COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Зөн билгийн тулаан“ нэвтрүүлэг ЖҮЖИГ байсныг нотлох бүх баримтуудыг дэлгэлээ

2019 оны 1 сарын 12

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн оролцогчид жүжиглэдэг байсныг Оросын Россия  сувгаар гарсан "Идущие к чёрту" баримтат киногоор нотолжээ.

Хэд хэдэн хурц сэдвээр баримтат кино хийж байсан сэтгүүлч Борис Соболев "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ард чухам юу нуугдаж байсныг, үнэхээр зөн билэгтэн хүн байдаг эсэхийг эрэн сурвалжлан, нэвтрүүлгийн оролцогчид болоод хөтлөгч, редакторуудаас ярилцлага авч, оролцогчдод даалгавар өгөн шалгасан байна.

Оролцогчдод яг л "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт өгдөг байсантай ижил даалгавар өгөхөд хэн нь ч гүйцэтгэж чадаагүй ажээ. Мөн тэдэнд нэвтрүүлгийн багийнхан аливаа даалгаврын мэдээллийг задруулж сэмээрхэн хэлж өгдөг, мэдээллээ мөнгөөр зардаг байсныг илрүүлсэн байна. Нэвтрүүлгийн ялагч анхнаасаа тодорхой болчихсон байдаг бөгөөд бүх юм төлөвлөсөн зохиолын дагуу тавилттай жүжиг мэт явагддаг байсныг уг баримтат киноноос үзэж болох аж. 

Монголчуудын сайн мэдэх зөн билэгтэн Мехди Эбрагими-Вафа "Нэг мэдээлэл 35 мянган долларын үнэтэй байдаг, харин ялагч болохын тулд 350 мянган доллар..." хэмээн ярьсныг ч үзэх боломжтой. 

Тус баримтат кинонд чухам юу гарсныг дор сийрүүллээ.

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаров "Надаас хүмүүс "Зөн билгийн тулаанд болж байгаа үйл явдал үнэн үү?" гэж асуухад би "Үнэн" гэж бат итгэлтэй хариулдаг" гэсэн юм. 

Энэхүү нэвтрүүлэгт амжилттай оролцсон Анатолий Леденёв эхний шатанд багаажинд нь хүн байгаа машиныг олох даалгаврыг маш сайн гүйцэтгэж байсан билээ. Түүнийг дахин шалгая гэхэд тэрээр ганцаараа татгалзаагүй байна. Учир нь "Зөн билгийн тулаан"-ы бусад оролцогчдоос энэ даалгаврыг гүйцэтгэхийг хүсэхэд ямар нэг байдлаар тусалж хэлж өгөхгүй л бол оролцохгүй гэжээ.

Шилдэг оролцогч Анатолий Леденёв

40 гаран насны, хүүхэдгүй ганц бие эмэгтэй Анатолий Леденевт 20 гаруй удаа үзүүлж, нийт 350 гаруй мянган рубль зарлагаджээ. Өөрөөр хэлбэл жилийн цалингаа өгөөд, сүүлдээ өрөнд орсон байна.

Туршилтад оролцсон Леденёв даалгаврыг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс баримтат киног хийж байгаа нэг эмэгтэй түүний дэргэд очоод /нууц камер бичиж байв/ "Саяны даалгавар амжилтгүй болсон учраас энэ зургийг дахиад авъя" хэмээн шивнэж хэлэхэд "Аль машинд хүн байгааг надад хэлж өг. Тэгсэн тохиолдолд зургаа дахиад авъя. Яг хүн байгаа машины эсрэг талд та зогсож байхад болно" гэлээ. Ингээд дахиад зураг авахад Леденёв машиныг зөв таалаа.

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн дараа Леденёвын үүсгэн байгуулсан шидийн төвд үзүүлэхээр олон мянган хүн ирэх болжээ. Тэдгээрээс ихэнх нь эмэгтэйчүүд аж. Үзүүлэхээр ирсэн хүмүүс түүнийг нэвтрүүлгээр харсан учраас итгэдэг гэжээ. 

Түүнд 40 гаран насны, хүүхэдгүй ганц бие эмэгтэй л гэхэд 20 гаруй удаа үзүүлсэн байна. Эмэгтэйд хэдхэн минутын засал хийснийхээ төлөө хангалттай их мөнгө аваад гаргадаг байна. Эмэгтэй олон сарын туршид энэ үйлчилгээг авсан бөгөөд нийт 350 гаруй мянган рубль  /13 сая төгрөг/ зарлагаджээ. Өөрөөр хэлбэл жилийн цалингаа өгөөд, сүүлдээ өрөнд орсон байна.

Энэ мэтчилэн олон мянган хүн зөн билэгтэн, үзмэрчдэд залилуулсан тохиолдол их гарсан байна. 

МАРАТ БАШАРОВ, САФРОНОЫН АХ ДҮҮС БОЛОН ОРОСЫН АЛДАРТАЙ ХҮМҮҮСТ ИТГЭДЭГ УЧРААС ХҮМҮҮС ЗӨН БИЛЭГТНҮҮДЭД ҮЗҮҮЛДЭГ БОЛСОН

"Идущие к чёрту" баримтат киноны зохиолч, сэтгүүлч Борис Соболев

Нэвтрүүлгийн ялагч Наталья Бантеева бусдыг архи, мансууруулах бодисноос гаргаж өгнө гэх залилангийн хэргээр 5 удаа шүүхийн хаалга татсан байна.

Сэтгүүлч Борис Соболев нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаровт хандаж "Зөн билэгтнүүдэд үзүүлсэн хүмүүсээс "Та нар 21-р зуунд яагаад ийм хийсвэр юманд итгэж байгаа юм бэ?" гэж асуухаар "Бид үзмэрчдээс илүү Марат Башаров, Сафроновын илбэчин ах дүүс, алдартай хүмүүст итгэдэг болохоор л зөн билэгтнүүдэд үзүүлдэг" гэж хариулдаг юм билээ" хэмээн ярив.

Хариуд нь  Марат Башаров "Тэнэг л байна даа" гэв. "Тэгэхээр та нарт итгэж болохгүй гэсэн үг үү?" гэхэд "Тэгэлгүй яах вэ" гэлээ. 

"Зөн билгийн тулаан"-ы ялагч Наталья Бантеева "Проснись" буюу "Сэр"  хэмээх шоу хийх болжээ. Энэ шоугаа аялан тоглолтоор байнга хийдэг бөгөөд үүнийг үзэхээр олон мянган хүн ирдэг байна. 

Тэрбээр таван удаагийн эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд бусдыг архи, мансууруулах бодисноос гаргаж өгнө гэх мэт залилангийн хэргээр шүүхийн хаалга татсан байна.

Баримтат киноны багийнхан түүнийг туршаад /нууц камераар/ цуврал алуурчин, залилангийн гэмт хэрэгтэн, Исландын ерөнхийлөгч болон Че Геварагийн залуу байх үеийн зургуудыг үзүүлээд хэн болохыг асуухад бүгдийг нь буруу хэлсэн байна. 

Цуврал алуурчинг маш сайн хүн гэсэн бол Исландын ерөнхийлөгчийг хөлбөмбөгчин эсвэл механикч хүн гэжээ. Харин Че Геварагийн зургийг хараад Оросын Мурманскт нас барсан хүн гэв. Ингээд энэ үйлчилгээг авсныхаа төлөө Наталья Бантеевад 35 мянган рубль /1.3 сая төгрөг/ төлсөн юм. 

Харин түүний талаар Сафронов "Наталья Бантеева гэмт хэрэгтэн, хар тамхичин ч бай, ямар ч хүн байсан тэр биднийг үргэлж гайхшруулдаг байсан" гэсэн юм. 

ЯЛАГЧ ЗИРАДДИН РЗАЕВ: НЭГ МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛАХАД 50 МЯНГАН РУБЛИЙН ҮНЭТЭЙ

Сэтгүүлч Борис Соболев "Танай шоу тэр чигтээ жүжиг шүү дээ" гэхэд хөтлөгч Марат Башаров "Манайд нэг ч жүжиг байхгүй. Та манай нэвтрүүлгийг үзээд, зовж шаналсан хүмүүсийн ихэр татан уйлж байгааг хараад жүжиг гэж хэлэх үү?" гэв.

Борис Соболев "Тэр хүмүүс жүжиглээгүй гэдгийг мэднэ. Гэхдээ үүнийг яаж хийдгийг би мэднэ" гэв.

Зираддин Рзаев өөрийгөө цорын ганц зөн билэгтэн гэх бөгөөд зөвлөгөөгөө 1000 еврогоос, багц эмчилгээгээ 5000 еврогоос, харин бизнесийн байгууллагад 10 мянган еврогоор зөвлөгөө өгдөг байна.

Зираддин Рзаев өөрийгөө цорын ганц зөн билэгтэн гэж нэрлэх бөгөөд хувь хүнд өгөх зөвлөгөөгөө 1000 еврогоос эхлүүлдэг бол багц эмчилгээгээ 5000 евро, харин бизнесийн байгууллагад өгдөг зөвлөгөөгөө 10 мянган еврогоос эхлүүлдэг байна.

Саяхан л Азербайжаны нэгэн мужийн сургуулийн бага ангийн багш байсан тэрээр одоо Москвад хэд хэдэн байртай, мөн баячуулын хороололд амины орон сууцтай, брэндийн үнэтэй хувцас өмсдөг болжээ. 

Зираддин Рзаеваас баримтат киноны багийнхан зөн билгийн тулаантай төстэй нэвтрүүлэг хийх гэж байна гэх нэрийдлээр үнэнийг нь яриулжээ.

Тэрбээр "Би хэзээ ч жинхэнэ зөн билэгтэн харж байгаагүй. Надад харин тийм чадвар бий. Бусад нь зөн билгийн тулаанд оролцохоосоо өмнө зөн билэгтэн байгаагүй. Тэд маш сайн сэтгэлзүйчид, бусад нь өвчтэй хүмүүс. Харин нэвтрүүлэгт орсны дараа зөн билэгтэн болчихсон. Тэд луйварчид, би үүнийг хаана ч ярина" гэв. 

Түүнээс "Та яг өөрийн хүчээр нэвтрүүлгийн эцсийн шат хүртэл явсан уу?" гэхэд "Үгүй ээ,  би үүнийг нуухгүй" гэв. 

Рзаев: Нэвтрүүлгийн багийнхан ингэж бидэнд мэдээлэл өгдөг. Би та нарт бүх нууцыг нь дэлгэлээ шүү

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн үеэр Зираддин Рзаевт нэг хүүгээс өвөг эцэг нь ямар хүн байсныг таах даалгавар иржээ. 

Тэрбээр "Бидэнд Чапаевын гуч хүүгийн өмнө очоод өвөг эцэг нь хэн бэ гэдгийг таах даалгавар ирсэн. Гэтэл даалгавар эхлэхээс өмнө нэг эмэгтэй миний хажууд ирээд хувцсыг маань янзалж өгөнгөө надад "Нэлээн дээр үед амьдарч байсан хүн шүү" гэж хэлж өгсөн. Тэд үргэлж мэдээллээ задалж байдаг.

Гэмт хэргийн үнэн мөнийг хэлэх ёстой даалгавар эхлэхээс өмнө нэг хүн бидэнд "Тэр хүн ганц охинтой. Охиныг нь хүн алчихсан гэсэн" гэж хэлж өгсөн. Ингэж бидэнд мэдээлэл өгч байдаг. Би та нарт бүх нууцыг нь дэлгэлээ шүү " гэв.

Зираддин Рзаев "Зөв билгийн тулаан үргэлж ингэсээр ирсэн. Харин түүнийхээ хариуд мөнгө авдаг. Нэг мэдээлэл 25 мянга /995 мянган төгрөг/, 50 мянган рублийн /1,9 сая төгрөг/ үнэтэй" хэмээн Рзаев ярив. 

Зөн билгийн тулаантай төстэй нэвтрүүлэг хийе хэмээн ярьсан хөтлөгч Рзаевт хандан "Бид нэвтрүүлгээ ингэж хиймээргүй байна" гэхэд "Тэгвэл танай нэвтрүүлэг сонирхолтой болохгүй. Бага ч болтугай мэдээллийг задруулж байх хэрэгтэй гэв. Яагаад гэвэл зөн билэгтэн гэж байдаггүй юм " гэжээ.

НЭВТРҮҮЛГИЙН БАГИЙНХАН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ХАНГАЛТТАЙ БАРИМТ ЦУГЛУУЛААД, ДААЛГАВАР ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ТЭРИЙГЭЭ ЗӨН БИЛЭГТНҮҮДЭД ХЭЛЖ ӨГДӨГ

Зөн билэгтнүүд даалгавраа эхлэхээс өмнө нууц мэдээллээ авчихдаг бөгөөд даалгаврын үеэр ямар нэг зан үйл хийснээ, болсон үйл явдлыг өөрийн үгээр ярихад хайртай хүнээ алдсан, зовж шаналсан хүмүүс тэдний үгэнд чин сэтгэлээсээ итгэдэг байна.

Марат Башаров "Надад сая доллар санал болгосон. Өөрөөр хэлбэл би мэдээллийг задруулна. Надад саяыг өгнө гэсэн"

Аливаа хэргийн талаар даалгавар өгөхөөсөө өмнө "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн багийнхан эрүүгийн хэргийн хавтаст хэргийг судалж, чухам юу болсон талаар хөрш айлууд, танилуудаас нь асууж  судалдаг байна. Ингээд цуглуулсан мэдээллээ зөн билэгтнүүдэд өгдөг ажээ.

"Нэгдүгээр байранд орох зөн билэгтний үнэ хэд вэ?" хэмээн сэтгүүлч Борис Соболевыг асуухад Марат Башаров "Надад нэг оролцогч сая доллар санал болгосон. Өөрөөр хэлбэл би мэдээллийг задруулна. Надад саяыг өгнө гэсэн" гэв.

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаров

"Идущие к чёрту" баримтат киноны багийнхан зөн билэгтнүүдийг шалгаж туршихын тулд нэгэн санаа олжээ.

Эхнэрээ боомилж алаад, мөчлөөд биеийн хэсгүүдийг нь машины багажинд хийсэн аймшигт хэргийг мэдрэх эсэхийг нь шалгахын тулд тэд нэвтрүүлгийн шилдэг оролцогчид болох Анатолий Леденёв, Роман Фад болон Зираддин Рзаев нарыг урьсан байна.

Ингээд даалгавраа эхлүүлэхээс өмнө тэдэн рүү хэргийн талаарх мэдээг мэйлээр явуулав. Мөн тухайн мэдээнд дурдагдсан машинтай ижил загварын хэрнээ гэмт хэрэгтэй огт холбоогүй машиныг даалгаварт ашиглахаар авчирлаа.

Улмаар зөн билэгтнүүдэд машиныг үзүүлэхэд тэд бүгд л урьднаас мэдээллийг уншчихсан байсан тул Рзаев "Энэ надад яг л мах нядлах үйлдвэрийг санагдуулж байна. Энэ яг эмэгтэй хүний авсыг санагдуулж байна" гэв.

Роман Фад "Энэ машинаас моргийн энерги мэдрэгдэж байна. Яг л махны дэлгүүрийг санагдуулж байна" гэх бол Анатолий Леденёв машинд суугаад л "Ёстой таагүй мэдрэмж төрж байна. Ёстой муухай энерги мэдрэгдэж байна. Эндээс жаахан хол зогсъё" гэснээ нөгөө л мөчилсөн цогцосны тухай яриагаа эхлүүлжээ.  Энэ мэтчилэн зөн билэгтнүүд нэвтрүүлэгт жүжиглэдэг байна. 

Үнэн нь илчлэгдээгүй маш олон мянган гэмт хэрэг бий. Мөн цагдаагийн байгууллагад итгэх итгэл нь алдарсан маш олон хүн бий. Тиймээс зөн билэгтнүүдийн "мундаг" ажиллаж байгаа нь тухайн нэвтрүүлгийн нэр хүндийг улам өсгөсөөр иржээ.

Ид шидийн тухай нэвтрүүлгийн зохиолч, редактор Павел Кучеров: "Бид эхлээд бэлтгэл ажлаа хангана. Хэргийн газар нь очиж хэн тэнд үхсэн, хэн ямар хүүхэд төрүүлсэн, хэнтэй амьдарч байсан гэх мэт маш дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулдаг" гэв.

Бүх юм зохиомол. Зарим зөн билэгтэнд даалгаврын үеэр чихэвчээр хэлэх үгийг нь зааж өгдөг байсан. 

Хүүгээ алдсан ээж Екатерина Зинькова арга ядаад "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт хэргийн үнэн мөнийг мэдэхээр оролцжээ. Хүүг нь хөрш айлын сэтгэцийн эмгэгтэй этгээд хороосон гэж цагдаагийнхан үзсэн байна.

Харин "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг эхлэхээс өмнө нэвтрүүлгийн багийнхан ээжээс нь аллагатай холбоотой маш олон нарийн мэдээлэл, бичиг баримтыг шаарджээ. Мөн хамаатан садан, ойр дотнынхон, найзуудынх нь талаарх мэдээллийг ч цуглуулсан байна. Ээж нь энэ нэвтрүүлэгт хандсандаа их харамсдаг тухайгаа яриад уйлав.

Украины "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн редактор асан Евгений Вяхирев: "Маш сайн сэтгэлзүйчид, жүжигчид бий. Харин зөн билэгтэн гэж байхгүй. Ямар зөн билэгтэн түрүүлэх вэ гэдгийг анхнаас нь тодруулж, нэвтрүүлгийн зохиолыг гаргасан байдаг. Бүх юм зохиомол. Зарим зөн билэгтэнд даалгаврын үеэр чихэвчээр хэлэх үгийг нь зааж өгдөг байсан. 

Харин гэр бүлийнх  нь хүн өнгөрсөн гэх мэт зовж шаналсан хүмүүс нэвтрүүлгийн үеэр уйлж шаналснаасаа болоод өмнө нь редакторуудад юу ярьж байснаа санадаггүй" гэлээ.

Нэвтрүүлгийн зохиолч, редактор "Воротникова надаар дамжуулж бүх мэдээллээ авдаг байсан" 

"Ер нь ийм нэвтрүүлгийг шударгаар хийж үзсэн үү?" гэж асуухад "Ёстой хийж үзээгүй юм байна" гэж хариулжээ. 

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагч Воротниковагийн ард нэвтрүүлгийн зохиолч, редактор ажилладаг байжээ. Тэрээр одоо Воротниковагийн пиар-ыг хариуцсан захирлаар ажиллаж байгаа аж. Тэрбээр "Воротникова надаар дамжуулж бүх мэдээллээ авдаг байсан" гэлээ. 

САФРОНОВ: БИ НЭГ Ч УДАА МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛЖ БАЙСНЫГ ХАРЖ БАЙГААГҮЙ

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн хөтлөгч, илбэчин Сафронов

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн хөтлөгч, илбэчин Сафронов  "10 жилийн хугацаанд энэ нэвтрүүлэгт ажилласных би жил ирэх тусам зөн билэгтэн гэж байдаггүй гэдэгт итгэдэг болж байна" гэв.

Сафронов "Ямар сонин юм бэ? Тэд бүгд л чадаж байсан. Мэдэхгүй" гэж хариулжээ. 

Сэтгүүлч Борис Соболев "30 машины дундаас багаажинд байгаа хүнийг магадлалын аргаар олж болно. Харин хүний зургийг хараад нэрийг нь таах, хүний үсээр нас барсан эсэхийг нь тогтоох боломжтой гэж үү? Танай нэвтрүүлгийн ялагчид болон шилдэг оролцогчдын үүсгэн байгуулсан ид шидийн төвүүдээр хүмүүс их үйлчлүүлэх боллоо" гэхэд Сафронов "Надад тэр төвүүдэд ханддаг хүмүүсийг хараад харамсалтай санагддаг" гэхэд сэтгүүлч Соболев "Тэд танай нэвтрүүлгийг үзээд итгээд очиж байгаа шүү дээ. Хүмүүс та нарт итгэж байна" гэхэд "Бид үүний хариуцлагыг хүлээхгүй" гэв.

Сафроновт сэтгүүлч "Бид танай нэвтрүүлгийн ялагчид болон эцсийн шатанд үлдсэн хүмүүсийг уриад нэвтрүүлэгт хийж байсан даалгавруудаар шалгалт авахад хэн нь ч биелүүлж чадаагүй" гэхэд Сафронов "Ямар сонин юм бэ? Тэд бүгд л чадаж байсан. Мэдэхгүй" гэж хариулжээ. 

"Тэгвэл хүмүүс мэдээлэл задруулж, оролцогчдод хэлж өгдөг юм биш үү?" гэхэд Сафронов "Би л лав хэлж өгдөггүй" гэлээ. 

"Та бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд ажиллахдаа оролцогчдод хүмүүс мэдээлэл хэлж өгдөг системийг нэг ч удаа харж байгаагүй гэж үү? гэхэд "Би үнэхээр харж байгаагүй.  Мэдэхгүй" гэв.

МЕХДИ: НЭГ ХАРИУЛТ 35 МЯНГАН ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ. ХАРИН ЯЛАГЧ БОЛОХЫН ТУЛД 350 МЯНГАН ДОЛЛАР...

Ираны зөн билэгтэн Мехди Эбрагими-Вафа

Мехди маш амжилттай оролцсон бөгөөд монголчууд хүртэл урьж авчирч үзүүлж байсныг та санаж байгаа байх. 

Ираны зөн билэгтэн Мехди Эбрагими-Вафа шүдний эмч байсан бөгөөд орос эмэгтэйтэй гэрлэсэн. Тэрбээр маш амжилттай оролцсон бөгөөд монголчууд хүртэл урьж авчирч үзүүлж байсныг та санаж байгаа байх. 

"Идущие к чёрту" баримтат киноны багийнхан түүнтэй ярилцахад "Би бүгдийг өөрөө хийдэг байсан" гэжээ. Түүнээс "Таныг шалгамаар байна" гэхэд шууд л "Татгалзмаар байна" гэв. 

Камер ажиллаж байсан учраас сэтгүүлч шууд л дугтуйнд хийсэн зургаан зураг үзүүлээд аль дугтуйнд амьд хүний зураг, алинд нь нас барсан хүний зураг байгааг асуухад "Гурваас нь дулаан энерги мэдрэгдэж байна" буюу "амьд хүний зураг, гурав нь нас барсан хүний зураг" гэж хариулав. Гэвч бүгд амьд хүний зураг байв.

"Зөн билгийн тулаан"-ы ялагч анхнаасаа тодорхой байдаг тухай Мехди хэллээ. "Нэг ч зөн билэгтэн байдаггүй юм. Нэг хариулт 35 мянган долларын үнэтэй. Харин ялагч болохын тулд 350 мянган доллар..." гэв.

Нэг зөвлөгөөгөө 1000 ам.доллараас эхлүүлдэг болсон Мехди одоо хүссэн бүхнээ авах чадвартай чинээлэг, төрөл бүрийн ном бичдэг болсон байна.

Соболев: Би зөн билэгтэн огт байхгүй гэж хэлэхийг хүссэнгүй. Баримтат киногоо хийх явцдаа худалч, жүжигчин, тавилттай жүжгээс өөр юу ч олж харсангүй

Сэтгүүлч Соболев Сафроновт хандан "Танай нэвтрүүлгийн оролцогчид нэг хариулт ямар үнэтэй байдаг, ялагч болохын тулд бас ямар үнэтэй байдгийг хэлсэн. Бүр яг тогтсон үнэ хэлсэн. Эхний улирлын ялагчид арай бага мөнгө хэлж байсан бол сүүлийн үеийнх нь хагас сая доллараар үнэлдэг талаар ярилаа" гэж Сафроновт хэлэхэд "Үнэхээр тийм гэж үү" хэмээн итгэж ядаад "Тэгвэл тэр мөнгөө надад өгчих өө,  би та нарыг эцсийн шатанд оруулаад өгье" гэв.

Сэтгүүлч Борис Соболев энэ баримтат киногоо хийхэд хоёр жил зарцуулжээ.

Тэрбээр "Би зөн билэгтэн огт байхгүй гэж хэлэхийг хүссэнгүй. Баримтат киногоо хийх явцдаа худалч, жүжигчин, тавилттай жүжгээс өөр юу ч олж харсангүй." хэмээн баримтат киноныхоо төгсгөлд хэлсэн юм. 

 

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
4
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
6
599158
22 эможи

Давка
2021-02-04 03:01
Худал хуурмагаар дүүрэн нэвтрүүлэг ахиж үзэхгүй
Батнасан
2020-06-29 18:47
Энэ баримтад киног бүгдээрээ үзээрэй, баримттай жинхэнэ үнэнийг харуулсан байлээ. Манай Монголд ч бас ийм луйварчид хүмүүсээс хэдэн саяар мөнгө авч даврах болсон шүү.
Оюунчимэг
2020-03-26 23:16
Итгэхгүй бна. Гунигтай бна
Болд
2019-12-29 15:15
Нэвтрүүлгээ сонирхолтой болгох гэж мэдээллүүдийг нь хувааж зардаг байх.
keyboard_arrow_up