Л.Бадамцэцэг: Гэр бүлийн үнэ цэнэ нь авдрандаа боож багласан арван мөнгөн аяга биш ээ Л.Бадамцэцэг: Гэр бүлийн үнэ цэнэ нь авдрандаа боож багласан арван мөнгөн аяга биш ээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Бадамцэцэг: Гэр бүлийн үнэ цэнэ нь авдрандаа боож багласан арван мөнгөн аяга биш ээ

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

ШУУД СОНСОХ:

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн сайн байна уу, танд болон сонсогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе.

Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон шалтгаан, түүхийг хуваалцана уу?

Маш олон тэмдэглэлт өдрийг НҮБ-аас олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг л дээ. Жишээ нь 12-р сарын 1-нд ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр гэх мэт. ДОХ нь хүн төрөлхтөнд аюул авчирсан бөгөөд ганц энэ өдөр ч биш хүн бүр энэ аюулын талаар мэдэж байгаа ч ээ хэмээн дэлхий нийтэд сануулдаг. 3-р сарын 8 нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Ганцхан энэ өдөр эхнэрүүд эрхээ эдлээд, нөхрөөрөө хоол хийлгээд хүүхдүүддээ хүндлэгддэг өдөр биш, эмэгтэй хүн гэдэг чинь өөрийн гэсэн аз жаргал, хүсэл мөрөөдөлтэй юм шүү гэдгийг ойлгооч ээ гэдгийн нэгэн адил 5-р сарын 15-ныг олон улсын гэр бүлийн өдөр гэж тэмдэглэж байгаа юм. Бүх хүн гэр бүлд харьяалагддаг. Залуу, хөгшин, дунд насны, хүүхэд гээд л. Хувь хүн нас хүйсний хувьд олон бүлэгт хуваагддаг боловч тэднийг нэгдүүлдэг, биесээ хамгийн сайн ойлгодог энэ орчинг гэр бүл хэмээдэг. Тийм ч учраас гэр бүл төрийн ивээлд байх ёстой гэж бүх улс орон тунхагласан байдаг. Хамгийн гол нь гэр бүлийн өдрөөр л хамтдаа хоол идэж, инээж наргиад сайхан өнгөрөөх бус гэр бүл өдөр бүр энэ өдөр шиг аз жаргалтай байгаа ч ээ гэдгийг сануулдаг өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлээд 25 жил болж байна. Олон улсын Копенгаген, Бээжингийн тунхаглалд улс нийгмийн хөгжил нь гэр бүлээс эхлэлтэй. Гэр бүлээ ивээн тэтгэж, хамгаалж чадах юм бол улс орны дэлхий нийтийн хөгжил нь гэр бүлд амьдарч байгаа хүмүүсийн зан үйлтэй холбоотой. Нийгмийн харилцааг гэр бүлийн зан үйлээр хэмждэг шүү гэдгийг тунхаглаж өгсөн. Өмнөх жилүүдэд Гэр бүлийн өдрийг маш өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Гэр бүлдээ санаа тавиач ээ, гэр бүлд зөвлөгөө өгдөг, гэр бүлийн тулгамдсан ажлыг шийдвэрлэхэд мэргэжилтнүүд ажиллах ёстой, тэр мэргэжилтнүүдийн ур чадварыг насны онцлог, хэрэгцээн дээр тулгуурласан сургалтуудыг олгож нийт гэр бүлүүддээ гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулсан олон төрлийн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг байлаа.

Энэ жил дэлхий нийтээрээ хол хорионд энэ өдрийг өнгөрүүлэх нь ээ. Та бүгдээс ямар зөвлөмж мэдээллийг иргэддээ өгөхөөр зорьж ажиллаж байна вэ?

Энэ жилийн хувьд COVID19 гэх хүн төрөлхтнийг айлгаж байгаа цар тахалтай холбоотойгоор эдгээр төрлийн арга хэмжээнүүд цуцлагдсан. НҮБ олон нийтийг хамарсан онцгой өдрүүдэд зөвлөмжүүдийг өгдөг. Энэ жилийн хувьд COVID19 цар тахалтай холбоотойгоор гэр бүлийн хамгаалалруу илүү анхаарах хэрэгтэй байна гэж зөвлөсөн. Олон үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж байна. Үүнтэй шууд хамааралтайгаар гэр бүлийн орлого буурч байгаа тул хүүхдээ яаж тэжээх үү? Гэр бүлээ яаж тогтвортой авч явах вэ гэсэн хүний наад захын хэрэгцээгээ хэрхэн яаж хангах вэ гэдэг энэ асуудал тулгамдаад ирэхлээрээ л хүний сэтгэлийн хөдөлгөөнд шууд нөлөөлж стрессийг бий болгодог. Энэ стресс нь нийгмийн давлагааг үүсгэж хэрхэн хор хохирол багатай энэ цар тахлыг даван туулах вэ гэдэг нь энэ жилийн гол ажил болж байна. Хүн тэр бүр олон нийтэд өөрийн стресс бухимдлаа гаргадаггүй. Харин гэр бүлдээ гаргаж байдаг.

Тиймээс цар тахлын үеийн стресс нь гэр бүлийн зөрчил, хүчирхийлэл, мансууруулах, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгддэг. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настныг хамгаалах чиглэлд илүү анхаараарай. Гэр бүлийн гишүүд бүр энэ хэцүү цаг үеийг ухаалгаар, эерэгээр даван туулах вэ гэдэгт ач холбогдол өгөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлээрэй гэсэн зөвлөмжийг өгсөн.

Гэр бүлийн гишүүд хоорондын эрүүл харилцаа гэж юу вэ?

Arslan.mnЕр нь бол сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендерийн эрх тэгш байдлын асуудлыг хөнддөг болсон. Өнөөдөр нийгэмд гараад байгаа гэмт хэрэг зөрчил, хүмүүс хоорондын харилцаа нь эрх мэдлийн илүү байдлаа мэдрэх гэсэн тэр үзэл бодол тулгуурлах болсон. Тэгвэл жендерийн тэгш байдал гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байх, нийгэмд эзлэх байр суурийг нь хүлээн зөвшөөрч дэмжих, аль болох эерэг харилцааг бий болгох нь хамгийн чухал. Гэр бүл гэдэг бол эхнэр нөхөр хоёрийн хос багана дээр хүүхэд болон настнаа асардаг, хамаатан саднаа хажуудаа байлгадаг монгол уламжлалтай. Мөн эрэгтэй эмэгтэй хүний ажил гэж гэр бүлд байхгүй. Хэн боломжтой, завтай байна тэр нь гэр бүлийн ахуйн ажил үүргээ түлхүү хийж амжуулдаг байх нь л гэр бүлд амгалан тайван, эрх тэгш байдлыг үүсгэдэг. Тэгэхээр аав хүн ийм байх ёстой, ээж хүн ийм байх ёстой гэсэн асуудал байдаггүй хэн ч тухайн өрхөд үүсдэг ажлыг хийж болно гэдгийг ойлгуулах нь чухал. Орчин үеийн залуу гэр бүлүүд харьцангуй жендерийн тэгш байдлыг хангаж чадаж байна гэж харж байгаа. Гэхдээ зарим газарт хуучин үеийн уламжлал сэргэж байна. Жишээ нь баруун аймгуудад бэр хулгайлах үзэгдэл гарч байгаа нь эмэгтэй хүний хүсэл сонирхолд халдаж сонгох эрхийг нь хязгаарлаж байгаа нь эрхэнд нь халдаж байна гэсэн үг.

Гэр бүл хамгийн гол нь биедээ урам өгдөг, хийхгүй санаачлахгүй байвал сэдэл, санаа өгдөг гэх мэтээр харилцаагаа эерэг гуйсан, хүндэлсэн, аргадсан байдлаар харьцаж сурах нь гэр бүлийг бат бөх болгож байдаг.

Харилцаа сөрөг байснаар эхний удаад хэрүүл, дараагийн удаа бүр хүчтэй хэрүүл, дараагийн удаа гэр бүлийн хүчирхийлэл ч болдог. Үүнд хамгийн гол нь гэр бүлийн гишүүд биенийхээ хүсэл сонирхлыг хүндэтгэж эерэгээр хүлээн авч ойлголцдог байх нь л чухал гэж хэлээд байгаа юм аа. Сүүлийн үеийн залуусын амьдралын минимал үзэл, хандлагыг маш их дэмжих болсон. Байгаадаа сэтгэл хангалуун байж сурах нь их чухал аа.

Гэр бүлийн чанартай цаг гэж их ярьдаг болжээ. Яг ямар цагийг чанартай цаг гэж ойлгох вэ?

Нэг гэр бүл таван ам бүлтэй гэж ярьдаг. Өдрийн 24 цагийн хамгийн ихдээ 8-10 цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Гэвч хүний анхдагч хэрэгцээний нэг хэсэг болох 7-8 цаг унтах цаг нь идэвхгүй цагт ордог. Ажил хийх, сургуульд сурах гээд дараагийн цагууд орж ирэх ба эдгээрээс үлдэж байгаа 3-4 цагт л бид халуун ам бүлээрээ гэртээ ивэдхитэй горимд хамт байдаг. Яг энэ цагийг зөв үр дүнтэйгээр бие биенийхээ нүд рүү нь харж байгаад ойлголцог, мэдэрдэг, мэдрэмж, үйлд явлаа чин сэтгэлээсээ хуваалцаж чадаж байх юм бол л энэ чанартай цаг болно. Багцлаад хэлбэл ярилцдаг цагийг л чанартай цаг гэж байгаа юм. Харилцан ярилцах үед бодол санаа нэг зүгт төвлөрч байдаг. Гэр бүл хүүхдийнхээ талаар ярихдаа маш сайн нэгдэж чаддаг.

Гэр бүлийн ярилцах цаг нь гэр бүлээрээ хамтдаа хоолоо идэх цаг гэж хардаг. Манай байгууллага гэр бүлүүдэд зөвлөмж гаргаж ажилладаг л даа.

Өдөрт хамгийн багадаа хүүхэдтэйгээ таван минут ярилцаач, хамгийн багадаа өдөрт нэг удаа хүүхдүүдээ тэврээд үнсээч, яг эхнэртэйгээ, нөхөртэйгээ гурван минут чин сэтгэлээсээ ярилцаач. Энэ нь маш бага хугацаа боловч маш үр дүнтэй зөвлөгөө юм шүү.

Бид хоолны ширээний ард тухайн өдөрт болсон үйл явдал, мэдрэмжүүдээ ярьж сурах юм бол энэ нь амьдралын хэвшил болно. Хоолны ширээ гэдэг нь тухайн гэр бүлийн хамгийн сайхан уур амьсгалыг бүрдүүлж ойлголцдог талбар болох нь ээ.

Сэтгэл зүйч, энэ чиглэлийн сургалт өгдөг хүний хувьд хүүхнүүддээ хандаж нэг зөвлөмж өгмөөр байдаг юм. Хүүхнүүд минь гоё сайхан байлгүй яах вэ? Гоо сайхны эгч сэтгүүлүүд гоолиг сайхан байхын тулд оройны 6 цагаас хойш хоол битгий ид гэж зөвлөж байна. Тэгэхээр хүүхнүүд маань өөрөө хоол идэхээ болихоороо гэр бүлийнхэндээ хоол хийж өгөхөө больсон. Ингээд л гэр бүлийн уур амьсгалаа өөрөө эвдэж байна. Гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрийн хэвшлээ хэвээр үлээсэн ч гэсэн оройдоо ширээгээ тойрч суугаад өөрөө амттан, жимс идэнгээ гэр бүлийнхэндээ хоол магадгүй цуг зуушаа идээд суух цагийг заавал гаргадаг байгаарай гэж зөвлөмөөр байна.

Гэр бүлийн үнэ нь авдрандаа боож багласан арван мөнгөн аяга бус биенээ ойлгож хүндэлсэн харилцаа. Дээрээс нь ханьдаа итгэдэг байх. Ширээ тойрч суугаад яриа өрнүүлээд дэмжээд зөвлөх үйл явцад аль хэдийн итгэлцэл бий болдог бөгөөд энд хардалт гэж зүйл ч үгүй болдог юм шүү.

Иргэд гэр бүлийн зөвлөгөө мэдээлэл, магадгүй сэтгэл зүйчийн зөвлөгөө тусламжийг хаанаас авах боломжтой вэ?

Манай байгууллага 2016 оноос өмнө хүүхдийн төлөөх үндэсний газар байлаа. 2016 оноос эхлээд хүүхдийн сайн сайхан ирээдүй нь гэр бүлийн дотоод орчин, бат бөх байдалтай шууд хамааралтай бөгөөд нийгмийн үндэс суурь юм байна гэж үзэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг байгуулсан. Агентлаг маань 9 дүүрэг, 21 аймагт салбартай. Эдгээр салбаруудад гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг байгуулж яг сэтгэл зүйч мэргэжилтнүүд ажиллаж байна. Та бүхэн өөрт ойрхон салбар нэгжүүдээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Танд баярлалаа.

Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617044
0 эможи
keyboard_arrow_up