COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Беларусийн ерөнхийлөгч ОХУ-д анхааруулга өглөө

2019 оны 1 сарын 11

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хэрвээ ОХУ өөрийнх нь улсад газрын тосны хангалттай үнийн хөнгөлөлт үзүүлэхгүй бол холбоотноо алдана гэдгийг анхааруулжээ.

“Хэрвээ Оросын удирдагчид ийм зам сонгож байгаа бол Өрнө зүгт байгаа цорын ганц холбоотноо алдах сонголтыг өөрсдөө хийлээ гэсэн үг” гэж тэр хэлснийг Беларусийн төрийн мэдлийн БелТА агентлаг өчигдөр мэдээлсэн байна.

Ойр дотно харилцаатай Орос, Беларусь улсууд сүүлийн үед газрын тос, байгалийн хийн үнэ тарифын асуудлаар маргалдаж байгаа юм.

Беларусь улс олон жилийн турш Оросоос хямдралтай үнээр газрын тос худалдан авч, зарим хэсгийг нь гуравдагч зах зээл рүү экспортлодог байв. Гэвч одоо Оросын эдийн засаг доройтож, Беларусь улсад хөнгөлөлт үзүүлэхээс татгалзаж байгаа ажээ.

Москвагийн тавьж буй саналаар явбал ирэх зургаан жилийн хугацаанд Беларусь улс $11 тэрбумын алдагдал хүлээхээр байгаа гэнэ. Өчигдөр Лукашенко бас Беларусийн газрын тосны худалдааг Балтийн улсуудаар дамжуулна гэж Оросыг сүрдүүлжээ.

Түүний ярьж буй саналаар Беларусь улс Балтийн тэнгисийн орнуудтай хамтран түүхий газрын тос худалдан авч, өөрийн Новополотск дахь үйлдвэрт боловсруулаад буцааж экспортлох юм байна.

Москва газрын тосны үнээр дарамталж, Беларусийг өөртөө нэгтгэх гэж байна гэсэн сэжгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Лукашенко “Хоёр улсыг нэгтгэх тухай яриа огт байхгүй” гэжээ.

Лукашенко 2018 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр удаа уулзсан ч маргаанаа шийдэж чадаагүй юм. Өмнө нь 2010 онд бас ийм маргаан дэгдэхэд Беларусь улс Украины боомтоор дамжуулан Венесуэлиэс газрын тос авч байжээ.

Александр Лукашенко 10 сая орчим хүн амтай улс орноо ЗХУ задарснаас хойш хатуу гараар удирдаж байгаа бөгөөд эдийн засагаа хуучны Зөвлөлтийн үеийн хэв маягаар удирддаг юм.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599109
0 эможи

keyboard_arrow_up