COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголд алмаасын орд байдаг уу?

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

Алмаасын эх орон нь Энэтхэг улс гэдгийг бид мэднэ. Гэхдээ Өмнөд Африк тэргүүтэй дэлхийн 20 оронд том цэнхэр алмаас олдсон байдаг. Түүний зэрэгцээ “Монгол баян орон юм чинь алмазын орд байж л таарна” гэсэн нэхэл байсаар.

 Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 2012, 2015, 2017 онд сэтгүүлчид алмаасын тухай багагүй ярьж, бичиж байв. Монголд алмаасын дархан гурав  байдгийг мэдээлж, нэгийг нь олж ярилцлага хийсэн нь ч бий.

Тэрбээр “Алмаас мэр сэр орж ирдэг. Гэхдээ ихээр биш” гэсэн нь Монголд алмаз байгаагийн баталгаа. Харин өөр нэгэн эх сурвалж “Засаж хэлбэрт оруулаагүй алмаз нүдэнд тусаад байдаггүй. Ченжүүдийн гараар гадагшаа гарч байж болзошгүй” гэсэн байдаг.

Гаднын эх сурвалж сөхвөл “Их Британийн найман геологич Сахар, Урла, Энэтхэг, Өвөрмонголоор явсны эцэст 1922 онд Якутаас Ар Монголоор дамжин Бээжин хүрэхээр явах замдаа 2.5 каратын улбар алмаас олсон” гэж Их Британийн геологич Фрэд Куин тэмдэглэн үлдээжээ. 

Харин манай геологийн судалгааны  ном товхимолд энэ талаар огт дурдагдсангүй. Тэгвэл Оюутолгой компани болон Тавантолгойд гаднаас оруулж ирж буй техник, тоног төхөөрөмж дотор хатуу чулууг зүсэх багаж орж ирдэг.

Түүнээс үүдэн тэр хавьд алмаас орд байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй тухай аман яриа дуулдаад өнгөрч байснаас бус  баталсан хүн үгүй. 

Тухайн үед “Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стьюартын “алмаасан өрөмдлөг хийхээр төлөвлөж байна” гэсэн мэдэгдлийг “Хармагтайгаас алмазын илэрц хайна гэсэн утгатай юу, эсвэл мэргэжлийн хэллэг үү” гэдгийг хэвлэлүүд сонирхоход Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа “Зэс, алтны орд дээр алмазын судал илрэх боломжгүй.

Тэгэхээр энэ нь алмаасан хошуутай өрмөөр өрөмдлөг хийх тухай ярьж байгаа болов уу.

Мэргэжлийн хэллэгийг зарим хүн буруу ойлгоод байна. Ер нь алмаас нь газрын гүнд 140-190 км-т үүсдэг гэж үздэг.

Манайд алмаасын илэрц олдох боломжгүй ” хэмээн тайлбарлаж байв. Гэтэл алмаас хэмээх хатуу эрдсийг л алмаасаар зүсдэг.

Тиймээс алмаас хошуут өрмийг юунд ашиглаж байгааг хэн ч шалгаж тогтоосонгүй. Өнөөдрийг хүртэл асуулт хэвээр байна.

Өнгөрсөн хавар “Монголд алмаас байна уу” гэх асуултын хариу болох нэгэн мэдээллийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дуулгасан нь Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш  жижиг, цөөн тооны алмаас олдсон.

Түүний зэрэгцээ Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмаасын илэрц байгааг   дуулгасан юм.

Тэрбээр Монголд алмаас байгаа гэдгийг дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг онцолсноос хойш сураг алдрав.

Ер нь бол Монголд алмаас байгааг доктор Д.Доржнамжаа анх ажиглан, гурван газарт илэрц байгааг тогтоосон бөгөөд газрын гүнд том хэмжээний орд байхыг таашгүй.

Эсвэл алмаасын судал төдий байж ч болох.

Ямартай ч одоогоор томруулагч шилээр л харж болох тэрхүү жижиг талстаас томхон бөгөөд их хэмжээгээр олдож гэмээ нь дэлхийн хэмжээний нээлт болох нь дамжиггүй. Дээр нь эдийн засгийн ач холбогдол нь хэмжээлшгүй юм.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол манай улсад алмаас байгааг 1970 онд анх мэдсэн. Зөвлөлтийн геологичид Архангай, Хэнтий аймгаас алмаз олсон ч тэр нь гоёл чимэглэлд ашиглахуйц хэмжээнийх биш байж.

Харин техникийн алмаасын багагүй нөөцтэй ордыг Архангай аймгаас илрүүлжээ. Мөн Завхан, Увс, Төв, Сүхбаатар аймгаас ч техникийн алмаз олдсон байна.

Тухайн үед Завханаас техникийн алмаз олборлон ЗХУ руу хэсэг хугацаанд нийлүүлсэн ч Сибирь, Якут, Камчаткад асар том ордтой хойд хөршийнхөнд Монголоос нийлүүлж буй багахан алмаас тийм ч хэрэгтэй байгаагүй тул тэгсхийгээд экспортыг зогсоожээ. 

Гэхдээ тэд тайландаа “Монголын алмаасын нөөц Африк, Якутынх шиг их биш ч дэлхийд нэлээд дээгүүрт орно” гэж дурджээ.

Монголын анхны геологичийн нэг доктор, профессор Ж.Лхамсүрэн алмаасын нөөц, илэрцийн тухайд “Зарим нутагт бий.

Нүдэнд үзэгдэх төдий урт судлууд бий. Нарийн судлууд нь газрын гадарга дээр гараад ирсэн. Алмаас газрын гүнээс гаралтай эрдэнэ. Гэхдээ ямар ч айл авдартаа байгаа хамаг хатуу эдээ хүнд тоочоод байдаггүй. Цаг нь болохоор гаргах биз” гэсэн нь бий.

Үндэсний стандартчилал хэмжил зүйн төвийн Сорьцын хяналтын хэлтсийн эрдэнийн чулуу шинжээч, Улсын байцаагч Ш.Бямбасүрэн хэлэхдээ “Монголд 1960 оноос үнэт чулууны хайгуулын шинжилгээний анги байгуулагдаж, 1980 он хүртэл ажилласан.

Монголын нутгаас 160 гаруй хагас үнэт эрдэнийн чулууны орд нээж илрүүлсэн. Үүнээс 20 гаруй ордын чулууг нь авч ашигласан байдаг.

Ер нь бол, олон улсын жишигт геологийн салбарын хөгжил нь уул уурхайн салбараасаа 25 жилийн өмнө явдаг. Ингэснээр геологийн салбар хайгуул хийж орд илрүүлсний дараа уул уурхайн салбар нь ашигт малтмалыг авч ашигладаг.

Монгол эсрэгээрээ өмнө нээсэн ордуудыг ашиглах зориулалтаар Уул уурхайн яам байгуулчихсан. Өнөөдрийн байдлаар, геологийн салбарын хайгуул шинжилгээний ажил уналтад орсон.

Миний бодлоор дэлхийд байдаг бүх төрлийн эрдэс баялаг химийн элемент Монголд байх боломжтой” хэмээн онцолж байв.

Эндээс үзэхэд Монголд эрдэнийн чулууны эрэл хайгуулын ажил мухардмал байсаар иржээ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Ч.ХУРЦ / МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГЕОЛОГИЙН ЯАМНЫ САЙД АСАН/: МОНГОЛД ТОМ ХЭМЖЭЭНИЙ АЛМААС БАЙХГҮЙ

-АЛМААСЫН ИЛЭРЦ, НӨӨЦИЙН СУДАЛГАА МАНАЙД ХЭР ҮР ДҮНТЭЙ ЯВЖ ИРСЭН БЭ?

– Архангай аймгийн нутаг, Хоргын тогоо орчим Шаврын царам гэдэг газарт 1971-1972 оны үед галт уулын бөмбөг гэж бөөрөнхий хэлбэртэй, ногоон өнгийн бөмбөлөг маягийн зүйл байсан.

Тэр нь газрын доороос 60 км гүнээс оргилж гарч ирсэн чулуу. Тэр чулууг Монголын геологиор нэвтэрхий толь болсон Н.А.Маринов гэж ЗХУ-ын эрдэмтэнд өгч алмаасын лабораторид шинжлүүлсэн.

Түүнээс 72 ширхэг алмаас гарсан. Тэгээд тэнд алмаас байна гэж хайгуулын ажил хийж бүхэл бүтэн анги гарсан ч том алмаз олоогүй.

Хамгийн том нь нэг мм хэртэй, зарим нь нүдэнд үл үзэгдэх хэмжээтэй байсан. Тэгэхээр Монголын нутаг алмаастай.

Яг Албанийн тавцан дахь Шит гэдэг чулуулагт байдаг шиг тийм баян Сибирийн алмаас шиг нь олдохгүй. Ингээд 1986 оны үед хайгуулын ажил зогссон.

Гол нь саран чулууны төрлийн гоёлын чулууг нэлээдийг нээж байгаад орхисон. Ер нь бол алмаасын эрэл хайгуулын ажил асар их зардал хөрөнгө шаардана.

Тэр үед манайд тийм хөрөнгө, хүч байгаагүй. Хэдийгээр мэргэжлийн геологичид энэ чиглэлд туршлагажсан ч алмаас олоогүй.

Эртний хэт суурилаг чулуулгийг дагасан зургаан төрлийн чулуу бол бий. Тэрийг дагасан платен байдаг. Тэрийг өөр орчинд үүсэх нь үү гэсэн эрлийн ажлыг 1990-ээд он хүртэл хийсэн ч олигтой юм олдоогүй.

Орд нээж чадаагүй. Хөвсгөл, Завханаас платен олдсон, ирээдүй бий.

Цааш судлах, эсэх нь геологийн ажлыг зогсоосонтой холбогдоод өөрийн эх орны эрдэс баялгаа Монголын 4,500 геологич нь хайх эрхгүй болж, 13 том экспедиц маань хаагдаж, бүх барилга байшинг хувьчилж дуусаад үндэсний геологийн алба маань 30 жилийн дараа буюу энэ онд байгуулагдах шинжтэй байна.

Тэр тохиолдолд Монголын геологичид урьдынхтай адил судалгаа, хайгуул хийхгүй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.12 МЯГМАР  №224  (6191)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610381
0 эможи

зочин
2019-11-12 17:46
Монголд байгаа байхгүй эрдэнэс гэж нэг ч байхгүй хамгийн гол нь өөрсдөө эзэн суух хэрэгтэй.
keyboard_arrow_up