А.ЗОЛЗАЯА: Байгаль орчны байгууллагын хяналт сул учраас ЭКОЛОГИД ХОХИРОЛ учруулсан хэрэг гарсаар байна А.ЗОЛЗАЯА: Байгаль орчны байгууллагын хяналт сул учраас ЭКОЛОГИД ХОХИРОЛ учруулсан хэрэг гарсаар байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.ЗОЛЗАЯА: Байгаль орчны байгууллагын хяналт сул учраас ЭКОЛОГИД ХОХИРОЛ учруулсан хэрэг гарсаар байна

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн прокурорууд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүхээс оноож буй эрүүгийн хариуцлагын талаар судалжээ. Тус хэлтсийн хяналтын прокурор А.Золзаяатай ярилцлаа.

2020 оны сүүлийн хагас жилд хүрээлэн буй орчны эсрэг хэчнээн гэмт хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьж шүүхээр шийдвэрлүүлэв. Ямар төрлийн хэрэг дийлэнх байна вэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн 253 хэргийг 2020 оны сүүлийн хагас жилд шүүх хянан хэлэлцжээ. Тэдгээрээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 118 буюу 46.6, мөн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 78 буюу 30.8 хувийг эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр төрлийн хэрэг дийлэнх нь байгаа юм. Энэ хуулийн 24.3 дугаар зүйлд заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан долоо, 24.5-ын хууль бусаар ан агнасан 33, 24.7 дугаар зүйл дэх ой, хээрийн түймэр тавьсан дөрөв, 24.8 дугаар зүйлийн байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн 11 хэргийг шүүх шийдвэрлэсэн.

Аль аймаг, орон нутагт байгаль орчинд халдсан хэрэг түлхүү гарав?

Газар нутгаар нь авч үзвэл Баянхонгорт 29 буюу нийт хэргийн 11.4 хувь нь бүртгэгдсэн бол Өвөрхангайд 27, Завханд 24, Хөвсгөлд 21, Дорнодод 19, Архангайд 16 гэхчлэн 18 аймаг, нийслэлийн болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас нэг бус хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэсэн тоон мэдээлэл гарлаа. Газрын гадарга болон хэвлийн баялаг ихтэй, уул уурхайн олборлолт, эрэл хайгуул түлхүү явагддаг Баянхонгор, Дундговь аймагт хууль бусаар  ашигт малтмал хайх, олборлох хэрэг олон гарсан бол ойн бүс бүхий газар нутагтай Архангай, Дорнод, Завхан, Хөвсгөлд хууль бусаар мод бэлтгэх хэрэг хамгийн их үйлдэгдсэн байна.

Баянхонгорт хууль бусаар ашигт малтмал олборлох явдал их байдаг юм билээ. Хууль бусаар алт олборлосон иргэнд шүүхээс ямар шийтгэл ногдуулсан байдаг бол?

Шүүхээр шийдвэрлэсэн нэг жишээг энд дурдъя. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын II багийн нутаг Угдай гэх газраас иргэн А 2019 оны аравдугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлон байгаль орчинд 3.7 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна. Түүнд тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, байгаль орчинд учруулсан 3.7 сая, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан моторын үнэ болох 23.3 сая гээд нийт 27 сая төгрөг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг гарч буй шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой гэж үзэж болох уу ?

Хүрээлэн байгаа орчны эсрэг 253 хэрэгт 292 хүнийг холбогдуулан шалгажээ.

Тэдний насны байдлыг нь судлахад 18-35 насныхан 124 буюу 42.4 хувийг эзэлсэн бол 36-55 насныхан 153 буюу 52.3 хувь нь байлаа.

Энэ хүмүүсийн 56.6 хувь эрхэлсэн тодорхой ажилгүй, 126 нь ажилтай, орлоготой олонх нь малчин. Хэрэгт холбогдсон хүмүүсээс 83 нь бага, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлж, мал маллаж амьдардаг бөгөөд малаа дагаж нүүж очсон газартаа хашаа, саравч, түлээ зөвшөөрөлгүй бэлтгээд хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт холбогдож байна.

Өөрөөр хэлбэл, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сум, орон нутгийн байгаль орчны албанаас хол зэрэг нь хэрэгт холбогдох нэг шалтгаан болж байна.

Хэрэг үйлдсэн хүмүүсийн 277 буюу 94.8 хувь нь хөдөлмөр эрхлэх насны эрчүүд байгаа нь нийгэмд ажилгүйдэл, ядуурал их, амьжиргааны түвшин тааруу, тодорхой орлогогүй нь нөлөөлжээ гэх үндэслэлтэй юм.

Хэдийгээр Засгийн газраас өрхийн амьжиргааны түвшнийг сайжруулах зорилгоор тодорхой ажил, арга хэмжээ авч байгаа боловч түүнийг хэрэгжүүлэх ёстой орон нутгийн удирдлага нь иргэдтэйгээ хангалтгүй ажилладгийг харуулж байна. Тухайлбал, Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 24-ний 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” баталсан. Уг журам нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журам тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэн ядуурлыг бууруулах зорилготой. Гэтэл аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар дээрх журамд заасны дагуу нутгийн иргэдээс бүрдсэн нөхөрлөлийг бүртгэлжүүлэх, бичил уурхайгаар ашиглах боломжтой газрыг батлах ажил нь удаашралтай, хүлээгддэг, нөгөөтээгүүр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг нөхөж олгодог зэргээс шалтгаалан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, нөхөрлөл нэрийн дор байгалийн баялгаар мөнгө олох, амьдралын хэрэгцээгээ хангах зорилгоор гэмт хэрэг үйлдэх явдал гарах болжээ гэж дүгнэж болох юм.

Зөвшөөрөл авалгүй, эсвэл ойн цэвэрлэгээ нэрээр залуу, зулзаган мод огтолж байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн хүнээс машин, цахилгаан хөрөө гээд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгийг нь хураах хуультай байдаг.

Тийм ээ. Энд нэг жишээ татъя.

Булган аймгийн Бугат сумын I багийн нутаг, Цагаан өлөн гэх газраас иргэн Ж 2020 оны зун зохих зөвшөөрөлгүйгээр 32.3 шоо метр шинэс бэлтгэж, байгаль орчинд 42.3 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан байна.

Тус аймгийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, байгаль орчинд учруулсан 42.3 сая гаруй төгрөгийг, мөн хууль бусаар бэлтгэсэн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг их гарч байгаагийн шалтгаан нь ч бас орон нутгийн удирдлага ажлаа зохих ёсоор хийдэггүйтэй  холбоотой гэж үзэж болох уу?

БОАЖЯ-наас гаргасан төлөв байдлын тайланд тусгасан тоон мэдээллээс үзэхэд, мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 21 аймаг, нийслэлд 450 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тус яамнаас тогтоож өгдөг. Жилд дунджаар 724.2 мянган шоо метр мод бэлтгэж, мод, модон материал, түлшний хэрэгцээг хангаж байна. Жилд бэлтгэж байгаа модны дундаж хэмжээг зориулалтаар нь ангилж үзэхэд 162.8 мянган шоо метр буюу 22.5 хувь нь үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний, 561.4 мянга нь түлшнийх. 2020 онд мод бэлтгэх дээд хязгаарыг 1437.7 шоо метр байхаар төрийн захиргааны төв байгууллагаас тогтоожээ.

Баталсан энэ хэмжээ, хуваарийн дагуу Ойн тухай хуулийн 17.1.4 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллагын баталсан дээд хязгаарт багтаан тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг сумдаар хуваарилан батлах” заалтыг үндэслэн гаргадаг. Үүний дагуу аж ахуйн нэгжүүд мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрлийг зохих журмын дагуу авдаг. Гэвч нэг зөвшөөрлийн бичгээр хоёр болон түүнээс дээш удаа мод бэлтгэдэг зөрчил арилгахгүй байгаа нь сумуудын байгаль орчны алба, ойн ангийн хяналт, шалгалт сул гэдгийг харуулж буй хэрэг.

Дэрвэгэр жиргэрүү, арц зэрэг байгалийн ургамал түүсэн хүнд хариуцлага хүлээлгэсэн ямар тохиолдол байгаа бол?

Баянгол дүүрэгт оршин суудаг иргэн К нь зохих зөвшөөрөлгүйгээр хонин буюу шинжлэх ухааны нэршлээрээ хасаг гэж бүртгэгдсэн 426.7 кг арц түүж, бэлтгэн, экологид 35.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Түүнд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жил хорих ял оноож, байгаль орчинд учруулсан дээрх хэмжээний хохирол, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг К-гаас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн жишээг энд дурдаж болох юм. 

Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?

Цаашид орон нутгийн иргэд төдийгүй төрийн захиргааны байгууллагуудын удирдлагын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт тогтмол хийх, тэдний боловсролд анхаарах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлыг сум, орон нутагтаа эрчимтэй зохион байгуулах, иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай үйлчлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар, идэвхтэн, сайн дурынхантай хамтарч ажиллах, урамшуулах нь зүйтэй. Түүнчлэн Сангийн сайдын 2018 оны есдүгээр сарын 12-ны 228 дугаартай тушаалаар “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Уг журмын зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Тус сан нь жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авч байдаг тул орон нутгийн иргэд тухайн сангийн хөрөнгөөр хүрээлэн байгаа орчныг сайжруулах чиглэлээр ямар ажил зохион байгуулах, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих зэргээр идэвхтэй, санаачилгатай байж, зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгжийг зохих байгууллагад нь мэдээлэх зэргээр хамтарч ажиллах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчны байгууллагын хяналт сул учраас экологид хохирол учруулсан хэрэг гарсаар байна гэж хэлж болохоор байна.

2020 оны сүүлийн хагаст хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүст шүүх ямар шийтгэл ногдуулав. 2002 оны Эрүүгийн хуулийг бодвол 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн хуулиар оноож буй ял хөнгөн гэж зарим хүн ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой вэ?

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн 253 хэргийн 292 хүнд холбогдох үйлдлийг эцэслэн шийдвэрлэжээ.

Шүүхээр шийдвэрлэсэн төрлөөр нь судлахад 2020 оны сүүлийн хагас жилийн байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон 78 хэрэгт 86 хүн, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан долоон хэрэгт 15 иргэн,  хууль бусаар ан агнасан 33 хэрэгт 42, хууль бусаар мод бэлтгэсэн 118 хэрэгт 132, ой, хээрийн түймэр тавьсан дөрвөн хэрэгт мөн тоо­ны, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн 11 хэрэгт 13 хүнийг холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлснээс зургаан хэргийн долоон яллагдагчийг цагаатгаж, 247 хэргийн 285 холбогдогчид эрүүгийн хариуцлага ногдуулсан байна. Тэдний 103 буюу 36.1 хувьд торгох, 165 буюу 57.8 хувьд хорих ял оноохгүйгээр тэнсэх, хоёр шүүгдэгчийг хорих, найман хүнд нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ял шийтгэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар бүлэг дэх Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялын төрөл хэмжээ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт оноох ялын хэмжээтэй харьцуулахад ихэвчлэн ялын доод хэмжээ багассан, дээд хэмжээ ихэссэн шүү дээ.

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс экологид учруулсан хохирлыг нь гаргуулдаг. Хэчнээн хэмжээний хөрөнгө гаргуулж улсын орлогод оруулсан байна вэ?

Гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шүүхээс ял оноохдоо хөрөнгө, орлогыг нь хураах арга хэмжээг 147, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах шийтгэл 23 хүнд ногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого, ашигласан багаж, техник, тээврийн хэрэгслийн үнийн дүн болон хууль бусаар бэлтгэсэн мод, агнасан амьтны үнэ, түүхий эд, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, олборлосон алт зэргийг үнэлэн 1.5 тэрбум гаруй төгрөгийг гэм буруутай хүмүүсээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд үнэлэгдээгүй тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, мотор, компрессор, шигшүүр зэрэг эд зүйлийг улсын орлого болгож, шүүгдэгчид хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626836
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up