COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2020 оны 1 сарын 26

Arslan.mnЭнэ долоо хоногт /2020.01.20-2020.01.26/ Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцов. Ноён Алекс Хайкенс Монгол Улсын цагдаагийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд олон төрлийн тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. 

Х.ДОРЖСҮРЭН: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад хийгдсэн бүтээн байгуулалтууд, шат дараатай төлөвлөгөөт ажлуудын талаар ЦЕГ-ын Санхүү,аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэнтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шаардагдах 47 нэр төрлийн дүрэмт хувцасны жилийн зардалд дунджаар 11.6 тэрбум төгрөгийн төсөв, дотоодын цэргийн алба хаагчдын нормын хувцасны зардалд 1.2 тэрбум төгрөг нийт жил бүр 12.8 тэрбум төгрөг шаардлагатай байдаг.Жил бүрийн улсын төсөвт энэхүү зардлыг тусгуулахаар саналыг уламжилдаг боловч Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан сүүлийн 4 жилд дунджаар 4.3 тэрбум төгрөг төсөвт сууж байгаа нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны 34.0 орчим хувийг бэлтгэхэд хүрэлцэж байгаа. Батлагдсан төсөвтөө багтаан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нэн тэргүүнд шаардлагатай дүрэмт хувцсыг үйлдвэрлэх бодлогыг барьж ажиллаж байна. Улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Баянгол дүүрэг, Дархан-Уул аймгийн зарим хороо, багт чиглэлийн, хөдөлгөөнт, дугаар таних, хадгалах ой санамж сайтай дэвшилтэт технологиор гудамж талбайн камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг нотлох ажиллагаанд ахиц гарна гэж харж байгаа.Улаанбаатар цагдаагийн хүрээний хэмжээнд 627, орон нутагт 500 гаруй тээврийн хэрэгсэл иргэдийн амар амгалан байдал, албаны шуурхай байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн ерөнхийн газрын Автобаазын алба хаагчид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байна. Парк шинэчлэлт хийхэд шаардлагатай төсвийн саналыг жил бүр дээд шатны  байгууллагад танилцуулдаг боловч төдийлэн хангалттай хэмжээнд батлагддаггүй..." хэмээн онцоллоо. 

Цагдаагийн ерөнхий газрын Автобааз сайн үйлсийн аян зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын “Ахлагчийн зөвлөл”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл” хамтран алба хаагчдаа сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аян зохион байгуулж нийт алба хаагчид хамрагдсан бөгөөд тус баазын дарга, цагдаагийн хурандаа Ж.Булгантамир жолооч, цагдаагийн ахлагч Х.Жанарысын гэр бүлд мөнгөн тусламжийг гардууллаа. Тус баазын жолооч, цагдаагийн ахлагч Х.Жанарыс нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нурууны хүнд хагалагаанд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Ж.Болд: Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж байгаа

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчтай холбоотой гарсан мэдээллийн хүрээнд ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.  Тодруулбал, энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Дотоод хяналт шалгалтын хэлсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн нар мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Цагдаагийн байгуулагын алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсантай холбоотойгоор ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажиллагаа явагдаж байна. 2015 оноос цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр "Бавгар" гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж орон сууц бариулах ажил явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг корпус ашиглалтад орсон. Нэг нь одоо орох гээд, хоёр корпусын цутгалтын ажил явагдаж байна. Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулж Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна. “Бавгар” компанийн зүгээс АТГ-т холбогдох баримт материалаа өгчихсөн байгаа гэж мэдээлсэн. Бид ч бас шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь АТГ-т гэмт хэргийн шинжтэй бол шилжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна 376 алба хаагч орон сууцтай болохоор тав дахь жилдээ явж байна. Дунд нь хугацаа хожимдсон асуудлууд байгаа. Гэхдээ барилга байшингаа бариулна. Цаашид зогсоохгүйгээр үйл ажиллагааг нь явуулна. Шан харамж нэхсэн, авсан гэх асуудал хуулийн дагуу шалгагдаад явна” гэв. Мөн хурандаа Б.Цогтбаяртай холбоотойгоор өмнө нь алба хаагч, иргэдээс гомдол ирж байгаагүй гэдгээ  хэлэв.

Д.Эрдэнэдэлгэр: “Жи-тайм“ сүлжээнд 40,000 гаруй иргэн элсэж, 11,400 иргэн хохирсон

Arslan.mn

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг  өрнүүлж эхэлсэн билээ. Тэгвэл  санхүүгийн луйвраас урьдчилсан сэргийлэх аяны болон олон хохирогчтой сүлжээний хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Б.Эрдэнэдэлгэр тодрууллаа. Тэрээр ярилцлагандаа "..."Жи-тайм" сүлжээний хэрэгт 2017 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ сүлжээнд 40,000 гаруй иргэн элсэж,11,400 иргэн нийт 26 тэрбум төгрөгөөр хохирсон байдаг. "Жи-тайм" сүлжээнд элсээд элссэн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан 1,000 орчим хүнийг иргэний хариуцагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Олон хүн хамарсан учраас мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил гаруйн хугацаанд үргэлжлээд 2019 оны наймдугаар сард прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллага хэргийг шүүхэд шилжүүлээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд хохирогчоор тооцогдсон иргэдийн тодорхой хэмжээний хохирлыг барагдуулах боломжтой. Цагдаагийн байгууллагаас зарим хариуцагчийн мөнгөн болон бусад эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа..." гэлээ. 

Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийг камерын оператороор цагдаагийн албанд ажиллуулж байна

Arslan.mn

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар нь телехяналтын камерын ашиглалт, хяналтыг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор англи хэл, компьютерийн мэдлэгтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр иргэнийг камерын оператороор олон нийтийн цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаас гадна хяналтын камерын ашиглалт болон илрүүлсэн хэрэг, зөрчлийн тоо өссөн нь шинэлэг ажил болсон юм. Хяналтын камераар 242 зөрчил илрүүлэн хэв журам, замын цагдаагийн эргүүл, постуудад зарлан мэдээлж, зөрчил гаргасан 191 иргэдэд 2.635.000 төгрөгийн торгууль оногдуулан, 51 зөрчлийг газар дээр нь засуулан сануулж, иргэдээс ирүүлсэн 13 хүсэлтийн дагуу камерын бичлэг шүүж, 4 тээврийн хэрэгслийн дугаарыг илрүүлэн, 2 гээгдүүлсэн гар утас, эд зүйлсийг олж хариу өгөн, 2 гэмт хэргийг камерын тусламжтайгаар илрүүлжээ. 

“ЖАНЖИН СҮХ ШИГ ХИЙЦГЭЭЕ” цэргийн олон төрөлт спортын тэмцээн боллоо

Arslan.mn

Сүхбаатарын  ба цэргийн гавъяаны улаан туг, цэргийн гавъяаны одонт Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар ангиас Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний түүхт 127 жилийн ойг тохиолдуулан  “Одонт хороо” ахмадын зөвлөлийн нэрэмжит “Жанжин Сүх шиг хийцгээе” цэргийн олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлага, Монголын Гирийн спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат тамирчин Г.Үүрийнцолмон,   Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дэд дарга, Монгол улсын гавъяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Б.Баатарболд, Монголын Крикетийн холбооны ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер, Г.Баттулга нар хүрэлцэн нар оролцож, Гирийн спорт, Крикетийн спортыг алба хаагчдад сурталчлан таниулах ажлыг явуулж, тус ангид крикетын спортын хувцас, хэрэглэлийг бэлэглэлээ. Уг тэмцээнийг алба хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай  албаны бэлтгэл, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх,  ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор зохион байгуулснаараа онцлог байлаа. 

Д.БАЯНМӨНХ: Хэн нэгэн танил, ойр дотны хүний ярьсан гоё сайхан ярианд итгэхээсээ урьтаж нягтлах хэрэгтэй

Arslan.mnБаянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэхүү аяны хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрээр ярилцлгандаа "...Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс бол нийтдээ дүүргийн 13 хороог хариуцаж ажилдаг. Дүүргийн нэгдүгээр хэлтэсийнхээ хэмжээнд авч үзвэл нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 50 буюу түүнээс дээш хувийг залилах гэмт хэрэг эзэлдэг.  2017 онд 220 бүртгэгдэж байсан бол 2018 онд 586 бүртгэгдэж дөрөв дахин өссөн байдаг бол 2019 оны хувьд 653 бүртгэгдэж мөн өмнөх оноосоо зуу гаруй нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Залилах гэмт хэрэг бол хохирол хор уршиг ихтэй. Хүний өөрийн шударга хөдөлмөрөөр олсон мөнгийг залилагч этгээд ямар нэгэн байдлаар хүнийг хууран мэхэлж өөрийнхөө мэдэлд шилжүүлдэг. Залилан гэмт хэргийн голлож байгаа нь  пирамид буюу луйврын гэмт хэрэг. Мөн иргэдийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж залилдаг.  Мөн  сүүлийн үед цахим хэрэгсэлрүү нь нууцаар орж танил хүмүүсрүү нь мөнгө зээлэх, мөнгө нэхэх харилцаа үүсч байна. Хамгийн их сэтгэл эмзэглэмээр залилан бол визний залилан байна. Тухайн хохирогч  хамаг байдаг эд хөрөнгөө виз авахад зориулдаг. Учир нь гадаадад очиж ажиллаад мөнгөтэй болно гэж бодож виз авахад хамаг эд хөрөнгөө зарцуулчихдаг. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болвол тухайн хүн маань ямар ч эд хөрөнгөгүй, өөрөөр хэлбэл амьдралаа дахиад тэгээс эхлэх болж байна гэсэн үг юм..." гэлээ. 

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд жагсаал зохион байгууллаа 

Arslan.mn

Улсын хэмжээнд 2011 онд 688 бүртгэгдэж байсан залилах төрлийн гэмт хэрэг өнгөрсөн жил 4600 болж өссөн. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар залилах гэмт хэрэг 2017 онд зургаа, 2018 онд 16, 2019 онд 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн дүн мэдээтэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтмол өсч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд Ятгах тусам нягтал нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд энэ сарын 18-нд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ард иргэдийг залилах гэмт хэрэгт өртөж, хохирохоос сэрэмжлүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг тэмцэх зорилгоор аймгийнхаа төвд жагсаал зохион байгуулжээ. 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын удирдлагууд ХОРООДОД ажиллаж эхэллээ

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Хэв журмын ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагчийн хамт өчигдөр  2020.01.22 Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2,7,8 дугаар хороодод ажиллалаа. Алба хаагчдын ажлын ачаалал, ажиллаж буй орчинтой танилцаж санал солилцон, шалгаж байгаа өргөдөл гомдол, зөрчлийн хэрэг нэг бүртэй танилцаж шуурхай шалгаж шийдвэрлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хэсгийн байцаагч, хороон цагдаа нартай хамтран ажилласан ба алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах чиглэлээр дэд хэсэг хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, тасаг, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.

“GOOD NEIGHBORS” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал “Good Neighbors” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Сүн Хён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.Ноён Жу Сүн Хён Монгол Улсын цагдаагийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд олон төрлийн тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангах, дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

ДУНДГОВЬ: Гэмт хэргийн гаралт буурчээ

Arslan.mn

Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо болон гэмт хэрэгт холбогдогчдын тоо буурчээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 211 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20,7 хувь, гэмт хэрэгт холбогдогчдын тоо 29 хувиар буурч, 130 хүн холбогдоод байгаа ажээ. Хэдийгээр аймгийн хэмжээнд нийт гэмт хэргийн тоо буурч, эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, малын хулгай, залилан, дээрэм, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, дээрэмдэх гэмт хэргүүд өсжээ. Мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг өссөн байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн. Залилангийн гэмт хэрэг өссөн нь цахимаар буюу бусдын фэйсбүүк хаягийг ашиглан мөнгө гуйх, дансаа явуулах болон виз гаргаж өгнө гээд хүнээс мөнгө салгах зэргээр бусдыг залилсантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн бол малын хулгайн 31 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 50,5 хувиар өсжээ. Тус Цагдаагийн газрын хувьд гэмт хэргийн илрүүлэлт 8,9 хувь, зөрчлийн илрүүлэлт  21,8 хувиар тус тус өсч, торгуулийн хэмжээ 16 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 683,7 сая төгрөгийн хохирол учирч, 41,4 хувийг нөхөн төлүүлжээ. 15 сумаас Цагаандэлгэр, Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрцогт, Луус сум гэмт хэргийн тоогоороо 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд оногдох аймгийн дүнгээс дээгүүр байгаа ажээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612985
1 эможи

keyboard_arrow_up