COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Баавгай аав, хүү хоёрын аминд хүрсэн хэргийн мөрөөр...

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны алтны уурхай, нинжа нараас үргэсэн баавгайнууд ой руугаа буцаж чадахгүй байна-

Идэш тэжээлийн хомсдолд орж ой тайгаасаа дайжсан “хорхойтсон” баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол элбэгшжээ. Сэлэнгэ аймагт л гэхэд Жавхлант, Хүдэр, Ерөө, Алтанбулаг гэрэг сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа баавгай орж ирсэн байна. Суурьшлын бүсэд баавгай орж малчин айлын гэр, хашааг нураах, бэлчээрт байгаа болон хоттой хонь мал идэх зэргээр иргэдийг сандаргаж байсан.

Харин энэ сарын 2-ны үүрийн 04.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойтын галд нутаглаж байсан айл руу баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар баавгай аав, хүү хоёрын толгой болон хөл, гарыг хэдэн хэсэг болгон тас татжээ.

Амиа алдсан иргэн 40 орчим насных бол хүү нь найман настай гэнэ. Тус иргэн сумандаа бичил уурхай эрхэлдэг байсан тул уурхайн ордныхоо ойролцоо, сумын төвөөсөө 70 гаруй километрт нутагладаг байж. Эхнэр нь Улаанбаатар хотод ажил хөөцөлдөхөөр явсан хойгуур ийм золгүй явдал болсон аж. Харин бичил уурхай хамтран ажиллуулдаг иргэн “Нөхөр нь хүүтэйгээ хамт уурхайгаа сахиад үлдсэн.

Эхнэр нь бидэнтэй хамт бидэнтэй хамт ажлаар хотод ирсэн юм. Бид нэгдээд хоршоо байгуулаад бичил уурхай эрхэлдэг. Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг төдийгүй сум орон нутагтаа татвараа төлдөг, ус ашигласны төлбөр, нөхөн сэргээлт бүгдийг нь хийдэг. Засгийн газраас гэнэт шийдвэр гаргаж уурхайг хааж техник хэрэгсэл битүүмжилсэн. Энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж зөвшөөрлөө сэргээлгэхээр ирээд байх хойгуур ийм зүйл боллоо” хэмээн ярив.

Энэ талаар тус сумын байгаль орчны улсын байцаагч Х.Алтантасаас тодруулахад “Амиа алдсан иргэнийх сумын төвөөс алслагдсан бүсэд амьдардаг. Манай сумын суурьшлын бүс нутагт өнгөрсөн жилээс баавгай орж ирэх тохиолдол хэд хэд гарсан.

Өнгөрсөн жилийн өдийд баавгай айлын гэр болон хашааг нураах, идэх хоол хайх зэрэг тохиолдлууд хоёр, гурван удаа гарч байсан. Энэ жил хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа.

Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, сум орон нутгийн түвшинд баавгайг үргээх арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн иргэд болон малыг баавгайн халдлагаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд ой мод руу зорчуулахгүй, бэлчээрт яваа малаа эзэнтэй байлгах зэрэг зөвлөгөөг өгч байгаа. Сүүлийн үед баавгайн тоо толгой эрс нэмэгдэх хандлагатай байна. Мөн буудаж болохгүй учраас хий буудан үргээж хөөж байгаа” гэв.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Оргил “Хэргийн газар цагдаагийн албан хаагчид ажиллаж, эхний шинж тэмдэг, ул мөрөөр баавгай айлын гэрт орж хүний аминд хүрсэн байна гэж үзэж байгаа. Баавгай гэр рүү дайрч орсон баримт бий. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаандаа явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Хүний амь эрсдэж буй ийм нөхцөл байдлыг үндэслэн айл руу халдаж байгаа нутаг дэвсгэр, баавгай үзэгдэж байгаа газруудад хамгаалалт гаргасан.

Хүчний байгууллагуудтай хамтарч таван сум, тосгонд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Бид хүний аминаас үнэтэй араатан гэж байхгүй гэж үзэж БОАЖЯ-руу албан бичиг хүргүүлж, өнөөдөр (өчигдөр) биечлэн очиж уулзсан. Энэ талаар маргааш (өнөөдөр) хариу гарна” гэсэн юм.

Баавгай намрын цагт самар жимсээр хооллодог амьтан. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн ойд самар, жимсний ургалт эрс муудаж баавгай хоол, тэжээлийн хомсдолд орсон гэдгийг албаныхан онцоллоо. Энэ жил гэхэд л найман аймгийн 61 сумын нутагт хуш модны самар огт ургаагүй гэнэ.

Монголчууд сүүлийн 20-иод жил хушин ойгоо сүйтгэж, самраа вагон вагоноор урд хөрш рүү зараад туучихсан учраас уул уурхай, иргэдэд сэглэгдсэн хушин ой үхчиж, самар жимс ургахаа больж, үүгээр хооллодог ан амьтад тураалдаа орж байна. Сэлэнгэ аймгийн Ереө сум, тэр дундаа тус сумын III баг Бугант тосгоныг бүхэлдээ нинжа нарын суурин, хууль бусаар алт олборлогчдын үүр уурхай болсон гэж нутгийн иргэд ярьж байлаа.

Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан Ерөө гол дагуух алтны 19 компанийг шалгахад дөрөв нь л зөвшөөрөлтэй байж. Хууль бусаар алт олборлож байсан тэдгээр компанийн бүгдийнх нь техник хэрэгслийг лацдан, үйл ажиллагааг нь зогсоожээ. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн есдүгээр сард бичил уурхайнуудыг бүгдийг нь зогсоосон байна.

Энэ талаар Ерөө сумын Байгаль орчны улсын байцаагч Х.Алтантас “Бид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайнуудыг зогсоосон. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй дөрөв, таван компани бий.

Тэд баавгай болон ан амьтдын орчныг сүйтгэсэн зүйл байхгүй” гэлээ. Зөрчилтэй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоолоо ч гар аргаар алт олборлогчид хүчрэгдэхгүй нь. Өөр аймаг, сумаас ирсэн хүн ч цөөнгүй байдаг гэнэ.

Ялангуяа иргэд нөхөрлөл байгуулах нэрийдлээр нэгдэн, хууль бусаар алт олборлож, байгаль сүйтгэх болжээ. Бичил уурхайн үйл ажиллагааг нь зогсоочихоод өөр газар руу шалгалтаар явах хооронд л үйл ажиллагаагаа эхэлчихдэг байна. Бид Ерөө сумын Засаг даргаас бичил уурхай баавгайн амьдрах орчинд нөлөөлж байгаа эсэх талаар тодруулах гэсэн боловч тэрбээр уурхайтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609044
0 эможи

Зоо
2019-10-09 12:24
Самар ургах боломжтой бүдүүн мөчирүүдийг хугалаад хаячихсан байна лээ. Самар энэ жил ургаагүй биш ургасан тэгэхдээ боргоцой нь идээ гарахаас өмнө нарийхан мөчир нь даалгүй уначихсан
Зочин
2019-10-09 12:12
keyboard_arrow_up