COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.МАНЛАЙБААТАР: Гэмт хэрэг, зөрчлийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь МАШ ЧУХАЛ

2020 оны 5 сарын 25

 

Баянгол дүүргийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн нэгдүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч, дэд ахлагч Т.Манлайбаатартай ярилцлаа. 

-Таны хувьд цагдаагийн байгууллагад хэдэн оноос хойш ажиллаж байна вэ?

- Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2018 онд Дотоодын хэргийн их сургуулийг төгсөөд Эрүүлжүүлэх, саатуулах байранд ажиллаж байгаад хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байгаад  Нийтийн хэв журам хамгаалах тасгийн нэгдүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаад тун удаагүй байна. Цолоо бас хараахан аваагүй байгаа.

- Хэсгийн байцаагчийн ажлаа аваад удаагүй байгаа юм байна. Тэгэхээр өмнө нь хийж байсан ажлаас нь хэр өөр байна даа. Ажилдаа дасаж байна уу.

-   Өмнө нь ажиллаж байсан хоёрдугаар хорооны хувьд хүн ам, аж ахуй нэгж байгууллага багатай учраас гэмт хэргийн гаралт, зөрчил бага байсан. Тэгвэл энэ нэгдүгээр хорооны хувьд 17 мянга гаруй хүн амтай, хүн амын нягтаршил их, газар нутгийн хэмжээ томтой. 204 аж ахуйн нэгж одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг нь 20 гаруй байна. Тиймдээ ч дуудлага мэдээлэл ихтэй, ачаалал өндөртэй л байна.

-   Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар. Сүүлийн үед ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна л даа. Танай дээр мөн адил байна уу.

-   Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор гэмт хэргийн гаралт буурсан ч ахуйн хүрээний архидалт, зочид буудлуудад архидах явдал нэмэгдсэн. Тиймээс Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсээс зочид буудлуудад шаардлага хүргүүлж, хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Гэмт хэрэг, зөрчлийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь хамгийн чухал. Өмнө нь 20-25 дуудлага мэдээлэлтэй хонодог байсан бол одоо энэ дуудлага мэдээлэл буурч 10-15 болсон.

-   Цагдаагийн алба хаагчид цаг наргүй, орон гэрээ мартана. Ер нь яагаад энэ мэргэжлийг эзэмших болов.

-Миний аав 1990-ээд онд цагдаагийн алба хаагч байсан. Тэгээд амьдралын шаардлагаас цагдаагийн байгууллагаас гарч байсан. Аав маань байнга ярьдаг байсан.   Хүүгээ л цагдаа болгож, цагдаагийн байгууллагад миний хийж чадаагүйг хийх ёстой гэж надад их зааж өгдөг. Одоо болтол л надад санаа зовж, ажлаа л сайн хийгээрэй хэмээн захидаг. Манай аавын дүү цагдаагийн ахлагч цолтой, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс цагдаагийн байнгын тэтгэвэртээ гарсан. Тийм учраас цагдаагийн байгууллагын амьдралыг маш сайн мэддэг гэж хэлж болно. Цаг наргүй, хүнд хэцүү гээд мэргэжлээсээ шантрах үе гарч байсангүй.

-   Энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-    Хороонд цагдаа байсан ч тэр, хэсгийн байцаагч болсон ч тэр миний хувьд хамгийн ихээр хулгайн хэргийн араас явах их сонирхолтой санагддаг.Ер нь тэгээд хүмүүсийн алдагдсан зүйлийг олж өгөх шиг сайхан зүйл байхгүй. Алдсан зүйлээ олсон иргэн инээдэг байхгүй юу. Тэр мөч л хамгийн сайхан.

-   Хүмүүс утсаа л их алдаад байх шиг санагддаг. Тэгээд цагдаа олж чадахгүй байх гэсэн хандлагаар цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй байх шиг санагддаг л даа.

-    Хүмүүс “Цагдаа олж өгдөг юм уу” гэж их ярьдаг л даа. Тэгэхдээ бидний хувьд аль болох л эд зүйлсийг нь олоод өгчих юмсан гэсэн сэтгэлээр л ажлаа хийдэг. Манай дүүрэгт гар утасны хулгайгаас гадна орон байрны хулгай их бүртгэгддэг. Нэг жишээ татахад манай хороонд амьдардаг настай хүн зурагтаа хулгайд алдчихаад над дээр ирсэн. Тэр зурагтыг би маргааш өдөр нь 11 цагийн үед олсон.  Эд зүйл хулгайлсан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэж, өвөө, эмээ хоёрын зурагтыг хүлээлгэж өгсөн. Тэр үед эмээ, өвөө хоёроос ирсэн сэтгэл өнөөдрийг хүртэл надад мэдрэгддэг. Энэ мэт яриад байвал зөндөө л олон сайхан дурсамж бий дээ.

-  Ер нь  хэргийг хэрхэн илрүүлэв?

-   Бидэнд өөрсдийн гэсэн арга барил, ажиллагаа бий. Тэгэхдээ хамаагүй дэлгэж ярьж болохгүй байна.  Камерын хяналт, иргэний мэдээлэл, өөрийн авхаалж самбаа, эрүүгийн төлөөлөгч ах нарын заавар, зөвлөгөө гээд олон зүйлийн тусламжтайгаар л хэрэг илрүүлнэ. Дан ганц би л хийчихдэг зүйл биш шүү дээ. Дөнгөж хоёрхон жил ажиллаж байгаа хүн шүү дээ. Сайн баг хамт олны хүчинд сайн сайхан л ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
617314
5 эможи
keyboard_arrow_up