7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.Арвинтариа: “ХҮЧИРХИЙЛЛИЙН ТОЙРОГ“-ийг гуравдагч этгээдийн тусламжтайгаар таслах боломжтой

админ
2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай ярилцлаа.

Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвөөс Гэр бүлийн хохирогчид үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний талаар ярилцлагаа эхлүүлье.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх 1995 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл 25 жил тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлж байна. Гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг нь хангах зорилготой байгуулагдсан. Энэ хугацаанд нийтдээ 22 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлсэн байдаг. Энэ нь зөвхөн анх удаа хандсан иргэний тоо. Нэг үйлчлүүлэгч дунджаар 4 удаа ханддаг. Учир нь эхний удаад хүмүүс надад тохиолдоод байгаа зүйлс гэр бүлийн хүчирхийлэл мөн үү гэдгээ мэдэх гэж зөвөлгөө авдаг. Харин дараа, дараагийн удаа би яг яах ёстой вэ, ямар хууль, эрх зүйн зохицуулалтаар эрхийг нь хангах, хамгаалах, сэргээх боломж байгаа вэ гэх мэт нарийвчилсан зөвөлгөө авдаг. Хэрвээ амь нас эрүүл мэнд нь аюултай нөхцөл байдалд орсон бол бид хамгаалах байранд байрлуулж, шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор манай хамгаалах байр 20 ортой жилдээ 200 орчим хүнд үйлчилгээ үзүүлж байна. Хамгийн харамсалтай нь нийт үйлчлүүлэгчдийн 60-аас дээш хувь нь ээжийгээ дагаж ирсэн эсвэл дангаараа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байна.

Мөн манай төвийн зөвлөгөө өгөх хэсгээр өдөрт 4-5 хүн үйлчилгээ авдаг. Үйлчилгээний төрлийн хувьд хууль зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг.  Нийгмийн ажлын үйлчилгээнд бичиг баримт авах, сэргээх,  цэцэрлэг, сургуульд хамрагдах, орон гэртэй болох, ажилд холбон зуучлахад тусалдаг үйлчилгээ юм. Үүнээс гадна халамжийн үйлчилгээнүүдийг үзүүлэхийн сацуу шаардлагатай тохиолдолд өмгөөллийн үйлчилгээг мөн үзүүлдэг.  Ялангуяа бага насны хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт мэргэшсэн өмгөөлөгч өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж юм.

Судалгаанаас харахад ид ажиллаж, хөдөлмөрлөх насны идэр залуучууд хүчирхийлэл үйлдэх нь элбэг байдаг нь тодорхой байна. Энэ талаар.

Ер нь хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг харахад 30-40 насны ажил мэргэжилтэй хүмүүс байх нь элбэг байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж байгаа зүйл нь архидалт, ядуурал, ажилгүйдэл. Үүнээс гадна хүмүүс харилцаа, хандлага, ёс суртахууны хувьд уналтанд орчихсон байна. Гэр бүлтэйгээ яаж харьцахаа мэдэхгүй, гэр бүлийн гишүүд хоорондоо яаж харьцахаа мэдэхгүй, хоорондоо ярилцахгүй, ачааллаа тэнцвэртэй хуваалцаж чадахгүй байгаа нь хүчирхийлэл үйлдэх нэг шалтгаан болж байна. Үүнээс гадна гэр бүлээс гадуурх харилцаа хүчирхийлэлд их нөлөөлдөг. Гэр бүлийн тухай хуулинд гэрлэгчид бие биедээ үнэнч байна гээд заачихсан байгаа ч зарим нөхдүүд үүнийг сайн мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүйгээсээ болоод энэ үүргээ ойлгодоггүй юм байна. Түүнчлэн гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэхээс зайлсхийх, хүүхдүүдээ хаяад явчихдаг, ямарч тэжээн тэтгэх тэтгэлэг өгдөггүй зэрэг үүргээ биелүүлдэггүй байх тохиолдлууд нилээд бүртгэгдэж байна.

Сүүлийн үед техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор утсаар байнга чагнадаг, тагнадаг, утсыг нь шалгадаг эсвэл майл хаяг, фэйсбүүкийг нь хянах гэх зэрэг хүчирхийллийн шинэ хэлбэрүүд ажиглагдах болсон.

Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдсэн. Энэ хуулийн шинэчлэгдсэн зохицуулалтын талаар.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 онд батлагдсан. Энэхүү хуульд гэр бүлийн хүчирхийллийг дөрвөн хэлбэртэй гэж тодорхойлсон. Нэгдүгээрт бие махбодийн хүчирхийлэл. Энэ нь гаднаас нь хараад ийм хүчирхийлэлд өртжээ гэдгийг таних боломжтой хэлбэр. Хоёрдугаарт сэтгэл санааны хүчирхийлэл. Энэ бол нотлоход бэрхшээлтэй хүчирхийллийн хэлбэр. Тухайн хүнд байнгын шаналал, зовлон учруулж байгаа. Хэл амаар доромжлох, нэр хүндийг нь гутаах, хийсэн зүйлийг нь байнга үгүйсгэх, найз нөхөдгүй болгох, нийгмээс тусгаарлах зэрэг байдлаар илэрдэг. Гуравдугаарт эдийн засгийн хүчирхийлэл. Эдийн засгийн хүчирхийллийн хувьд ажил эрхлэх боломжийг нь хаах, сурч мэдэх эрхийг нь хязгаарлах, бие даан амьдрах, эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байх, дундын болон хувиарт хөрөнгийг захиран зарцуулах боломжуудыг нь хаах эсвэл хязгаарлах байдлаар илэрдэг. Нийгэмд илүү орлого олдог, байр суурь өндөртэй гэр бүлийн гишүүн бусад гишүүдээ дарамтах замаар өөрийн эрх мэдлийг тогтоодог явдал их гарах болсон.

Дөрөвдүгээрт бэлгийн хүчирхийлэл. Манайд хандаж байгаа хохирогч нарын нилээдгүй хувь нь гэр бүл дотроо бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Үүнээс гадна ураг төрлийн холбоотой хүмүүсийн хүчингийн гэмт хэргийн хохирогчид байна.  Хэрвээ та ямар нэгэн байдлаар дээрх хүчирхийллийн аль нэг хэлбэрийг мэдэрч л байгаа бол энэ асуудлаа хэн нэгэнд мэдэгдээрэй. Хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах нь хамгийн түргэн шуурхай арга юм шүү. Эсвэл та хороо, суман дээрээ Засаг даргаар ахлуулсан Хамтарсан багт мэдэгдэж болно, үүнээс гадна хороо, сумынхаа нийгмийн ажилтанд бүртгүүлэх хэрэгтэй. Улсын хэмжээнд нийт 14 хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа. Тэгэхээр өөрт хамгийн ойр байгаа хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээн дээр очоод үйлчилгээ авах бүрэн боломжтой.

Таныг хүчирхийлэлтэй орчноос салгах болон хүчирхийлэгчийн үйлдлийг таслан зогсоох, зан үйлд нь эерэг өөрчлөлт авчирхад туслах хүмүүс танай хороо, сумын Хамтарсан баг юм шүү.

Хамтарсан багийн гишүүд таны нууцыг хадгалах үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар нууцлал алдагдвал хуулиар хариуцлага хүлээдэг. Таны төлөө ажиллаж байгаа олон олон хүмүүс байгаа гэдгийг байнга санаж байх хэрэгтэй шүү.

Arslan.mn

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс хүчирхийллийн тохиолдлыг бусдаас нуух үзэгдэл их байдаг л даа. Эдгээр хүмүүст хандаж хэлэхэд.

Тиймээ. Хүчирхийллийг нууж, хаадаг хүмүүс их байдаг. Чимээгүй яваад байна гэдэг чинь гэр бүлийн  хүчирхийллийг улам цааш нь даамжруулах, амь насаа эрсдэлтэй байдалд оруулна гэсэн үг. Хүчирхийлэл нь зөвхөн хохирогчид аюултай байгаад зогсохгүй гэр бүлийн бусад бүх хүмүүст нөлөөлж байдаг. Цаашлаад хүмүүжил болон аюулгүй байдалд сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй учраас гэр бүлийн хүчирхийллийг аль болох эрт мэдээллэж хүчирхийллийн тойргийг таслан зогсоох хэрэгтэй. Энэ тойрог дотор хүчирхийлэгч, хохирогч хоёр хоёулаа эргэлдэж байдаг. Хэн нэгэн хөндлөнгөөс орж таслахгүй бол өөрөө тасардаггүй. Хүчирхийлэл бол байх ёстой зүйл гээд ойлгочихсон энэ миний хийгээд сурчихсан зүйл ингэх л ёстой гэсэн хандлагаар хандаад байдаг.  Хохироод байгаа гэр бүлийн гишүүдийн хувьд үүнтэй эвлэрсэн, эсвэл энэ хүн хөгшрөөд ч юмуу эсвэл ямар нэгэн байдлаар засарна гэж найддаг. Гэтэл энэ харилцааны төгсгөл нь өөрөө аймшигтай байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг аль болох бага шатанд нь зогсоогоорой, мөн хүчирхийллийн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл энэ талаар холбогдох байгууллагуудад нь мэдээллээрэй гэж дахин хэлмээр байна. Хэрвээ хөршийнд чинь ийм асуудал гарвал бас холбогдох байгууллагуудад мэдэгдээрэй гэж уриалмаар байна. Иргэнийхээ үүргийг сайн биелүүлж хэн нэгнийг хамгаалаарай. Ингэснээр бид эрдэнэт хүмүүний амь нас, амьдралыг нь авч чадна гэж хэлмээр байна.

Хүчирхийлэлд өртөж байгаа этгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байя гэсэн сонирхолтой байдаг. Яагаад гэвэл гэр бүлийн асуудал маань гэр дотроо шийдэгдэх болов уу, эсвэл мэдэгдчихвэл дараа нь бүр илүү зодох юм болов уу яах бол гэсэн айдастай байдаг. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ? Мөн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн сэтгэл зүйд хэрхэн үр дүнтэй нөлөөлж ажиллах вэ?

 Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийг шууд баривчилаад, шоронд хийчих сонирхол тэр болгон байдаггүй. Гол нь тэр хүнээ засаад авах юмсан л гэж хүсдэг. Тэгэхээр энэ тал дээр хороо, сумынхаа Хамтарсан багтай маш сайн ажиллах хэрэгтэй. Хэрэв тус багт мэдэгдвэл Хамтарсан баг хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг хийж эхлэх юм. Цагдаагийн байгууллагад хандах хүсэлгүй байх юм бол ядаж харьяа сум, хорооныхоо Хамтарсан багт хандаарай, нийгмийн ажилтандаа мэдэгдээрэй, хэрвээ амь насанд тань аюултай байх юм бол хамгаалах байранд очоорой, үйлчилгээ үзүүлдэг газрууд руу холбогдоорой гэж зөвлөгөөг өгмөөр байна. Тэгэхгүй бол хаана хандахаа мэдэхгүй хаашаа очихоо мэдэхгүй байж байгаад  дахиад хүчирхийлэлд өртөөд байдаг үзэгдэл их. Хүчирхийллийг даван туулах процес маш  хүнд байдаг ч давж гарсны дараа сайхан амьдрал эхэлж болдог. Хэрвээ хүчирхийллийг даван туулж чадахгүй бол тухайн хохирогчоосоо гадна гэр бүлийн бусад гишүүд давхар хохирдог бөгөөд энэ хэмжээгээрээ нийгэм илүү хохирдог. Нийгэмд бид сайн сайхан ирээдүйтэй, зөв иргэнийг бэлдэж өгөх ёстой. Гэтэл нөгөө хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн үйлдлийг харсаар өссөн хүүхдүүд ирээдүйд ийм  хүн болохыг үгүйсгэхгүй шүү дээ.  Тэгэхээр энэ хүчирхийллийг цаг алдалгүй таслан зогсоогоод хүмүүжлийн чанартай арга хэмжээ авмаар байна. Мөн эерэг зөв хандлага харилцаа, хүнтэй хэрхэн харьцах вэ гэх мэт энгийн зүйлсийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд боловсролоор нь дамжуулан олгох хэрэгтэй.

Та тусламж авах газруудын талаар ярилаа. Манай уншигч нарт тодорхой хэлж өгөөч.

Манай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн утас 96 49 05 05, Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байрны зөвлөгөө өгөх 107 утас, Хүүхэд хамгааллын зөвлөгөө өгөх 108 утаснаас мэдээлэл авах, Цагдаагийн газрын 102 утсанд хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

 

Ярилцсан: Т.Балхаажав

 

Эх сурвалж: ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609522
0 эможи

Зочин
2019-10-22 11:35
keyboard_arrow_up