COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 он

2017 оны 12 сарын 27

2016 дуусч байна. Оны төгсгөлд тухайн жилээ дүгнэж ирэх жилүүдийн тухай төсөөлөх, санаашрах нь хүн төрөлтхний нэгэн дадал билээ. Үндэстний ТОЙМ сэтгүүлийн энэ дугаар бүхэлдээ оноо тоймлож байгаа болохоор энэ өгүүлэлд ирэх жилийн таамгуудыг тоймлоно.

Зөн билэгчид, судлаачид, эдийн засагчид, улс төрчид гээд зүсэн зүйлийн хүмүүс ирэх оныг таамаглах гэж оролдсон байгаагаас нийтлэг нэг л зүйл ажиглагдах нь ирэх онд СЭТГЭЛ СЭРГЭЭХ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ. 

Гээд үхчихэлтэй биш, тэд юу зөгнөснийг сонирхцгооё.

Өтөл бэртэгчдийн үхэн дурладаг зөн билэгчдээс 2017 оны таамгийг эхлэх нь зөв байх. Дийлэнх хүмүүст судлагаанд суурилсан нотлогоо бус далдын хүчний илгээлт л эрхэм шүү дээ.

Оросууд Гэгээн Матрона Московская (1885–1952) гэх зөнчийг түүхийн хогон дундаас ухаж гаргаж ирээд домогт хүн хэмээн сурталдаж эхэллээ.

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 онЮун Ванга, юун Нострадамус л юм байх. Матрона 1917 оны хувьсгал, түүний олон жилийн дараах гунигт төгсгөл, Романовыхныг гэр бүлээр нь хүйс тэмтрэх, Дэлхийн II дайн гээд л ХХ зууны хамаг явдлыг хэнээс ч дутахгүй урьдчилан хэлж байсан гэж байна шүү.

Матрона Московская асны 2017 оны талаарх зөгнөл нь төдийлөн таатай бус. Тэр 2017 оны дунд үест “ертөнцийн төгсгөл” дөхөж буйг илтгэх эргэлтийн үе тохионо гэжээ. Яг үгээрээ бол иймэрхүү “Наран жаргах үест бүх хүмүүс хөсөр унаж, наран мандахад сэргэнэ. Ертөнц өөр болно. Хүмүүсийг дааж давшгүй асар их уй гашуу хүлээж байна”. Матронагийн энэ үгсийг үй олныг хамарсан халдварт өвчин, тахал дэгдэнэ гэсэн утга агуулж байна гэж тайлах эрдэмтэд гарчээ. Биологийн зэвсэг ашигласан халдлага байж болох юм гэж ч зүтгэх хүн байна.

Матрона хүн төрөлхтөн байгалийн эсрэг үйлдсэн нүглийнхээ хариуг хүртэнэ, гэхдээ сөнөхгүй, “агуу их сэргэн мандалттай” золгоно гэсэн юм байх. Өөрийгөө болоод ойр дотныхноо хамгаалж, аварч үлдье гэж хүсч байгаа бол Бурханы бидэнд өгсөн зүйлсийг жинхэнэ ёсоор үнэлж, тооцож, хайрлаж сурахад л болох гэнэ. За энэ бол зөгнөл гэхээсээ бараг би ч хэлчихээр сургаал юм уу даа.

Нострадамус.

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 он

Харанхуй олонхийн эшлэх, байнга дурдах дуртай зөнч. Түүний катренуудыг тайлаад уншаатахсан чинь 2017 онд Орос усаар ихэд дутагдах болчихлоо гэнэ. Яав ийв гээд учир шалтгааныг хөөгөөд явсан чинь Францад нуур, ус баахан бохирдчихсонтой холбоотой юм байх. Орос, Франц хоёр чинь хэр зайтай билээ гээд бодохоор итгэхэд бэрх санагдана. Тэгээд ус дутагдснаас франц, оросгүй үймээд, бослого хөдөлгөөн дэгдэх гэнэ дээ. Цуст мөргөлдөөнөөс цөөн хэдэн баячууд л сугарч үлдэх болно гэжээ. За, энэ бол харин байж болох таамаг. Баячуудад мөргөлдөөн болсон газраас хурдхан холдчих нисдэг тэрэг энэ тэр байдаг байлгүй яав гэж. Дэлхийн дулаарал гэх улигт сэдвийг Нострадмус тойрч гарсангүй. 2017 оноос Халуун дайн хүчээ авна гэж хэлсэн удаатай.

Хамгийн гоё зөгнөлийг одоо танилцуулъя. Нэгдүгээр катрений 40 дэх центурид Нострадамус Трампын ялалтыг үзмэрдсэн гэх зүйл барууны хэвлэлээр тэнүүчлэнэ. Тэнд юу гэж бичсэн гэхээр “The false trumpet concealing madness will cause Byzantium to change its laws. From Egypt there will go forth a man who wants the edict withdrawn, changing money and standards.” Trumpet гэж хөндий урт хоолой болон үхлийн хуй салхийг хэлдэг аж. Энэ нь Trump гэж нэртэй ойролцоо бичвэр, дуудлагатай байгаа нь хадуурах сайхан далим болж байгаа юм.

Үзмэрч Носртадамусын төлгийг үгчилбэл “Галзуурлыг далдалсан худал хуурмагийн хуй салхи Византийг хууль журмаа өөрчлөхөд хүргэнэ. Египетээс Эдиктийг халж, алт, мөнгөний ханшийг өөрчлөхийг хүсэгчид гарч явна” гэх юм уу даа. Цааш нь үзмэрч ингэж төлөгдсөн гэх “Томоохон маргааны үеэр үхлийн хуй салхи хийсч ирнэ. Гэрээг зөрчигч тэргүүнээ тэнгэрт өргөж, цус амтагдсан уруултайгаа цусан дундуур сэлнэ. Газар дэлхий дээр түүний нүүрийг сүү, балаар булхана”. Эрүүл ухаанаар ойлгохын эцэсгүй ийм шүлгийг тайлдаг хүн байна аа. Артур Эванс гэж Нострадамусын улаач “үхлийн хуй салхи гэдэг бол яалт ч үгүй Трампыг бэлэгдэж байгаа үг. 

Цаадах өөртөө галзуурлыг нууж байгааг бүгд мэднэ. Эртний Византийн суурин дээр Туркийн европын хэсэг Стамбул байгаа. Бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараачаас Дональд Трамп Туркийн талаар хатуу байр суурь баримтлах болсон”. Артур Эванс цааш нь: “Дональд Трампыг хэн нэгэн хуурч, тийм учраас тэр одоо маш ууртай байгаа. Тэр шашны нэрийн өмнөөс цус урсах тухай олонтаа ярьсан. Одоо ярьснаа биелүүлэх эрх олж авч байгаа. Төлөгт дурдсан сүү, бал бол Израиль юм. Трамп Израиль Палестины хооронд төвийг сахисан зуучлагч байж чадна гэж өөрийгөө дөвийлгөж байгаа” гэсэн шүү тайлал хийж байх юм. За тэгээд false trumpet - буюу Trump галзуу мэт аашласнаас Европт дүрвэгчдийн хямрал гаарна л гэнэ шүү. Нострадмус Трампын ялалтыг юу гэж тольдсон гэхээр “Агуу их ичгүүргүй новш, хэрцгий чарлаанч тодроно. Тэр армийн сонгогдсон Захирагч болоход: түүний зоримог шийд гүүрийг нурааж, хот айдсаас ухаанаа алдана”. Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдохоор Зэвсэгт хүчний захирагч болох нь тодорхой. Ичгүүргүй, хэрцгий чанга яриатай хүн гэдгээ Трамп сунгаа болон сонгуулийн үеэр хангалттай харуулсан. Византи буюу Бага Ази нь эртний Гректэй нягт холбоотой байсан. Гэтэл одоо Грек Бага Азиас орж ирж байгаа дүрвэгчдийн урсгал, цагаачдаас болж айдас хүйдэст автан байгаа л гэнэ.

Нэг сонирхолтой нь Нострадамусын эдгээр таамаглалын араас Их зөнчийн үгийг эрдэмтэд буруу тайлсан ч байж магад гэсэн хаяагаа манасан зүйлс бичжээ.

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 он

Ванга эмээ үхэхээсээ өмнө амжаад 2017 оныг тольдчихсон л байж таараа.Орост бөөн зовлон гачигдал тохиох гэнэ. Засгийн эрхийн төлөөх тэмцэл хурцдаж, энэ цаашдаа идэх хоолны төлөөх тэмцэл болон өргөжих юм байх. Ингэснээр 2017 онд олон улсад өлсгөлөн нүүрлэх ажээ. Хүмүүс шудрага ёс, хууль журмыг огоорох ба хүч тэнцвэргүй тулаанд хүчтэн нь ялна. Энэ онд Орос хөл дээрээ зогсч, олон хүмүүст ирээдүйг нь заах хүчирхэг зан чанарууд төлөвших ажээ. Орост энд тэндгүй жижиг цуст мөргөлдөөн гарна гэж Ванга айлджээ. Санаа амраах зүйл нь Орос орон дайсагнасан харилцаанаас сугарч гаран дэлхий дээр энх амгалан тогтох аж.Ванга орост талтайгаа нуудаггүй байсан.Түүнийхээр Орос ирэх онд дэлхийн тэргүүлэх гүрэн болж, дэлхий өөрсдөө гүйж ирээд л оросыг дагах юм гэнэ. Даян дэлхийн слав угсаатнууд Оростой нэгдээд, ОХУ олон улсад тэр дундаа АНУ-д туслана гээд л авсан байна шүү. Энэтхэг, Хятад хоёртой том холбоо байгуулна гэснийг нь харин судлаачид магадлалтай, одоо ийм зүйлийн урьдач нөхцлүүд бүрдсэн гэж байх юм.

2017 онд шашны хүчтэй мөргөлдөөнүүд гарч, хэдэн жил үргэлжлэнэ гэх төлөг нь харин өмнөхтэй зөрчилдөөд л байгаа юм, их мэргэн ажаа хэлсэн болохоор дуугүй л суухаас. Ванга үзмэрч л юм бол Трампын талаар амаа хамхиад сууж таараагүй байх, тийм үү.

Үзмэрч эмээ АНУ-ын 44 дэхЕрөнхийлөгч тас хар нэгэн байх тухай бол айлдчихсан. Харин Трампын тухайд нэр заагаагүй ч Обамаг хамгийн сүүлчийн Ерөнхийлөгч байна гэж хэлснээрээ зөгнөсөн болчихож байгаа юм. Эмээгийн төлгөөр бол Обамагийн үед АНУ эдийн засгийн хямралд өртсөнөөс өмнөд хойд хэсгийн хооронд шинэ дайн гарах, үүнээс улбаалаад энэ улс сөнөх учиртай.

Одоогоор умард, өмнөдийн шинэ дайн дэгдээгүй, дэгдэх ч шинж тэмдэг үгүй байна. Нэгдүгээр сарын 20 хүртэл юу ч болох юм билээ. Трамп эсэн мэнд тангарагаа өргөчихсний дараа л Ванга эмээг шүүмжлэх боломж бүрдэх байх.

Ванга 2017 онд Европ олон тооны цуст мөргөлдөөнд өртөн олон орны хил дээр хүмүүс үхнэ гэсэн байна. Ливи улс иргэд нь дүрвэж гарснаас болж хоосрон үлдэнэ. Сири мөн адил. Дэлхийн гуравдугаар дайн Европт эхлэж, ойрхи дорнодын хямралаас орон орон зүдрэнэ. Европчууд лалынхныг дарахын тулд цөмийн бөмбөг хэрэглэж, үр дүнд нь дэлхийн тэн хагас мөхөх юм байх. Базарваань.

Ванга 2010 онд дэлхийн дайн дэгдээд 4 жил үргэлжилнэ гэж үзмэрдсэн ч одоогоор тийм зүйл болоогүй байгаа. Тийм болохоор түүний хэлсэн болгонд итгэх нь хэцүү.

Үзмэрчдийн төлөг энэ мэт үлгэр домгийн шинжтэй, тун бүрхэг ерөнхий байгаа бол эрдэмтэн судлаачид арай барим тавим таамгууд хэлж буй. 

Америкийн түүхийн профессор Аллан Личман өнгөрсөн 9 дүгээр сард Трамп ялахыг тааж, 13 ялах хүчин зүйлийг нэрлэсэн. 

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 он

Түүний таамаг таарч 11 дүгээр сарын 8-нд Дональд Трамп ялж, 45 дахь Ерөнхийлөгч болох болзлоо хангасан юм. Өөрийнхөө таамгаар алдаршсны дараа Аллан Личман Трамп хугацаанаасаа өмнө огцрохыг ёрлов. Тэрээр “Би бас нэгэн таамаглал дэвшүүлж байна. Өмнөхөөс ялгаатай нь энэ таамаг миний системчлэлд тулгуурлаагүй. Ердөө л зөн ёрлол юм” гэж айлджээ. Трампад Бүгд найрамдах намынхан нь таагүй байгаа. Тэд ямар нэг өө олж импичмент зарлаад огцруулах нигууртай аж. Нам нь Ерөнхийлөгчийн суудалд илүү хуучинсаг, дуулгавартай Майкл Пенсийг(удахгүй дэд Ерөнхийлөгч болно) тавихыг хүсч байгаагаар Личман өөрийнхөө таамгийг зөвтгөжээ. Ванга эмээ Трампыг Ерөнхийлөгч болохгүй гэсэнтэй харьцуулбал энэ илүү газар дэлхийн баримжаатай таамаг байх. Профессор Личман Трамп үндсэний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийнэ. Нөгөө талаар сонгогдсон Ерөнхийлөгч гадаад түншүүдтэй тогтоосон бизнес харилцааныхаа талаар огт нуудаггүй. Тэр харилцаанаас америкт аюултай ямар нэг сэжүүр өлгөж таарах байх гэж Аллан бодолж байгаа гэнэ.

Америкийн төрөөс санхүүждэг, хувийн судалгааны агентлаг Stratfor жил бүрийг угтан зөгнөл, таамаглал гаргадаг уламжлалтай.

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 он

Тэд 2016 онд Трампын ялалтыг тааж чадаагүй гэмтэй ч ичиж, санаагаар унаж энэ тэр бололгүй ахиад л таамаглал дэвшүүлжээ. Стратфорын мэргэжилтнүүд “бид таамаглалаа их гүрний дээрэнгүй үзэл, улаан эх оронч үзлийн алинд ч тулгуурладаггүй. Тодорхой хувилбаруудтай сценарио, бүх талын тоо баримт, мэдээллүүдэд тулгуурладаг” хэмээн өөрсдийгөө зөвтгөж байгаа юм. Лалын террористуудтай хийх дайн сулрана. 

Энэ нь лалын хөдөлгөөнүүд устгана гэсэн үг биш. Алан хядах ажиллагаанууд нь л бүтэлгүйтэх нь олонтаа болно. Ойрхи Дорнодод 2017-2020 оны хооронд хоёр том дайн болно. Ираны нөхцөл байдал тогтвортой, хяналттай байх болно.

Орос Украины сөргөлдөөн олон улсын анхаарлын төвд хэвээр байна. ОХУ одоогийн дарангуйллын системээ ойрын 10 жилд лавтай хадгалж чадна гэж Стратфор үзэж байна. Бээжин улс орноо барих дарангуйллын механизмаа хүчитгэж, өргөн хэмжээтэй авлигын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ нь засаглалыг нэг гарт төвлөрүүлэх оролдлогынх нь илрэл төдий болохоос үнэн чанартаа авлигатай тэмцээд байгаа юм байхгүй. Ирэх 10 жилд хятад засаглалын холимог хэлбэрийн нийгмээ төгөлдөржүүлэхийг чармайх болно. Эдийн засгийн хувьд капиталист, улс төрийн хувьд коммунист засаглалаа ХКН армид бүрэн хяналтаа тогтоож, улсын үйлдвэрийн газрууд, банкуудыг хатуу гараар барих замаар төгөлдөржүүлэх болно.

 

Өмнөд хятад, далайн эрэг орчмын улс төрийн элитүүд Бээжинг эсэргүүцэх хэдий ч сачий нь хүрэхгүй. Хятадын дотоодод улам бүр олширч буй үндэстний мөргөлдөөн, үндэсний үзлийг ХКН гадагшаа чиглүүлж чадахгүй. Уг нь ингэж чадваас оросын алс дорнодыг тэд хяналтдаа оруулж чадах юм. Гэхдээ энд мэдээж Японы эсэргүүцэлтэй тулгарна. Оросын аажим сулралыг дагаад гол зөрчилдөөн Япон, Хятадын хооронд өрнөх байх.

 

Япончууд тэнгисийн цэргийн хүчээ зузаатгаж эхэлнэ. Тэд цэрэг армийн арвин туршлага, уламжлалтай учраас энэ ажлыг богинохон хугацаанд гүйцэлдүүлнэ. Гэхдээ гол хясал нь түүхий эдийн импортоос япон ихээхэн хамааралтайд буй.

 

Зүүн өмнөд Азид арлуудаас хамааралтайгаар мөргөлдөөн гарах боломж 2017 онд тэгтэй тэнцэнэ.

ОХУ баруунтай харилцаагаа сайжруулахын тулд 2017 онд Украин, Сирийн асуудлаар буулт хийх нөхцөл ажиглагдаж байгаа. Барууны улсууд оросын талаарх байр суурь дээрээ нэгдмэл байж чадвал ийм явдал бодитой болно.

 

Европт ирэх жил болох сонгуулиудад хэт барууны үндсэрхэг, популист намууд ялах магадлал ихэссээр буй.

Ирэх жил Франц, Герман, Итали, Нидерланд, Австри, Унгар, Болгарт сонгууль явагдана.

 

Эдгээр сонгуулиудын дүн ЕХ-г цаашид ОХУ-д тавьсан хоригоо сунгах эсэхийг шийдвэрлэх болно. ЕХ-нд Герман голлох орон хэвээр байх бөгөөд тэд ОХУ-аас ЕХ-ны зүүн хязгаарын улсуудад нөлөөлөх гэж оролдохыг таашаахгүй. Германы цэргийн үзэл баримтлал өөрчлөгдөж Орос нь хамтрагч гэх статусаас сөргөлдөгч болсон тул германы тагнуулын байгууллагууд оросын суртал нэвтрүүлэг, компьютерийн тандалтыг сөрөх чадвараа дээшлүүлэхээр хичээх болно. Удахгүй болох сонгуульд Ангела Меркел ялах магадлалаа дээшлүүлэхийн тулд оросын талаарх хандлагаа олон нийтийнхтэй нийцүүлэх шаардлага тулгарна.

Их Британи ЕХ-ноос гарахаар болсон өмнө оны шийд ганц европт бус бусад бүс нутгуудад ч нөлөөллөө үзүүлнэ. Stratfor-ын мэргэжилтнүүд Brexit барууны хоригт орчихсон чиглэлүүдээр ОХУ-д таатай нөлөө үзүүлэх магадлалтайг онцолжээ. Барууныхан англиас бараа авахаа багасгавал тэд оросыг сонгох нь тодорхой гэнэ.

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 он

Saxo Bank ирэх жилийг эдийн засгийн талаас нь төсөөлөх гэж оролдсоноороо геополитик голлосон Stratfor-ын шинжилгээнээс ялгаатай таамаг гаргав.

 

“Өнгөрч буй жил бодит байдал хамгийн тооцоолол сайтай таамгуудыг ч санаанд оромгүй байдлаар эвдсэн. Тийм болохоор бидний таамгаар 2017 он аргаа барсан жил байх болно гээд шулуухан хэлчихье” гэж Saxo банкныхан цочролоор эхлэж байна.

 

Saxo Bank 2017 оны голлох төлгүүд:

 

- БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 8 хувьд хүрнэ. Хятадууд үйлдвэрлэл, дэд бүтэц цаашдын өсөлтийг хангахгүйг ойлгосон тул санхүүгийн хэрэгслийн өргөн хүрээтэй нөлөөлөл, мөнгөний идэвхжүүлэлтээр капиталын зах зээлийг нээх гэж байна. Ингэснээр үйлдвэрлэл, хангалтын эдийн засгаас хэрэглээний эдийн засаг руу амжилттай шилжинэ. Найман хувийн өсөлт үйлчилгээний салбараас голлон хамаарах аж.

 

- Холбооны нөөцийн банк Японы банкны жишгээр 10 жилийн хугацаатай үнэт цаасыг 1,5 хувийн өгөөжтэйгээр гаргана. Америк долларын ханш 2017 онд цочмог хурдацтай өсч зах зээлд цочроо өгнө.

 

- Их Британи ЕХ-ноос гарахгүй. Атлантын хоёр эрэг дээрх популизм Евро парламентын гишүүдийг ухааруулж, цагаачлал ба английн санхүүгийн салбарын компаниудыг паспортжуулах асуудлаар буулт хийснээр Английн парламент шинэ санал асуулга явуулж ЕХ-ндоо үлдэх юм. Үр дүнд нь еврогийн паундтай харьцах ханш 0,5 хувиар унана.

 

- Биткоин криптовалютын дэлгэрэлийг өдөөнө. Трампын засаглалын эхний жилд АНУ-ын төсөв 600 тэрбум долларын алдагдлаас 1,8 тэрбум болтол өснө. Ингэснээр инфляцийг хөөрөгдөж, доллар оргил цэгтээ тулах юм. Хөгжиж байгаа зах зээлүүдэд даалуу нурах эффект үүсч, Хятадад ялангуяа долларыг орлох валютын эрэлт ихсэнэ. Ингэснээр биткоин маягийн кридтовалют түгэн дэлгэрэх аж. Биткоин 700 доллараас 2100 долларт хүрэх гэнэ.

 

Өөрчлөлт үргэлжид хямралаар дамжин хэрэгждэг хэмээн saxo банкны шинжээч Стин Якобсен хэлээд 2017 онд дэлхийн төв банкууд хуурмаг үзэгдлүүдийн нөлөөллөөс ангижирч, мөнгөний тэлэх бодлого руу шилжинэ. Ингэснээр хямралын дараах үе эхлэнэ хэмээн айлдлаа.

 

Энэ бүх таамгийн дараа гарцаагүй болох үйл явдлуудыг дурдсанаар бичвэрээ өндөрлөе.

- Монголд 1 сарын 29-ний өдөр АН-ын даргыг сонгох марафон орон даяар явагдана. Үйл явдлын өрнөл, намын гишүүдийн сэтгэхүйн төлөвөөс харахад Н.Алтанхуягаас өөр нэр дэвшигч ялсан нөхцөлд Ардчилсан нам хэдэн хэсэг тарж бутрах нь тодорхой байна.

Цагаан сарын дараа Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах санаархал МАН дотор амилна. 

Хэрэгжих эсэх нь Тавантолгойн ордыг Энержи ресурст бэлэглэх эсэхээс шууд хамаарна.

- Тавдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгчийн сонгууль болно. М.Энхболд МАН-аас нэр дэвшиж, сонгогдож чадвал ард нь нам нь хэдэн хэсэг бутран ач тач үзэлцэх дүр зураг одооноос харагдаж байна.

Сэтгэл сэргээх зүйлгүй 2017 он

Эх сурвалж: Eagle.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51600
0 эможи
keyboard_arrow_up