ЦЕГ: Долоо хоногийн тойм ЦЕГ: Долоо хоногийн тойм
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Долоо хоногийн тойм

2021 оны 8 сарын 30

Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“Байна уу? Байна” нөлөөллийн аян эхэллээ

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Байна уу? Байна” аяныг энэ оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах гэж байна.Энэхүү аяны зорилго нь халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор харуулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 12388 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 7592 буюу 67,58 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3642 буюу 32,41 хувь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгалтын ажиллагааг явуулсан байна. Эдгээр халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн 80 гаруй хувь нь гар утас байна.

Шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоохоор ажиллаж байна

Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ гаргаж, бүдүүн яндантай бүрэн бус тээврийн хэрэгслээр дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж байна. Энэ оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн хяналт, шалгалтын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, техникийн үзлэг оношилгоонд ороогүй 3, зориулалтын бус яндандтай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулан ажиллаж байна.

Цагдаагийн хурандаа П.Батбаатар: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны цалин шүүх, прокурор, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчидтай харьцуулахад 1.5-3 дахин бага байдаг

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, хангамжийн үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа. Тэрээр ярилцлагадаа... Санхүү, аж ахуйн алба нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, байгууллагын жилийн төвлөрсөн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төсөв, санхүүжилтийг хуваарилах, зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, барилга, байгууламж барих, дүрэмт хувцас, материал, техник, тусгай хэрэгсэл худалдан авах ажиллагаа зэрэг бүх төрлийн хангалт, үйлчилгээг зохион байгуулах, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, төсвийн зарцуулалтад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай хамт олон аймаг, нийслэл дэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, хангалтын ажил маш олон төрөлтэй, цагдаа, дотоодын цэргийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэвийн тасралтгүй, шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төсөв, санхүүгийн, техник, технологийн, дүрэмт хувцасны, хүнсний, тээврийн хэрэгслийн, зэвсэг, тусгай хэрэгслийн, холбооны, шатахууны, эмнэлэг, сувиллын, барилга, засвар тохижилтын гээд маш олон төрлийн ажил үйлчилгээг нэгтгэн зохион байгуулдаг хариуцлагатай алба.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны цалин шүүх, прокурор, хууль сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба хаагчдынхтай харьцуулахад 1.5-3 дахин бага байдаг. Бид энэ зөрүүг аль болох багасгах арга замыг байнга эрэлхийлж, жил бүрийн төсөвт тусган, эрх бүхий байгууллагад танилцуулдаг... хэмээв.

Сүлд чуулга: "Монгол цагдаа" түүхэн дуунууд номыг хэвлэн гаргалаа

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажил үйлс, алдар гавьяаг магтан дуулсан бүх цагийн үeийн дуунуудын үг, хөгжмийн нотыг анх удаа эмхэтгэн "Монгол цагдаа" түүхэн дуунууд номыг хэвлэн гаргалаа. Энэхүү номд арван тавны цагдаагийн дуунаас эхлээд цагдаагийн албад, анги хэсэг, орон нутгийн цагдаагийн газар хэлтэс, цагдаагийн сэдэвт хүүхдийн дуу хүртэл нийт 270 дуу багтжээ.

Булган аймаг дахь Цагдаагийн газар Голын ойр амьдардаг айл өрхөд аюулгүй байдлаа хангаж нүүх талаар санамж өглөө

Олон хоног орсон борооны улмаас Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрсэн тул Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид Хялганат тосгоны Захирагчийн ажлын алба, Гал түймэр унтраах аврах 50-р ангитай хамтран голын ойр орчмын айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг өгч нүүх талаар санамж, зөвлөгөө өгөн ажиллаа.

ҮЕР УСНЫ АЮУЛААС “СЭРЭМЖИЛЬЕ-БОЛГООМЖИЛЪЁ”

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар Урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг сумдад эрчимжүүлэн ажиллаж байна.

Тус Цагдаагийн газраас аймгийн Онцгой байдлын газартай хамтран үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Айраг, Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэн газар дээр хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаа. Мөн ЦЕГ-аас орон даяар зохион байгуулж буй тодорхой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн "Ирээдүйгээ хамгаалъя", "Сэрэмжилье-Болгоомжилъё", Ятгах тусам нягтал" арга хэмжээнүүдийг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд боломжит нөхцөлд иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байна.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар архины хамаарал бүхий иргэдийг албадан сургалтад хамруулж байна.

Архины хамаарал бүхий иргэдийг нийгэмшүүлэх ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, БОЭТ, ГБХЗХГ, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн оюуны хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран архины хамааралтай 20 иргэдийг албадан PSR-ийн шинжилгээнд хамруулж, 3 хоногийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шинжилгээ, хордлого тайлах, 5 хоногийн хугацаатай Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар "Эрсдэлгүй амьдрал" цогц сургалтад хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630331
0 эможи

keyboard_arrow_up