COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ: Хөл хорионы үед хүүхдийн сайн сайхны төлөө ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ УРИАЛАХ НЬ

2020 оны 4 сарын 25

Arslan.mn

Сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой бүхнийг сургууль, багш нарт даатгадаг цаг өнгөрч, эцэг эхчүүд та бүхний үр хүүхэддээ анхаарал тавих цаг ирснийг анхааруулж аливаа ахуйн эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр НЦУГ-аас дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
1. Зарим нэг хэнэггүй, хайхрамжгүй эцэг эхийн үйлдлээс шалтгаалан хүүхэд багачууд хичээл номоо давтахгүй, чөлөөт цаг нь ихсэж, хэсэг бүлгээрээ нийлэн, эцэг эх, асран хамгаалагч нартаа мэдэгдэлгүйгээр гадуур явах, хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөс харсан, сонссон элдэв зүйлийг сонирхон дууриаж, туршиж үзэх зэргээр гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт хэргийн хохирогч болох асуудал гарч болзошгүй тул та бүхнийг онцгойлон анхаараарай гэдгийг сануулъя.
2. Бага насны хүүхдийг өндрөөс унаж бэртэх, осолд өртөх, халуун ус, ил галд түлэгдэх, амь насаа алдах золгүй учрал бүрээс сэргийлж, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байхад анхаараарай. Зайлшгүй ганцааранг үлдээх тохиолдолд халуун тогоо, индүү, гар утас зэрэг цахилгаан гарч болох зүйлээс хол хөндий байлгаж, цонх, тагтан дээр гарахгүй байх, ганцаараа гэртээ байгаагаа хэн нэгэнд мэдэгдэхгүй байх талаар байнга зөвлөж сэрэмжлүүлээрэй.
3. Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулан, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гадагш бүү гаргаарай. Мөн өөрсдөө хүүхдийн дэргэд архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байхад анхаараарай.
4. Хөдөө орон нутаг руу зайлшгүй зорчих тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүүхдийг зориулалтын суудалд суулган, хурд хэтрүүлэхгүй байхад анхаараарай.


5. Ахлах ангийн хүүхдүүд бие биенээ уруу татаж согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх, улмаар хоорондоо маргалдаж, зодолдох, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, эсвэл гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал гарч болзошгүй байгаа учраас эцэг эхчүүд шаардлагагүй тохиолдолд оройн цагаар гаргахгүй байх, ямар хүүхдүүдтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь хянах, их хэмжээний мөнгө төгрөг өгөхгүй байх, танихгүй хүний машин тэргэнд суулгаж хөдөө орон нутаг руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулъя.
6. РС тоглоом, фейсбүүк, интернэтэд удаан хугацаагаар суулгахгүй байхад анхаарч, хэнтэй холбогдож, ямар мэдээ мэдээлэл, бичлэг үзэж байгааг тогтмол хянаж, янз бүрийн элдэв гаж үгтэй захидал, видео бичлэг ирсэн тохиодолд эцэг эхдээ мэдэгдэж байхыг зөвлөж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлээрэй.
7. Оройн цагаар бага, дунд ангийн хүүхдүүд гадаа тоглох асуудал байгаа тул эрсдэлтэй газар тоглохгүй байх /тухайлбал цахилгааны утас ил гарсан, тоглоомын талбайн төмөр хашлага, хайс унаж болох, дугуй унахдаа авто машины хөдөлгөөнгүй, зориулалтын зам, талбай дээр унах/ зэргээр аюулгүй газарт тоглож наадахыг урьдчилан сануулаарай.
8. Бага насны хүүхэд ямар нэгэн байдлаар гэр орон, эцэг эхээсээ төөрсөн асуудал гарсан тул гэрийнхээ хаяг, өөрсдийнхөө утасны дугаарыг цээжлүүлж, энэ тохиолдолд өөрөө хайгаад явах биш томчуудаас тусламж хүсч байхыг зөвлөөрэй.
9. Тодорхой цагаар хүүхэд тань гудамж, талбайд тоглож байх үед хэн нэгэн хүн танихгүй хүн зодож, дарамтлах, сонсож, дуулаагүй үг хэллэг хэлэх, гоё, амттай, содон зүйл өгч, хамт явахыг хүссэн тохиолдолд хамт явж болохгүй гэдгийг хэлж, тухайн үйл явдлыг эцэг эхээсээ нуулгүй яаралтай үнэн зөвөөр нь мэдэгдэж байх хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай.
Эцэст нь та хүүхэд төрүүлсэн л бол хүүхдээ эрүүл аюулгүй орчинд эсэн мэнд өсгөж хүмүүжүүлэх, сурч боловсрох, өмсөж зүүх, идэх хоол хүнс, бүхий л нөхцөл бололцоогоор хангаж, аливаа эрсдэлд өртөхөөс нь хамгаалах, ирээдүйн зөв Монгол хүнийг хамгаалах үүрэгтэй гэдгийг нийт эцэг эхчүүддээ сануулъя.
Хорио цээрийн дэглэмийн энэ үед хүүхэд багачуудынхаа хичээл сургалт, хөгжих, дэвшихэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь хүүхэд бүрээ хайрлан хамгаалъя.
Монгол орны минь гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө, тэднийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хамтдаа нэгдэцгээе, ажиллацгаая.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616484
0 эможи
keyboard_arrow_up