7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2019 оны 10 сарын 06

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.09.30-2019.10.06/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Цагдаа, дотоодын цэргийн арын албыг алдалгүй хариуцдаг Санхүүгийн аж ахуйн албаны 80 жилийн ой тохиолоо

Arslan.mn

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал Сүлд чуулгын танхимд боллоо. Цагдаагийн байгууллагын ажил болгоныг залгуулдаг арын албаныхан буюу Санхүү аж ахуйн алба нь анх 1939 онд Дотоод явдлын яамны сайд, Улсын маршал Хорлоогийн Чойбалсангийн 66 дугаартай тушаалаар “Аж ахуйн анги” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү 80 жилийнхээ ойтой золгож байна. Тус алба өнөөдрийн байдлаар Санхүүгийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Авто бааз, Хангалт үйлчилгээний хэлтэс, Сүүж-Уул  амралт сэргээн засах сувилал гэсэн таван үндсэн нэгжтэйгээр цагдаа, дотоодын цэргийн хуулиар хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг ханган ажиллаж байна. 

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүд “Эдийн засагч, статистикч” хос мэргэжил эзэмших боломжтой боллоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын алба Хөдөө, аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд хууль зүйн салбарын ажилтнуудад зориулсан “Эдийн засагч, статистикч” хос мэргэжил эзэмшүүлэх 2.5 жилийн эчнээ сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. “Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдэлт, ашиглалтыг сайжруулах, мэдээлэл судалгааны ажилтнуудыг статистик тоо мэдээнд дүн шинжилгээ, судалгаа хийх онол арга зүй, чадавхийг дээшлүүлэх зорилгоор анх санаачлан боловсруулсан уг хөтөлбөрийн анхны элсэлтэд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны 8 ажилтан хамрагдан суралцах бөгөөд 2021 оны I улиралд төгсөх юм.

Цахим сүлжээнд “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аян эхэллээ

Arslan.mn

Дэлхий нийтээр нийгмийн сүлжээний хэрэглэгчид тасралтгүй нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгааг судалгаанаас харж болох юм. Монгол Улсад нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор 2.2 саяд хүрсэн нь сүүлийн гурван жилд дунджаар 17.5 хувиар өссөн үзүүүлэлт ажээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 51.7 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд, залуус байгаа аж. Тэдний 92 хувь нь зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгчид байна. Дээрх аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, ЦЕГ, НҮБ-ын хүүхдийн сан, Faro foundation Mongolia ТББ хамтран зохион байгуулж буй. Мөн хүүхэд болон багш нарт зориулсан тоон бичиг үсэгтэн гэх цуврал цахим хичээлийг Монгол хэл дээр орчуулж хүргэх юм байна.

Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх “Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ. Энэхүү аян нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдах юм. “Зөв хэвшил хандлага -II” аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага бүр сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр өөрсдийн онцлогт тохирсон ажил, арга хэмжээг санаачлан зохион байгуулж, удирдлагын сэтгэл зүй, арга барилыг сайжруулах, алба хаагчид бие биедээ хүндэтгэлтэй хандах, ёсолж хүндэтгэх, цэрэгжилт, жагсаалч байдал, албаны дүрэмт хувцасны цэвэр, үзэмжтэй хэрэглээг сайжруулах ажлыг зохион байгуулах юм. Аяны тайлан, үр дүнг 2020 оны 01 дүгээр сард дүгнэнэ.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалт болж байна

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалт”-ыг 2019 оны 09 дүгээр сарын 29-өөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 120 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалт гурван өдрийн турш үргэлжиллээ. Сургалтад хамрагдаж буй алба хаагчдад харилцаа холбоо, мэдээллийн технологи, телехяналтын системийн ашиглалтын талаар онол, арга зүй, дадлага хосолсон сургалт зохион байгуулж байна. Сургалтаар цагдаагийн байгууллагын харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, мэдээлэл, холбооны инженерүүдийн үүрэг хариуцлага, мэдээллийн нэгдсэн систем, сүлжээний шинэчлэлт, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах болон Монгол улсын телехяналтын системийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, программ ашиглалтын мэдлэг, ур чадварын шалгалт авлаа. 

80 жилийнхээ ойг “80 БҮТЭЭЛЧ АЖИЛ“-аар угтаж буй ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаныхан

Arslan.mnЦагдаагийн байгууллагад Санхүү, аж ахуйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан тус албаны бие бүрэлдэхүүн албаныхаа хэмжээнд хүүхдийн тоглоом цуглуулах хандивын аяныг өрнүүлсэн бөгөөд тоглоомыг “Сүүж-уул” амралт, сэргээн засах сувиллын хүүхдийн цэцэрлэг болон Нийслэлийн алслагдсан дүүргийн цэцэрлэг болох Сонгино-хайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт хандивлан, тус цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах, гэрэлтүүлэг тавьж, гацуур мод тарин “Сайн үйлсийн аян”-ыг үргэлжлүүлсээр байна. Тус сайн үйлсийн аяныг Санхүү, аж ахуйн албаны Хангалт, үйлчилгээний төвөөс санаачлан цагдаагийн хурандаа Р.Төмөрбаатар даргатай Хангалт, үйлчилгээний төвийн Барилга, байгууламжийн хяналтын тасгийн хамт олон гүйцэтгэсэн байна. ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав "ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны “Сүүж уул” амралт, сэргээн засах сувилал нь анх 1981 оноос эхлэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, тэдний ар гэр, ахмад настнуудад эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зорилгоор сувилал амралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сувилалын алба хаагчидын сургуулийн өмнөх насны 2-5 насны хүүхдүүдийн хүмүүжлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид Сонгинохайрхан дүүргийн 196-р цэцэрлэгийн харъяа бүлгийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж “Сүүж уул” амралт, сэргээн засах сувилалд ажилладаг алба хаагчид болон Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нэгдүгээр багийн малчин иргэдийн хүүхдүүд нийлсэн нийт 25 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Бид “Бүтээлч 80 ажил” аяны хүрээнд эдгээр хүүхдүүдийн сургалтын материаллаг баазыг дэмжих зорилгоор алба хаагчидаас цуглуулсан тоглоомыг гардууллаа" хэмээлээ. 

Arslan.mn

ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ дэвшүүллээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

Arslan.mn

“Олон улсын болон Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, хүлээн авах үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.02/ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн болон Цагдаагийн ерөнхий газрын 58 ахмад ажилтнууд оролцов.

СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс III улирлын сахилгын ЗӨВЛӨГӨӨНИЙГ зохион байгууллаа

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2019 оны 03 дугаар улирлын сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагын өнөөгийн байдалд дүгнэлт өгч, сахилга, хариуцлага алдсан, зөрчил дутагдал гаргасан алба хаагчдын алдаанаас сургамж авч, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойллоо. Сахилгын зөвлөгөөнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь оролцож, ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Нямдорж алба хаагчдаас гаргасан зөрчил дутагдал, сахилгын мэдээ, тайлангийн талаар мэдээлэл хийлээ.

ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ иргэдийн ТООЛЛОГО үргэлжилж байна

Arslan.mn

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсгийг бүртгэж тоолох, гэрчилгээжүүлэх зорилго бүхий “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Энэ хүрээнд Увс аймагт оршин суугаа галт зэвсэг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдийг харъяа сум орон нутгийнхаа хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар дээр очиж бүртгэл тооллогод яаралтай хамрагдахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. Хэрвээ галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40, аж ахуйн нэгж байгууллагыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна. Галт зэвсгийн улсын тооллого 9-р сарын 20-ноос ирэх 11-р сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

ЦЕГ-ын Санхүү, аж ауйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн мэндчилгээ дэвшүүллээ

Arslan.mn

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаныхан Ахмад настны үндэсний төвийн “ЗАН ҮЙЛИЙН ӨРӨӨ“-г тохижууллаа

Arslan.mn

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны түүхт 80 жилийн ой энэ сарын 04-ний өдөр тохионо. Ойн хүрээнд тус албанынхан баяр наадам гэхээсээ илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд алба хаагч, ажилтан, тэдний үр хүүхэд, ахмад настнуудад чиглэсэн "Бүтээлч 80 ажил" аяныг эхлүүлээд байгаа юм. Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Ахмад настны үндэсний төв"-ийн зан үйлийн өрөөг Санхүү, аж ахуйн албаны “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын хамт олон өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулж засварлан хүлээлгэн өглөө. Ахмад настны үндэсний төвийн нийгмийн ажилтан С.Гантулга "ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай байгууллагын Зан үйлийн өрөөг тохижуулж өгсөнд бидний хувьд болон манай ахмадууд их баяртай байгаа. Зан үйлийн өрөөний хувьд хуучирч муудсан, дээрээсээ ус алдсан ер нь хүндрэлтэй нөхцөлтэй байсан. Харин ЦЕГ-ын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын хамт олон өөрсдийн хүчээр засварлаж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Ахмадуудын хувьд шашны зан үйлтэй холбогдуулан "Зан үйлийн өрөө"-нд байнга л орж байдаг.  Ийм сайхан дулаахан тохилог өрөөтэй болгож өгсөн нийт хамт олонд талархал илэрхийлье" гэлээ.

“Эмэгтэйчүүдийн зөвлөл“-ийнхөн 6 дахь жилдээ идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна

Arslan.mn

Хэлтсийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг 2014 онд шинээр байгуулж жил бүрийн тэмдэглэлт баярын өдрүүдэд хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний дунд уралдаан, тэмцээн зохион байгуулан 6 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Цагдаагийн алба хаагчдын хуримыг анх удаа “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран зохион байгуулсан, Нийгмийн хариуцлагатай байгууллага шалгаруулах уралдаанд хэлтсийн нэг алба хаагчийг сонгон байшин барьж өгсөн, Нийслэлийн онцгой байдлын газар, БНСУ-ын Чонан хотын Галын академитай хамтран “Анхан шатны түргэн тусламж үзүүлэх” 7 хоногийн сургалтад 25 алба хаагчийг хамруулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид “Гэгээн өдөр” арга хэмжээ, хэлтсийн ар гэрийнхэнтэй хамтран “Алтан намар” ургацын баяр, Караоке дуу, Боулингийн тэмцээн зэргийг тус тус амжилттай зохион байгуулаад байна. Мөн "Pro make up” гоо сайхны студитэй хамтран алба хаагчдын гэр бүлийнхнийг хамруулан ажлын байраар хангахаар сургалтад хамруулаад байна.

“Өнөр бүл” төвд ном хандивлалаа

Arslan.mn

ЦЕГ-аас Санхүү аж ахуйн албанаас Монгол Улсын хүүхэд, гэр бүл хамгааллын “Өнөр бүл” төвд  албаны бие бүрэлдэхүүн дунд өрнүүлсэн Номын хандиваар цугларсан Танин мэдэхүйн, Уран зохиолын, үлгэрийн, хичээлийн сурах бичиг зэрэг 305 номыг гардуулан өглөө. Номын хандивыг гардуулан өгөх ажиллагаанд тус албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх, ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэхорол, цагдаагийн хошууч Д.Мөнххуяг нар оролцлоо. ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх "Алба хаагчид маань өөрсдийн бололцоогоор хичээлийн сурах бичиг болон танин мэдэхүй, үлгэрийн гэх мэт нийт 300 гаруй номыг хандивлалаа. Энэ жилийн хувьд Өнөр бүл төв нь номын сангаа тохижуулах ажлыг хийж байгаа юм байна. Түүнд нь бид бас номын хандив өргөсөндөө маш их баяртай байна" гэлээ.  Тус төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 310 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаас 230 гаруй бүтэн өнчин, олдмол, хаягдмал, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, эцэг эхийн хайр, халамжаас гадуур эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүд түр болон урт хугацааны нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээнд хамрагдаж байгаа юм байна.

НЦГ: Хэсгийн чиглэлийн ахлах ажилтан нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газрын хэсгийн чиглэлийн ахлах ажилтан нарыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус газраас  дүүрэг дэх цагдаагийн газрын 33 чиглэлийн ахлах ажилтан, 12 тасгийн дарга, 12 ахлах байцаагч нийт 57 алба хаагчдад “чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх” чиглэлээр 9 сэдвээр сургалтыг зохион байгуулжээ. 

“Хэсгийн байцаагч-2019” тэмцээн эхэллээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэсгийн байцаагч нарын мэдлэг ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил мэргэжлийн шилдэг алба хаагчийг шалгаруулах зорилготой юм. “Хэсгийн байцаагч-2019” тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас энэ 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Ийнхүү тэмцээний нээлт өнөөдөр /2019.10.03/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд боллоо. Нээлтэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, мөн албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэхүү тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс тус бүр нэг алба хаагч, нийт 37 хэсгийн байцаагч оролцож, хууль эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах ур чадвар, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм. 

Нийслэлийн Цагдаагийн Удирдах гараас "Эмзэг цэг" хяналт шалгалтыг тогтмол явуулж байна

Arslan.mn

Хэнтий аймгийн цагдаа нар долоон хүний амийг галаас аварчээ

Өнгөрөгч 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд гэр хорооллын нүүрний эгнээнд хашаан доторх хоёр айлын гэр шатаж байгаа дуудлагыг тус сумын иргэн ирүүлжээ. 
Энэ дагуу Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн харъяа Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс 7 хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна. Тэднийг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дуусаад, хажуу талынх нь айл гал авалцаж байсан байна. Шатаж байсан гэрт зургаан хүн угаартсан байдалтай унтаж байсан байна. Алба хаагчид шуурхай ажиллаж хүүхэд, том хүн нийлсэн 6 хүнийг гэрээс гаргажээ. Харин хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орныхоо хөлд унасан байдалтай унтаж байхыг олж аварчээ. 

Өсвөрийн сэргийлэгч-2019 тэмцээнд урьж байна

Arslan.mn

Ерөнхий боловсролын сургуулийн "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмүүдийн дунд зохион явуулах "Өсвөрийн сэргийлэгч-2019" тэмцээний III дугаар шатанд шалгарсан Дундговь аймгийн "Цэгц билэг" сургуулийн "Тэмүүлэл", Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн "Сүлд", Орхон аймгийн 14-р сургуулийн "Хар хас", Төв аймгийн Лүн сумын сургуулийн "Хатуу самар", Хэнтий аймгийн сургуулийн "Баатарууд", Багахангай дүүргийн "Хангай" сургуулийн "Шонхор", Сүхбаатар дүүргийн "Эрдмийн хөтөч" сургуулийн "Цагаан барс", Хан-Уул дүүргийн "Буянт Ухаа" сургуулийн "Цэц", Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн "Тод харцага", Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн "Дуулга" багуудын улсын шалгаруулах тэмцээн 2019.10.09-ний өдөр Дотоод Хэргийн Их Сургууль дээр зохион байгуулагдана.Иймд дээрх сургуулиудын удирдлага, харьяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газар, хэлтсүүд бүлгэмийн хүүхдүүдийг дурдсан хугацаанд оролцуулахыг урьж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608914
2 эможи

D
2019-10-07 09:57
Хэнтий аймаг дахь цагдаагийн газар
Зочин
2019-10-06 23:00
Зочин
2019-10-06 18:59
keyboard_arrow_up