COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Путиний ялалтын дараах Орос орон

2017 оны 12 сарын 07

Ихэнх оронд сонгуулийн кампанит ажил ид дундаа өрнөж яваа үед цөмийн байгууламжаас цацраг идэвхт бодис алдагдсан явдал сенсаац тарих боломж бий. Нэр дэвшигчид тухайн газарт очиж, сонгогчдын айдас дээр дөрөөлөн Засгийн газрыг шүүмжилнэ. Есдүгээр сард асар том цацраг идэвхт үүл үүссэн гэгдэж буй Оросын Челябинск мужид дэмжлэгээ нэмэхийг найдаж буй ганц хүн бол сөрөг хүчний удирдагч Алексей Навальный. Тэрбээр ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан авч өнгөрсөн долоо хоногт энд ирэхэд хүмүүс чимээгүй, “хүйтэн” угтав. Ноён Навальный сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа биз дээ хэмээн асуусан юм.

Үнэхээр ч Владимир Путин 18 жилийн өмнө Ерөнхийлөгч болсноос хойш Оросын Ерөнхийлөгчийн сонгууль уйтгартай, үр дүн нь илт тодорхой болох болсон. Энгийн иргэд Путинээс өөр сонголтыг төсөөлж үл чадах тул Кремлийн зөвлөхүүд үл ялиг өрсөлдөөн харуулах гэж толгойгоо гашилгана.

Ноён Путиний илэрхий ялалтын цаана Ерөнхийлөгчийн ирээдүй, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд хэн өдөр тутмын ажиллагааг хэр хянадаг талаар маргаан өрнөдөг. Улс төрийн шинжээч Николай Петров “Гол асуулт нь хэнийг удирдагчаар сонгоход бус харин Путин залгамжлагчдаа эрх мэдлээ хэрхэн шилжүүлэх вэ гэдэгт байгаа юм” хэмээн тайлбарлав. Ийнхүү ноён Путин хүн бүрийг таамаглахад хүргэж байна.

Жилийн өмнөөс кампанит ажлаа дахин эхлүүлсэн боловч зохиомол хэргийн улмаас бүртгүүлж чадахгүй нь бараг тодорхой болсон Навальныйгаас ялгаатай нь ноён Путин сонгуульд өрсөлдөх эсэхээ ч зарлаагүй байгаа.

Ноён Петров “Путин сүүлийн хэдэн жилд өөр улстөрч болж хувирсан. Тэр одоо их удирдагч” хэмээсэн нь Зөвлөлтийн удирдагч асан Сталиныг өргөмжилж байсан нэршил. Бусад нэр дэвшигчийн хувьд гэвэл Либерал ардчилсан намын дарга 71 настай Владимир Жириновский байна. 1992 оноос Оросын улс төрд хутгалдаж ирсэн түүний нам бэлгэдлийн сөрөг хүчин боловч төрийн Думд Кремлийн бодлогыг дэмждэг.

Коммунист намын дарга 73 настай Геннадий Зюганов Жириновскийн адилаар Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшиж, Путинтэй өрсөлдөхөө зарласан. Гэвч нам нь залуу хүн сонгож магадгүй байгаа юм. Путиний багшийн охин, телевизийн хөтлөгч Ксения Собчак нэрээ дэвшүүлсэн хэдий ч оросууд түүнд дуртай бус. Тэрбээр Путинийг хэт хатуу шүүмжилбэл бүртгэгдэхгүй байх магадлал нэмэгдэнэ. Петровын бодлоор Путиний асар өндөр дэмжлэг Крым ба Сирид явуулсан цэргийн ажиллагааны үеэр олж авсан геополитикийн хүчтэй тоглогч, цэргийн командлагч гэсэн нэр хүнд дээр суурилдаг.

Нэр дэвшигчид хангалттай олон ч Ерөнхийлөгч санаа бодлоо илэрхийлээгүй байгаа нь Москваг янз бүрийн цуурхлаар дүүргэв. Үүний нэг нь Путин ирэх сонгуульд үнэнч холбоотон Дмитрий Медмедев юм уу, мужийн захирагчаар томилсон бие хамгаалагчдынхаа нэгийг залгамжлагчаар сонгож, нэрийг нь дэвшүүлэх байх гэсэн яриа юм. Гэхдээ ийм өрнөл бараг л бодитой бус. Кремлийн нэр дэвшигчийг хойшиллоо гэхэд ирэх нэгдүгээр сарын эхээр зарлана. Өөр нэр дэвшигч дэвшүүлэх хугацаа алга. Улс төрийн зөвлөх төвийн захирал Алексей Чеснаков “Богино кампанит ажил түүнд илүү боломж өгөх тул нэрээ зарлахаа хойшлуулж байгаа юм” хэмээн тайлбарлав.

Гэхдээ хамгийн том өөрчлөлт Путинийг дахин сонгогдсоны дараа болно. Кремльд ойр болон бие даасан шинжээчдийн аль аль нь ирэх онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, одоогийн журмаар Путиний Ерөнхийлөгч байх сүүлийн хугацааг аль болох сунгана гэж үзэж байна. Эхо Москвы радиогийн редактор Алексей Венедиктов “Путин 2024 онд албан тушаалаа өгөхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ нь хүчний харьцааг өөрчилж, гол эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс өөр институцид шилжүүлнэ гэсэн үг” хэмээн таамаглав.

ОХУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн албан тушаалыг дараалсан хоёр хугацаагаар хязгаарладаг. Ноён Путин энэ журмыг 2008 онд гүйцээсэн боловч Медведевийг Ерөнхийлөгч болгож, өөрөө Ерөнхий сайдын албан тушаал руу шилжээд 2012 онд ахин сонгогдсон. Гэвч энэ аргыг 2024 онд дахин ашиглах боломж үзэгдэхгүй байна. Political Technologies төвийн захирал Татьяна Становая “2008 онд тэрбээр буцаж ирэхээ мэдэж байсан бол 2024 нас дээр гарна. Солигдох аргыг дахин хэрэглэхийг оролдвол буусан хугацаанд саад учрахыг тэр ойлгож байгаа” хэмээн дүгнэв. Иймээс энэ бол түүний Ерөнхийлөгчөөр ажиллах сүүлийн хугацаа юм.

Яригдаж буй нэг санаачилгыг дурдвал Хятадын жишээгээр Төрийн зөвлөл хэмээх хүчирхэг байгууллага бий болгож, ноён Путиний удирдлага дор Ерөнхийлөгчид зөвлөх явдал юм. Тэрбээр Төрийн зөвлөлийн тэргүүн болсноор хугацааны хязгаарлалтаас ангижрах ба Ерөнхийлөгчийн албан тушаал бэлэгдэлийн чанартай болох буюу бүр устаж магадгүй гэж үзэх хүмүүс ч бий. Гэвч зарим шинжээч уг саналд агуулагдаж буй эрсдэлийг онцолжээ. Ноён Петровын ярьснаар “Путиний удирдлага Хятадын Ши Жиньпинийхтэй төстэйгээр хувирч буй боловч Хятадын системийг шууд хуулах нь буруу. Тэрбээр огцорсныхоо дараа ч зарим эрх мэдлээ хадгалахыг хүсэж болох ч Орос улс Хятад шиг албан бус удирдлагын туршлагагүй учир эрсдэлтэй” юм.

Гэвч дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны төгсгөлд Путиний нөлөөг хадгалах суурийг тавих асуудал цорын ганц зорилт бус. Сүүлийн хэдэн жилд түүний удирдлагын арга барил ялангуяа дотоодын асуудалд нэлээд өөрчлөгдсөн. Путинийг эртнээс мэдэх нэг эх сурвалж “Манай Ерөнхийлөгч өөрийгөө их удирдагч мэтээр харуулахыг оролддог гэх хорон яриатай би санал нийлэхгүй. Гэхдээ сүүлийн хоёр, гурван жилд түүний арга барил нэлээд өөрчлөгдсөн. Хамгийн гол нь тэрбээр манай улсын дэлхийн ашиг сонирхол ба аюулгүй байдалд гойд анхаарч, дотоодын жижиг асуудлыг бусдад үлдээж байгаа. Энэ нь манай институцийн бүтцэд сайнаар нөлөөлөхгүй байна” гэсэн юм.

Шинэчлэлийн талаарх санаачилгыг мэдэх хүмүүсийн ярьснаар ноён Путин дотоодын асуудлаас хөндийрснийг далимдуулан ойрын хүрээний зарим улстөрч өөрийн бодлогоо, тэр ч бүү хэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх болсон гэнэ. Хатагтай Становая “Путин хамгийн том цөөн асуудлыг шийддэг боловч олон зүйлд бусдын ятгалгаар оролцдог” гэв. Тэрбээр Газпром компанийн монополийг халах талаар Роснефтийн захирал Игорь Сечиний саналыг дэмжээгүй. Эдийн засгийн зөвлөх Алексей Кудрины олонтоо санал болгож буй тэтгэврийн насыг нэмэх бодлогыг мөн эсэргүүцсэн. Гэвч эдийн засгийн олон асуудалд түүний оролцоогүйгээр шийдэгдсээр байна.

Ноён Путиний сүүлийн хугацаа эхлэх нь бараг тодорхой болж буй үед Оросын улс төрийн дээдсүүд ашиг сонирхлоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хамгаалахад бэлтгэж байгаа аж. Ерөнхийлөгчтэй гэр бүлийн холбоотой нэг хүний хэлснээр Үндсэн хуулийн дутагдал Ерөнхийлөгчийн захиргаа болон Ерөнхий сайдын тэргүүлдэг Засгийн газрын хоорондын өрсөлдөөн хүчний хоёр төв үүсэх нөхцөл бий болгодог байна. Нэг үзэл санаа бол энэ хоёр төвийг АНУ-ын жишээгээр нэгтгэх санаачилга юм.

Путиний дагалдагсад юу гэж мөрөөдлөө ч Ерөнхийлөгч эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийг хүсэх хүртэл хийсвэр санаа хэвээр үлдэнэ.

Үймээн самуунтэй 1990-ээд онд либералуудын бичсэн гол хууль одоо зорилгод нийцэхээс больсон гэж Дум дахь Коммунист намын гишүүн Владимир Бортко ярьсан. Кремлийг шүүмжлэгчид ноён Путин Оросын улс төрд 18 жил зонхилсон ч улс орны ирээдүйг санаснаараа өөрчлөхөд хүч мөхөсдөнө гэж үздэг. Нонё Петров “Кремль орон нутаг, бүсийн засаглалд хяналт, тэнцвэрийг үгүй хийж, улс төрийн маргааныг хүрээг нарийсгасан учир газар дээрээс нь үнэ зөв мэдээлэл авахад нэн түвэгтэй болсон” гэж дүгнэжээ. Түүний бодлоор Путин эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн тул түүнд үнэнч залуу улстөрчид, залгамжлагчид шаардлагатай дэмжлэг, нөлөө бий болгож чадахгүй байгаа юм.

Тэрбээр цааш нь “Харамсалтай нь хэдэн жилийн дараа залгамжлагчийн асуудал бодитойгоор тавигдах үед ганц Навальный л дэмжигчдийн суурь, зохион байгуулалтын өргөн сүлжээтэй өрсөлдөөнд бэлэн улстөрч байх болно” хэмээв. Ноён Навальный урт хугацааны тэмцэлд бэлтгэж буйгаа илээр хэлдэг. Одоохондоо тэрбээр Кремлийн сонгуулийн ил, далд бэлтгэлийг ажиглаж байгаа. Ноён Навальный “Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гэгдэж Москвад суугаа хүмүүс сурталчилгаа гэж долоо хоногтоо хоёр удаа хагас нүүр юм гаргадаг. Тэдний хэвлэлийн төлөөлөгчид түүнийг нь цацна. Улс төрийн шинжээч, мэргэжилтнүүд аз хийморь болон нууцлаг шинж тэмдгийг хэлэлцэнэ. Эрх мэдлийн төлөө ямар гоё тэмцэл вэ” хэмээн бичжээ.

Катрин Хилле

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50803
0 эможи
keyboard_arrow_up