COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Чулуунтамир: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчдаас 1.9 ТЭРБУМ төгрөг ХУРААН АВЛАА

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах  гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа.

Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нийт 46 веб хуудас, 132 фейсбүүк, пэйж акаунт, гар утасны апплэкейшн илрүүлж, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоож, хаах арга хэмжээг авлаа.

Дээрх нэр бүхий 25 сайтыг ажиллуулж байсан иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, бэлэн мөнгө 250,0 сая төгрөгийг биетээр, макбүүк, нөтебүүк, процессор, банкны пос машин, гар утас зэрэг 6 төрлийн 100 гаруй техник хэрэгсэл, эд зүйл, компаний бичиг баримт, гэрээнүүд, дансны хуулга зэргийг хураан авч, хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490.0 сая төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, 200.0 гаруй сая төгрөгийн 3 тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 836.0 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, дансан дахь мөнгийг битүүмжилсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх этгээдүүд нь иргэдийг амар хялбар аргаар мөнгө олох хүсэл сонирхолыг ашиглан богино хугацаанд их хэмжээний ашиг олж, үүгээрээ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд байгуулан мөнгө угаах гэмт хэрэг давхар үйлдсэн болох нь тогтоогдон, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна." гэв.

Сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх нийт 655 зөрчлийн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнээс 363 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, 292 гомдол, мэдээллийг шалгах хуулийн хугацаанд торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Нийт шалгасан зөрчлийн хэрэг, гомдол, мэдээллээс: 

  • 2017 онд нийт 72 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 42 гомдол, мэдээлэлд,  
  • 2018 онд нийт 276 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 150 гомдол, мэдээлэлд,
  • 2019 онд нийт 307 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 171 гомдол, мэдээлэлд тус тус зөрчлийн хэрэг нээж шалгасан байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг 2017 онд эрүүгийн хуулиас хасч зөрчил гэж үзэж байсан бол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсад сүүлийн үед цахим орчны хяналтгүй байдал, интернэтийн хязгааргүй хэрэглээнээс болж цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт иргэд их хэмжээгээр хөрөнгө мөнгө, эд зүйлсээ хууль бус үйл ажиллагаанд алдаж байна. 

Иймд иргэд та бүхэн мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрээр тоглох хууль бус үйлдэл хийхгүй байх нь таны болон танай гэр бүлд учирч болох ноцтой хор уршигаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг анхаарч, гэмт хэргийн талаар бодит үнэн зөв мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
615766
7 эможи
keyboard_arrow_up