COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Итали улсад оршин сууж буй МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтыг зогсоох зорилгоор улс даяар хөл хорио тогтоож, ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эмийн сан, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээс бусад хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан хэдий ч вирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол нийт 41035 бүртгэгдэж, үүнээс 4440 хүн бүрэн эдгэрч, 3405 хүн нас бараад байна.

Дээр дурдсан шаардлагаар гэрээсээ гарах тохиолдолд тусгай маягт бөглөн өөрийн биед авч явах шаардлагатай. Маягтыг доорх холбоосоор татаж авна уу.

https://www.interno.gov.it/…/modulo-autodichiarazione-17.3.…

Коронавирусний халдвар Монгол Улсын иргэд оршин суудаг Ломбарди, Пиемонте, Венето, Фриули-Венеция-Жулия зэрэг мужид хамгийн их тархалттай байгаа бөгөөд Италийн Засгийн газраас халдварын тархалтыг зогсоох, халдвар авсан иргэдийг эмчлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан шаардлагатай арга хэмжээ авч байна. Итали Улс даяар 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл тогтоосон хөл хорионы хугацааг сунгах талаар Ерөнхий сайд Ж.Конте мэдэгдсэн бөгөөд хэдий хүртэл сунгахыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр байна.

Европын Холбооноос Шенгенийн бүсийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр Европын Холбооны гишүүн улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд хамаарахгүй аж.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусний тархалт ихтэй энэ цаг үед иргэд Та бүхэн суугаа орны болон Монгол Улсын төр засгаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг дагахын зэрэгцээ гэрээсээ гарах хөдөлгөөнийг хориглон вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах нь чухал байна.
Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх болон вирусын халдварын шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /итали, англи, хятад хэлээр/ 112 гэсэн тусгай дугаарын утсаар холбогдон мэдээлэл, зөвлөгөө шуурхай авах боломжтой.

Итали Улсад коронавирусний халдвар хурдацтай тархаж, онцгой нөхцөл байдал үүссэн үед буруу ташаа, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр нийтлэгдэж байна. Иймд Итали Улсад оршин сууж байгаа иргэд Та бүхэн албан ёсны эх сурвалжаас бодит мэдээлэл авах, Элчин сайдын яамны цахим хуудас http://monembrome.mn/ болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсанд хандахыг зөвлөж байна. Түүнчлэн аливаа нэгэн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах, хүсэлт тавихаар бол Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886), rome@mfa.gov.mn цахим шуудан болон Mongolian Embassy Italy фэйсбүүк чатаар холбогдоно уу.

http://monembrome.mn/index.php?moduls=101&id=176

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа
Элчин сайдын яам
Ром хот

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615062
2 эможи
keyboard_arrow_up