COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд дэлхий нийтэд болох зарим содон үйл явдлууд

2018 оны 1 сарын 02

 

Шинэ он эхэлж байна. Жилийг өндөр ба нам жил хэмээн тодотгодог. Григорын тооллын 2018 оныг  ердийн жил /нам жил/ буюу 365 хоногтой гэж тодотгожээ. Харин өндөр жил гэдэг нь нийтийн нарны тоолол болох Григорийн тоололд ердийн жилийн хоёрдугаар сар 28 хоногтой байдаг бол өндөр жилийн хоёрдугаар сар нь 29 хоногтой байдаг. Өөрөөр хэлбэл, Григорийн тооллын өндөр жил 366 хоногтой байдаг юм.

Дорно дахины  тухайд 2018 он шар нохой жил юм байна.  Гурав дахь мянганы 18 он буюу 2018 онд хүн  төрөлхтнийг юу хүлээж байгаа зарим нэг содон үйл явдлыг сар сараар  товчлон хүргье.   Харин 2018 онд Монголд болох үйл явдлыг тусад нь хүргэх болно.

Нэгдүгээр сард

-Казакстан улс энэ оны эхнээс эмэгтэйчүүдийнхээ тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж байна. Ингэхдээ жил бүр алгуур шатлалтай нэмэгдүүлэх бөгөөд  тэтгэврийн насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлсээр 2027 он гэхэд  эмэгтэйчүүд 63 насандаа тэтгэвэрт гардаг болно.

-Нэгдүгээр сарын 5-наас  сансрын жолоодлогот хөлгөөр Ангараг гараг руу нисэх багийг бэлдэх төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэхүү багийн бүрэлдэхүүнд эрэгтэй эмэгтэй хосыг багтааж буй юм.  Энэ хүрээнд Ангараг руу нисэх сайн дурынхнаас  бүрдсэн багийг Хавайн арлын Мауна-Лоа галт уулын орчим  тусгаарласан  орчинд нэлээд хэдэн сарын бэлтгэл хийх юм. АНУ 2030 онд Ангараг гараг руу сансрын жолоодлогот хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд сайн дурынхнаас бүрдсэн экипажийг тусгайлан бэлдэж эхлээд байгаа юм.

-Мөн сард  америкийн сансрын хүнд ангиллын зөөгч пуужин Falcon Heavy-гийн анхны  туршилтын нислэг болно. Энэхүү пуужинг SpaceX компани бүтээж дуусаад байна. Энэхүү хүнд ангиллын зөөгч пуужин нь дэлхий орчмын тойрог замд 63,8 тн ачаа хүргэх чадалтай бол цаашид Ангараг гараг дээр 16,8 тонн ачааг нэг удаагийн нислэгээрээ хүргэх боломжтой хэмээн тооцож байна.

Хоёрдугаар сард

-Хоёрдугаар сард дэлхий нийтийн анхаарлын төвд байх үйл явдал бол БНСУ-ын Пёнчон  хотод болох өвлийн XXIII цагаан олимпийн тоглолт байх юм. Олимпийн тоглолт хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. Пёнчоны олимпийн тоглолтод дэлхийн 84 орон оролцоно гэсэн мэдээлэл байгаа бөгөөд  Эритрея болон Косово гэсэн хоёр улс шинээр оролцоно. Харин ОУОХ-ны шийдвэрээс шалтгаалан ОХУ-ын тамирчид оролцохгүй байх нөхцөл байдал бий болчихоод байна. Түүнчлэн Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ун тамирчдаа Өмнөдөд болох спортын наадамд оролцуулна гэдгээ мэдэгдлээ.

-Хоёрдугаар сард болох байгалийн содон үзэгдэл гэвэл нарны хиртэлт байх нь. Нарны энэ хиртэлтийг Өмнөд Америк болон Антарктидээс хамгийн сайн харах боломжтой гэнэ.

Гуравдугаар сард

-Шинэ оны өмнөхөн Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла парламентаа тарааж, 2018 оны гуравдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль явуулахаар зарлаад байна.  Африкийн Сахараас дүрвэн ирсэн цагаачлал тус улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа нь парламентаа тараах нэг шалтгаан болсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Ирэх сонгуулиар эрх баригч төв-зүүний үзэл баримтлалтай Ардчилсан нам Таван од нам болон цагаачлалын урсгалыг хязгаарлах зорилготой барууны үзэл баримтлалтай Форза Италиа намуудын хооронд ширүүн өрсөлдөөн болно гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

-Гуравдугаар сард болох хамгийн их анхаарал татсан асуудлал манай хойд хөршийн Ерөнхийлөгчийн сонгууль байх болно.  Энэ сонгууль гуравдугаар сарын 18-нд төлөвлөгдсөн болно. Сонгуульд өрсөлдөх хамгийн сонирхолтой фигур гэгдэж байсан Алексей Навальный-г тус улсын Дээд шүүх 12 дугаар сарын 28-ны өдөр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байна.   Ажиглагчид одоогийн Ерөнхийлөгч В.Путинийг дахин сонгогдоно хэмээн үзэж байна.

Дөрөвдүгээр сард

-Дөрөвдүгээр сарын 19-нд Кубын удирдагч Рауля Кастро албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдээд буй. Ингэснээр Куба улсад зуун дамжин үргэлжилсэн Кастро-нуудын эрх дархын үе улирч байна. Рауля Кастро  Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн дүү бөгөөд  эдүгээ 87 настай. Тэрбээр 1959 оны Кубын хувьсгалд ахтайгаа хамт мөр зэрэгцэн явсан бөгөөд тус улсын цэргийн яамыг 50 жилин турш тэргүүлж байв.  

-Мөн сард Европын сансрын агентлаг болон Японы сансар судлалын агентлаг хамтран Буд гарагийг судлах зорилго бүхий автомат станцыг хөөргөхөөр төлөвлөж байна. Буд бол нарны систем дэх наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг гариг юм. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн. Буд гарагийн  нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ.

Тавдугаар сард

-Данийн Копенгаген болон Хернинг хотод шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээн тавдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно. Дэлхийн аварга  шалгаруулах 82 дахь удаагийн энэхүү тэмцээн нь Дани улсад анх удаа болж байгаа бөгөөд  шилдэг 16 баг  хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Тус тэмцээнд Европын 13 орон,Америк тивээс  АНУ, Канад гэсэн хоёр орон оролцох бол Ази тивээс ганцхан улс тэнд өрсөлдөнө. Тэр бол БНСУ юм.  

-АНУ-ын Сансар судлалын агентлаг тавдугаар сард Ангараг гарагийн цөмийг судлах зорилго бүхий InSight хөтөлбөрийн хүрээнд сансрын аппаратыг тавдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байна. Тус аппарат Улаан нүдэн гараг дээр 11 дүгээр сард газардахаар  товтой байгаа. Тооцоолж байгаагаар тус аппарат тэнд 720 өдөр ажиллах учиртай.

Зургадугаар сард

-2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болно. Манай хойд хөрш анх удаа энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авсан. 

ФИФА (Олон улсын хөлбөмбөгийн холбоо) ОХУ-д болох дэлхийн аваргын тоглолтууд явагдах 12 цэнгэлдэх хүрээлэнг албан ёсоор батлаад байгаа. 

“ФИФА 2018” хөлбөмбөгийн XXI дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээн 2018 оны зургаадугаар сарын 14-нөөс 15-ны хооронд болно. Мөн нээлт нь Москва хотын алдарт “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болох билээ. 2018 оны дэлхийн аваргад оролцох шигшээ багуудын урьдчилсан тоглолтууд эхэлсэн байгаа. 

-Энэ сард болох содон үйл явдал гэвэл Саудын Арабт  эмэгтэйчүүдийг  автомашин жолоодохыг хориглосон хааны зарлиг зургадугаар сарын 24-ны өдрөөс эхлэн цуцлагдахаар болж байна.  Тус улсын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд  өнгөрөгч есдүгээр сард эмэгтэйчүүдийг автомашин болон мотоцикль жолоодохыг зөвшөөрсөн юм.

Долоодугаар сард

-Долоодугаар сард болох нар хиртэлт Австрали болон  Антарктидад ажиглагдах бол  нарыг судлах зориулалт бүхий Solar Probe Plus  аппаратыг  хөөргөнө.

Наймдугаар сард

-Энэ сард болох хамгийн содон үйл явдал гэвэл Индонезийн Жакарта болон Палембанг  хотод болох Азийн зуны их наадам юм. Энэхүү наадам наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2 хүртэл үргэлжлэх юм. Азийн спортын наадамд тус тивийн 45 орны  9700 гаруйн тамирчид  спортын 42 төрлөөр өрсөлдөнө.  

Есдүгээр сард одоогоор онцлох үйл явдалгүй байна.

Аравдугаар сард

-Аравдугаар сарын 6-18-нд Аргентин улсын Буэнос-Айрес хотод дэлхийн залуучуудын олимпийн зуны  III тоглолт болно.

Энэхүү дэлхийн залуучуудын олимп өмнө нь хоёр удаа Азийн орнуудад дараалан болж байв. Тухайлбал, 2010 оны анхны тоглолт  2010 онд Сингапурт болж байсан бол удаах хоёр дахь наадам Хятадын Нанкинд болж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх.

-Аравдугаар сард сансрын үлэмж хүчтэй дуран авай «Джеймс Уэбб»-г  хөөргөхөөр төлөлөж байна. Сансрын тойрог зам дахь одон орон судлах оргил хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү аварга  дуран авай алдарт “Хаббл” дурангийн дараах үе болж байна.  Энэхүү «Джеймс Уэбб» дурангийн толины  диаметр 6.5 метр бол “Хаббл” дурангийннх  2,4 м байдаг гээд төсөөлөөрэй.  Энэхүү дуран авайг зохион бүтээхэд дэлхийн 17 улс орны эрдэмтэд хамтран ажиллажээ.

Арваннэгдүгээр сард

-Энэ сарын 29- өөс Европын гандболын  эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Эмэгтэйчүүдийн гандболын аварга шалгаруулах энэхүү тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож байгаа юм.

Цаг  хугацаа нь тодорхойгүй байгаа зарим нэг үйл явдал

-Гүржийн Батуми хотод дэлхийн шатрын олимпиад болно.

-Москва –Петербург чиглэлийн 684 км хурдны зам  ашиглалтад орно.

- Туркменистанаас  Энэтхэг рүү хий дамжуулах хоолой  ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү хийн хоолой Афганистан болон Пакистанаар дамжиж байгаа юм.

-Европ болон ОХУ-ын хамгийн өндөр барилга болох  Лахта төв ашиглалтад орно. Энэхүү тэнгэр баганадсан барилга нь  Газпром-ын албан ёсны төв байр болох юм.

- SpaceX компани сансрын хоёр жуулчин бүхий  Falcon Heavy пуужинг сарны зүг хөөргөхөөр төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51730
1 эможи
keyboard_arrow_up