COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн баярын хурлаа ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгууллаа

админ
2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концертыг цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг сахин Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд өнөөдөр /2021.09.15/ зохион байгууллаа. Баярын хуралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ахмад ажилтан 61 байршлаас цахимаар оролцсон юм.

Энэхүү баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй Дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Улсын Их Хурлын Ёс Зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрсөн генерал, төр нийгмийн зүтгэлтнүүд Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болон хамтран ажилладаг төрийн байгууллагын удирдлагууд  цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтан, алба хаагчид, ахмад ажилчдын төлөөллүүд оролцлоо.

Цахим баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Дипломат корпусын ахлагч ноён Азизов Искандер Кубарович, Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юрген Шток  нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нээж үг хэлэхдээ:

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монголын төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад нэгэн бүл болж, төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн эрхэм удирдлага, ахмад буурлууд, алба хаагч, ажилтнууд та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Улс орныхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн ахмад буурлууд, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн эрхэм нөхдийнхөө алдар гавьяаг бахархан дурсаж, түүхт баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёсолъё.

Ардын засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон түүхтэй.

Монгол төрийн орчин цагийн цагдаагийн байгууллага өдгөө нэгэн зууныг үдэж, шинэ зуунтай золгож байгаа ойн баяраа дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас түр хойшлуулаад байсныг өнөөдөр Та бид аймаг, нийслэлийн 61 байршлаас цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улс 1992 онд эрх зүйт төртэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг хөгжлийнхөө замнал болгон Үндсэн хуульдаа тодорхойлж, Улсын Их Хурлаас 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хуулийг, 2013, 2017 онд Цагдаагийн албаны тухай хуулийг тус тус шинэчлэн баталж, цагдаагийн байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээг хуульчилж өгсөн.

Энэ нь цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлд нэлээдгүй өөрчлөлт, шилжилтийн үйл явц болсон юм.

Улс орны эрүү, хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд хүндрэлтэй, сургамжтай хүндхэн сорилтууд тулгарч байсан хэдий ч цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө зүтгэл гарган ажиллаж ирснийг дурдахад бахархалтай байна.

Цагдаа, олон нийтийн ойлголцол, иргэдийн дэмжлэгт тулгуурласан хамтын ажиллагаа нь хууль сахиулах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, технологийн дэвшлийг нэвтрүүлж, ашиглах, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадвар, харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахын  зэрэгцээ ил тод, нээлттэй байж, иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, цагдаа-иргэнийг холбох механизмыг бүрдүүлэх тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлснээр бидний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ажилд зохих үр дүн, ахиц гарч байна.

Өдгөө цагдаагийн байгууллага нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас 110 гаруй хуулийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн тусгай алба болж хөгжсөн билээ.

Монголын цагдаагийн байгууллага гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай харилцах бодлого баримтлан ажиллаж, 1991 онд Интерполын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганы үеэр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд, 1997 онд Олон улсын цагдаагийн дарга нарын холбоонд тус тус гишүүнээр элсэн орсноор Интерполын 155 дахь гишүүн орон болсон. Үүний зэрэгцээ 2006 оноос эхлэн Сьерра Леоне, Чад, Ирак, Афганистан, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд нийт 576 алба хаагч оролцож, өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан, Бүгд Найрамдах Судан Улсад бие даасан цагдаагийн ажилтнаар 28, Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд 31 алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллага нь түүхэн хөгжлийнхөө үе шатанд дэлхийн 20 гаруй улс орны цагдаагийн болон ижил чиг үүргийн байгууллагуудтай ажил мэргэжлийн нягт холбоо харилцаа тогтоож, харилцан мэдээлэл, туршлага солилцон, хамтран ажиллаж ирсэн. 

Энэхүү үйл хэрэг нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжих, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байгааг түүхт баярын энэ өдөр дурдахыг хүсэж байна” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
630987
6 эможи

keyboard_arrow_up