуулийн зохицуулалтыг сайжруулах бодолтой байгаагаа илэрхийллээ. Мөн хилийн аюулгүй байдлыг хангахын тулд визийн сугалааг цаашид явуулахгүй байх асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн Ираны цөмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах хүсэлтээ Конгресст тавьснаа илэрхийлж, тус улсын ард иргэдийн талд зогсоно гэдгээ мэдэгдэв. Мөн Куба болон Венесуэлийн дарангуйллын дэглэмийн эсрэг хатуу бодлого баримтлахаа дурдаад, БНАСАУ-аас өөр ямар ч улс иргэдээ ийм хүнд нөхцөлд оруулаагүйг онцолсон юм. Тийм учраас АНУ-ын засаг захиргаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг БНАСАУ-ын цөмийн зэвсгийн аюулыг зөв тооцох ёстойг анхааруулав.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ-ын энгийн ард иргэд, ажилтнуудын эрх ашгийг хангах цагаачлалын бодлого хэрэгжүүлснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Олон 10 жилийн турш цагаачлалын нээлттэй бодлого баримталсны дүнд хар тамхины худалдаа, гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжсэн. Тэднийг АНУ-ын хилээр нэвтрүүлснээр америкчуудын ажлын байрыг булаасан. Үүгээр ч зогсохгүй гэм зэмгүй олон хүний аминд хүрсэн. Өнөөдөр миний бие “MS-13” болон бусад гэмт хэргийн бүлэглэлийг улсдаа нэвтрүүлэх алдаатай шийдвэрийг залруулах хүсэлтээ Конгресст тавьж байна. Бид АНУ-ын цагаачлал болон хуулийн хэрэгжилтийн алба, хилийн эргүүлийн агентлагтай хамтран Цагаачлалын хуулийн зохицуулалтыг шинэчлэн сайжруулахыг зорьж байна. Эдгээр хүмүүс эрсдэл дунд шаргуу ажиллаж байгаа албан хаагчид юм. Цаашид ийм зүйл дахин давтагдах ёсгүй. Энэ танхимд хүрэлцэн ирсэн Төрийн албан хаагчид болон миний бие америкчуудын аюулгүй байдал, гэр бүлийг хамгаалах үүрэг хүлээсэн" хэмээн онцоллоо.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53205
0 эможи
keyboard_arrow_up