COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.МӨНХ-ЭРДЭНЭ: Хорих ял авсан хүн гадуур явах боломжгүй

2020 оны 7 сарын 31

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Шүүхээс ял авсан хүмүүс гадуур чөлөөтэй явж байхыг харлаа, нээлттэй хорих ангид ял эдэлнэ гэдэг чинь гадуур явж болдог болчихсон юмуу гэж иргэд цахим орчинд мэдээлж байна. Нээлттэй хорих ангид ял эдлэх журмын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хорих ял авсан хүн гадуур явах боломжгүй. Ял оноосон гэхээр л хоригдож байгаа гэж хүмүүс ойлгодог. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрхийг нь хасах, хорих ял оноох гээд ялын маш олон төрөл байдаг. Хамгийн хүнд хэлбэрийн ял нь хорих ял юм. Урьд нь манай улсад эрүүгийн хариуцлагын дээд хэмжээ нь цаазаар авах ял байсан. Харин 2015 онд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хассан. Хүмүүсийн яриад байгаа гадуур яваад, олон нийтийн газраар зорчоод байгаа хүн бол хоригдохоос бусад төрлийн ял авсан хүн байна гэж ойлгож болно. Хорих ял авсан хүн нээлттэй, хаалттай хорих ангийнхаа байршилд харуул хамгаалалтын доор шүүхээс тогтоосон ялыг зохих дэглэм журмын дагуу эдэлдэг. 

-Нээлттэй болон хаалттай хорих ангийн гол ялгаа нь яг юунд байдаг юм бэ?

-Хүн тодорхой хугацаанд л эрхээ түр хязгаарлуулж байгаа болохоор хүний үндсэн эрх хэзээ ч зөрчигдөж болохгүй. Тэр эрхэд нь халдах ёсгүй. Тэр ч утгаараа хаалттай болон нээлттэй хорих ангиудын ахуй нөхцөл бүгд яг адилхан байдаг. Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа гээд илүү хүнд нөхцөлд амьдруулдаг гэсэн үг биш. Юугаараа гол ялгаатай байдаг юм бэ гэхээр эргэлт уулзалт авах эрх, утсаар ярих эрхүүдийнх нь хязгаарлалтууд л өөр өөр байдаг. Жишээ нь хаалттай хорих ангид тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хүн 90 хоногт нэг удаа түр хугацааны уулзалт хийнэ. Харин нээлттэй хорих ангид тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хүн 45 хоногт нэг уулзалт хийдэг. Мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд зөвхөн хорих ангийнхаа үйлдвэрт,  хорих ангийнхаа байршилд ажил хийдэг бол нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд хорих ангийнхаа үйлдвэр болон гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдэд гэрээнийхээ дагуу хөдөлмөр эрхэлдэг гэх мэтчилэн хязгаарлалтуудынх нь зохих хугацаа нь өөр өөр байдаг. 

-Хоригдлуудынхаа булчинд суулгац, гаранд нь чип зүүлгээд зарим тохиолдолд олон нийтийн газруудаар зорчуулдаг гадны орнуудын жишээ байдаг. Манай улсад энэ ялын төрлүүдийг нэвтрүүлэх талаар нэг хэсэг яригдаж байсан санагдаж байна?

-2015 онд батлагдсан эрүүгийн хуулинд зорчих эрхийг хязгаарлах ял хуульчлагдаж батлагдсан. Одоогоор хэрэгжилт нь түр түдгэлзсэн. Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь тухайн байршлаараасаа явахгүй байх, ажлаасаа гэр хүртэлх маршрутыг нь тогтоож өгсөн бол тэр маршрутаа зөрчихгүй байх, тодорхой цагийн хуваарийн дагуу байх гэсэн хэд хэдэн шаардлагуудтай. Жишээлбэл, 22 цагаас хойш гэрээсээ гарахгүй байх зэрэг хяналт тавьдаг эрүүгийн хариуцлагын  онцлог шинэ хуульчлагдсан төрөл юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд байршил тогтоох төхөөрөмж буюу цахим гав ашиглан хяналт тавьдаг. Одоо Хууль Зүй дотоод хэргийн яаманд цахим гавыг худалдан авах, цахим гаваар хяналт тавих ажлууд хийгдэж байгаа. 

-Манай улсын хорих ангиудын ял эдлүүлэх үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрэх чиглэл рүү ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Олон улсын жишгийн дагуу Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн дагуу ял эдлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнгөрсөн онд Ази номхон далайн бүс нутгийн хорих байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн манай улсад болсон. Энэ зөвлөгөөнд 20 гаруй орны 200 гаруй төлөөлөгч ирж, Монгол улсын хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Япон, Солонгос, Сингапур, Канад, Америк, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орны төлөөллүүд ч байсан. Эдгээр төлөөлөгчид Монгол улсын хорих байгууллага олон улсын жишигт нийцсэн, олон улсын гэрээ конвенцийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн дүгнэлт хийсэн. Мөн манай хорих ял эдлүүлэх үйл ажиллагаатай гадаадын элчин, консулын ажилчид танилцдаг. Тухайн улс орны иргэд хорих ял эдэлж байлаа гэхэд өөрийн улсын иргэний эрх зөрчигдөж байгаа эсэх, ял эдлүүлэх үйл ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхэд консулын ажилчид хяналт тавих дүрэм журамтай. Европийн холбооны улсын элчин сайдын яамны консулын ажилчид манай хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцаж мэргэжлийн түвшинд, олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн дүгнэлт гаргаж, 2015 онд Чех улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны ажилтнаар дамжуулан талархалын албан бичиг ирүүлж байсан удаатай. 
 

Эх сурвалж: Өдрийн сонин 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
618814
1 эможи

Зочин
2020-08-03 10:49
Нэг дарга нь утасдаал. Дураараа дургиж бдаг шүү
Зочин
2020-07-31 16:48
Зочин
2020-07-31 12:05
Иргэн
2020-07-31 11:56
мэдэхгүй юм даа. Энгийн иргэнд бол үйлчлэх байх. Дарга нарт яадаг юм бол доо
keyboard_arrow_up