COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.АЗЖАРГАЛ: ХҮҮХЭД хамгийн аюулгүй байх орчиндоо хамгийн их ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ байна

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, тэднийг ойлгож харилцах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай ярилцлаа.

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд байна. Танай байгууллагаас энэ төрлийн хүчирхийллээс хүүхдүүдийг ангид байлгах чиглэлээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна?

-Манай байгууллагын хувьд Гэр бүл, хүүхэд, залуучууд гэсэн хүн амын гурван бүлгийн асуудлыг хариуцан ажилладаг. Энэ удаа бид хүүхдийн асуудлаар ярилцаж байгаа учраас хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа боддого, хөтөлбөр, тэдгээрийн үр дүн, цаашид юуг голлон анхаарч ажиллах талаар ярилцъя.

Манай Улсын нийт хүн амын 36 орчим хувийг 0-18 хүртлэх насны хүүхэд эзэлж байна. Бидний зүгээс хүүхэд аливаа эрсдэлд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй тасралтгүй зохион байгуулах нь чухал учраас нийт ажлынхаа 60 орчим хувийг энэ чиглэл рүү хандуулдаг. Хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд салбар болон байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байдаг. Сүүлийн 2 жилд салбар дундын хамтын ажиллагаа сайжирч байна. Тухайлбал, 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсэгт 40 орчим байгууллагын төлөөлөл ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдснаар гарсан гол үр дүн бол салбар бүр үйл ажиллагаандаа хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой ажил төлөвлөж, хэрэгжилтээ дүгнэж, тайлагнадаг, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг болсон нь маш том алхам гэж бодож байгаа.

Манай байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэднийг мэдлэгжүүлэх, хөгжүүлэх, зөв хүмүүжил төлөвшилтэй иргэн болгон хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд хүүхдийн ордон, хүүхдийн хөгжлийн төвүүдэд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 50.6 хувиар нэмэгдсэн. Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг хүүхдийн зусланд амраах, зуслангийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, 3600 орчим хүүхдийг амраасан. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах, хуулиа сурталчлан таниулах ажлыг сүүлийн 3 жил хамтран зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, “Сэргийлэгч хүү- Зөвлөгч охин” төслөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар ойголт мэдлэгийг нь сайжруулах агуулга бүхий сурталчилгаа, телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Зөв тусгал” аяныг зохион байгуулж, гэр бүлд чиглэсэн олон төрлийн контент бэлтгэн гаргасан нь давхардсан тоогоор 8,8 сая гаруй хүнд хүрсэн. Энэхүү аян зохион байгуулагдсан энэ оны 05 дугаар сард хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил 14%-иар буурсан.

-Хэдэн насны хүүхдүүд хамгийн ихээр хүчирхийллийн хохирогч болж байна?

-Бид хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлсэн тохиолдолд яаралтай хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх ёстой байдаг. Хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээлэл, санал, хүсэлт, гомдол, хүүхдийн эрх зөрчигдөж байна гэх мэдээллийг хүлээн авсан даруйд Цагдаагийн 102 утас, сум, хорооны хамтарсан баг, аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэст мэдээллийг дамжуулж аль болох хугацаа алдахгүй шуурхай ажиллахад гол анхаарлаа хандуулдаг. Зарим мэдээллэгчийн өгсөн мэдээлийг шалгахад хаяг, байршил буруу байх, хуурамч дуудлага ирүүлэх тохиолдол гардаг. 

Энэ оны 10 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 105,900 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн. Мөн манай байгууллага энэ онд 17 мянга гаруй хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай хэргийн тохиолдол дээр ажиллаж байна. Үүний 13,025 дуудлагыг шийдвэрлэж, 73 хувьтай байгаа. 2018 оны 1 дүгээр сараас Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв  Шуурхай үйлчилгээний багтай болсон нь зөвхөн энэ онд Улаанбаатар хотын 9 дүүргээс Хүүхдийн тусламжийн 108 утасны төвд ирсэн өндөр эрсдэлтэй 1110 орчим дуудлага дээр ажиллаж, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд холбон зуучилж ажилласан.

Ер нь бол 0-11 насныхан бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд түлхүү өртөж байна. Нийт хүүхдүүдийн 65 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд давхар өртдөг. Хамгийн эмзэглэмээр асуудал бол хүүхэд гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байна.

Нийт хэргийн тохиолдлын 80.2% эцэг, асран хамгаалагчийн зүгээс хүчирхийлэл үйлдсэн байдаг.  

Arslan.mn

-Хүүхдүүд яагаад хүчирхийлэлд өртөөд байна вэ?

-Эдийн засгийн байдал, өрхийн орлого, архидалтаас шууд шалтгаалдаг гэж их өнгөц дүгнээд байдаг. Хүчирхийлэл үйлдээд байгаа эцэг, эхийн суурь хүмүүжил, сэтгэл зүйн байдал, сэтгэц эмгэгийн байдал, зан үйл, харилцаа, хандлага нь ямар байсан бэ, ямар байгаа вэ гэдгийг судлах шаардлагатай бодлог. Судлаад үзэхэд тухайн эцэг, эх, хувь хүнтэй ажиллах явцад өөрсдийг нь хүүхэд насанд нь гэр бүлийн зүгээс үл хайхарч байсан, гэр бүлийн аль нэг гишүүн хүчирхийлэл үйлдэж байсан, эсвэл тухайн хүнд амьдрах ухааны ур чадварууд дутмаг, зан үйлийн сөрөг хандлагууд давамгайлсан зэрэг олон шалтгаан илэрдэг.

Тийм учраас хүүхдийг хүүхэд наснаас насанд хүртэлх бүх үед нь хүүхэд хамгааллын стратеги хэрэгжиж байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхэдтэйгээ зөв харилцах, тэднийг сонсох, ойлгох, дэмжих, харилцах, хайрлах, бие даан шийдвэр гаргах чадваруудыг эзэмшүүлэх хэрэгтэй.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өсч байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь хүчирхийлэгч болж хүмүүждэг гэсэн судалгаа байна. Тэгвэл бид эдгээр хүүхдүүдийг хүчирхийлэгч нэгэн болгохгүйн тулд юу хийх ёстой вэ?

-Бид эцэг, эх, асран хамгаалагч нарт Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг хэрэглэж, хэвшүүлэхэд онцгойлон анхаарч байна. Хүүхдээ сонсох, ойлгох, дэмжих, тэднийг буруутгахаас зайлсхийх ур чадвар ихэнхи эцэг эхчүүдэд дутмаг байдаг. Аав, ээж болсон хүн бүр л хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг, гэхдээ “сайн хүн” гэдэг нь ямар ойлголт вэ, “сайн хүн” болгохын тулд яах ёстой вэ, юу хийх вэ, өөрөө хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ, хэнд хандах вэ гэдгээ мартчихдаг, бас мэддэггүй, эсвэл нэрэлхдэг.

Нөгөө талаас хүүхэд гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч нь хүчирхийлсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн, ноцтой гэмтэл учруулах тохиолдлууд бий. Энэ үед хүүхдийг хүчирхийллийн орчноос тусгаарлах, эцэг, эх, асран хамгаалагч нарт сургалт явуулах, тухайн хүүхдийн амьдрах орчинд хүчирхйиллийн эрсдэл буурсан гэж үзвэл хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэж ажилладаг. Удаа дараа хүүхдээ хүчирхийлсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч байх эрхийг шүүхээр түтгэлзүүлдэг. 

Хүчирхийлэд өртсөн хүүхэдтэй удаан хугацаанд ажиллах шаардлагатай байдаг, үйлчилгээ дууссаны дараа эргэн хяналт тавих, дараа дараагийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хүүхдэд, гэр бүлд нь төлөвлөн хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийн давуу чанар, сонирхолд  суурилсан хөгжүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулах, холбон зуучлах ажлууд хийгддэг.

Хүүхдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг нэмэгдүүлвэл зан үйлийн сөрөг нөлөөлөлд автах нь багасдаг. Манай байгууллага 2018 оноос хүүхдийн ордон, хөгжлийн төвүүдийн хөгжлийн үйлчилгээг дэмжиж ажилласнаар 2019 оны байдлаар 14-37 төрлийн дугуйлан хичээллэж ажиллаж байна. Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг зуны хугацаанд хөгжлийн үйлчилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газар, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зохион байгуулж, гэр хороололд салбар дугуйлангуудыг ажиллуулсан. Аймгуудад мөн үүрэг чиглэл өгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт тогтмол хамруулах ажлууд хийгдэж байна. Хүүхэд өөрийн дуртай, сонирхдог зүйлтэй болчихвол өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусдад уруу татагдахаасаа илүүтэй дуртай зүйлрүүгээ л явдаг болдог.

-108 хүүхдийн утсанд ирж байгаа дуудлага мэдээллийн дийлэнхи хувийг ямар дуудлага эзэлж байна.

-Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн нийт дуудлагын 65 орчим хувийг зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлага эзэлдэг ба үе тэнгийн харилцаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, мэргэжил сонголт, хаяг байршил,  сэтгэл зүйн зөвлөгөө авах дуудлагууд байдаг.

Харин хүүхэд хамгааллын дуудлага мэдээллүүд 20 орчим хувийг эзэлдэг ба  17 үзүүлэлтээр ангилдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, цахим орчин дахь хүүхдийн гадуурхал, хүчирхийлэл, гэрээсээ дайжсан, хараа хяналтгүй байгаа, гуйлга гуйж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа, боловсролын орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэх мэтээр ангилж байна. Эдгээр ангилалаас бие махбодийн болоод сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах дуудлага  хүүхэд хамгааллын нийт дуудлагын 80 гаруй хувийг эзэлдэг.

Манай байгууллага энэ оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг нэвтрүүлсэн. Бид газар дээр нь гэр бүлд, хүүхдэд, хүүхдүүдтэй ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, арга зүйгээр ханган ажиллалж байна. Энэхүү үйлчилгээгээр дамжуулан 2 сарын хугацаанд 2400 гаруй хүүхдэд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч, мөн сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Жишээлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд “Миний биеийн аюулгүйн дүрэм” буюу танихгүй хүнээс эмээх, чиний биеийн аль хэсэгт хэн хүрэх вэ зэрэг ойлголтыг өгөх, өсвөр насныханд цахим орчны зохистой хэрэглээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай, зөв эерэг харилцааны тухай гээд их өргөн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. 

-Хамтарсан багтай хамтран ажиллаж байгаагийн давуу талыг та бүхэн юу гэж харж байна.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллагуудтай хамтран 2017 онд хамтарсан багийг нэг агуулга, хөтөлбөрөөр сургаж, чадавхжуулах ажлыг зохион байгуулж, 609 хамтарсан багийн 4634 гишүүнийг сургасан. Улмаар хамтарсан багуудыг ажлын байран дээр нь чадавхжуулах ажлыг 2018 оноос зохион байгуулж, хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд 2017 онд хамтарсан багийн кэйс шийдвэрлэлт 53%-тай байсан бол 2018 онд 76.8% болж өссөн. Мөн Хамтарсан багууд анхан шатны судалгаа, мэдээлэл гаргах, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, хэнийх гэдэг өрх, айлд бэрхшээл байна, хэн архи уудаг, аль айл, өрхөд хүчирхийлэл байнга үйлддэг зэрэг мэдээллээ гаргаж, түүнд чиглэсэн ажлыг төлөвлөн ажиллаж байна. Цаашдаа энэхүү ажил нь улам сайжирна гэж итгэж байна. 

-Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой бас нэг хөндөх асуудал бол цахим орчин дахь хүчирхийлэл. Энэ талаар?

-Цахим орчны асуудал бол зөвхөн Монгол Улсын асуудал биш, дэлхий нийтийн асуудал болоод байна. Хүүхэд цахим орчноос хэрэгтэй мэдээллээ авдаг, сөрөг мэдээллийг хянаж чаддаг, найзын хүсэлт явуулсан хүн болгоныг найзаараа авахгүй байх, цахим орчинд дарамтанд өртвөл хуулийн байгууллага болоод мэргэжлийн байгууллагад хандах ёстой гэдгийг мэддэг байх ёстой. Хүүхдүүд цагаан цаас учраас цахим орчин дахь мэдээллийг шүүж чадахгүйгээр шууд хүлээж авдаг учраас эцэг, эх , асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ ойр дотно байж цахим орчинд хэрхэн хандах талаар маш сайн ярилцаж ойлгуулах нь хүүхдээ хамгаалахад маш том түлхэц болно гэж хэлмээр байна. Харин тэгэж чадахгүй бол мэргэжлийн байгууллагад хандах зөвлөгөө, мэдээлэл авч болно.

Цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж байгаа ч цахим орчны сөрөг нөлөөлөл, мэдэллийн урсгал хязгааргүй. Тиймээс та хүүхэддээ анхаарлаа хандуулах, өөрөө хүүхэддээ үлгэр дуурайлал болох хэрэгтэй.

-Эцэг, эхчүүдэд хандаж хэлж, захих энгийн зөвлөгөө бий юу?

-Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин бол гэр бүлийн орчин байдаг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар маш хариуцлагатай байж хүүхдэд зөв үлгэр дууриалал болж хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд миний хүүхэд намайг даган дуурайдаг гэдгийг л сайн ойлгож өөрөөсөө эхлэх хэрэгтэй.

Нөгөө талаас гэр бүлийн харилцаа тааруу бол хүүхэд ууртай болох, хүмүүстэй харилцах харилцаагаа хязгаарлах, гэртээ харих дургүй болох, гадуур сэлгүүцэх, улмаар гэмт хэргийн хохирогч болох асуудлуудад өртдөг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610475
2 эможи

keyboard_arrow_up