COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Урт наслах талаар нэрт доктор Дэвид Агусын нууц: Холигч, шахмал аминдэмээс татгалз

админ
2020 оны 2 сарын 13

Arslan.mn

Хавдрын нэртэй эмч, өвчин зовлонгүй урт наслах тухай олон ховор номын зохиогч тэрээр саяхан болж өнгөрсөн “Эрүүл Москва” ассамблейд лекц уншжээ.

Докторын тухай товч баримт

Доктор Дэвид Агус, 55 настай, Өмнөд Калифорнийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны сургуулийн анагаах ухааны болон технологийн профессор. Калифорни дахь Вестсайдын хорт хавдрын төв болон хэрэглээний молекулын анагаах ухааны төвийн удирдагч. Олон шагналын, түүний дотор Хорт хавдрын америкийн нийгэмлэгийн шилдэг анагаахын судалгааны болон Цусны хорт хавдрын олон улсын нийгэмлэгийн шинжлэх ухаанд оруулсан дэвшлийн шагналыг хүртэж байсан. Калифорнид эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Марк Твены хэлсэнчлэн эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол дургүй зүйлээ идэж, ууж, хийж үйлдэх юм шүү дээ хэмээн доктор Дэвид Агус инээмсэглэв.

-Одоо “эрүүл мэнд”, эрүүл аж төрөх ёс хэмээх үг, хэллэгээс олон хүн залхаж, заримынх нь бараг дургүй хүрдэг болсон байх. Уйтгартай, хязгаарлаж хориглосон, дургүй хүргэх зүйл хэмээн төсөөлөгддөг биз ээ.

Үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч хэцүү бэрх зүйл биш хэмээн профессор нотолж байна. Эрдэм шинжилгээний ул суурьтай судалгааны баримтуудыг ажиглаж судлангаа тэрээр өвдөж шаналахгүйгээр урт удаан наслах зөвлөмжийн дараалал үйлджээ. Эдгээр зөвлөмжийн заримыг дагаж мөрдөхөд төвөггүй, харин ч тааламжтай (тухайлбал, үдшээр дарс хүртэх) байх биз. Заримыг нь харин дагаж мөрдөхөд өөрийгөө шахаж, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. “Ийм тохиолдолд үүнийг өөр хэн нэгэнд зориулж биш, харин өөрийнхөө дуртай зүйлээ хийж байна хэмээн ухаарах явдал чухал. Жишээлбэл, би хувьдаа урт наслах, үр хүүхдээ, дараа нь ач, зээ нартайгаа тоглохын тулд эрүүл мэндээ хадгалж хамгаалахыг хүсч байна” гэж боддог хэмээн Дэвид Агус өгүүлэв. Товчхондоо, идэвхтэй урт наслах дүрэм, журмыг дагаж мөрдөх урам зоригийг өөртөө төрүүлэхүйц зорилгоо тодорхойлох явдал маш чухал шүү.

 

Өдөржин хөдөлгөөнгүй байвал хайрцаг тамхи татсантай адил

Дэвид Агус чөлөөт цагаараа морь унадаг.

Биеийн дасгал хөдөлгөөн амьдралыг уртасгадаг гэдэг бол маргаангүй үнэн хэмээн доктор Агус онцлов. Амьдралын суугаа хэв маяг зүрх – судасны өвчнөөр өвдөх, хар залуугаараа насан өөд болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн хорт хавдар газар авах эрсдэл ихэсдэг болохыг нотолсон. “Зургаан цаг хөдөлгөөнгүй суувал нэг хайрцаг янжуур татсантай тэнцэхүйц хор хөнөөлтэй” хэмээн эмч батлан хэлэв.

Сайн мэдээ: өчүүхэн бага ч гэсэн гэр орондоо хийсэн биеийн ачаалалтай ажил нас уртасгадаг. Өөрийнх нь хэлснээр Дэвид цахим шуудангаа шалгахаар удаан алхдаг байхын тулд компьютерээ зориуд өрөөнийхөө мухарт тавьдаг гэнэ. Гэр орны ажил хийх, ажилдаа явган явах (ядахдаа автобусны хоёр буудал хэртэй), цахилгааны шатаар бус шатаар өгсөж уруудах нь урт наслахад тус нэмэртэй.

САНАМЖ

Та хэрвээ өглөөгүүр биеийн тамирын дасгал хийдэг эсвэл долоо хоногт хоёроос доошгүй удаа фитнесс зааланд хөлс гаргадаг бол хамгийн сайн хувилбар бас биш хэмээн шинжээч сануулж байна. Ажлын цаг дууссаны дараа биеийн идэвхжилийг жигд байлгах явдал маш чухал. Энэ бол салхинд алхах, эсвэл гэр орондоо хүнд хүчир биш ажил амжуулах.

“Өөрийгөө хяна”

Даралт, пульс, цусан дахь глюкозын (саахарын) болон холестерины хэмжээ энэ бүхэн тогтмол хэмжиж, хянаж байх ёстой үзүүлэлтүүд гэдгийг профессор Агус зөвлөсөн. Тэгэхдээ тухайн хүний нас, биеийн байдал, эмчийн зөвлөгөөнөөс хамаардаг тул ямар давтамжтай байхыг доктор тодруулж хэлсэнгүй. Хэрвээ та архаг хууч өвчингүй (цусны даралт ихсэх, чихрийн шижин г.м.) бол эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байхыг Оросын шинжээчид зөвлөж байна.

Эмчлэгч эмч таны эрүүл мэндийн байдлын динамик явцыг харж ажиглах зорилгоор дээр дурдсан үзүүлэлтийг хэмжсэн тэмдэглэлээ заавал хадгалж байхыг Дэвид Агус тайлбарлав. Орчин үеийн технологи ашиглан цахим хэлбэрээр хадгалбал хэрэгтэй үед шууд төвөггүй үзэж харах боломжтой.

Зөв хоол

Профессор бусад эмчийн адил хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон түргэн хоолны эсрэг үзэл бодолтон аж. Үүгээр ч зогсохгүй “Хэт гүн боловсруулсан бүтээгдэхүүнээс ч мөн татгалзахыг” шинжээч зөвлөж байна. Энэ нь удаан хугацаагаар шарсан, чанасан, жигнэсэн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй юм байна. Шинэхэн шахсан жимсний шүүсэнд танд хэрэгтэй үнэт эсийг үгүй болгож, харин амархан шингэх нүүрс ус, саахар л үлддэг. Холигч, бутлагчаар жижиглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг ч организм мөн ялгаагүй харьцангуй хурдан, бас амархан шингээдэг. Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч багасаж (илүүдэл илчлэг хадгалагдана гэсэн үг), цусан дахь глюкозын (саахарын) төвшин улам хурдан дээшилнэ.

Өглөө, өдөр, оройн хоолны хооронд хөнгөн цайлж, юм идэхээс татгалзахыг доктор Агус зөвлөж байна. Өдөрт гурав хооллоно. Байнга идэх дуртай хүмүүсийн хувьд чихрийн шижин газар авах эрсдэл нэмэгдэнэ хэмээн профессор анхааруулж байна. “КП”-гээс явуулсан санал асуулгад оролцсон хоол боловсруулах замын эмч (эндокринолог), чихрийн шижин судлаач нар ч үүнийг мөн нотолжээ. Гэхдээ онцгой тохиолдол бас бий. Хоол боловсруулах эрхтэний тодорхой өвчний үед мэргэжлийн эмч бага багаар хооллохыг зааж зөвлөж болно. Тийм зөвлөгөөг гарцаагүй дагаж мөрдөх ёстой.

ДАШРАМД ӨГҮҮЛЭХЭД

Орчин үеийн хүнсний ногоо, жимсэнд аминдэм хангалттай бий

Орчин үеийн хүнсний ногоо, жимсийг хоол хүнсэнд хэрэглэхийг та юу гэж үзэж байна вэ? Тэдгээрийг гол төлөв хүлэмжинд янз бүрийн химийн бодис ашиглан ургуулж, нарны гэрэл ч бараг үзүүлдэггүй гэсэн асуултыг лекцэнд суусан оролцогчид профессор Агусаас асуув. “Супермаркетын хүнсний ногоо, жимсээр хооллож байгаа хүмүүсээс аминдэмийн дутагдал илрээгүй. Тиймээс өөртөө шаардлагатай хэм хэмжээг авч байгаа, санаа зоволтгүй” хэмээн доктор тайвшруулсан. Харин биологийн нэмэлт бүтээгдэхүүн байдлаар зохиомлоор нийлэгжүүлсэн аминдэмийг хэрэглэхгүй байх нь зөв. Тэгээд ч биологийн идэвхжүүлсэн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээд сайн үр дүнд хүрсэн талаар хийсэн бодитой сайн судалгаа алга байна.

Ер нь шинжлэх ухааны үүднээс нотлогдсон урт наслахад үр ашигтай зөвхөн нэг төрлийн хоол бий. Энэ бол газрын дундад тэнгис орчмын хоол хүнс хэмээн Дэвид Агус онцлов. Гол бүрдлийг нь сануулахад загас, хүнсний ногоо, оливын тос, бүхэл үрийн гурил. Хэрэглэх махны оновчтой хэмжээ долоо хоногт 2-3 удаа 200-250 гр. стейк хэмээн профессор тодруулж хэлэв.

Оройн хоолыг дарстай хамт

Алкоголийн эрүүл мэндэд харьцангуй аюулгүй хэмжээг долоо хоногт зургаан хундага дарс хэмээн үзэж болох тухай сүүлийн үеийн эрдэм шинжилгээний судалгааны баримтууд өгүүлж байна (эмнэлгийн хориглосон заалт байхгүй бол). Доктор Агус зөвхөн оройн хоолон дээр дарс хэрэглэхийг зөвлөж байна.

-Хэргийн учир нь алкоголь гол төлөв тайвшруулах үйлчилгээтэй. Энэ нь өдөржин ажилласан таныг хурдан унтахад нэмэртэй. Гэхдээ хэтрүүлж огт болохгүй. Яагаад гэвэл тайвшруулах үеийн дараа буцаад “сэргээх” гармон болох адреналин ялгардаг. Таны зорилт бол хэмжээг тааруулж уух. Миний хувьд жишээлбэл, дунджаар 1.5 хундага. Хэтрүүлж хэрэглэхгүй бол тайвшруулах үйлчилгээний дараагийн сэргээх үе харьцангуй нам жим өнгөрч шөнө дунд таныг сэрээхгүй хэмээн профессор өгүүлэв.

Гэхдээ Оросын эмч нар түүнээс өөр үзэл бодолтой байдаг юм байна. “Оройн цагаар хэрэглэсэн алкоголь ямар ч тохиолдолд нойр алдуулна. Ялангуяа, организм сэргэлт авахад илүү хэрэгтэй гүн нойрсох үеийг алдуулдаг” хэмээн Москвагийн их сургуулийн нойрны эрүүл мэндийн төвийн удирдагч, нойр судлаач Александр Калинкин өгүүлэв. “Алкоголийн ашигтай хэмжээ гэж байдаггүй. Тиймээс түүнийг аль болох хэрэглэхгүй байх нь зөв” хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зүрх судлалын ерөнхий мэргэжилтэн, профессор Сергей Бойцов зөвлөв.

САНАЖ ЯВААРАЙ

Профессор юу зөвлөв

-Өдрийн дэглэмийг тогтвортой сахиж мөрдөх явдал маш чухал. Юуны өмнө тогтсон нэг цагт өглөө, өдөр, оройн хоол идэж, унтаж амрах хэрэгтэй.

– Ханиаднаас сэргийлэх тарилга заавал хийлгэж бай.

– Тамхинаас татгалз, таны амьдралыг 100 хувь богиносгож, амьдралын чанарыг муутгаж, эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг. Цахим тамхийг ч бүү тат. Ердийн тамхинаас ч аюултай гэдэг нь бүх л талаар харагдаж байна.

– Амрах, тайван байх, алжаал тайлахад зориуд цаг гаргаж бай.

– Таныг шаналгасан аливаа үрэвслийг эмчил. Үрэвсэл бол зүрх судасны өвчин, хорт хавдар, эрт хөгшрөлд хүргэдэг болох нь нотлогдсон учраас газар авахуулж огт болохгүй.

 Эх сурвалж: KP.RU

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.13  ПҮРЭВ  № 31 (6256)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613685
4 эможи

keyboard_arrow_up