COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц

2019 оны 10 сарын 15

-Улсын төсвөөс санхүүждэг улстөрчдийн хувийн сургуулиудыг танилцуулж байна-

Сүүлийн 20 жил Нийслэлд борооны дараах мөөг шиг олширсон хувийн сургууль, цэцэрлэг өнгөн дээрээ ашгийн бус боловсролын байгууллага мэт харагддаг ч үнэн хэрэгтээ ашиг олох томоохон эх үүсвэр юм. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 114 сургууль, 442 хувийн цэцэрлэг ажилласан. Тэд 2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвөөс 36 тэрбум, 765 сая төгрөгийг хувьсах зардалд авчээ. Татаас авдаг эдгээр хувийн сургуулиуд дунд 3 хүүхэдтэй, 5 сурагчтай, 13, 16 хүүхдэд хичээл заадаг сургууль ч бий.

Хувийн сургуулиудын энэ намрын төлбөр 2.4 саяаас нэг өрөө байрны үнэтэй дүйж байна. Жирийн дундаж цалинтай иргэний нэг жилийн цалингаас хэт давсан төлбөртэй эдгээр сургуулиудыг үнэ хөлсгүй Төрийн өмчийн сургуулиудтай харьцуулбал Боловсролын үе үеийн сайд нар ямархуу шударга бус тогтолцоог бий болгосон бэ гэдэг нь харагдах юм.

Төрийн өмчийн сургуулиуд хувьсах зардлаа аваад багш, ажилчдынхаа цалинг тавьж, дулаан, цахилгаан ашигласан ашиглалтын төлбөртөө өгөөд таардаг бол хувийн сургуулиудын хувьд хувьсах зардал нь эздэд ашиг болон очдог. Ийм тэнцвэргүй, эсрэг тэрсэг боловсролын тогтолцоо бий болсон байхад Боловсролын яам ч, Засгийн газар ч хувийн сургуулиудыг яагаад хувьсах зардлаар тэжээсээр байдаг вэ?

Хувийн цэцэрлэг, сургуулиуд ихэвчлэн Монголын улс төрд нөлөөтэй, эдийн засгийн тодорхой хувийг атгадаг томчуудын бизнес. Эсвэл тэдний ах дүү хамаатан садны эзэмшилд байдаг байна. Тэд боловсролын салбарт зүгээр ч нэг бизнес эрхэлдэггүй, төсвөөс хувьсах зардал авч хэтэвчээ дүүргээд гаршчихжээ.

Боловсролын сайд нар нь өөрөө хувийн сургууль нээдэг, дараагийн Засгийн газрын шинэ сайд томилогдохоор лообий хийж, төсвийн халаасыг тэмтэрдэг уламжлал өнөөдөр бат бөх нутагшчихсан байх  юм.

2014-2015 онд Засгийн газар хувийн сургуулийн хувьсах зардлыг танах ажлыг эхлүүлсэн байдаг. Гэвч 2016 оны тавдугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БСШУ-ы сайд Л.Гантөмөр нар Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалыг шинэчлээд, бүгдийг нэмээд тавьчихжээ. Ийнхүү сургалтын төлбөрөөрөө оршин тогтох боломжтой хувийн сургуулиуд улсын төсвийн санхүүжилтэд “хачиг” шиг наалдан дахин санхүүжиж эхэлсэн хэрэг.

Ингээд Улаанбаатарын хамгийн өндөр өртөгтэй сургуулиудыг жагсаая.

Нэг: AMERICAN SCHOOL OF ULAANBAATAR

ANU Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц

Товч танилцуулга: Зайсанд 2006 онд байгуулагдсан American school  of Ulaanbaatar бол цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн хүүхдүүд суралцах Бага сургууль, 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг Ахлах сургуулиас бүрддэг.

72485967_513881186118627_431646442336026624_n Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц

Эзэд: Монголын хамгийн өндөр өртөгтэй хувийн сургуулийн нэг American school  of Ulaanbaatar-ын эзэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэдгийг Та дээрх баримтаас харж байна. Тус сургуулийг 2019 оны дөрөвдүгээр сард экс Ерөнхийлөгч, экс Ерөнхий сайд нар нэр дээрээ албан ёсоор шилжүүлэн авчээ. Өнгөрсөн онд улсын төсвөөс хувьсах зардлын санхүүжилт авсан сургуулийн нэрс дотор American school  of Ulaanbaatar байхгүй. Төлбөрийн хувьд тус сургуульд:

4-5 настай хүүхэд цэцэрлэгийн ангид – 13 сая төгрөг Бага ангийн сурагчид – 16 сая төгрөг

Дунд болон ахлах ангийнхан 24 сая төгрөгийн төлбөртэйгээр сурч байна. Энэ сургууль 2019 оны хичээлийн жилд 513 хүүхэд суралцаж байгаа мэдээлийг БСШУ-ны яаманд гаргаж өгчээ. Сурагчдын төлбөрийг 18 сая хэмээн дундаж ханшаар тооцвол өнгөрсөн онд 9 тэрбум гаруй төгрөгийг төлбөр болгон  авсан байна.

Хоёр: УЛААНБААТАР БРИТИШ СУРГУУЛЬ

BRIT Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц Товч түүх: Зөвхөн Монгол хэл, Монголын түүх, Монгол бичигийг монгол хэл дээр заадаг энэ сургууль 2010 онд байгуулагдсан. EKO Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц

УЛААНБААТАР БРИТИШ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАРИМТ

Эзэд: Сургуулийг Эко скүүл гарден ХХК байгуулсан бөгөөд энэ нь Петровес ХК-ны захирал Жанчивын Оюунгэрэлийн компани юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Засгийн газрын тусгай сангуудаас байнгын “тэтгэмж” авдаг Монголын хамгийн том нефть импорлогч компанийн эзэн эмэгтэй 2019 оны хичээлийн жилд 231 хүүхэдтэй сургуульдаа 37 сая 345 мянган төгрөг авсан байна. Энэ сургуулийн төлбөр:

3-4 настай цэцэрлэгийн бүлгийнхээс жилд 4880 доллар төлдөг, 4-5 настай бэлтгэл бүлгийнхэн 6980 долларын төлбөртэй сурдаг, 1-6 дугаар ангийнхан 10.080 – 14.970 доллар төлнө,

7-13 дугаар ангийнхан 16.680 – 19.350 долларын төлбөр төлж сурдаг. Энэ нь 2020 оны хичээлийн жилд тогтоосон ханш бөгөөд эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийнхээ сургалтын төлбөрт 13 сая 176 мянган төгрөг, 13 дугаар ангийн хүүхдүүддээ 52 сая 252 төгрөг зарцуулан сургаж байна.

Энэ бол хотын төвийн нэг өрөө байрны үнэ юм. Харин багш нарынх нь цалин маш муу. Сургуулийн вэб сайтад есдүгээр сарын 18-нд бага ангийн багш ажилд авах зар байршсан байх ба цалингийн саналаа 600-800 мянган төгрөг хэмээн тодотгоод, наймаачны шинжтэй “тохиролцоно” хэмээх үгийг хавчуулсаныг доорх баримтаас харна уу.

033-1 Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц

Гурав: ГЛОБАЛ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

04-13 Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц

Товч түүх: Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг  үндэсний цөм хөтөлбөртэй хослууулан хэрэгжүүлнэ гэсэн зорилготой энэ сургууль Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг.

Эзэд: Сургуулийн эрхийг Интернэйшнл Эдүкэйшн Скүүл Оф Монголиа ХХК авсан байдаг. Харин Интернэйшнл Эдүкэйшн Скүүл Оф Монголиа ХХК нь Цагаачийн Отгонбаатарынх бөгөөд Ц.Отгонбаатар нь Монголын хамгийн ууган, хамгийн том ноолуурын Говь ХК-ны ТУЗ-ын гишүүн аж.

Глобал Олон улсын дунд сургуулийн төлбөр бага, дунд, ахлах ангийн ялгаа байхгүй, бүгд ижил 10 сая төгрөг юм байна. Харин тус сургууль 2019 онд улсын төсвөөс 580 хүүхэдтэй гэсэн бүртгэлтэйгээр хувьсах зардалд хэмээн 192 сая 926 мянган төгрөг авсан бол эзэд нь сурагчдын сургалтын төлбөрөөс 5.8 тэрбумыг хураасан байх нь.

Монгол Улс нэг хүүхдэд 12 жилийн боловсрол эзэмшүүлэхийн тулд хичнээн төгрөг зардаг вэ гэсэн тооцоог өнөөдөр Боловсролын яам ч, Засгийн газар ч бодитоор тогтоож дийлээгүй явна. Ижил үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлбөрийн ялгаа юунд байдгийг тогтоох, тооцох сонирхол ч салбарын яамныханд алга.

Ийм тооцоо судалгааг хийж, төрөөс гарах зардлыг бууруулах алхам хийдэггүй шалтгааны ард улстөрчид, монголын эдийн засагт нөлөөгөө тогтоосон бизнесийн бүлэглэлүүд төсвийн хөрөнгөнд их бага хэмжээгээр гараа дүрж, гэр бүлээ тэжээх, хувийн хөрөнгөө нэмэгдүүлэх  сонирхлууд нуугдаж байдаг аж.

Глобал Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц Интернэйшнл-Эдүкэйшн-Скүүл-Оф-Монголиа Хувьсах зардлын бизнес: Тэрбумын ашигтай хувийн сургуулийн эзэдтэй танилц

Үргэлжлэл бий…

Д.ЖАРГАЛАН

Эх сурвалж: UPDOWN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
609297
1 эможи

Зочин
2019-10-15 21:43
Зочин
2019-10-15 16:44
keyboard_arrow_up