COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.ОТГОННЯМ: “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяны хугацаанд залилах төрлийн гэмт хэрэг БУУРСАН

2020 оны 7 сарын 01

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны хоёр дахь үе шат болох “Нягтлах тусам аюулгүй” аяныг хоёрын сарын хугацаатай амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн аяныг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Тэгвэл тус аяны үр дүнгийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Ц.Отгоннямаас тодрууллаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгож “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгууллаа. Уг аяны талаар ярилцлагаа эхлүүлье. 

-Сайн байна уу. Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран он гарснаас хойш залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аяныг энэ оны эхэнд  амжилттай зохион байгуулсан. Тус аян хэрэгжих хугацаанд “залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үеэс  98 хэргээр буюу 15.3 хувиар буурсан эерэг үр дүн гарсан. Цаашид иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул тус аяны хоёр дахь шат болох “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Монголбанк, ХААН Банк хамтраад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-оос  зургаадугаар сарын 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  

Аян нь залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, улмаар шалтгаан нөхцлийг арилгах, бууруулах, иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгөх зорилготой байсан. Энэ ч үр дүндээ хүрсэн гэж үзэж байна.

Энэ сарын 19-ны өдөр  “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяны хаалт болж тайлан мэдээлэл гарсан.

-Тайлан мэдээллийн үр дүнгийн талаар?

-Аяны хугацаанд энэ төрлийн 990 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь урьд оны мөн үед бүртгэгдэж байсан хэргээс 107 хэргээр буюу 9.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

2020 оны эхний зургаан сарын байдлаар буюу аяны нийт хугацаанд залилах төрлийн гэмт хэрэг 2598 бүртгэгдсэн. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 252 хэргээр буюу 8.8 хувиар буурсан эерэг үр дүн тус тус гарсан.

Дээрх бүртгэгдсэн хэргүүдийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад учирсан  хохирлын хэмжээ нь дагаад буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, аяны хүрээнд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 20.4 тэрбум төгрөг хохирол учирсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 2.5 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар буурсан. 

Харин 2020 оны эхний зургаан сарын байдлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас 52.8 тэрбум төгрөг хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 тэрбум төгрөг буюу 28.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан. Эндээс тус аян үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. 

-Санхүүгийн залилах төрлийн гэмт хэргүүд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгддөг. Энэ талаар?

-2020 онд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үндсэн дээр цагдаагийн байгууллагад залилах төрлийн өргөдөл, гомдлын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл, иргэд олон нийт энэ төрлийн мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа гэсэн үг. 

Өөрсдийгөө гэмт хэргийн хохирогч болсон гэдгийг оройтсон ч гэсэн мэдээд бидэнд хандаж байгаа нь аяны үр дүнгийн илрэл юм болов уу гэж харж байгаа.

Таны хэлсэнчлэн цаг үеийн нөхцөл байдлыг дагаад залилагч нар аргаа байнга өөрчилж байдаг. Өмнө гэрээгээр халхавчилсан залилангийн хэргүүд их бүртгэгддэг байсан бол коронавирусийн цар тахлын энэ үед интернет, цахим орчинд үйлдэгдэх санхүүгийн луйвар их гардаг болсон. Жишээ нь , Та тоо таагаад азтан болоорой. Азтан болохын тулд та энэ дансанд хэдэн төгрөг хийнэ гэх мэт байдлаар иргэдийг залилах хэргүүд бүртгэгдсэн.

-Аливаа гэмт хэргийг бууруулах, таслан зогсооход урьдчилан сэргийлэх ажлуудыг үр дүнтэй хийх нь маш чухал гэдэг нь хэд хэдэн арга хэмжээн дээрээс харагдаж байна л даа.  

-Тиймээ. Мэдээж урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж байж эерэг үр дүн гарч байна. Бид “Нягтлах тусам аюулгүй” аяны хүрээнд дүүрэг, орон нутгийн Мөрдөн байцаах тасгийн  алба хаагчид болон ХААН Банкны салбаруудаар дамжуулан санхүүгийн залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан.

Тухайлбал, цахим залилангийн хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  

  • богино хэмжээний видео шторк 21, 
  • зурагт постер 22, 
  • тараах материалуудыг хэвлүүлж олон нийтэд олноор цуглардаг газруудад хүргэж ажилласан. 

Түүнчлэн ЦЕГ-ын хэвлэл мэлээллийн төв, МҮОНРТ болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран мэдээ, мэдээллээ түгээж ажиллалаа. Энэ дашрамд бидний энэхүү аяныг дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархаж байна. 

-Иргэдэд энэ төрлийн мэдээ, мэдээллийг байнга л сануулж байх хэрэгтэй болов уу. Олон хавар нэгэндээ гэдэг шиг л гэнэдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох вий?

-Санхүүгийг луйвраас урьдчилан сэргийлэх уг арга хэмжээг бид анх төлөвлөгөөний дагуу бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжлүүлэхээр Монголбанктай хамтран эхлүүлсэн. Ер нь урьдчилан сэргийлэх ёстой гэсэн мессежийг байнга л өгч байх хэрэгтэй. Тиймээс бид ирэх есөн сараас арилжааны банкуудтай хамтран аяны гурав дах шатыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Таны хэлдэгчлэн хүмүүс маань хэн нэгэндээ итгэх, санхүү, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас болж  залилах төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор л байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүн хэргийг хүндэрсэн үед нь буюу хэзээ хойно нь хууль цагдаагийн байгууллагад бүртгүүлдэг. Тэгэхээр санхүүгийн залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гурваас дээш үе шаттай явуулж байж иргэдэд хүрэх юм байна гэж анализ дүгнэлт хийсэн. Тиймээс энэ аяныг дахин үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Ер нь залилах гэмт хэрэг бусад гэмт хэргээс юугаараа ялгаатай вэ? Нилээд хугацаа алдаж байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч гэдгээ мэддэг юм байна. Тэгэхээр нөхөн төлбөрийг хэрхэн төлүүлдэг вэ? 

-Айлд хулгай орох, зам тээврийн осол гарах гэх мэт хэргүүд тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шалгагддаг. Харин залилангийн хэрэг цаг хугацааны хувьд алдангитай. Хохирогч  нь өөрийнхөө гараар тухайн хүнд мөнгөө, эд зүйлсээ өгсөн байдаг. Тэгээд итгэж явсаар байтал аль хэдийн залилангийн гэмт хэргийн хохирогч болчихсон байх жишээтэй. Өнөөдөр хохирогч болчихоод хэдэн сар, магадгүй хэдэн жилийн дараа би залилуулчихлаа гэдгээ мэддэг тохиолдлууд цөөнгүй. Гэтэл нөгөө залилсан этгээд баригдахдаа залилсан хөрөнгөө аль хэдийн зарцуулаад дууссан байдаг. Гэхдээ цагдаагийн байгууллага жилд дунджаар залилангийн гэмт хэргийн 30-40 хувийг эргэн төлүүлж байна. Ингэхдээ холбогдогч этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах замаар шүүхийн шатанд шийдвэрлэгддэг.

-Иргэд өөрсдөө энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн таних вэ? Мөн хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Залилагч этгээдүүд таныг “Ятгах тусам та нягтлах” хэрэгтэй. Яг одоо мөнгөө яаралтай шилжүүлэх хэрэгтэй, хурдан шилжүүлчихвэл энэ ажил чинь бүтэх гээд байна, хурдан хурдан гэх үгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яаруулах тусам дахин дахин тунгааж нягтлах нь хамгийн зөв арга. Бүх насны хүмүүс залилах төрлийн гэмт хэрэг үйлддэг.

Өсвөр настнуудын хувьд ихэвчлэн цахимаар, фэйсбүүкээр, нас тогтсон хүмүүс ихэвчлэн хүмүүстэй уулзаж, харагдах байдлаараа итгэл үнэмшил төрүүлэх, өөрийгөө мөнгөтэй мэт харагдуулах, үнэтэй машин түрээсэлж залилах төрлийн гэмт хэрэг хийдэг болохыг шалгалтын явцад тогтоогддог.  Тиймээс иргэд, олон нийтийн хувьд эд хөрөнгө, санхүү мөнгөө бусадад шилжүүлэх гэж байгаа бол юуны түрүүнд  нарийн нягталж, шалгаж тогтоосны үнсэн дээр эд хөрөнгө, мөнгөний эрхээ шилжүүлэх хэрэгтэй.

Аливаа цахим орчинд явж байгаа зар мэдээ,  акконут руу нэвтрэхгүй байх. Мөн гадуур дотуур явж байхдаа хэн нэгэн үл таних хүнд ямар нэгэн байдлаар өөрийн цалингийн карт, дансаа ашиглахгүй байхыг анхаарах хэрэгтэй гэдгээ дахин дахин сануулмаар байна. 

Түүнчлэн иргэд ямар нэгэн байдлаар хохирсон бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа бол мөнгөө шилжүүлэх гэж ярихаас өмнө албан ёсны бүртгэлтэй эсэхийг нь шалгах, бараа бүтээгдэхүүн нь хэр баталгаатай гэдгийг хянах хэрэгтэй гэдгийг зөвлөе.

-Мөрдөн байцаах албанаас өөр ямар арга хэмжээг зохион байгуулж байна вэ? 

-Мөрдөн байцаах албанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдад зориулж, цахим орчинд онлайнаар сургалт, семинаруудыг зохион байгуулж байна.

Мөн энэ онд ЦЕГ-аас цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020” нөлөөллийн аяны хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын  20-н хүртэлх хугацаанд даваа, лхагваа, бямба  гаригт алба хаагчдын мэдлэг, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг “Жайка” олон улсын байгууллага, хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. 

Мөн өнгөрсөн таван сараас эхлэн МБА-наас хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж, “ХУУЛЬЧ АЖИЛЛАГАА”-г зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд одоо мөрдөгдөж буй хуулийг хэрхэн яаж ашиглах вэ, алдаа дутагдал юу байна, ямар арга хэмжээг яаж хийх вэ гэсэн сэдвүүдээр видео хичээл, сургалт семинаруудыг бэлдэж явуулж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618305
3 эможи

Зочин
2020-07-01 11:12
keyboard_arrow_up