COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Удахгүй Ши Жиньпинтэй уулзаж, худалдааны хэлэлцээрээ эцэслэж магадгүй

2019 оны 2 сарын 01

АНУ, БНХАУ гуравдугаар сарын нэгэн гэхэд худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. БНХАУ-ын Шадар сайд Лю Хэгийн ахалсан худалдааны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүн Вашингтонд хоёр өдөр ажиллаж, яриа хэлэлцээ хийсэн бөгөөд АНУ болон БНХАУ худалдааны хэлэлцээнд ахиц гарсан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн дараагийн уулзалтыг Бээжинд хийхээр товложээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард хүрсэн түр зөвшилцлийн хугацаа дуусахад нэг л сар үлдсэн энэ үед талууд хэлэлцээгээ ахиулахыг зорьж байна. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар дараагийн шатны хэлэлцээ хийхээр хоёрдугаар сарын дундуур БНХАУ-д айлчлахаар болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаас нааш худалдааны маргааны асуудалд нэгдсэн шийдэлд хүрэхгүй бололтой" гэж мэдэгдсэн байна. Энэ уулзалт түүнийг хоёрдугаар сарын эцсээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзсаны дараа болно гэж харж байгаа аж. БНХАУ-ын талаас хэлэлцээний үеэр Дональд Трампыг Ши Жиньпинтэй уулзахыг урихаас өөр шинэ нөхцөл, санаачилга гаргаагүй гэж эх сурвалж мэдээлж байна. Дональд Трамп Ким Чен Унтай хийх хоёр дахь удаагийн уулзалтын цаг, байршлыг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна. Үүнийг Ерөнхийлөгч Ши Жиньпин болон миний бие хийх болно. Бид хулгай болон худалдааны асуудлуудыг бүх талаас нь хэлэлцэж байгаа. Бид БНХАУ-ыг илүү нээлттэй болгох хэрэгтэй. Манай зах зээл тэдэнд нээлттэй байдаг. БНХАУ АНУ-аас импортлох буурцгийн хэмжээгээ нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна олон нөхцөлүүд байгаа” гэж мэдэгдлээ.

Гуравдугаар сарын нэгнээс өмнө хэлэлцээрт хүрэхгүй бол АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын бараа, бүтээгдэхүүний тарифыг хоёр дахин нэмэгдүүлэхээ анхааруулсан юм. Талуудын хэлэлцэж буй гол асуудлуудад БНХАУ-ын оюуны өмчийг хамгаалах бодлого, эдийн засагт нь төрийн оролцоо их байгаа зэрэг асуудлууд багтаж байна. БНХАУ-ын талаас хийсэн албан мэдэгдэлд “Оюуны өмчийг хамгаалах бодлогоо сайжруулна” гэж онцолжээ.

БНХАУ-ын Худалдааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Гао Фен “БНХАУ оюуны өмчийг хатуу, тууштай хамгаалж ирсэн. Үүнийгээ илүү сайжруулахын тулд хууль эрх зүйн орчин, хэрэгжилтийг хангахад илүү анхаарах болно. Бид оюуны өмчийн хяналтын явцыг сайжруулж, хууль бус үйл ажиллагааны эсрэг авах арга хэмжээг чангатгана. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, нэмэгдүүлэхэд шинэ хуулийн төсөл танилцуулна. Энэ нь зах зээлээ илүү нээлттэй болгох алхам болно” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна хэлэлцэж байгаа гол асуудлуудын нэг болох шар буурцгийн худалдаанд ахиц гарсныг АНУ онцоллоо. Шар буурцгийн импортоор дэлхийд тэргүүлэгч БНХАУ АНУ-аас үргэлжлүүлэн шар буурцаг худалдан авсаар байна гэж Дональд Трамп мэдэгджээ. Тухайлбал, БНХАУ ойрын хугацаанд АНУ-аас таван сая тонн шар буурцаг импортлохоор төлөвлөж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын Аргентинд хийсэн уулзалтын дараа хоёр талын шар буурцгийн худалдаа сар хүрэхгүй хугацаанд таван сая тонн давсан гэсэн тооцоо гарчээ. БНХАУ-ын АНУ-аас импортолдог шар буурцгийн хэмжээ жилийн 30-35 сая тонноор хэмжигддэг. Хэдий тийм боловч БНХАУ АНУ-ын тарифын эсрэг хариу арга хэмжээ болгон шар буурцгийн импортод тариф ногдуулсны дараа энэ төрлийн бүтээгдэхүүний худалдааны эргэлт өнгөрсөноны наймдугаар сараас хойш огцом буурсан юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599912
0 эможи

keyboard_arrow_up