COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.АМАРСАНАА: Барилгын салбарт ДИЖИТАЛ ХУВЬСГАЛ нэвтрүүлэхийг зорьж байна

админ
2020 оны 9 сарын 22

Arslan.mn

Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан барилгын салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэд аж ахуй нэгж байгууллагуудад үзүүлдэг “Барилгын хөгжлийн төв”-ийн захирал Ц.Амарсанааг энэ удаагийн “VIP” ярилцлагын хүндтэй зочноор урилаа.

Ажил хэргийн ярианаас өмнө Ц.Амарсанаа гэдэгхүний талаар товчхон уншигчдаа танилцуулъя гэж бодож байна. Та аль нутгийн хүн бэ. Өөрийгөө тодорхойлооч?

Би хуучнаар Цэцэрлэг мандал уулын аймаг, Мэргэн гүний хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн.  10 жилийн сургуулиа төгстөлөө Рашаант сумандаа амьдарсан. 2000 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр, 2012 онд МУИС - ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2013 онд Удидлагын академид суралцаж, Бизнесийн удирдлагын магистерын зэрэг хамгаалсан. Харин ажлын гараагаа “Мах Импекс” ХХК - аас эхэлж, есөн жилийн турш ажилласан.

Бага байхаасаа морь маланд хайртай өссөн учраас одоо ч морь уядаг. Аймгийн алдарт уяач. Сонирхол гэвэл байгалийн болон хөрөг зураг авах дуртай.

Анх барилгын салбартай хэрхэн холбогдож ажилласан бэ?

Барилгын салбар гэдэг өөрөө нэг талаараа нийгмийн байгууллага. Хүн төрөхөөс эхлээд Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхтэй гээд бодохоор хүн бүр энэ салбартай холбоотой /инээв/. Харин барилгын салбарт ажилласан тухайд 2012-2013 оны үеэс эхэлж ажилласан. 2016 оны 9 дүгээр сард “Барилгын хөгжлийн төв” - ийн захирлаар томилогдоод ажиллаж байна.

Барилгын хөгжлийн төв ямар чиг үүрэгтэй байгууллага вэ? Та байгууллагынхаа талаар тодруулж ярихгүй юу?

Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэд аж ахуй нэгж байгууллагуудад үзүүлдэг  төрийн өмчит үйлдвэрийн газар. Барилга хот байгуулалтын яам бодлого тодорхойлж, бид  бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага нь  гэж хэлж болох юм. Нийт 11 хэлтэс, 167 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр хэлтсүүдээ танилцуулбал илүү ойлгомжтой болох байх. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлдэг “Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэс”, Барилгын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулах ажлыг зохион байгуулдаг“Барилга, байгууламж зураг төсөл магадлалын хэлтэс”, норм дүрмийг шинэчлэх, боловсруулах, дагаж мөрдүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулдаг “Барилга байгууламжийн норм, нормативын хэлтэс”, “Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори”, Салбарын мэргэжилтэн ажилтныг сургах, чадавхжуулах,суурь судалгаа мэдээллээр хангах  “Сургалт, судалгаа мэдээллийн хэлтэс”, Дотоодын болон импортын барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийх үүрэгтэй, “Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс”, Нийтийн аж ахуйн хэлтэс үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна 2018 онд манай байгууллагын бүтцэд нэмэлтээр байгуулсан “Хүн ам нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс” болон  “Хот суурин, дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс” нь  Монгол улсын хүн амын, нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлын хүрээнд  Улсын хэмжээнд 21 аймаг 330 суманд судалгаа хийж ажиллаж байна. Мөн “Захиргаа, удирдлага” болон “Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтэс” дотоод зохион байгуулалтынхаа үйл ажиллагааг явуулж, байгууллагынхаа үндсэн үүрэг даалгаврын хэрэгжилтийг биелүүлэн ажиллаж байна.

ЦАРЦСАН БАРИЛГУУД АШИГЛАЛТАД ОРСОН

Arslan.mn

Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв

Барилгын хөгжлийн төвийн ойрын жилүүдэд хийсэнтомоохон ажлуудаас онцолбол?

2016 онд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар баригдаж байгаа 114 төсөл хөтөлбөр дээр захиалгын хяналтын ажил хийгдэж байсан. Жилээс жилд энэ тоо нэмэгдэж 2020оны байдлаар 431 төсөл хөтөлбөрт захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.  Өмнөх Засгийн газрын бодлогочиглэл байсан гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжээр болгох, Орон нутагт сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр Боловсролын яамны захиалгат төсөл хөтөлбөрүүд нэмэгдсэн. Мөн хөрөнгө санхүүжилт болон бусад шалтгаанаар ажил нь зогсож, олон жилийн турш “Царцсан” тодотголтой байсан томоохон барилгуудаас  ашиглалтад оруулаад байна. Тухайлбал Хан-Уул дүүрэгт 300 ортой эмнэлгийг бүрэн дуусгаж ашиглалтад орууллаа. Энэхүү барилгыг Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн зориулалтаар ашиглаж эхэлсэн. Нийтдээ  160 ортой төрөх, 140 ортой хүүхдийн эмнэлэг, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хагалгааны өрөөнүүд  зэрэг олон давуу талуудтай  томоохон бүтээн байгуулалт.

Мөн аймгийн Өмнөговь аймгийн Номгон сумын 300 суудалтай соёл спортын төвийн барилга, БЗД-ийн 11-р хорооны 640 хүүхдийн сургуулийн барилга, Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах БАТЦАГААН дуган  зэрэг олон жилийн турш хүлээлттэй байсан барилгуудаа ашиглалтад оруулж эхлээд байна.

Тендерийн барилгууд чанаргүй баригдаж байна гэсэн шүүмж ихээхэн байдаг. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажилладаг вэ?

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжуудын хувьд Бид газар дээр нь очиж хяналт, шалгалтыг хийхэд зураг төсөл, төсвийн дагуу,  бүх материал чанарын стандартыг хангасан байдаг. Зөрчил дутагдал илэрвэл засч залруулах үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг.  Харин ус алдах шугам хоолой бөглөрөх  гэх мэт ашиглалтын явцад үүсдэг асуудлууд бий. Тухайлбал хөдөө орон нутагт төвийн шугам сүлжээнд холбогдсон сургууль, цэцэрлэг цөөхөн байдаг. Ихэнх нь бие даасан эх үүсвэрээр дэд бүтцийн асуудлаа шийддэг. Гэтэл энэ талын мэдлэггүй, мэргэжилгүй хүн уурын зуух, ундны усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийг ажиллуулдаг асуудал ч бий. Технологи, горимын дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээс олон гэмтэл гарч байгаа. Мөн нийтийн аж ахуйн салбарт ажиллах боловсон хүчин муу байна. Энэ ажлын хүрээнд нийтийн аж ахуйн салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиуд тайхамтран ажиллаж, ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн мэргэжилтнийг бэлтгэх санамж бичиг байгуулж байна. Нийтийн аж ахуйн салбар өмнө нь тусдаа яамбайсан. 1993 оноос хойш хувьчлагдаж, төрийн бодлого алдагдсан гэж хэлж болно.Усны нөөц, ус ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж зэрэг нь зайлшгүй төрийн байгууллагын хяналтад байх ёстой. Тиймээс нийтийн аж ахуйн чиглэлээр орхигдсон асуудлуудыг сэргээх, бодлого зохицуулалт, үйл ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлж ажиллах шаардлага тулгарч байна.

Барилгын гүйцэтгэлийн явцад аж ахуйн нэгжүүдийн гаргадаг нийтлэг алдаа дутагдлууд нь юувэ? Мэргэжлийн байгууллагын зүгээс засаж залруулах, хариуцлага тооцох тал дээрхэрхэн анхаарч, ямар шаардлага тавьж ажиллаж байгаа вэ?

Ажил гүйцэтгэж буй компаниудад алдаа, дутагдал гарах нь бий. Түүнийг нь цаг алдалгүй засаж залруулах, ажлын чанарыг сайжруулах, холбогдох хууль, норм стандартыг дагаж мөрдүүлэх нь бидний үүрэг шүү дээ. Илэрдэг нийтлэг зөрчлүүд нь ажиллах хүчний төлөвлөлт, хуваарилалт муу, ажилчдын аюулгүй ажиллах нөхцөлийг хангахгүй, байнга шаардуулж ажилладаг, гэрээ байгуулсан бол товлосон хугацаандаа барилгаа ашиглалтад оруулдаггүй, хугацаа хэтэрч алданги тооцогддог гэсэн асуудлууд бий. Мөн зураг төсөл зохиогч болон захиалагч, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагуудтай зөвшилцөлгүй зураг төслийг дураар өөрчлөн ажил гүйцэтгэх зөрчил гарсаар байна.

Бид тухай бүрт нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулж ажиллаж байгаа. Тухайлбал Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг байнга мөрдөж ажиллахыг онцгойлон шаарддаг. Барилгын талбайн эмх цэгц, ажилчдын аюулгүй баталгаатай ажиллах орчинг хэрхэн бүрдүүлсэн байдал, тэдгээрт зарцуулж буй хөрөнгөний хэмжээ тухайн төсөл хэрэгжүүлэгч компаниудын удирдлагын ажилдаа хандах хандлагаас хамаарч байна

Барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг, импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж байхад норм, стандартаас болж цөөнгүй асуудлууд үүсдэг талаар ярьж байсан. Одоогоор хэдэн норм дүрэм мөрдөгдөж байна, боловсруулалтын шатанд асуудал үүсдэг үү?

Барилгын салбарт 400 гаруй барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм, заавар, удирдлагын баримт бичиг, стандарт мөрдөгдөж байна. Эдгээр норм нормативын баримт бичгүүдийг шинэчлэх, боловсронгуй болгох ажлууд үе шаттай хийгдэж байгаа. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 235 дугаар тогтоол”-оор Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт, Барилга байгууламжийн материал бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалт, Галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт тус тус боловсруулахаар батлагдсан холбогдох ажлууд үргэлжилж байна. Энэ 3 техникийн зохицуулалт батлагдаж хэрэгжиж эхэлснээр барилгын норм дүрэм, стандартад гардаг зөрчилтэй асуудлууд шийдэгдэнэ  гэж харж байгаа.

2020 ОНД 8 НОРМ БАТЛАГДАЖ,  22 НОРМ БАТЛАГДАХ ШАТАНДАА БАЙНА

Гаднаас шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлэхэд норм стандартаа Монголд батлуулах шаардлага тулгардаг. Тэгвэл тухайн нэвтрүүлэгч компани ямар шат дараатайгаар энэ асуудлыг шийдэх ёстой вэ?

Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо 2019 онд МУЗГ-ын 106 дугаар тогтоолоор батлагдсан. Тогтолцооны дагуу Олон улсын байгууллагагадаадын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг өөрийн орны байгаль, цаг уурын онцлог,газар хөдлөлт, инженер-геологийн нөхцөлтэй уялдуулан хэрэглэнэ гэж заасан. Мөн 2019 оны МУЗГ-ын 107 дугаар тогтоолоор Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам батлагдсан. Энэ журмын хүрээнд гадаадын норм дүрмийг бүртгэх, хэрэглэх шат дараалал тодорхойлогдоно.

Он гарсаар хэдэн норм дүрэм шинэчлэгдсэн бэ. Энэ талаар товч танилцуулбал?

Барилга байгууламжийн норм нормативын сангийн хөрөнгөөр боловсруулах норм дүрмийн төлөвлөгөө жил бүр батлагддаг. 2020 онд өмнө оноос үргэлжлэн хийгдэх 82 норм, шинээр боловсруулж эхлэх 46 нормын жагсаалт батлагдсан. Он дамжсан нормуудыг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ ажлын биелэлт 83 хувьтай байна. БХБ-ын Сайдын тушаалаар батлагдсан 8 норм,  БХБЯ-ны дэргэдэх ШУТТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн батлагдах шатандаа байгаа 22 норм байна.

Барилгын төсөв зохиох дүрэм, Зураг төслийн ажлын жишиг үнэ, Барилгын ажилчдын тарифт цалингийн жишиг, Хөдөлмөр зарцуулалтын нэгж хугацааны жишиг норм Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах аргачилсан заавар гэх мэт нормууд батлагдсан байна.

Барилгын материалын лаборатори барилгын чанарт нөлөөлөх маш чухал хэсэг. Монголд лабораторийн үйл ажиллагаа хүрэлцээтэй байдаг уу ?

Монгол Улсад төрийн болон хувийн нийлсэн нийт зургаан лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллага дэргэдээ Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой. Улсын гэсэн тодотголтой ганц лаборатори. Хамгийн их буюу 91 нэр төрлөөр сорилт шинжилгээг хийж байна. Барилгынматериалын сорилт шинжилгээний лабораториос салбарлаад 21 аймагт тус бүр сорилт шинжилгээний лабораторитой болгохыг зорьж ажилласны үр дүнд ихэнх аймаг дээр тодорхой нэр төрлийн барилгын материалын шинжилгээг хийдэг болсон.

Орон нутгийн лабораторийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал хүргүүлсэн. Ингэснээр Замын-Үүд суманд лаборатори барьж, импортын барилгын материалын чанарыг шалгах бүрэн боломжтой болно. Ер ньхувийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бүх барилгын материалуудыг шинжилгээнд хамруулан, чанар, стандартыг хангасан байх шаардлагыг тавьдаг. Гэхдээ сүүлийн үед компаниуд материалын чанарын найдвартай байдлаа хангаж, идэвхтэйгээр материалаа шинжилгээнд хамруулж байгаа нь дэвшилттэй байна гэж хэлж болно.

Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах Батцагаан дуган

2020 онд батлагдсан экспертизийн шалгуур их өндөр. Энэ босгыг давах хуулийн этгээд бараг байхгүй гэж  яригдаад байгаа? 

Зураг төсөл, магадлалын хэлтсээс зурагт магадлал хийх ажлыг зохион байгуулахаас гадна магадлал хийх хувь хүн болон хуулийн этгээдийг сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулах дүрэм нь 2020 онд батлагдаж, үүний дагуу экспертиз хийх хувь хүнийг шалгаруулчихсан байгаа. Харин шалгуурыг хангах хуулийн этгээдүүд одоогийн байдлаар алга байна. 

Сүүлд шинээр байгуулагдсан хоёр хэлтэс нь хот байгуулалтад ихээхэн ач холбогдолтой, цаашид нилээн үр дүнтэй ажлууд хийгдэх болов уу гэж бодож байна?

2018 оноос “Хүн амын суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах төсөл” хэрэгжиж эхэлсэн. Үүнийг боловсруулаад УИХ - аар 2021 онд багтаан батлуулна. Энэ төслийн судалгаан дээр үндэслэн ажиллавал олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, зөвхөн барилга, байгууламжийн чиглэлээр ашиглахад л аль сум хэдэн хүн амтай байна, 2030, 2040 онд хэд болж өсөх төлөв, үзүүлэлтийг гаргаж, үүн дээр тулгуурлан хэдэн хүүхдийн сургууль, цэцэрлэг барих вэ. Хэчнээн хүн амтай газарт ямар багтаамжтай эмнэлэг, соёлын төв байгуулах вэгэдгийг тооцоолон бүтээн байгуулалтын ажлыг хийх юм. Улаанбаатар хотод зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Үүнийг нэгээс хоёр ээлжээр хичээллэдэг болгохыг зорьж байна. Тэгвэл цөөн хүүхэдтэй суманд 320 магадгүй 640  хүүхдийн сургууль барьж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж  болохгүй. Тиймээс  хүн ам дээр тулгуурлан хот төлөвлөлтийг хийх нь олон талын ач холбогдлыг бий болгох юм.

Монголын барилгын салбарын хөгжил ямар түвшинд байна. Цаашид дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд ямар чухал алхмуудыг хийх ёстой гэж бодож байна вэ?  

Орчин үеийн барилгын салбар үүсэж хөгжөөд 94 жил болсон гэж үздэг. Энэ нь бусад орнуудтай харьцуулбал маш богино хугацаа. Тиймээс дэлхийн түвшинтэй харьцуулахад хэцүү. Олон жилийн түүхтэй дэлхийн барилгын салбар маш хурдацтайгаар хөгжиж байна. Харин бид үүнээс хол тасарч хоцрохгүй суралцаж, хөгжих хэрэгцээ шаардлагатай өндөр байна. Тиймээс Монголын барилгын салбарыг олон улсын стандартад нийцсэн дижитал хувьсгалд шилжүүлж, шинэ техник технологийг нэвтрүүлэн, салбараа хөгжүүлэх бодлогыг хариуцлагатайгаар хэрэгжүүлэн ажиллахыг зорилго болгон ажиллаж байна.

Энэ том байгууллагыг удирдаж ажиллах амаргүйл  ажил байдаг болов уу. Удирдах ажлынарга барил тань юу вэ? Төрийн хариуцлагатай ажлыг гүйцэтгэгч хүний нөөцөө хэрхэн бүрдүүлдэг вэ?/

Аливаа ажилтан аль болох багийн системээр сайн ажилладаг байх нь чухал гэж боддог. Бүх хүн өндөг шигөөгүй, мэдлэг чадвартай байдаггүй. Тиймээс нэг нэгнийхээ дутууг нөхөж чаддаг баг бүрдүүлэх нь чухал.

Туршлагатай ажилтан, шинэ боловсон хүчиндээ  мэдлэг, туршлагаасаа өвлүүлэн үлдээх нь байгууллагын бусдаас онцлог өрсөлдөх чадвараа хадгалан үлдэх нэг хэлбэр гэж боддог. Тиймээс л залуу үеэ зэмлээд байхаас илүүтэйгээр зааж сургаж чиглүүлэх нь чухал гэдэг шаардлагыг миний хувьд тавьдаг. Төрийн байгууллага өөрөө босоо удирдлагатай. Дарга нарт үүрэг даалгавар өгнө. Шаардлага гарвал мэргэжилтнийг нь дуудаж тодруулдаг. Хариуцлагаа дарга нартай нь ярих нь зарчмын асуудал. Ажлаас бусад үед удирдлага дороо ажиллаж байгаа хүмүүстэйгээ чөлөөтэй ярилцаж, санал бодлыг нь сонсохыг илүүд үздэг.

2021 ОНООС “BIM”  УХААЛАГ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Гадны улс орны барилгын салбарын тогтолцоо, ижил төстэй байгууллагуудын талаар судалгаа хийдэг үү? Аль орны туршлага манайхтай илүү ойр байдаг вэ?

БХБЯ-ны холбогдох албан тушаалтнууд, ННХ-ийн дарга, мэргэжилтнүүд 2019 онд Москва хотод очиж Оросын холбооны улсын барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яам, Оросын холбооны улсын барилгын норм, стандарчилал ба тохирлын үнэлгээний төв, магадлалын улсын алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. ОХУ бүс нутгаа Уралын, Сибирийн, Хойд кавказын, баруун хойд гэх мэтчилэн олон бүс нутаг болгож хуваасан байдаг. Үүний Сибирийн бүс нутгийн Иркутск салбарын норм дүрмүүд манай орны байгаль цаг уурын нөхцөлтэй ойролцоо байдаг.

Цаашдаа ямар өөрчлөлт шинэчлэлт, бодлогын хэрэгжүүлэлт хийхээр зорьж ажиллаж байна вэ?

Норм дүрмийг Олон Улсын стандартад нийцүүлэхийн тулд бичгэн хэлбэрээр байгаа нормоо коджуулж, дижитал технологи руу шилжүүлэх шаардлагатай болж байна.  Иймээс 2021 оноос BIM гэх мэт ухаалаг системүүдийг нэвтрүүлж, тодорхой түвшинд хүргэхээр ажиллаж байна. Мөн төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай уялдаатай ажиллаж, барилгын салбарын тогтолцоог өөрчлөх, зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийж, хяналтын тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч байгаа.

Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөртэй уялдаатайгаар хот төлөвлөлт, нийтийн аж ахуй, сумын төвийн шинэчлэл,  газрын харилцааны чиглэлээр бодлогууд тодорхой болсон учраас энэ чиглэлийн бодлогын хэрэгжилтийг хангаж  ажиллах болно.

Түүнчлэн барилгын салбарын төрийн үйлчилгээг аль болох хүндрэл чирэгдэлгүй болгох цахимжуулах талдээр анхаарч байна. 2020-2021 онд “Барилгын салбарын бүртгэл мэдээллийн нэгдсэнсан” - г бүрдүүлж, хаана ямар барилгууд баригдаж байгаа, цэвэрлэх байгууламжуудямар зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг бүхий л мэдээлэл ил тод харах боломжтой болгох бөгөөд энэхүү мэдээлэл дээрээ тулгуурлан зөв хот төлөвлөлтийг гаргах боломж бүрдэх юм.

Сэтгүүл маань уншигчдын гар дээр очих энэ цаг үед орчин үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Тиймээс салбарынхандаа барилгачиддаа хандаж баярын мэнд дэвшүүлнэ үү?

Хот суурин цаашлаад улс орны хөгжлийн хамгийн том нүүр царай барилга, бүтээн байгуулалтын салбар. Улсынхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, ард олноо ая тухтай орчинд ажиллаж амьдрах боломжийг нь бүрдүүлэх зорилготой барилга, хот байгуулалтын салбарынхандаа, Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарыг хөгжүүлэх их ажлыг үүрэлцсээр ирсэн  салбарын үе үеийн ажилтан албан хаагчид,  барилгачид, инженерүүд, хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид та бүхэндээ баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан болгоныг хүсэн ерөөе . 

Ярилцсандбаярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

Эх сурвалж: barilga.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619997
0 эможи

Зочин
2020-09-23 14:37
Зочин
2020-09-23 10:27
Даваасүрэнгийн муу тавиул. Нэг өдөр явах газар луугаа явнаа чи.
Зочин
2020-09-22 15:06
Ц.АМАРСАНАА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up