COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Магнайсүрэн: Хот байгуулалтын тухай шинэ хууль нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа асуудлуудыг бүрэн шийднэ

2019 оны 10 сарын 09

“Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийн үеэр Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултад хариулт авлаа.

-Хот байгуулалтын тухай хууль анх батлагдахдаа 4 бүлэг 18 зүйл заалттай байсан бол энэ удаад 10 бүлэг 56 зүйл заалттай болж өргөжсөн байна. Хуульд яг ямар, ямар давхардал байгаа учраас хуулийн төслийг шинэчлэхээр болсон бэ?

-Хот байгуулалт байгуулалтын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдэг үзэл баримтлал 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суусан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Барилга хот байгуулалтын яам хуулийн төслийг боловсруулж батлуулна гэж тусгагдсан. Манай яамны зүгээс хуулийн төслийг 2019 ондоо багтааж Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-аар батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Хот байгуулалтын хууль бол суурь хуулиудын нэг. Өнгөрсөн хугацаанд хот байгуулалттай холбоотой нэлээдгүй зөрчлүүд  бий болсон учраас ихээхэн шүүмжлэл нийгэмд өрнөж байгаа. 

Тиймээс Барилга хот байгуулалтын яамнаас энэ хуулийн төслийг эцэслэн боловсруулаад өнөөдөр салбарын эрдэмтэн, судлаачдынхаа саналыг авахаар эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

-Манай улсын нийт хүн амын 70 гаруй хувь төв суурин газарт амьдардаг. Тэгвэл энэ хууль батлагдсанаар хот суурин газрын хүн амын төвлөрлийг бууруулж, нийт нутагтаа тархаж амьдрах боломжийг бий болгоно гэсэн гол заалт энэ хуулийн төсөлд тусгагдсан байсан шүү дээ. 

-Хот байгуулалтын хуулийн үндсэн гол концепц нь Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотыг яаж барьж байгуулах вэ, барилга байгууламжийг хэрхэн барих вэ гэдэг асуудлыг голчлон зохицуулж байгаа явдал юм. Өнөөдөр нэг зүйлийг бид бүхэн ойлгож байгаа. Тэр нь юу вэ гэхээр хуучин Зураг төслийн хүрээлэн гэдэг төрийн институт хот байгуулалтын бодлогын суурь баримт бичгийг боловсруулдаг байсан. Гэтэл энэ байгууллага маань өнөөдрийн байдлаар үндсэндээ байхгүй болсон. 

Энэ удаагийн хот байгуулалтын хуулийн шинэчилсэн найруулгаар Зураг төслийн хүрээлэнг эргэж сэргээх ёстой гэсэн концепц оруулж ирж байгаа.Ингэснээрээ Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг энэ байгууллага хийнэ. 

Өнөөдөр л гэхэд Дархан-Уул аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хувийн компани хийж байх жишээтэй. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн орчинтойгоо нийцэж байгаа боловч өргөн агуулгаараа бид бүхний хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Тийм учраас үүнийг судалгаа тооцоотойгоор төрийн байгууллага нухацтайгаар хийх ёстой. Энэ утгаараа төрийн статустай байгууллагад энэ чиг үүргийг нь шилжүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. 

Үүн дээр нэмээд аймаг, нийслэлийн Ерөнхий архитектор гэдэг чиг үүргийг бид энэ хуулиар тодорхой болгож өгч байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр аймгуудын ерөнхий архитекторууд өөр, өөр статустайгаа аймаг болгондоо ажиллаж байна. Үүн дээр нэмээд улс төрийн албан тушаалтнуудыг энэ албан тушаалд томилоод, сонгуулийн мөчлөг дагаад халаа сэлгээ хийгддэг. Мэргэжлийн субъектийг ингэж богино хугацаанд тогтворгүй ажиллуулах нь сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Тийм учраас аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторууд ямар чиг үүрэгтэй байх вэ, энэ албан тушаалд ямар субъект томилох вэ, ямар мэргэжлийн хүн байх вэ гэх мэт асуудлуудыг нарийн зохицуулж хуульд тусгаж өгсөн.

-Хэлэлцүүлгийн явцад зарим судлаачдын зүгээс, “Одоо мөрдөгдөж байгаа хууль төдийлөн хөрсөн дээр бууж хэрэгждэггүй, олон хууль тогтоомжтой зөрчилддөг. Харин шинэчлэн найруулсан хуулийн төслийг нэлээдгүй хөрсөн дээр буусан хуулийн төсөл болсон байна” гэдэг байр суурийг илэрхийлж байна? 

-1998 онд батлагдсан хот байгуулалтын хууль тухайн үед үүргээ гүйцэтгэсэн. Гэвч өнөөдрийн хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа.

Өөрөөр хэлбэл энэ хуулийн төсөл цаг үеэсээ хоцорсон гэж хэлж болно. Тиймээс бид энэ удаагийн шинэчилсэн найруулгаар Ногоон байгууламжийн тухай асуудал, Авто зогсоолын тухай асуудал, Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай асуудал гэх мэт гурван салангид, зайлшгүй зохицуулалт шаардагдаж байсан бие даасан асуудлуудыг нэгтгэж нэг тогоонд оруулсан.

Өнөөдрийн байдлаар дөрвөн тусдаа жижиг хууль гарахаар байсныг бид нэг том хууль болгож базсан. Ингэснээрээ хуулийн уялдаа холбоо зохицуулалт илүү сайжирна. Товчхондоо бол, хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өнөөдрийн нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа зарим асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадна хэмээн харж байгаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609089
0 эможи

Зочин
2019-10-09 23:13
Зочин
2019-10-09 17:56
keyboard_arrow_up