COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулагдана

2020 оны 3 сарын 29

Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 47 газрыг Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Төрийн үйлчилгээ цахимжиж, илүү ил тод нээлттэй, шударга явагдах боломж бүрдэж байгаа нь энэ удаагийн цахим дуудлага худалдааны давуу тал болж байна.

Энэ оны эхний 11 байршлын нийт 9.26 га газрын дуудлага худалдаа ирэх сарын 8-нд 9 цагт Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn цахим хуудсаар явагдана. Уг дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг дээрх цахим хуудсаар бүртгэж эхэлжээ. Дуудлага худалдааны зарчим болон оролцогчдын анхаарах зүйлсийн талаар НГЗБА-ны Хот байгуулалтын мэргэжилтэн Ц.Ундрахаас  тодрууллаа.

-Газрын анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?

-Засгийн газар, БХБ-ын сайдын тушаалын дагуу нийслэлийг 16 бүсэд хувааж, дуудлагаар худалдах газрын хэмжээ, зориулалт, итгэлцүүр зэрэг олон зүйлээс хамаардаг.  Итгэлцүүр гэдэг нь тухайн газар дэд бүтэц, зам харилцаа нийгмийн анхан шатны үйлчилгээ, хүн амын төвлөрөл, ирээдүйд өсөх бизнесийн үнэ цэн олон хүчин зүйлээс шалтгаална.   Жишээ нь, нэг газрын БХБ-ын сайдын тушаалын дагуу тогтоосон анхны үнэ 1 сая төгрөг байвал 0.1-1 үнэлгээний итгэлцүүрээр дахин тооцно. 1 гэсэн үнэлгээнд хүргэхгүй бол анхны үнийг 1 сая төгрөгөөс бууруулна. Түүнээс илүү бол өснө гэсэн үг.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа цахимаар зохион явуулахад үүсэх давуу тал бий болох вэ?

-Орон зай цаг хугацааны хувьд хамаарахгүйгээр худалдан авагч шууд оролцох боломжтой.   Хувь хүн бол оролцох хүсэлт, дэнчингийн мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэх,  байгууллага бол гэрчилгээгээ цахимаар илгээхэд л болно. Мөн иргэд өмчилсөн газраа www.unegui.mn болон бусад зарын цахим хуудсаар зардагтай ижилхэн www.mle.mn цахим хуудсаар дамжуулан борлуулах боломжтой. Энэ хуудсанд бүх бичиг баримтын зөрчилгүй газрын зарыг хүлээн авах тул илүү баталгаатай гэсэн үг. Газраа борлуулж буй иргэн өөрийн газрын байршлаа дээр дурдсан 16 бүсийн аль хэсэгт байгааг харж, дуудлага худалдааны анхны үнэтэй харьцуулах, зах зээлийн үнэлгээгээ тогтоох  боломжтой.

-Ирэх сарын 8-нд болох цахим дуудлага худалдааны талаар?

-Ирэх сарын 8-нд болох дуудлага худалдаа 09.00 цагт үнийн саналыг хүлээн авч эхэлнэ. Санал авах сүүлийн хугацаа 15.00 цагт дуусмагц систем 1 минут хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдааг автоматаар хааж, хамгийн сүүлд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч газраа авна. Хэрэв нэг минутад оролцогч үнийн санал илгээвэл дахин нэг минут хүлээх зарчим баримтална. Дээрх зарчмаар 17.00 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч  ялагч болно. Зарим оролцогч би 15.00 цагт үнийн саналаа илгээсэн байхад яагаад ялагч болсонгүй вэ гэсэн асуудал тавьдаг. Гэтэл хүлээлтийн нэг минутад өөр оролцогч санал ирүүлж, газрыг авсан тохиолдол бий. Тэгэхээр иргэд дээрх зарчмыг сайтар ойлгох хэрэгтэй.

-Үнийн саналаа өгсний дараа өөр хүн илүү үнэ ирүүлснийг яаж мэдэх вэ?

-www.mle.mn цахим хуудсанд тухайн байршилд ирсэн үнийн саналууд тухай бүрт нь гарна. Гэхдээ оролцогчийн нэр биш сайтад бүртгүүлсэн дугаар нь үнийн саналын хамт харагдана.

-Оролцогчид өөр юунд анхаарах шаардлагатай вэ?

Иргэн, аж ахуйн нэгж www.mle.mn цахим хуудсанд хандаж иргэний үнэмлэх, байгууллага бол гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж болох 12 мянга 500 төгрөг, дэнчингийн мөнгөө тушаасан баримтаа скайнердаж оруулна. Цагийг нь тулгаж хүсэлт илгээсэн тохиолдолд Төрийн санд дэнчингийн мөнгө болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай мэдээлэл нь орохгүй удах тохиолдол бий. Ингэснээр тухайн хүний мэдээллийг баталгаажуулахад хүндрэл үүснэ. Тиймээс хэрвээ та дуудлага худалдаанд оролцох гэж байгаа бол ирэх сарын 8-ны 08.30 цагийг хүлээхгүйгээр хүсэлтээ илгээх хэрэгтэй. Дуудлага худалдаанд ялагч болсон иргэн долоо хоногийн дотор манай байгууллагад ирж, гэрээ байгуулах, ялагч болсноосоо хойш 14 хоногийн дотор газрынхаа үнийг бүрэн төлөх ёстой. Төлөхгүй бол гэрээ хүчингүй болохоос гадна дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй.

-Дэнчингийн мөнгийг хэрхэн тооцох вэ?

-Дэнчинд тухайн газрын анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө төлөх ёстой. www.mle.mn цахим хуудсанд дуудлагаар худалдах газруудын байршил, зориулалт, анхны үнэ зэрэг бүх мэдээлэл бий. Дуудлага худалдаанд оролцоод ялагч болж чадаагүй бол дэнчингийн мөнгийг буцаан өгнө.

 Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж буй 11 байршил газрын зориулалтын тухайд?

– Дуудлагаар худалдах газруудын зориулалт, архитектурын төлөвлөгөөг бүгдийг баталсан. Ирэх сарын 8-нд үүрэн холбооны станц, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ШТС, орон сууц, өвлийн аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтын  газрыг худалдах юм.

-Дараагийн дуудлага худалдаа хэзээ болох вэ?

-Дараагийн дуудлага худалдаа ирэх сарын 23-нд болно. Дуудлага худалдааны мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан байгаа. Ерөнхийдөө 47 байршлийн дуудлага худалдааг энэ оны эхний хагаст цахимаар зохион байгуулна. Цахимаар борлуулагдаагүй газруудыг дараагийн хагаст танхимын дуудлага худалдаанд оруулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615384
0 эможи
keyboard_arrow_up