COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Элчин сайд Цай Вэньруй:Монголын ард түмэнд баярлалаа

2020 оны 2 сарын 11

Өмнөд хөрш БНХАУ-д коронавирусийн халдвар тархаж, дэлхий нийтийн анхаарал татах асуудал болоод байгаа. Хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд ч одоогоор коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч ДЭМБ-аас онцгой анхаарах бүс хэмээн зарлаж, Монгол Улс хилээр зорчих хөдөлгөөнийг хааж, олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа. Хэдий тийм ч хөрш улсад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа хүнд үед монголчууд БНХАУ-ын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Тухайлбал, МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ уриалан БНХАУ-д коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр хандивын аян эхлүүлээд буй. Энэхүү уриалгад бизнесмэнүүд нэгдэн одоогоор  цуглараад байгаа эхний 140 сая төгрөгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд гардуулан өглөө.


Аяны хүрээнд МҮХАҮТ 25 сая төгрөг, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монгол-Хятадын бизнесийн зөвлөл 5 сая төгрөг, Лава Лийжюр ХХК 10 сая төгрөг, Талын Хишиг Майнинг ХХК 100 сая төгрөг тус тус хандивлалаа. МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагууд болон бизнес эрхлэгчдээс БНХАУ-д тусламж, дэмжлэг үзүүлэх санаачилга цөөнгүй гарч байгаа бөгөөд аян цаашид үргэлжлэх юм.

Ийнхүү хөрш Монголын ард түмэн, бизнес эрхлэгчид тусламжийн гараа сунгаж байгаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй туйлын их баяртай байгааг илэрхийлээд хувиасаа болон Элчин Сайдын яамны зүгээс туйлын их баярлаж байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-д нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч сүүлийн 5 хоногт Ухань хотоос бусад газарт халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байгааг  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Хятадад өвчний нөхцөл байдал хүнд байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд нас баралт буурч, эдгэрсэн хүний тоо хурдацтай нэмэгдэж, халдварт өвчинтэй тэмцэх ажил үр дүнгээ өгч байна. Шинэ төрлийн халдварт өвчинтэй тэмцэх ажлыг манай улсын дарга Си Жиньпин өөрөө командалж, Ерөнхий сайд ажлын хэсгийг тэргүүлж, Хятад улсын хэмжээнд өвчнийг хяналтад авах системийг богино хугацаанд бий болголоо. Үүний зэрэгцээ Хятад улс бусад улсад коронавирусийн халдвар тарахаас сэргийлэн авч буй арга хэмжээг ДЭМБ-аас өндрөөр үнэлсэн. Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, бизнесийн хүрээнийхэн, хувь хүмүүс энэ хугацаанд Хятадын ард түмэнд маш их дэмжлэг үзүүлж байна. Бидэнд зориг нэмж, халдварт өвчний эсрэг нэгдэж буй Монголын ард түмэнд Хятадын ард түмэн гүнээ талархаж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Монголчуудын энэ ач тусын хариуд хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө манай ЭСЯ чармайн ажиллах болно” гэв.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин: ”Бидний хөрш, хамгийн том худалдааны түнш оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалд тусламжийн гараа сунгах ёстой гэдэг дээр манай бизнес эрхлэгчид санал нэгдсэн. Өнөөдөр бид Хятадын ард түмэнд 140 сая төгрөгийн хандив өргөж байна. Үүнд манай хувийн хэвшлийнхний санаачилга өндөр байгаад баяртай байна. БНХАУ халдварт өвчинтэй тэмцэх ажлыг, манай улс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгчлэн энэхүү хүнд нөхцөлд эв санааны дэмжлэг үзүүлэх нь чухал юм” хэмээгээд нийт бизнес эрхлэгчдийг аянд нэгдэхийг уриаллаа.

Монгол Хятадын Бизнесийн зөвлөлийн тэргүүн А.Энхболд:Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Хятадын Бизнесийн зөвлөл энэ хоёрдугаар сарын 5-нд Удирдах зөвлөлөө шинэчлэн зохион байгуулж ажиллаж байна. Манай улсын экспорт, импортын хамгийн том хөрш, мөнхийн харилцаат Хятад улсад коронавирусийн халдвар тархсан энэ онцгой нөхцөлд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдагчлан Монголчууд бид хүч санаа нэгдэн, тусламж үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Монгол Хятадын бизнесийн зөвлөл бол хоёр орны бизнесийн харилцааны маш том гүүр болдог байгууллага. Удирдлага шинэчлэгдсэнээр бид олон чухал ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд Хятадын ард түмэнд туслах тусламжийн аяныг зохион байгуулж байгаадаа тун баяртай байна. Энэхүү аянд маань нэгдээрэй гэж нийт монголчуудаа уриалмаар байна.

Дашрамд сануулахад БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдсэнээр Монголд мөн зарим төрлийн бизнес эрхлэгчдэд хүндрэл тулгарахаар нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож эхлээд байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг хүргэж байна.  

МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэн: "Дайн дажин, өвчин, байгалийн гамшиг зэрэг урьдчилан таах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс тухайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжгүй болсон тохиолдолд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгодог. Энэ нь гэрээгээ зөрчиж буй хэрэг бус харин давагдашгүй хүчин зүйл өрнөж буй хугацаанд алданги, торгууль төлөхгүй байх нөхцөлийг ААН-үүдэд олгож буй хэрэг юм. Хөл хорио тогтоосон энэ үед ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай үйлчилгээний байгууллагууд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахаар их хандаж байна. Иймд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд 550.000-1.000.000 төгрөгийн үнэтэй байдаг энэхүү гэрчилгээний хураамжийг 3 дугаар сарын 2 хүртэл чөлөөлөх шийдвэр гаргасан" гэлээ.

Уг гэрчилгээ нь өөрөөс хамаараагүй нөхцөл байдлын улмаас гэрээгээ зөрчих, нэмэлт торгууль, хүү, алданги төлөх зэрэг тооцоогүй эрсдэлээс хамгаалдаг, дэлхийн олон оронд хүчинтэй эрхзүйн баримт бичиг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613611
0 эможи

Зочин
2020-02-11 20:36
keyboard_arrow_up