COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зүүн өмнөд Азийн орнуудаас “хөөгдсөн” хятадууд Эрээн, Хөх хотын консулаас виз авч иржээ

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

- Хөрөнгөлөг хятадуудаа луйварддаг сүлжээний гишүүдийг саатуулсан бололтой –

Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаахтай болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран уржигдар шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 4-5 зочид буудалд тусгай ажиллагаа явуулж, БНХАУ-ын харьяат 800 орчим иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн нь өчигдрийн гол дуулиант үйл явдал байв. Энэ сарын 29-ний 20.30 цагаас эхлэн шөнө дунд хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дахь “Кентавр”, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Юнион бюлдинг”, Баянзүрх дүүрэг дэх “Амар”, “Ориентал” зочид буудлын өрөөнүүдийг түрээсэлсэн өмнөд хөршийн иргэдийг саатуулж, тэднээс манай улсын үүрэн холбооны, хямд үнээр дата үйлчилгээ үзүүлдэг гурван операторын 10 000 орчим сим карт, “iPhone-6”, “iPhone-6 plus” загварын 1800-гаад гар утас, өндөр хурдтай сүүлийн үеийн 1000 орчим компьютер хурааж, өдгөө доторх мэдээллүүдийг нь хууль сахиулагчид нягталж байгаа юм.

ХӨХ ХОТЫН КОНСУЛ ОЛНООР НЬ ВИЗ ОЛГОЖЭЭ

Мөн дээрх 800 орчим хүний бичиг баримтыг хураан Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнуудаар хянуулсан. Шалгалтын явцад өмнөд хөршийн иргэд жуулчны болон бизнес ангиллын, 30 хоногийн дотор манай улсад зорчих эрхтэй визийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот болон Эрээн дэх манай Консулын газраас авч, хил нэвтэрчээ. Манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хоногийн дотор зорчих визийг дипломат төлөөлөгчийн газрууд олгодог болсон нь ийнхүү харийн гэмт хэрэгтнүүд манай улсыг онилох гол шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй. ГИХГ-ын дарга Д.Мөрөн манай сонинд ярилцлага өгөхдөө “Эрээн, Хөх хотын Консулын газрынхан өвөрмонголчуудтай бизнесийн сүлжээнд орчихсон гэдгийг Эрээнд ерөнхий консул байсан хүн зурагтаар үнэн л хэлж байна лээ. Бид уг асуудлыг Засгийн газарт танилцуулаад газар дээр нь очиж үзье гэж байгаа юм. Эхний ээлжид шалгахаар Ажлын хэсэг байгуулсан. Уг нь олон улсын жишгээр бол гадаадын иргэн, харьяатын албаных нь мэргэжлийн ажилтан суух ёстой” хэмээсэн. Хөх хотын консулаар манай нэг улстөрчийн ах сууж байгаа бөгөөд дээрх 800 орчим хятад хүнд олноор нь виз олгосон явдалд түүнийг буруутгах хүмүүс ч байгаа юм.

ГИХГ-ын дэд дарга Д.Түвшинтөр “Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай газрын хяналтын улсын байцаагч нар хамтран оролцож, паспорт, бичиг баримтыг нь шалгасан. Өчигдөр өглөөний байдлаар 600 илүү иргэний паспортыг шалгаснаас 500 гаруй нь жуулчны, 100 гаруй нь бизнес ангиллын, 30 хүртэл хоногийн визтэй ирсэн нь тогтоогдсон. Олон нийтийн дунд Хонконгийн иргэн гэсэн мэдээлэл тархаад байгаа. Энэ нь ташаа, Хонконгийн иргэд байхгүй, бүгд БНХАУ-ынх. Олонх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас жуулчин ангиллын виз авсан. Зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас жуулчин, бизнес ангиллын виз авсан байна. Тэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй” гэсэн юм. Тэдний цөөнгүй нь Хонконгоор дамжин Монголд ирсэн байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хятадууд олноороо орж ирж, гэмт үйлдэл хийсэн байж болзошгүй гэх мэдээллийг ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав нараас сонссон. Энэ үеэр ч өмнөд хөршийн хотуудад сууж буй Консулынхан хяналтгүй виз олгож буй асуудлыг хөндсөн гэнэ. Аль ч улсын визийг авснаас хойш гурван сарын дотор тухайн орондоо зорчихгүй бол хүчингүй болдог. Тэгэхээр энэ 800 орчим хятад иргэн сүүлийн гуравхан сарын дотор дээрх хоёр хот дахь Консулын газраас виз авсан нь тодорхой.

ТАГНУУЛЫНХАН ӨНГӨРСӨН НАЙМДУГААР САРААС ХОЙШ МЭДЭЭЛЭЛ АВЧЭЭ

Хятадууд ингэж олноороо орж ирэн, зочид буудлуудад байрлаж, манай улсын гурван үүрэн холбооны операторын 10 000 дугаартай сим карт, өндөр хүчин чадалтай 1000 компьютер ашиглаж, мөнгө угаах, санхүүгийн луйврын гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй байгаа юм. Манай улсын хууль сахиулах байгууллагынхан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж буй ч хууль тогтоогчид, шүүхийнхний буруутай үйл ажиллагаанаас болж мөнгө угаасан гэх хэрэгт холбогдогчдод төдийлөн хариуцлага тооцож чадаагүй гэхэд хилсдэхгүй. Тагнуул, цагдаагийнхан мөнгө угаах, санхүүгийн луйврын гэмт хэрэгтэй тэмцэж буйн бодит илрэл нь уржигдрын тусгай ажиллагаа. Гадаадаас, тэр дундаа БНХАУ-аас санхүүгийн луйвар хийдэг байж болзошгүй олон хүн манай улсад ирж магадгүй байгаа тухай мэдээллийг тагнуулынхан өнгөрсөн наймдугаар сараас хойш авч байсан аж. Улмаар сэжигтэй хүмүүс Монголд орж ирмэгц ийнхүү тусгай ажиллагаа явуулсан байна.

Зарим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд улс төрийн аль нэг намын хөлсний бичээчид, “троллууд” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байв. Монгол хэл мэдэхгүй хятадууд аль нэг намын хөлсний бичээч байх ямар ч боломжгүй нь ойлгомжтой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Зүүн өмнөд Азийн орнуудад ажиллаж байгаад хөөгдөж гарсан, санхүүгийн луйвар хийдэг бүлэглэлийнхний нэг хэсэг манай улсад орж ирсэн бололтой. 2016 оноос Тайланд, Малайз, Филиппин, Камбож зэрэг улсад хятадууд олон тооны гар утас ашиглан, тухайн улсын үүрэн холбооны дугаарууд авч цахим луйвар хийж эхэлсэн юм билээ. Хонконгийн “South China morning post” сонинд 2016 онд, https://www.theverge.com/ цахим хуудсанд 2017 оны зургадугаар сард нийтэлсэн мэдээлэлд хятадуудын санхүүгийн ийм луйврын тухай тодорхой мэдээлсэн байгаа юм. Тухайлбал, дээрх цахим хуудсанд “Тайланд, Камбожийн хилийн ойролцоо гурван хятад үндэстнийг саатуулсан. Тэд 400 ширхэг “iPhone” утас, Тайландын үүрэн холбооны 300 000 сим карт, 10 компьютер хэрэглэн санхүүгийн луйвар хийсэн хэрэгт холбогдсон тухай нийтэлжээ. 

Харин дээрх сонинд “Хятад улсад гар утас ашигладаг 1.3 тэрбум, интернэт хэрэглэгч 700 сая орчим хэрэглэгч байгаагийн 90 хувь нь гар утаснаасаа онлайн сүлжээнд холбогддог. Гар утсаар өдөр тутмын ажил амьдралаа зохицуулдаг, цахим хэрэглээ ихтэй эх газрын хятадууд гадаад, дотоодоос цахим сүлжээ ашиглан луйвар хийдэг гэмт этгээдүүдийн золиос болох нь элбэг байна. Хятад улсын иргэдийн гар утсанд өдөрт маш олон дуудлага ирдэг бөгөөд цөөнгүй нь залилангийн хуурамч дуудлага байдаг. Ийм гэмт хэргийн сүлжээнийхэн Хятадын газар нутгаас хальж, Зүүн өмнөд Азийн улсууд, Австрали, Африкийн орнуудад ч үйл ажиллагаа явуулдаг болсон. Хятадын хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр, залилагчид ийм замаар жилд дунджаар 10 тэрбум юань эх газрын иргэдээс луйварддаг. Залилангийн улмаас иргэд насаараа хураасан мөнгөө алдах, бизнес нь дампуурч байв” хэмээн бичиж байжээ.

Энэ он гарсаар Филиппиний хууль сахиулагчид тус улсад цахим луйвар хийж байж болзошгүй 273 хүнийг саатуулсан гэнэ. Тэднээс 950 гар утас, сансрын холбооны 350 төхөөрөмж, 700-гаад компьютер хураан авсан аж. Малайзын хууль сахиулагчид мөн дээрхтэй адил хэрэг өдүүлсэн байх магадлалтай 79 хятад хүнийг баривчилсан гэнэ.

ОРЧУУЛАГЧ ЗАЛУУ ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭЖ ҮЗЛЭЭ

Зүүн өмнөд Азийн зарим оронд байсан хятадуудыг саатуулж, цахим луйврын сүлжээг нь шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор интернэт, үүрэн холбооных нь хяналт сул манай орныг онилж орж ирсэн бололтой. Гэхдээ одоогоор тэднийг чухам юу хийж, ямар мэдээлэл дамжуулсныг хууль сахиулах байгууллагынхан нарийвчлан шалгаж буй. Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийснийхээ дараа ТЕГ-ын дарга Д.Гэрэл “ТЕГ болон ЦЕГ-ын ажилтнууд өнгөрсөн наймдугаар сараас мэдээлэл авч, хятад иргэдийн хийж буй үйлдэл, үйл ажиллагааг хянаж ирсэн. Хятадын хэсэг иргэн манай улсад орж ирээд цахим орчинд ажиллах нөхцөл, боломжийг судалж байв. Тиймээс цаашид энэ асуудал хэрхэн өрнөхийг ТЕГ-аас тасралтгүй ажигласан. Улмаар эхний ээлжид өмнөд хөршөөс 80 хүн орж ирсэн. Ийм замаар өссөөр өчигдрийн байдлаар хятад иргэдийн тоо 800-д хүрсэн. Тэднийг зохион байгуулж, зочид буудлуудад байршуулж байгаа хүн нь ч тодорхой болсон. Тиймээс гол зохион байгуулагч гэж үзсэн дөрвөн хятад, нэг монгол иргэнийг саатуулан байцааж байна. Мөнгө угаахтай холбоотой үйл ажиллагаа явуулсан ч байж мэднэ. Үүнийг тогтоохоор мөрдөх ажиглагаа явуулж байгаа” гэсэн юм.

ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав “Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны оператор компани болон хятадуудын байрлаж байсан таван зочид буудлыг шалгана. Тэднийг саатуулах байр хангалтгүй учраас зочид буудалд нь хянаж байгаа. Зохион байгуулагчдыг нь шалгаж эхэлсэн. Энэ хүмүүсийг шалгалтын дараа албадан нутаг буцаана” гэлээ.

Гол зохион байгуулагч байж болзошгүй зургаан хүнийг “Шангри-Ла” зочид буудлаас баривчилсан гэх мэдээлэл цацагдаад буй. Харин тус зочид буудлынхан үүнийг эрс няцаасан. Гэхдээ тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлага мэдээлэл өгөхдөө таван зочид буудлаас хятад иргэдийг саатуулаад байгаа талаар мэдээлсэн нь уржигдар орой тусгай ажиллагаа явуулсан дөрөв дээр өөр нэг зочид буудал нэмэгдсэнийг баталж буй хэрэг.

Эх сурвалжуудын мэдээлснээр, гол зохион байгуулагчдын нэг, манай улсын иргэнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм байна. Хятад хэлний орчуулагч, бизнес эрхлэгч Эрхэсбаатар хэмээх түүнийг хууль сахиулагчид нэлээд эртнээс хяналтдаа авсан бололтой.

ӨМНӨД ХӨРШИЙНХӨН МАНАЙ ХУУЛЬ САХИУЛАГЧИДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА ГЭЖЭЭ

ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдээлэл өгөхдөө “Хятадын Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс бид тус улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллана” хэмээсэн юм. Тэгвэл БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Монгол Улсын цагдаагийн байгууллагаас манай Элчин сайдын яаманд өчигдөр ирүүлсэн мэдээллээр хятад иргэд байж болзошгүй хэсэг хүнийг цахим залилангийн үйл ажиллагаанд холбогдуулан саатуулах арга хэмжээ авч, одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байна гэсэн. Хятад, Монгол хоёр талын хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй явж ирсэн билээ. Одоогоор хоёр тал энэ асуудлаар нягт харилцаатай ажиллаж байна. Уг хэргийг хуулийн дагуу зөв зохистой шийдвэрлэнэ гэдэгт Элчин сайдын яам итгэж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь уг хэргийг анхааралдаа авч, Монгол Улсын холбогдох байгууллагатай нягт зохицон ажиллах болно” гэсэн байв.

Эх газрын бизнес эрхлэгч хятадуудыг вичат болон үүрэн холбоо, цахим сүлжээний бусад хэрэгсэл ашиглан залилан мэхэлж, санхүүгийн луйвар хийдэг бүлэглэлийн гишүүдийг Монголын хууль сахиулагчид илрүүлсэн байх магадлалтай бөгөөд хэдийгээр манай улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынханд хохирол учраагүй ч Улаанбаатарт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр манай хууль сахиулагчид шалгах юм.

Энэ бүхний эцэст бид ямар дүгнэлтэд хүрэх вэ. Мэдээж, цахим орчны аюулгүй байдлаа чангатгах, үүрэн холбооны хэрэглэгчдэд дугаар олгоход лимит тогтоох шаардлага бий болж байгаа талаар ТЕГ-ын дарга хэлсэн. Хурандаа Д.Гэрэл “Германд нэг хүн гурван сим карт авах эрхтэй байдаг. Гэтэл манайд хэн дуртай нь хэдэн ч сим авч болдог. Тиймээс энэ асуудалд анхаарч, хуульд тусгах нь зүйтэй. Хуулийн төсөл холбогдох байгууллагаас боловсруулсан” гэж ярьсан.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
609888
9 эможи

Бүгдын бууд
2019-10-31 13:47
УИХ ын Сайд дарга нарын Хятадуудтай Хамтарсан Том Мафын сүлжээ л Баысан шдээ
keyboard_arrow_up