COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баярбадрах: НАСА-гийн хамгийн том зорилго 2024 онд саран дээр анхны эмэгтэй нисэгч буулгах

2019 оны 10 сарын 07

- МАНАЙХ НАСА-ИЙН ТӨСЛҮҮД ШИГ ТОМ ТӨСЛҮҮДИЙГ АЛСЫН ЗОРИЛГО БОЛГООД ТУУШТАЙ ДЭМЖЭЭД ЯВБАЛ МАШ ОЛОН САЛБАР ХӨГЖИНӨ -

НАСА бол дэлхий дахинаа сансар судлалын хамгийн том байгууллага. НАСА-гийн сансрын нисгэгч Жон Гленний нэрэмжит судалгааны төвд ганц монгол хүн ажилладаг. Тэр бол Б.Баярбадрах юм. Б.Баярбадрахтай НАСА-гийн шинэ судалгаа, сансар судлалын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе.


-Сайн байна уу. Ярилцлагаа сансар судлалын шинэ чиг хандлагын талаар эхэлье гэж бодож байна. НАСА энэ цаг үед ямар зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байна вэ?

-Сайн, сайн байна уу. Юуны өмнө НАСА гэж байгууллагын талаар товчхон тайлбар хийе. Америкийн сансар судлал болон сансрын нислэгийн агентлагийн төв удирдлага нь Вашингтон ДС-д байрладаг. Америкийн бусад мужуудад судалгааны чиглэл тус бүрээр дагнасан 10 салбар төвтэй. Тэдгээр салбаруудын нэг болох, сансрын нисгэгч Жон Гленний нэрэмжит судалгааны төв (NASA Glenn Research Center)-д миний бие ажиллаж байна. НАСА-гийн үйл ажиллагааны хамрах хүрээ нь одон орон, сансар судлал, сансрын технологи, иргэний болон цэргийн нисэхийн технологи гэх мэтээр маш өргөн болохоор тэр бүх судалгаа, технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлуудыг НАСА дангаараа хийдэггүй. Харин бусад их сургууль, төрийн болон хувийн хэвшлүүдтэй хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, чиглүүлэх байдлаар ажилладаг. Тэр бүгдийг дурдана гэвэл урт жагсаалт болно, бас би ч ихэнхийг нь сайн мэдэхгүй. Одоогоор НАСА-гийн төлөвлөж байгаа хамгийн том зорилго гэвэл 2024 онд саран дээр анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэй нисэгч буулгах “Артемис” хөтөлбөр, тэндээс дамжаад Ангараг гариг руу нисэх төсөл юм. Хүн төрөлхтөн саран дээр анх хөл тавьсны 50 жилийн ой энэ жил болж байгаа. Нэрний хувьд сонирхуулахад, анхны төсөл нь эртний Грекийн бурхадын нэг болох Аполлогоор нэрлэгдсэн байсан бол энэ удаагийн төсөл нь Аполлогийн ихэр эгч Артемисийн нэртэй.

-Сонирхолтой юм. Гэхдээ АНУ-ын Шатлл хөтөлбөр зогсож, сансарт нисгэх пуужингүй болсон шүү дээ. Мэдээж пуужинтай болохыг оролдож байгаа болов уу?

-НАСА сансрын хөлгийн “Шаттл” хөтөлбөрөө 2011 онд зогсоосон нь тэдгээр хөлгүүд нь хуучирсан, ашиглалтын зардал хэт өндөр болсонтой холбоотой. Дараагийн “Артемис” хөтөлбөрт хэрэглэх сансарт хөөргөх системийг (Space Launch System) “Боинг” компанитай хамтраад зохион бүтээж байгаа. Дэлхийн тойрог замаас цааш аялал хийх “Orion”сансрын хөлгийг Европын сансрын агентлагтай хамтраад хийж байна. Америк талаас хүмүүсийн сайн мэдэх байлдааны “F-22”зэрэг онгоцуудыг хийдэг “Lock­heed Martin”компани оролцож байгаа. Сарны тойрог замд ажиллах олон улсын сансрын станцын“Gateway” төслийн эхний модуль болох PPE (Pow­er Propulsion Element) төслийн шалгаруулалтаар нам орбитын хиймэл дагуулын чиглэлээр мэргэшсэн “Maxar”гэж компани ажиллаж эхэлж байна гээд маш олон төсөл зэрэг зэрэг явж байгаа. Миний бие “PPE”модульд НАСА-ийн зүгээс яг ямар шалгуурууд тавих вэ гэсэн техникийн даалгавар боловсруулах ажилд хэсэг оролцож байсан. Тэр хооронд олон улсын сансрын станцад ачаа хүргэх, сансрын нисэгчдээ явуулах зэрэг ажлыг хийж “SPACE-X”, Оросын “Роскосмос”-т мөнгө төлж явуулж байгаа. Ер нь сансарт нисэх өртгийг яаж бууруулах вэ гэдэг дээр анхаарч, төр хувийн хэвшлийн түншлэлийг маш өндөрт үзэж байна. Хувийн компани илүү сайн, хямд технологи санал болгож байгаа нөхцөлд тэрийг нь л ашиглая, дугуйг шинээр зохион бүтээх шаардага байхгүй гэсэн бодлоготой байгаа.

-НАСА Монголын говьд төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ, үр ашиг нь ямар вэ?

-Тэр талаар тодорхой мэдээлэл алга. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай талаас тийм хүсэлт тавьсан гэж ойлгосон. Манай талаас ийм санаачилга гаргаад явж байгаа нь сайхан хэрэг.

-Сансар судлалтай холбоотойгоор харь гариг, нисдэг таваг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ талаарх кино уран бүтээлүүд ч байдаг даа. Үнэхээр тийм зүйл байдаг юм уу, эсвэл хийсвэр ойлголт уу?

-Харь гариг гэвэл мэдээж байгаа. Манай нарны аймагт гэхэд дэлхийгээс гадна долоон гаригтай. Нарны аймгаас гадна бол бүр асар олон байгаа. Тухайлбал, шөнийн тэнгэрт харагдах од нь бүгд л нэг нар гэж ойлгож болно. Бидэнд ажиглагдах ертөнцөд 100 тэрбум галактик бий. Тэдгээрийн нэг болох манай “сүүн зам” галактикт гэхэд хэдэн зуун тэрбум одод байдаг. Тэр бүгдийн 10 орчим хувь нь манай нарны аймаг шиг гаригуудтай байдаг гэсэн тойм тооцоо байна. Тэгэхээр өөр гаригууд маш олон байдаг байх нь. Харин тэдгээр гаригууд нь манай дэлхийтэй төстэй, амьдрал тэтгэх боломжтой эсэх нь тухайн гаригийн температур, агаар мандал, ус эрдсийн найрлага гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.Нарны аймгаас гадна орших гаригуудыг хайж олох зорилготой “Кеплер” сансрын дуран хэдэн мянган гариг нээж өгөөд саяхан ажиллагаагүй болсон.Илүү сайжруулсан дараагийн телескопыг хийж хөөргөхөөр ажиллаж байгаа.Одоогоор мэдэгдсэн хамгийн ойрын гариг дөрвөн гэрлийн жилийн алсад байгааг илрүүлсэн. Нисдэг тавагны тухайд бол илүү уран зөгнөлт ойлголт.

-Эрдэмтэд устай гариг нээснээ мэдэгдээд байгаа. Ус байгаа юм чинь амьдрал байгаа гэж ойлгож болох уу?

-Тэрийг одоогоор мэдэх боломжгүй байх. Тус гаригийг анх “Кеплер” дурангаар илрүүлээд, сансрын “Хаббл” дурангаар спектрийн өргөн мужид авсан хэдэн жилийн мэдээллийг нарийвчлан судалсны үндсэн дээр ямар ч байсан агаар мандалд нь усны уур байгааг тогтоосон нь тус гариг дээр амьдрал байх өндөр магадлалтай гэсэн үг. Гэхдээ цаашид илүү нарийн мэдээллүүд гаргаж авах зорилготой илүү хүчирхэг дуран ойрын үед хөөргөх зорилготой байгаа ч техникийн шалтгаанаар хэд дахин хойшлуулаад л байгаа. Ер нь өртөг өндөртэй ямар ч сансрын төслийн найдвартай ажиллагааг шалгаж баталгаажуулах нь маш чухал байдаг. Нэгэнт хөөргөсөн хойно алдаа гарвал асар их хөрөнгө, хүч хөдөлмөр талаар болчихдог. Жэймс Вэб (James Webb) дурангийн судалгааны хамгийн гол бай нь иймэрхүү амьдрал байх өндөр магадлалтай гаригууд байна байх.

-А.Эйнштейний тэртээх 100 гаруй жилийн өмнөх онолын тооцоолол өнөөдөр гариг эрхэс дээр байдаг нь нэгэнт тогтоогдоод байна. Түүний нэг нь таталцлын долгион. Эрдэмтэд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө таталцлын долгионыг гурав дахь удаагаа “барьж авлаа” гэж мэдэгдэж байсан. Таталцлын долгионыг хүн эзэмшиж болдог уу?

-Тэр нээлт бол суурь шинжлэх ухаанд илүү ач холбогдолтой. 100 жилийн өмнөх Эйнштений онолын тооцоо өнөөдөр л туршлагаар баталгаажиж байна гэсэн үг. 2016 онд нээлт зарлагдсанаас хойш нэмж олон удаагийн тохиолдлууд илрүүлсэн. Мэдэгдэхүйц хүчтэй таталцлын долгион үүсгэхийн тулд асар их масстай хар нүх мэт биетүүдийн мөргөлдөөн байх хэрэгтэй болдог. Сүүлд хоёр нейтрон одны мөргөлдөөнийг анх удаа ажигласан нь бас л багагүй ач холбогдолтой үр дүн өгсөн. Бидний мэдэх материаллаг ертөнцийг бүрдүүлэгч химийн элементүүд устөрөгч, гелийгээс эхлээд нийлэгжиж явсаар уран хүртэлх бүх элементүүд цөмийн урвалуудаар үүсдэг. Тэр урвалууд яг ямар механизмаар яаж үүсдгийг тооцоолсон онолуудыг шалгахад сансрын том биетүүд сайхан лаборатори болдог. Сая дурдсан хоёр нейтрон одны мөргөлдөөний дүнд дэлхийгээс гурав дахин их масстай алт үүссэн байна гэж ажиглах жишээтэй. Тэгэхээр таталцлын долгионоор хаана тийм үйл явдал болж байгааг илрүүлмэгц бусад өөр төрлийн дурангуудаар тэр мөргөлдөөнөөс үүссэн ул мөрийг цаг алдалгүй нарийвчлан судлах боломжтой болсон гэсэн үг. Энэ бол тус нээлт үр өгөөжөө өгч байгаа нэг л хэлбэр нь юм. Өөр ямар ч шинэ мэдээлэл, үр дүнг шууд болон дам аргаар өгөхийг таашгүй.

-Хар нүхний гэрэл зургийг буулгасан явдал сансар судлалын шинжлэх ухаанд том дуулиан болсон. Хар нүхтэй холбоотой судалгаа хэрхэн үргэлжилж байна вэ. Ер нь тэр зургийг харахад хар цагаан дүрс л харагддаг. Үнэхээр бодит өнгө дүрс нь тэр үү, эсвэл уран сэтгэмж ордог уу?

-Тэр бол бодит мэдээллийг боловсруулж гаргаж авсан зураг. Мэдээж фото зургийн камераар дарсан зураг шиг шууд дүрс болоод буудаг гэж ойлгож болохгүй. Ажиглаж байгаа биетээс ирж байгаа долгионы урсгал зайн квадратад урвуу буурна. Тэр чинээгээрээ тэндээс ирэх мэдээлэл бүдэг болно. Дээрээс нь хэд дахин илүү шуугиантай мэдээлэл байна гэсэн үг. Бүдэг мэдээллийг илүү тодорхой болгохын тулд илүү урт хугацаанд мэдээллээ цуглуулна. Тэр их мэдээллийг тодорхой аргачлал бүхий алгоритмаар шүүгээд тухайн зургийг гаргаж авсан. Өвсөн дундаас зүү эрэх шиг л юм болж байгаа. Хар нүхний зургийг авсан үзэгдлийн хаяаны дурангууд (Event Ho­rizon Telescope) хойд, өмнөд Америк болон Европ тивд тархаж байрласан аль болох өргөн өнцгөөр их мэдээлэл цуглуулах зорилготой радио телескопуудын сүлжээ байгаа.

-Физикийн шинжлэх ухаан энэ цаг үед аль чиглэлд түлхүү хөгжиж байна вэ?

-Хэрэглээний шинжлэх ухаан бол маш олон чиглэлд хурдан хөгжиж байна. Дангаараа гэхээсээ илүү бусад шинжлэх ухаантай хавсарсан судалгаанууд маш олон шинэ технологийг богино хугацаанд бий болгож байгааг онцлох ёстой. Суурь шинжлэх ухаан гэвэл ертөнцийн үүсэл хөгжилтэй холбоотой. Бид хаанаас яаж бий болсон юм, орон зай цаг хугацааны хувьд эхлэл төгсгөл байгаа юу зэрэг асуудлуудыг хөндсөн космологийн салбар илүү сонирхол татаж байгаа байх. Мөн одоогоор бидэнд ажиглагдахгүйгээр, ертөнцийн 96 хувийг бүрдүүлэгч хар матери, хар энерги гэж юу байгааг эрж хайх асуудлууд бас их сонирхолтой гэх мэт олон юм байна. Яривал дуусахгүй.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монгол Улсын иргэн НАСА-д ажиллах хүртэл ямар замыг туулсан нь сонирхол татаж байна?

-Би Завхан аймагт төрж, Налайх хотод өссөн. Монгол Улсын их сургуулийн физикийн ангийг дүүргэсэн. Сонирхсон мэргэжлээрээ сураад ажиллаад явах боломж олдсон азтай хүн байна даа.

-Физикийн шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан юу байв?

-Миний эцэг Нансалын Барамсай гэж хүн насаараа боловсролын салбарт ажилласан сайхан хүн байлаа. Аав минь надад физикийг сонирхолтой талаас нь зааж чиглүүлж өгсөн нь намайг энд авчирсан. Мэдээж надад зааж сургасан олон сайхан багш нар, зөв үлгэр жишээ болдог найз нөхөд, ангийн анд нар байна.

-Таныг АНУ-ын анхны атомын бөмбөг бүтээсэн лабораторид ажиллаж байсан гэсэн. Тэр талаар сонирхуулаач?

-Америкт хойд Каролинагийн их сургуульд миний судалгааны ажлыг удирдаж байсан Проф. Г. Митчелл, А.Ундраа нар тус лабораторитой холбоотой төсөл хэрэгжүүлж байсан нь надад тэнд очиж докторын судалгаагаа хийх, улмаар тэндээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг нээж өгсөн. Доктор хамгаалсны дараа хэсэг ажиллаж байгаад буцаж Монголдоо ирж ажиллах боломжийг Цөмийн энергийн дарга асан Н.Тэгшбаяр бас олгож, дэмжиж байсанд талархаж явдаг.

-Өндөр хөгжилтэй улс орнуудад үлгэр жишээ ажиллаж байгаа монгол залуус олон байна. Тэдгээр залуусыг нэгдээд улс орондоо хэрэгтэй зүйлс хийгээсэй гэх хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Энд, тэнд сайн сургуульд өндөр боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвараараа танигдсан залуучууд маш их болж байна. Тийм залуучууд цаашид бүр ч олон болох нь тодорхой. Гол нь нэгдэж ажиллах боломж муу байх шиг байна. Угаасаа энд тэнд өөр, өөрийхөө сонирхол чиглэлээр дагнаад явчихсан болохоор яаж ч нэгдэх юм. Миний бодлоор Монголд атомын цахилгаан станц барина гэдэг ч юм уу, эсвэл НАСА-ийн төслүүд шиг том төслүүдийг бүтэхгүй байсан ч гэсэн алсын зорилго болгоод тууштай дэмжээд явбал тэрийг тойроод маш олон дагалдах технологиуд, аюулгүй ажиллагааны соёл, дүрэм журмууд, хүний нөөц зэрэг юм бага багаар нэмэгдээд л байдаг гэж боддог. Өөрөөр хэлбэл, тухайн том зорилго нь бүтэл муутай ч гэсэн бусад олон салбаруудад өгөөжтэй, шинэ технологиуд бий болох бааз суурь нь болж чадах том төслийг тэргүүлэх чиглэл болгоод явбал зүгээр санагддаг.

-Англи хэл эзэмших асуудал зөвхөн Монгол гэлтгүй бусад улс орны асуудал байдаг гэдэг. Тэр дотроо мэргэжлийн англи, шинжлэх ухааны англи хэл хамгийн хэцүү гэгддэг. Ер нь шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн англи хэлийг яаж сурах ёстой вэ. Та хэрхэн сурч байв?

-Хүн хүнд тохирсон сурах арга барил байдаг байх. Зарим нь юм сонсоод, зарим нь үзээд, зарим нь уншаад илүү сайн ойлгодог гэх мэт. Тэндээс өөртөө тохирсон сурах арга барилаа олоод авах нь зөвхөн хэл сурах гэлтгүй л бүх зүйлд хэрэгтэй гэж боддог. Бас аль болох өөрийн дуртай зүйлтэйгээ уялдуулж сурах нь өөрт түвэггүйгээр сайн сурах арга байх.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608929
4 эможи

Зочин
2019-10-07 12:18
keyboard_arrow_up