COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тэд эргэж ирсэнгүй

2018 оны 2 сарын 13

Шинжээчид АН-148 онгоцны сүйрлийн талаар хэд хэдэн хувилбар дэвшүүлжээ. Үүний дотор хүний хүчин зүйлс, техникийн доголдол, цаг агаарын таагүй үзэгдэл зэрэг багтжээ.

“Саратовын агаарын тээвэр’’ компанийн онгоц Домодедово нисэх онгоцны буудлаас Орск руу чиглэж явсан бөгөөд хөлөг дотор багийн гишүүд, зорчигчид нийлсэн 71 хүн байжээ. Харамсалтай нь тэдний нэг нь ч амьд гарч, гэртээ эргэж харьж чадсангүй. Тус онгоцыг эзэмшигчийнх нь хэлж буйгаар онгоцонд засвар хийсэн байсан гэнэ.

Мөн Ан-148 онгоцыг угсрагчдынх нь хэлснээр хэрвээ хөдөлгүүр ажиллахаа больж, эсвэл багийн гишүүдэд үзэгдэх орчин муудсан тохиолдолд М диспетчерт хэлэх хангалттай хугацаа байсан гэжээ. БХЯ-ны нэгэн нисгэгчийн ярьж буйгаар Ан-148 онгоц байнга л техникийн доголдол үүсдэг, хэцүү онгоц хэмээжээ.

ЗУРГААХАН МИНУТ ҮРГЭЛЖИЛСЭН НИСЛЭГ

"Саратовын агаарын тээвэр” компанийн Ан-148 онгоц нислэгээсээ хойш зургаахан минутын дараа буюу энэ сарын 11-ний 14:28 цагт радараас алга болж, Москва мужийн Рамен дүүрэгт унажээ. Ослын газрыг олоход эрлийн нисдэг тэрэг тус болсон байна. Онгоцны сэг дор хаяж нэг километр радиуст цацагджээ. 

Зарим хэсэг нь орон сууцын байшингуудаас холгүйхэн унасан гэж гэрчүүд мэдэгдэж байна. Түргэн тусламжийн анхны дуудлага 14:40 цагт ирсэн. Харин машин 10 минутын дараа ирж, эмч, онцгойгийн мэргэжилтнүүд нэг цагийн турш осол болсон газар явган явж хүрсэн гэж Москва мужийн Эрүүл мэндийн сайд Дмитрий Марков мэдээлжээ.

ОСЛЫН ГАЗАР ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМНЫ 300 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Онгоцонд нийт 71 хүн байсан гэж дээр хэлсэн. Тэдгээрийн 65 нь зорчигч, зургаа нь багийн гишүүд байсан аж. Амиа алдагсдын дотор гурван хүүхэд байна. Хамгийн бага нь таван настай байжээ. Онцгой байдлын яамны сэтгэл зүйн яаралтай тусламжийн төвийн захирал Юлия Шойгугийн хэлснээр сэтгэлзүйчид амиа алдагсдын ар гэрийнхэнд тусламж үзүүлж байгаа гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аймшигт осол болсонтой холбогдуулан Сочид ажлын айлчлал хийх байснаа цуцалжээ. Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тушаалаар ослыг шалгах Засгийн газрын комисс байгуулагдаж,

Тээврийн сайл Максим Соколов тэргүүлэн ажиллаж байна. Тэрбээр амиа алдагсдын ар гэрийнхэнд даатгалын төлбөрөөс гадна бүс нутгаас нэмэлт нөхөн төлбөр олгох болно гэж мэдэгджээ. Москва мужийн амбан захирагч Андрей Воробьев л гэхэд амиа алдагсдын ар гэрийнхэнд бүс нутгийн төсвөөсөө нэг сая рубль гаргана гэсэн байна.

ГАШУУДЛЫН ӨДӨР БОЛГОН ЗАРЛАЖЭЭ

“Саратовын агаарын тээвэр”-ийн иргэний хариуцлагыг “АльфаСтрахование” компани дааж авсан аж. Тус компанийн төлөөлөгч Юрий Нехайчук амиа алдагсдын төрөл төрөгсдөд хоёр сая 25 мянган рублийн нөхөн олговор олгоно гэж мэдэгдлээ. "Нөхөн төлбөрийг бид ослын шалтгааны тухай дүгнэлт авсны дараа олгох болно. Харин одоо бид амиа алдагсдын төрөл төрөгсдөд 100 мянга хүртэлх рубль гаргаж өгөхөд бэлэн байна. Тэд компанид хандаж болно" хэмээжээ.

Осолтой холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ныг Оренбург мужид гашуудлын өдөр болгон зарласан байна. Орскийн уугуул Татьяна Вичевагийн хэлснээр амиа алдагсдын жагсаалт дотроос хотын иргэн бүр таньдаг хүнээ олж болохоор байна гэжээ.

ДОМОДЕДОВО БОЛОН “САРАТОВЫН АГААРЫН ТЭЭВЭР”-ИЙГ ШАЛГАЖ БАЙНА

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо энэ ослоор ОХУ-ын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийг 3 заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ нь Агаарын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын дүрмийг зөрчиж, болгоомжгүй байдлын улмаас хоёр болон түүнээс дээш тооны этгээдийг үхэлд хүргэсэн гэсэн заалт юм байна. Мөрдөн шалгах хорооны мэдээллээс үзэхэд одоогоор багийн гишүүдийн зүгээс онгоц доголдсон тухай ямар ч мэдээлэл олдоогүй гэжээ.

"Мөрдөгчид цаг агаарын нөхцөл, хүний хүчин зүйлс, онгоцны техникийн байдал болон бусад хүчин зүйлс зэрэг боломжтой бүхий л хувилбарыг шалгаж байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.

Харин Оросын тээврийн хяналт шалгалтын газрын тэргүүн Виктор Басаргин Домодедово нисэх онгоцны буудалд болон “Саратовын агаарын тээвэр” компанид ээлжит бус шалгалт хийнэ гэжээ.

Оросын Ус цаг уурын төвийн тэргүүн Роман Вильфандын хэлснээр нисэх онгоцны буудлын ажилтнууд дүрмийн дагуу 5-10 минут тутамд цаг агаарын нөхцөлийг шалгаж, үүний дараа нислэг үйлдэх боломжтой эсэхийг шийдвэрлэдэг гэнэ. Түүнчлэн тэрбээр цаг агаарын нөхцөлөөс болж онгоц осолдсон гэж дүгнэхэд эрт байна гэжээ. Учир нь үүнийг нарийн шалгахын тулд тухайн өдрийн цаг агаарын бүх картыг шалгах шаардлагатай байдаг аж. Ус цаг уурын төв ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос тушаал ирсний дараа шалгалтыг хийнэ.

ОНГОЦОН ДОТОР ЮУ БОЛОВ?

“Саратовын агаарын тээвэр” компани осолдсон онгоцоо шинэ байсан гэжээ. “Бид энэ онгоцыг ашиглалтад оруулаад дөнгөж найман жил болж байна. Шаардлагатай бүхий л техникийн үзлэгт нь орж байсан” хэмээн тус компаниас мэдэгджээ.

Харин уг онгоцыг зохион бүтээсэн “Антонов" аюулгүйн хорооны ерөнхий зохион бүтээгч асан Дмитрий Кива “Энэ онгоц миний удирдлага дор бүтээгдсэн. Тийм болохоор би ийм осол гарсанд маш их харамсаж байна. Амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэжээ. Тэрбээр одоохондоо ослын шалтгаанд дүгнэлт хийхэд мэдээлэл хангалтгүй байгаа хэмээсэн байна.

"Жишээлбэл хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон, эсвэл далавчны механик элементүүд нь хөлдсөн бол ямар ч тохиолдолд багийн гишүүдэд диспетчерт илтгэх, хүмүүсийн амь насыг аврах хугацаа байдаг. Тийм болохоор онгоцонд ямар нэгэн гэнэтийн зүйл болсон байх гэсэн сэтгэгдэл төрж байна” хэмээн Дмитрий Кива мэдэгджээ.

Тэгвэл БХЯ-ны нисгэгч, Ан-148 онгоцыг удирдаж байсан хүн ийнхүү өгүүлсэн байна. “Ерөнхийдөө агаарын хөлгийн ашиглалт нэлээд хүнд. Байнга техникийн доголдол гарна. Хөлгийн радио электрон төхөөрөмж, түүнчлэн онгоцны агрегат зэрэгт асуудал гардаг. Үүнээс болж осол гардаггүй ч нисгэгчдэд нэлээд хүнд тусдаг” гэжээ.

Ан-148 онгоц хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард гарч байсан юм. Уг онгоц Белгород мужийн Гарбузово Алексеевийн дүүрэгт тосгоны ойролцоо туршилтын нислэг хийж байгааг унасан билээ. Үүний улмаас багийн зургаан гишүүн амиа алдсан. Хоёр нисгэгч нь Мьянмарын иргэд байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
53789
1 эможи
keyboard_arrow_up