COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Трампын зочид буудалд “шатдаун” яагаад үйлчлэхгүй байгаагийн учрыг сэтгүүлчид тодруулав

2019 оны 1 сарын 18

Arslan.mn 

AНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ажлаа хийж байгаа хүн байхгүй, хогондоо дарагдсан, хэн ч ажиллахгүй байна. Энэ бол “шатдаун” хэмээхийн буюу өөрөөр хэлбэл төсөв нь батлагдаагүйн улмаас хэд хэдэн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон, эсвэл ажлын цагийг хорогдуулсны үр дагавар аж. Гэхдээ ганцхан газарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааны ажилтнууд бусад мянга мянган мэргэжил нэгтнүүдээс ялгаатай нь ажил хөдөлмөрөө эрхэлж, цалин мөнгөө авсаар байгаа юм байна. Энэ бол нэрнээс нь аваад үзсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшлийн Trump International Hotel зочид буудал байрладаг байшин ажээ. РИА Новости-гийн сурвалжлагч Трампад хамаатай энэ газар яагаад бусдаас онцгойрсоныг тодруулсан байна.

Трампын бариагүй байшин

Trump International Hotel зочид буудал хуучин шуудангийн байшинд байрладаг бөгөөд тэртээ 1899 онд баригдсан энэ том барилга АНУ-ын түүхэн дурсгалт газрын үндэсний бүртгэлд багтдаг ажээ. Одоо тэнд шуудан байхгүй, Трамп, бүр тодруулбал түүний DJT Holdings LLCкомпани түрээслэх эрх эдэлдэг байна.

Уг барилгын төв хэсэгт цагтай цамхаг сүндэрлэнэ. Цагны дээд талд ойролцоогоор 12 дугаар давхар орчимд эргэн тойрныг харах талбай байна. Барилгын ар талаас нэгдүгээр давхарт байрлах хуучин шуудангийн музейгээр дамжин уг талбайд гарч болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн удирдах газрын харьяа бусад бүх газарт ажил зогссон байхад хуучин шуудангийн байшингийн энэ хэсэгт харин ажил зогсоогүй тасралтгүй үргэлжилсээр байна.

Вашингтон дахь хуучин шуудангийн музейн цөөхөн үзэгчид

“Шатдаун” эхэлсний дараахан өнөөх цамхгийн үйл ажиллагааг хаасан боловч удалгүй үзэгчдэд зориулж дахин нээх шийдвэр гаргасан.

Орох хаалган дээр хар дэвсгэр дээр том алтан үсгээр музейн нэрийг, тэнд бас уламжлалт таних тэмдэг бүхий олны танил кофены газрын нэрийг мөн адилхан алтан үсгээр бичсэн харагдана. Нэгдсэн нэг том орох хаалгатай, үг, үсгийн хэв маяг ч ижилхэн. Байшингийн нөгөө талд мөн тийм хэв маягийн илүү том алтлаг үсгээр Trump Hotel хэмээх нэр гялалзаж харагдана. Музей гэж нэрлэж байгаа хэсэг нь цахилгаан шатанд хүрэхийн өмнөх өргөн хонгил (коридор). Хонгилын хоёр ханаар уг барилгын хуучин, шинэ гэрэл зургууд, засал чимэглэл байна. Шуудангийн жижгэвтэр загварыг (макет) эс тооцвол үзмэр гэхээр зүйл өөр нэг ч байхгүй. Эргэн тойрон хов хоосон.

Маш хэцүү

Булан тойроод цахилгаан шатны хаалганы дэргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааны дүрэмт хувцастай ажилтан “Тавтай морил”хэмээн эелдэгхэн инээмсэглэнэ. Үзэгчдийг угтах, тэдэнд цахилгаан шат дуудах, ирсэн хүнийг тоолох-энэ бол түүний хийх ёстой ажил.

“Өнөөдөр 87 хүн ирсэн. Та ойлгож байгаа байх, салхитай өдөр байна” хэмээн тэрээр өгүүлэв. Ажлын өдөр дуусч байлаа. Гадаа гудамжинд харин үнэхээр хүчтэй салхилж байв.

“Шатдаун” түүнд таалагдахгүй байгаа аж. Есдүгээр давхрын багавтар зааланд хүрэн-ногоон дүрэмт хувцастай өөр нэгэн ажилтан байв.

“Манайх нийтлэг зориулалтын албаны удирдах газраас арай өөр санхүүжилт авдаг. Одоохондоо ажиллаж байна. Долоо хоногийн дараа юу болохыг хэн мэдэх билээ дээ” хэмээн тэрээр тайлбарлав.

Өөр “санхүүжилттэй” хэдий ч энэ сарын цалин саатсан, дараагийн цалин дээр өгөхөөр амласан тухай залуу өгүүлэв. Цалин сард хоёр удаа гол төлөв буудаг. Энэ удаагийн цалин саатсан шалтгааныг тэр мэдэхгүй гэнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гурав дахь ажилтан эмэгтэй харах талбай дээр байв. Санхүүжилт цаашаа тасрахгүй үргэлжилнэ гэдэгт тэр мөн л итгэхгүй байгаа гэнэ.

Нэвт үлээсэн хүйтэн салхинд задгай талбай дээр зогсож даарсан эмэгтэй бээрсэн хацар нүүрээ ороолтоороо нуунгаа “Маш хэцүү”хэмээн бий болсон нөхцөл байдлыг товчхон тодорхойлов. Түүний хэлснээр цамхаг болон музейд нэг ээлжинд дөрвөн хүн ажилладаг ажээ.

Эрт, орой нэгэн цагт дуусгавар болох ёстой “шатдауны” нөхцөлд цалин хөлсийг нөхөж олгодог юм байна. Гэхдээ цалингүй байх хугацаанд АНУ-ын бараг хүн бүрт хамаатай зээл, даатгал төлөх хугацаа хэтрэх, ердийн ахуйн хүндрэл бэрхшээлтэй асуудал үүснэ. Зээлийн асуудлаа муутгахыг хэн ч хүсэхгүй, тийм учраас гурван долоо хоногоор түүхэн дээд амжилт тогтоон сунжирсан “шатдаун” зээлтэй хүмүүст төвөг учруулжээ.

Нийт улс орон даяар ийм хүмүүс холбооны байгууллагуудын дөрөвний нэгд ажилладаг буюу 800 мянга юм байна. Ойролцоогоор тэдгээрийн тэн хагас нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. Төсвийнхний цалин буудаг нэгдүгээр сарын 11-нд эдгээр хүмүүс цалингийн чекээ авсангүй. Үүний өмнөхөн зарим хотод эсэргүүцлийн багавтар үйл ажиллагаа болсон. “Шатдаун” хэзээ дуусах нь одоохондоо тодорхойгүй. Трамп болон Конгресс дахь түүний сөрөг талынхан болох ардчилагчид Мексикийн хил дээр хана барихад зориулж мөнгө хуваарилах асуудлаар хэн хэндээ буулт хийхгүй гэдгээ илэрхийлсээр байна. Үүний өмнө Трампын хэлснээр тэр “шатдауныг” сараар, тэр ч бүү хэл жил үргэлжлүүлэхэд ч бэлэн ажээ.

Бусдын хөрөнгөөр

Агентлагийн ажилтны ярьснаар АНУ-ын нийтлэг зориулалтын албаны удирдах газар бол бусад асуудлын зэрэгцээ холбооны өмчийн тодорхой хэсгийг хариуцдаг Засгийн газрын бүтэц юм байна. Тийм өмчийн тоонд хуучин шуудангийн байшин хамаардаг ажээ. Тус газрын төлөөлөгч Аманда Осборн РИА Новости-д мэдээлснээр энэ байгууллагын эзэмшилд хуучин шуудангийн байшинтай адил 500 гаруй түүхийн дурсгалт барилга байшин байдаг гэнэ. Чухам энэ газар л хуучин шуудангийн байшинг Трампад түрээслүүлдэг аж. Түрээсийн хугацаа 60 жил.

“Шатдауны” хугацаанд ажиллаж байгаа талаар тус газрын сайтад тавьсан мэдэгдэлд ийм нөхцөлд тус газар Холбооны барилгуудын сангаас ажилтнуудын ажлын хөлсийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн удирдах газарт хуулийн дагуу төлж болох гэнэ. Уг сан түрээсийн төлбөрөөс бүрддэг. Тус сангийн нийтэд ил гаргасан санхүүгийн тайланд дурдсанаар сангийн 2018 оны орлого 11,6 тэрбум долларт хүрчээ.

Яагаад цамхаг

Музей болон цагтай цамхагт ажилласан цалин хөлсийг олгох эсэх шийдвэрийг Нийтлэг зориулалтын албаны удирдах газар гаргах ажээ. Энэ дэгийг журамласан байгууллага хоорондын гэрээ хуучирсан болохыг шийдвэр гаргасныхаа дараа хоёр удирдах газар олж мэджээ. Шинэ гэрээг маш хурдан байгуулсан юм байна. Ийм шийдвэрийг шалтгааныг Осборн тайлбарласангүй.

Гэхдээ энэ асуудлаар Мичиган мужаас сонгогдсон сенатч Гэри Питерс Дотоод хэргийн яам болон Нийтлэг зориулалтын албаны удирдах газарт өнгөрсөн баасан гарагт асуулга тавьжээ. Түүний сайтад өгүүлснээр Вашингтон дахь Симтсоновскийн хүрээлэнгийн музейнүүд зэрэг илүү томоохон обьектүүд хаалттай байхад цамхаг яагаад ажиллаж байгаа талаар тайлбарлахыг шаардсан албан бичгийг тэрээр эдгээр байгууллагад илгээжээ. Тэдгээр музейн тоонд Нисэх хүчин, сансар судлалын үндэсний музей, Байгалийн түүхийн үндэсний музей, Смитсоновский дахь Америкийн урлагийн музей зэрэг нийтдээ гуч орчим музей, америкийн нийслэл дэх амьтны хүрээлэн (зоопарк) тус тус ордог. Тэдгээрийг үзэхэд үнэ төлбөргүй.

Цамхгийг нээж ажиллуулах шийдвэр нь “Трампын бизнесийн эзэмшил газар дээрх цамхгийг бусдаас онцгойлон үзэж байна гэдэг асуудлаар нийгэмд дургүйцэл бий болгож байна” хэмээн сенатч онцлон тэмдэглэжээ. Нэгдүгээр сарын 31-ний дотор түүний асуулгад хариулахыг Питерс тэдгээр байгууллагад санал болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599403
0 эможи

keyboard_arrow_up