COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНАСАУ-ын тухай мэдээлэл ба үнэн худлын дэнс

2018 оны 1 сарын 25

Хойд Солонгосын дэглэм хаалттайн дээр-“дэлхийн дайсан” гэсэн дүр төрхийг өөртөө бүрдүүлчихсэн байдаг болохоор Пхеньянд болж буй гэх ямар ч мэдээлэлд хүмүүс итгэх хандлагатай байдаг билээ.

Саяхан буюу энэ сарын 21-нд Өмнөд Солонгост БНАСАУ-ын төлөөлөгчид албан ёсоор айлчилсан. Хойд Солонгосын “Самчжиён” хөгжмийн нэгдлийн долоон төлөөлөгч тус улсад айлчилж, Өмнөд Солонгост болох Олимпын нээлтийн үеэр хийх тоглолтынхоо тайз, заслыг шалгасан. Харин эдгээр долоон төлөөлөгчөөс дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан хүн бол төлөөлөгчдийг тэргүүлж явсан дуучин Хён Сон Воль билээ.

2013 онд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүд түүнийг Ким Чен Унтай амрагийн харилцаатай байсан, “аймшигтайгаар үхсэн" гэх мэдээлэл цацагдсанаар тэр алдаршсан. Хойд Солонгосын удирдагч түүнийг тоглолтдоо хэтэрхий ил задгай даашинз өмсөж гарч ирсэн хэмээн буудах тушаал өгсөн гэдэг. Тэгвэл өнөөх амиа алдсан эмэгтэй нь гайхалтайгаар дахин амилсан мэт гарч ирж, олны амыг ангайлгажээ.

Энэ түүх нь Хойд Солонгосын дэглэм үнэн, худал нь мэдэгдэхгүй олон хачин мэдээллийн бай болдгийг харуулж байна. Ингээд БНАСАУ-ын тухай аймшигтай хэр нь хөгжилтэй, худал цуу яриа болсон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.

ТАНКАНД ДАРУУЛЖ ҮХСЭН НУУЦ АМРАГ

Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонин 2013 оны наймдугаар сард БНАСАУ-д порно тараасан хэргээр 10 хүнийг нийтийн өмнө буудсан гэх мэдээллийг нийтэлсэн билээ. Тэдний дунд Ким Чен Уны нууц амраг асан, Хойд Солонгосын дуучин Хён Сон Воль байв. Түүнийг болон хамт олныг нь хэтэрхий ил задгай бүжиг хийсэн гэж баривчилсан гэнэ. Харин дуучин бүсгүйг порно бичлэгт зураг авхуулж, тараасан гэж буруутгажээ. Ингээд тэднийг бусад хөгжимчид, гэр бүлийн гишүүдийнх нь өмнө цаазалсан гэжээ.

Энэ түүхийг Хойд Солонгосоос дүрвэж ирсэн, цэргийн өндөр албан тушаалтны охин гэж өөрийгөө танилцуулсан Лим Хи Ён нэмж хачирлаж ярьжээ. Тэрбээр энэ цаазын ажиллагааг харсан гэх бөгөөд энэ ажиллагааны дараа тэдний хамаатан садан гээд сургуулийн сурагчид нийлсэн 10 мянган хүнийг цөлсөн гэжээ.

Гэтэл тэрхүү цаазлуулсан гэх бүсгүй өнгөрсөн ням гарагт гэгээн дүрээрээ гарч ирэх нь тэр. Түүнээс цаазлуулсан гэх тухай асуултыг хэн ч асууж чадаагүй байна. Харин Хён Сон Воль бусад асуултад зөвхөн инээмсэглэсэн байдалтайгаар өнгөрөөж, Олимпын цогцолборыг сайн бэлтгэсэн байна, хүндтэйгээр зочилсонд талархлаа л гэжээ.

ХОРИХ ЛАГЕРЬТ ОРСОН ХӨЛБӨМБӨГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ

БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-д мултарсан билээ. Дэлхийн хамгийн хаалттай орны баг анхандаа хэвлэлийнхний анхааралд маш их өртөж байсан юм. Тэдний багийн дасгалжуулагчийг тэмцээний үеэр хэвлэлийн ntojjM оролцоход зөвхөн улс төртэй л ”Холбоотой асуулт тавьж байлаа. Ингээд амжилтгүй тоглож, Бразилд 1:2-оор, Португалд 0:7, Зааны ясан эрэгт 0:3-аар хожигдож гэртээ харьсан.

БНАСАУ-ын төрийн телевиз ч Португалын шигшээтэй хийсэн тоглолтыг 0:3 харьцаатай байхад нь тасалчхаад дараа нь өөрийнхөө багийг ялсан гэж мэдээлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээ хүргэсэн. Харин дасгалжуулагч Ким Жон Хуныг хорих лагерьт илгээж, хоногийн 14 цаг хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэжээ.

Бодит байдал дээр тус улсын шигшээ баг ялагдал амссаны дараа Ким Жон Хун “11 дүгээр сарын 25” багийн дасгалжуулагч болж, 2011, 2013, 2015 онд улсынхаа аваргаар шалгарчээ.

НОХОЙД ТАСЧУУЛСАН “СААРАЛ КАРДИНАЛ”

Ким Чен Уны нагац ах Чан Сон Тэк нэгэн цагт тус улсын хоёр дахь гол хүнд тооцогдож байлаа. Ким Чен Ирийн үед өндөр албан тушаал хашиж байсан тэрбээр хүү нь төрийн эрхэнд гарахад ч маш их тусалж байв. 2013 онд түүнийг авлига авсан, зугаацаж цэнгэсэн хэргээр саатуулжээ. Шүүхээс түүнийг засгийн эрхийг булаан авах оролдлого хийсэн гэж үзэж, цаазын ял оноосон байна.

Харин цаазын ялыг хэрхэн гүйцэтгэсэн тухай олон цуу яриа дамжсан. “Саарал кардинал”-ыг өлсгөлөн 120 нохойд тасчуулж идүүлсэн ч гэж байлаа. Мөн амьдаар нь шатаасан гэж байв. Тэр ч бүү хэл зенитийн буугаар буудсан гэж байлаа. Өмнөд Солонгосын хэвлэлүүд гэр бүлийн бүх гишүүн, нялх хүүхэдтэй нь хамт хөршийнх нь нүдэн дээр устгасан гэжээ.

Харин Хойд Солонгосоос түүнийг буудаж хороосон гэж албан ёсоор мэдэгджээ.

ГАЗРЫН ЗУРАГ ДЭЭРХ ХАР ТОЛБО

Хойд Солонгосын зургийг сансраас авахад Өмнөд Солонгосын гялалзсан их гэрлэн дунд БНАСАУ хар толбо харагддаг гэдэг. Энэхүү зургийг “Чөлөөт Ази” радио станцаас анх нийтэлсэн бөгөөд NASA-raac авсан зураг гэж мэдэгддэг.

Гэхдээ сайтар ажиглавал энэхүү зурагт зөвхөн БНАСАУ-ыг бус, Владивосток, Хятадын хил хэсгийн зургуудыг ч хамтад нь оруулжээ. Үнэндээ БНАСАУ эрчим хүчээ хэмнэдэг ч байдал тийм ч аймшигтай бус. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн усан цахилгаан станц ашиглалтад оруулж, салхин цахилгаан станц ч байгуулж байгаа. Мужуудад шөнийн цагаар бүүдгэр гэрэлтэй байдаг ч огт гэрэлгүй бол биш гэж шинжээчид мэдэгджээ.

СЕЛФИНЭЭС БОЛЖ ЦААЗАЛСАН НЬ

2016 оны Рио-де-Жанейрогийн зуны Олимпын нэгэн алдартай зураг бол Өмнөд Солонгос, Хойд Солонгосын гимнастикчин охид Ли Ин Жун, Хон Жон Юн нарын селфи юм. Хоёр охин тэмцээний үеэр танилцаж, дурсгал болгон зургаа авхуулжээ. Энэ зураг дэлхий нийтэд найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болон тархсан юм.

Гэвч зураг нийтлэгдсэний маргааш Британийн "Dailystar’"хэвлэл энэхүү гэрэл зургаас болж Хойд Солонгосын тамирчин охин хатуу шийтгэл амсаж магадгүй, эх орондоо очоод цаазлуулж ч мэднэ гэж бичжээ. “Тус улсын өлсгөлөн иргэд хоол хулгайлсныхаа төлөө, бас Өмнөд Солонгосын кино үзэж. Библи уншсаныхаа төлөө шоронд суудаг” гэж сэтгүүлчид мэдээлжээ.

Гэвч Хон Жон Юн тэрхүү зургаас болж шийтгэл амсаагүй төдийгүй шигшээгийн карьераа өндөрлүүлж, Хойд Солонгосын уран сайхны гимнастикийн холбооны бүрэлдэхүүнд оржээ. Тэрбээр албан ёсны хэд хэдэн арга хэмжээнд гимнастикчийнхаа хувиар оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52870
0 эможи
keyboard_arrow_up