COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энхийн үйлст Монгол цагдаа

2020 оны 5 сарын 29

Arslan.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 5 дугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон зарлаж 1948 оноос хойш жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулахад чиглэдэг. Өнгөрөгч оны байдлаар НҮБ-ын мандаттай Энхийн  14 ажиллагаанд дэлхийн 125 орны 100.000 гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэсэн юм. 

Харин Монголын Улсын энхийг сахиулагчид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2003 оноос хойш хувь нэмэр оруулаад байна. Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс 2002 оноос идэвхтэй оролцож давхардсан тоогоор 17.000 орчим "Цэнхэр дуулгатан"-ыг энхийн ажиллагаанд илгээснээс Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 2006 оноос Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос БНӨСУ дахь НҮБ-ын энхийн ажиллагааны 9 удаагийн ээлжинд 400 орчим алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож үүрэг гүйцэтгэжээ. 

Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Цагдаагийн алба /UNPOL/-нд 2016 оны 7 дугаар сараас эхлэн “Цагдаагийн зөвлөх” албан тушаалд алба хаагчдаа илгээн дэлхийн энхийн үйлст хувь нэмрээ оруулсаар байна. НҮБ-ын 2016 болон 2018 онд Монгол Улсад ирсэн Дэмжлэг үнэлгээний багийн сонгон шалгаруулалтад Цагдаагийн байгууллага,  Хууль сахиулахын их сургуулийн алба хаагчдын төлөөлөл үүрэг гүйцэтгэсэн.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон Бүгд Найрамдах Судан Улс дахь Энхийг сахиулах ажиллагаанд 19 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 4 алба хаагчийг хоёр Судан Улсын дундын бүс дэх Энхийн ажиллагаа,  нэг алба хаагчийг Гайти улс дахь Энхийн ажиллагааны Цагдаагийн албанаас зарласан ажлын байранд тус тус нэр дэвшүүлээд байна. 

 Энэ дашрамд сонирхуулахад Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 140 дүгээр тогтоолоор “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг манай улс албан ёсоор баталгаажуулж ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Монгол Улс одоогоор НҮБ-д “Цагдаа, цэрэг илгээгч” дэлхийн орнуудын жагсаалтын 26 дугаар байрт бичигдэж байгаа юм гэж Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс  мэдээлэл ирүүлэв. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617462
3 эможи
keyboard_arrow_up