COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Амарсанаа: Хүрэн баавгай бол хамгийн олон амьтан судлаач идсэн амьтан

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн инноваци холбооны тэргүүн, амьтан судлаач Г.Амарсанаатай ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт баавгай айл руу дайрч хоёр ч хүн харамсалтайгаар амиа алдаад байна. Тэнд одоо ч нөхцөл байдал хүнд байгаа бололтой. Баавгай ямар учраас хүн рүү ингэж дайрдаг юм бэ?

-Өлсгөлөн баавгай хүн рүү дайрдаг. Өлссөн амьтан юунаас ч айхгүй болдог. Өлссөн махан идэшт амьтад эцэж тураад ан амьтан барьж чадахгүй болчихдог учраас мал руу тэгээд хүн рүү дайрдаг. Барихад малаас амархан амьтан бол хүн шүү дээ. Хамгийн том аюул нь хүний мах идсэн баавгай амтшаад хун рүү л дайрах гээд байдаг.

-Хорхойтсон, хүн рүү дайрсан баавгайг шууд алах ёстой биз дээ. Хорхойтсон баавгайг алахад хэцүү юу?

-Хорхойтсон баавгайг агнаж байж л зогсоодог. Гэхдээ амьтад сэтгэдэггүй л болохоос ухаантай. Ялангуяа хүн рүү дайрсан баавгайг агнахад маш хэцүү. Ер нь хүн идээд сурчихсан амьтдыг жинхэнэ мэргэжлийн анчид л агнаж аюулгүй болгодог жишиг бий. 

-Баавгай мэтийн араатнууд хүн рүү, суурин газар руу дайрдаг тохиолдол манайд мэр сэр гарч л байсан. Дэлхийд ийм халдлага бас цөөнгүй гардаг юм билээ?

-Ховор л доо. Гэхдээ түүхэнд үлдсэн амьтад цөөнгүй. Танзанд 1932 онд 1500 хүн барьсан сүрэг арслан, Балба Энэтхэгийн хил залгаа нутгийн 436 хүн идсэн Чампаватын гэж алдаршсан эм бар, Энэтхэгт 1918-1926 онд 125 хүн идсэн леопард гэх ирвэс, Финландад 1880-1881 онд 22 хүүхэд идсэн саарал чоно гээд л яривал цааш цуварна.

-Баавгайн хувьд?

-Баавгайн хувьд 1957 онд Энэтхэгт 30 хүн идсэн. Харин хүрэн баавгайн хувьд 1915 онд Японд болсон явдлыг арай илүү тодруулъя. 1915 оны арваннэгдүгээр сард маш том хүрэн баавгай ойгоос гарч ирэн тариачдын хураасан эрдэнэшишийг булаасан байна. Энэ баавгайг эрдэнэшиш идэхээр дахин ирэхэд нь тариачид буудаж шархдуулан хөөж явуулжээ. Гэтэл арванхоёрдугаар сарын эхээр өнөөх баавгай тариачин Отагийн гэрт дайран орж эхнэрийг нь хүүтэй нь барьсан байна.

Баавгайг 30 анчин цуглан мөрдсөн боловч бас л шархдуулан алджээ. Улмаар энэ хүрэн баавгай арванхоёрдугаар сарын 9-14-ний хооронд жирэмсэн эмэгтэйг оролцуулан нийт долоон тариачныг барьж иджээ. Тэр баавгайг туршлагатай анчин Ямамото Хейкити агнасан бөгөөд гурван метр өндөр 380 кг жинтэй байсан гэдэг.

Уг баавгайг тариачны гэр рүү дайран орж буйг харуулсан үзмэр Хоккайдо арлын Санкэбэцу тосгонд одоо ч байдаг. Ер нь хүн иддэг махан идэшт амьтад ямар нэг шалтгаанаар шархдаж ан амьтан барьж чадахаа байсан, эсвэл хөгшин амьтад байдаг. Харин хүрэн баавгайн хувьд хушны самар багатай жил хангалттай тарга авч чадаагүйгээс хүн суурьшсан газруудад орж ирдэг. Ийм баавгайг монголчууд “Хорхойтсон баавгай”, харин оросууд “Медведь-шатун” гэдэг.

-1980-аад онд хорхойтсон баавгай нийслэл рүү орж ирж байсан гэдэг юм билээ?

-Тийм үйл явдал болсон. 1980 хэдэн онд яг ингэж баавгай нийслэлийн зах, малчдын хот руу орж эхэлсэн. Тэр үед би ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд амьтан судлаачаар ажиллаж байсан юм. Тэр үе чинь социализмын үе.

Дарга даргын шийдвэр харж цаг алдах аюултай байсан учраас радио дээр очоод “Хот суурин, хот айл руу ойртсон баавгайг газар дээр нь шууд бууд” гээд зарлачихсан юм. Өвөл нь судалгааны ажлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд очиход сум, нэгдлийн дарга Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуай “Зөв шийдвэр гаргадаг сайн хүү” гэж хэлээд томилолтон дээр гарын үсэг зурж, тамга дарж байж билээ.

-Харин энэ удаад хүний амь эрсэдчихлээ. Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Бусад улсад бол БОАЖ-ын сайд, яамны газрын дарга, амьтан хариуцсан мэргэжилтэн гурав шууд огцрох ёстой юм. Манайд бол үгүй юм шиг байна. Иймээс эрдэнэт хүмүүсээ алдсан ар гэрийнхэн, хамаатан садангууд нь өмгөөлөгч авч, энэ гурван хүнийг Захиргааны хэргийн шүүхэд өгч хохирлоо төлүүлэх ганц арга л байна. Ингэвэл ийм тэнэг бас хариуцлагагүй явдал дахиж гарахгүй болно.

-Тэгвэл баавгай өлссөнөөс болоод л хүн рүү дайрдаг байх нь. Түүнээс биш түймэр, эсвэл улаан шоргоолж идэж согтсоноос хүн рүү дайрдаг гэдэг нь ташаа ойлголт юм байна?

-Баавгай гол нь самар л иддэг байхгүй юу. Самар бага хэмжээгээр ургасан жил л ингэж хорхойтож байгаа юм. Манайхан баавгай хорхойтсон гэхээр шоргоолж, өт хорхой идсэнээс байж сууж чадахаа байгаад тэгээд хүн рүү дайрдаг гэж ойлгоод байдаг. Хорхойтсон баавгай гэдэг нь годгоносон баавгай гэсэн үг байхгүй юу. Хорхойтсон гэдэг нь годгоносон хаа сайгүй тэнэж байдаг гэсэн утгатай үг.

Хүн рүү нэг ойртсон амьтан дахин дахин хүн рүү ирэх гээд байдаг учир шууд устгах ёстой байдаг. Хүрэн баавгай бол хамгийн олон судлаач идсэн амьтан. Яагаад вэ гэвэл, баавгайны жинд нь тохируулж унтуулдаг сумаар бууддаг.

Ямар ч амьтныг жинд тохируулж тэгж унтуулдаг сумаар бууддаг л даа. Баавгай бол их жинтэй. Жингээс нь их хэмжээтэй унтуулдаг сумаар буудвал үхчих аюултай учраас бага жинд нь буудаад хэмжилт хийж, дээж аваад байж байхад баавгай босоод ирдэг. Үүгээрээ л хамгийн олон амьтан судлаачийг идсэн амьтан гэгддэг.

Хорхойтсон баавгайг шархдуулчихвал л хүн идээд эхэлдэг. Ан амьтан идэж чадахаа байгаад хүн рүү дайраад эхэлдэг. Би дээр дурдсан олон хүн идсэн бар байгаа биз.

-Балба Энэтхэгийн хил зал гаа нутгийн 436 хүн идсэн Чампаватын гэж алдаршсан эм бар уу?

-Тийм. Тэр яасан бэ гэхээр үхэр зарааг барьж идэх гэж байхад нь сарвуу руу нь зарааны өргөс орсноос түүндээ зовуурилаад амьтан барьж идэж чадахгүй болонгуутаа хүн барьж идсэн байдаг юм. Баавгайны хувьд самаргүй жил ингэх гээд байдаг байхгүй юу.

-Хорхойтсон баавгай дөхөж ирвэл, айл, суурин газар руу орж ирэхэд нэгдүгээрт авах арга хэмжээ юу вэ. Хүн өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Шууд буудах ёстой. Өөр арга хэмжээ байхгүй. Харьяа яам нь ийм баавгай ямар аюул учруулдгийг мэдэхгүй байна.

-Баавгай албал торгуультай гээд буудахгүй байгаа юм биш үү?

-Юуных нь торгууль байдаг юм бэ. Хүний амь яригдаж байхад юун торгууль вэ. Ийм тохиолдолд харьяа яамны сайд нь шууд огцрох ёстой. Байгалийн гэнэтийн үзэгдэлд шуурхай арга хэмжээ авах ёстой байдаг. Гал түймэр, шуурга болдогтой адилхан үйл явдал.

-Хууль, дүрэм журамд “Хорхойтсон баавгай хүн рүү дайрсан тохиолдолд шууд буудах ёстой” гэсэн заалт байдаггүй юм байна, тийм үү?

-Тийм заалт огт байдаггүй. Тэгэхээр шинжлэх ухаан дээр үндэслэж иргэний зориг гаргаж өөрсдөө шийдвэрлэх ёстой байхгүй юу. Дээр үед тэгж зориг гаргаж л байсан байгаа биз дээ. Социализмын үед баавгай алсан гээд буруутгавал буруутгахаар байсан. Гэтэл намайг яагаа ч үгүй, ямар ч дарга загнаагүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609055
1 эможи

Зочин
2019-10-09 16:24
hunii aminaas unetei baabgai Mongold l bna shdee kh kh
Зочин
2019-10-09 12:15
keyboard_arrow_up