COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трампын үед АНУ хэрхэн ӨӨРЧЛӨГДӨВ

2018 оны 1 сарын 23

“Бидэнд асуудал үүсэж байна. Бид хүндрэлтэй тулгарч байна. Гэсэн ч бид ажлаа хийж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-нд Вашингтон дахь ордныхоо өмнө тангараг өргөхдөө хэлсэн билээ. Тэрбээр ардчилсан нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өдөр бүр өөрийг нь хурцаар шүүмжилдэг гэдэг. Гэсэн хэдий ч Цагаан ордны эзэн олон талбарт амжилт олсныг ТАСС агентлаг тэмдэглэжээ.

ДАЙН БА РЕЙТИНГ

Хэвлэлийнхэн өөрт нь анхаарал тавихад Ерөнхийлөгч Трамп их дуртай. Энэ тухайгаа тэрбээр 1987 оны алдарт “Хэлэлцээр байгуулах урлаг” номдоо бичсэн байдаг. “Хэвлэлийнхэн сонирхолтой түүхээр үргэлж ангаж цангадаг, дуулиантай байх тусам бүр их анхаардгийг би аль эрт ойлгосон. Энэ бизнесийн орчин ийм л байдаг. Хэрэв та бусдаас жаахан ялгарвал, мөн та бусдаас арай жаахан илүү дуулиантай, бас зоригтой, далайцтай, эсвэл учир битүүлэг байхад л хэвлэлийнхэн таны тухай дуртайяа бичнэ. Огт сураггүй байснаас муугаар ч болтугай олны танил байсан нь дээр” гэж уг номдоо Трамп бичжээ. Ийм хандлага нь зөвхөн түүнийг мэдээний гарчгийн “халаагүй баатар” болгосон төдийгүй Ерөнхийлөгчийн албаа боломжийн хаахад тус болж байна.

Трамп 2016 оны арваннэгдүгээр сард ялсан нь дэлхийн олон нийтийн хувьд гэнэтийн үйл явдал болсон

Жишээ нь, Харри Трумэнийг Солонгосын дайнтай, том Жорж Бушийг Персийн булангийн дайнтай холбож ойлгодог бол Дональд Трампыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй хийж буй олон дайнаар дурсах бололтой. Трамп 2016 оны арваннэгдүгээр сард ялсан нь дэлхийн олон нийтийн хувьд гэнэтийн үйл явдал болсон. Тэрбээр төлөөлөн сонгогчийн 77 санал (304/227)-ын илүүгээр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ялсан ч жирийн америкчуудын саналаар бол ялагдсан. Трампын эсрэг бараг 66 сая (120 сая сонгогч бүртгэгдсэн) хүн саналаа өгчээ. Хэрэв тус улсын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн сонголтоор шийддэг бол түүнд Ерөнхийлөгч болох өчүүхэн ч боломж алга байсан. АНУ-ын Ардчилсан намын талынхны хяналтад байдаг хэвлэлүүд Трампыг эмэгтэйчүүдийн талаар хэлсэн үгийнх төлөө тачаангуй, Мексиктэй залгаа хилийнхээ дагуу хана босгох санал дэвшүүлснийх нь төлөө арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн нэрлэжээ.

Эдгээр хэвлэл Трампыг Кремлийн төлөөний хүн гэсэн цуу яриаг тараасан юм. Үүний хариуд Америкийн Ерөнхийлөгч эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дайн зарлаж, тэдгээрийг худалч, шударга бус хэмээн нэрлэв. Дөрөв дэх засаглал ямар нэг шалтгаар байнга шүүмжилж, хариу барьдаг. Энэ нь Трампын рейтингүүдэд, тухайлбал, 2020 онд улиран сонгогдох магадлалд сөргөөр нөлөөлж байна. Трамп 45 хувийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол Барак Обамагийнх 67 байжээ. Б.Обамагийн рейтинг 40 хувиас огт уруудаж байгаагүй бол Трампынх үүнээс нэг бус удаа буурч, 33 хувьд хүрч байна.

ЭДИЙН ЗАСАГ БА ЦАГААЧ, ДҮРВЭГЧ

Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмнийхээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний хүндлэлийг хүлээж чадаагүй ч өөрийнх нь дүгнэснээр тэрбээр эдийн засгийн талаар багагүй амжилтад хүрчээ. Америкийн хөдөлмөрийн зах зээл болон “Уолл стрит” хөрөнгийн биржид гарч буй нааштай өөрчлөлтүүдийн тухай Трамп твиттер хуудсандаа байнга мэдээлдэг. “Quinnipiac”-ийн шинэ санал асуулгаас үзвэл америкчуудын 66 хувь нь эдийн засгийн байдлыг онц, эсвэл сайн байна хэмээн үзэж байна. Энэ нь уг санал асуулгыг явуулсан бүх хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм” гэж нэгдүгээр сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч бичжээ. 

АНУ-ын эдийн засаг үнэн хэрэгтээ огцом өсөж, хөгжиж байна. Үүнийг ДНБ, ажилгүйдлийн түвшин гэсэн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд нь нотолж байгаа юм. Мөн АНУ-ын өр нэмэгдсээр буй бөгөөд Трампын явуулж буй татварын шинэчлэлийн дараа ч улам өсөх төлөвтэй. Тэрбумтан Ерөнхийлөгч АНУ-ын хөрөнгийн гол индексүүд болох “Dow Jones”, NASDAQ-т онцгой анхаарал тавьдаг. Тус улсын ажил эрхлэлтийн гол үзүүлэлт өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ноос энэ сарын 16-ны хооронд эхний үзүүлэлт 30 хувь (25 793 пунктэд хүрсэн), NASDAQ-ийнх мөн 30 хувь (7224 пунктэд хүрсэн)-иар өссөн байна. Хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл, Ардчилсан намын талын улстөрчдийн нотолж буйгаар эдийн засгийн өсөлт нь Трампад Барак Обамагаас “өвлөгдөж” иржээ. Д.Трампын эш татсан “Quinnipiac”-ийн санал асуулгаас үзвэл үүнд оролцогчдын 49 хувь нь Б.Обамагийн бодлого Америкийн эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан хэмээн үзсэн бол 40 хувь нь Трампынх гэсэн байна. 

Трампын зарим амлалт биелэх хувьгүй бололтой

АНУ-ын Ерөнхийлөгч ажил үүргээ гүйцэтгэсэн эхний нэг жилийн хугацаанд улсынхаа эдийн засгийн хөгжилд илүү олон жил нөлөөлөх чухал шийдвэрүүд гаргасан. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутаг дахь бараа, үйлчилгээний гаалийн татварыг бүрэн цуцлахаар заасан Номхон далай дамнасан түншлэлээс гарсан, Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийсэн, Канадаас нефть дамжуулах “Dakota access”, “Pipeline”, “Keystone XL” төслийн барилгын ажлыг сэргээсэн, БНХАУ-д Д.Трамп түүхэн айлчлал хийхдээ Бээжинтэй худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоогоо идэвхжүүлэхээр тохиролцож, Хятад, Америкийн компаниудын хооронд 250 тэрбум долларын хэлэлцээр байгуулсан, Цооногийн ажлыг идэвхжүүлэх аргаар нүүрс, нефть, хий олборлоход тавьсан хязгаарыг цуцалсан, Өндөр татварын улмаас оффшор бүсүүдэд хадгалагдаж буй дөрвөн их наяд долларыг АНУ-д эргүүлэн авчрах зэрэг зорилготой Рональд Рейганы үеэс хойших татварын хамгийн том шинэчлэл эхлүүлсэн, Эдийн засгаа өсгөх, ажлын байр нэмэгдүүлэхэд тус болох төрийн зохицуулалтыг багасгахаар хязгаар тавьсан 1000 гаруй журмыг цуцалсан байна. Эдгээр нь тус бүртээ дэмжигч, шүүмжлэгчтэй.

Трампын зарим амлалт биелэх хувьгүй бололтой. Түүнийг эсэргүүцэгч хэт олон аж. Тодруулбал, тэрбээр эрүүл мэндийн даатгалын “Obamacare” тогтолцоог цуцалж чадаагүй. Харин түүний исламын шашинтай хэд хэдэн улсын иргэдэд виз олгохгүй байх зарлиг гаргасан нь шүүхийн шийдвэрийн улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас л хэрэгжиж эхэлжээ. АНУ-д хууль бусаар ирсэн залуусыг хамгаалах хөтөлбөрийг цуцлах санаа ч америкчуудад таалагдахгүй байна. Үүний араас Ерөнхийлөгч Д.Трамп нэг их наяд долларын өртөгтэй дэд бүтцийн өргөн хүрээтэй шинэчлэл хийх, Мексиктэй залгаа хил дээр хана барих, цагаачлалын виз авах сугалааг цуцлахаар төлөвлөсөн.

ГАДААД БОДЛОГО БА ЗЭВСЭГТ ХҮЧНҮҮД

Дональд Трампын засаг захиргааны баримталдаг “Америк бүхнээс дээгүүр” гэдэг зарчим нь бусдаас ангид, тусгаар байхын төлөөх түүний бодол санааны хувиар байнга хурц шүүмжлэлд өртдөг. Гэхдээ энэ бодлого олон улсын хувьд хүлээн зөвшөөрч болмоор санагддаг. “Алс холын газар нутагт ардчилал тогтоох, эсвэл бусад улсыг өөрийн таалалд нийцүүлэн өөрчлөхийн тулд Америкийн цэргийн хүчийг бид цаашид ашиглахгүй. Энэ өдрүүд ард хоцорсон” гэж Ерөнхийлөгч Д.Трамп Афганистан дахь АНУ-ын шинэ стратегийг Арлингтон хот дахь Форт-Майер цэргийн бааздаа танилцуулах үеэрээ хэлжээ. Уг стратегийн бусад заалт тийм биш. Улс дотроо ч америк цэргийн бүрэн эрхийг үлэмж хэмжээгээр өргөжүүлж, бие бүрэлдэхүүний тоо, эсвэл цаашид явуулах цэргийн төлөвлөгөөг урьдчилан мэдээлэхгүй гэдгийг тэрбээр мэдэгджээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Трампын зарлигаар Сирийн Хомс муж дахь цэргийн баазад пуужингийн цохилт өгсөн. Наймдугаар сард тэрбээр БНАСАУ-ыг “урьд өмнө үзээгүй гал, уур хилэнгээр” сүрдүүлэв. АНУ-ын НАТО-гийн холбоотнуудад Трамп батлан хамгаалах зардлаа ДНБ-ий хоёр хүртэл хувьд хүргэхийг цөхрөлтгүй уриалсан. Энэ талаар тус эвслийнхэн 2014 онд тохиролцсон боловч албан ёсоор батлаагүй. Гэхдээ Америкийн Ерөнхийлөгчийг зарим улс сонсчээ. Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоноос гадна Трамп өөрөө өнгөрсөн онд төрийн албан ёсны айлчлалыг Итали, Саудын Араб, Хятад, Филиппин, Израиль зэрэг арав гаруй улсад хийж амжсан.

АНУ-ын Төрийн тэргүүнд итгэх итгэл Барак Обамагийн үед 64 байсан хувь Дональд Трампын үед 22 болтлоо буурсан 

Гэсэн ч эдгээр айлчлал нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдтэй байр сууриа бэхжүүлэх боломж АНУ-д бараг л олгоогүй. Вашингтон Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрснийг дэлхийн олонх улс Ойрхи Дорнодод энх тайван байдал тогтооход өчүүхэн ч тус дөхөм болохгүй алхам хэмээн зэмлэн буруушааж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөн тэмдэглэснээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман тус бүс нутагт болж буй дайн, энх тайван, өөрчлөлтийн түлхүүрийг гартаа атгаж байгаа гэдгээ Трампын засаг захиргаанд итгүүлж чаджээ. Энэ нь Ирантай илүү ноцтой мөргөлдөөн хийхэд хүргэнэ хэмээн шинжээчид үзэж буй. Ираныг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг, цөмийн зэвсэг бүтээх эрмэлзэлтэй хэмээн Трамп буруушаадаг. “Pew research center” судалгааны төвийн мэдээлснээр дэлхийд АНУ-ын Төрийн тэргүүнд итгэх итгэл Барак Обамагийн үед 64 байсан хувь Дональд Трампын үед 22 болтлоо буурсан гэнэ.

Ердөө хоёр л улс буюу Израиль, Орост л Америкийн Ерөнхийлөгчид итгэж байна. Энэ нь Москва, Вашингтоны харилцаа хэвийн болсон гэсэн үг биш. Тус хоёр улс хоорондын хамтын ажиллагааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд хиймэл мухардмал байдалд орсон хэмээн дүгнэжээ. Америк улс юуны түрүүнд гэх хэрнээ Цагаан ордны захиргаа холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хэзээд хамгаална гэж байгаа. Үүнд Вашингтонд Трампын санал болгосон 2018 оны санхүүгийн жилийн төлөвлөгөө тус болох ёстой. Өнөө болтол батлагдаагүй байгаа төсөвт цэргийн зардлаа 700 тэрбум доллароор нэмэхээр тусгасан. Энэ мөнгөний 4.6 тэрбум нь “Европт тогтоон барих санаачилга”-ыг хэрэгжүүлэх, Балтын тэнгис орчмын орнуудын байлдах чадварыг дээшлүүлэхэд зарцуулна.

ТРАМП 2020

2020 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын “Америкийг агуу хэвээр байлгая” гэдэг уриаг Дональд Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард тангараг өргөх ёслол болохоос өмнө мэдэгдсэн. Тэрбээр улиран сонгогдоход бэлэн бөгөөд энэ мэдээллийг Цагаан ордон албан ёсоор нотолсон билээ. Энэ сард Трамп эрүүл мэндийн анхны албан ёсны үзлэгт орсон. Цагаан ордны ерөнхий эмч Ронни Жексоны хэлснээр Америкийн Ерөнхийлөгч эрүүл, албан үүргээ биелүүлж чадна. Трампад Төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэх гурван жилийн хугацаа үлдлээ.

Эх сурвалж: UNUUDUR.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52745
2 эможи
keyboard_arrow_up