7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2019 оны 9 сарын 22

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.09.15-2019.09.21/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Цагдаагийн байгууллагаас “ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР “ уриалгыг гаргалаа

Arslan.mn

ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд "2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. Нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насы залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна. Шуудан илгээмж ашиглан гадны орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа.  2018 оны 09 дүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна. 2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна. Иймд Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна гэлээ. 

ХЗДХЯ-ны “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ“-өөр иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг НЭГ ДОРООС үзүүлж, Цагдаагийн байгууллага шуурхай үйлчиллээ

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг ХЗДХЯ, түүний харьяа байгууллагуудын нээлттэй өдөрлөгөөр энэ сарын 19-ны өдөр боллоо. Өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газар оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, бүх төрлийн өргөдөл мэдүүлэг гаргах, жолооны шалгалт авах, хаясан гээсэн жолооны үнэмлэх сэргээх зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүллээ. Өдөрлөгийн нээлтийн үеэр ЦЕГ-аас нохойн болон мотоциклын үзүүлбэр болон алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлбэрийг сонирхуулж, хорих ангийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг олонд дэлгэсэн байлаа.

Энхийг дэмжих ажиллагааны IX ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Arslan.mn

Өмнөд Судан Улсад Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагааны IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах үйл ажиллагаа /2019.09.20/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа хөшөө”-нд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Дотоодын цэргийн анги, байгууллагын захирагч, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хэлтсийн дарга нар оролцлоо.

“ЗАЛИЛАХ“ гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх НЭГДСЭН арга хэмжээг зохион байгуулж байна

 

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газраас Нийслэлийн Прокурорын газартай хамтран “Залилах гэмт хэргүүдийг шийдвэрлэх” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн 8 дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, Цагдаагийн хэлтсүүдийн мөрдөгч нарт “Залилах гэмт хэргийг иргэд хоорондын эд хөрөнгийн маргаанаас ялгах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Дээрх сургалтад нийт 139 хяналтын прокурор, 209 мөрдөгч нар хамрагдлаа.

“ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР“ уриалгад Гаалийн Ерөнхий газар, МҮОНРТ, Монголросцветмет ТӨҮГ нэгдлээ

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын “Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн“ нээлтээ хийлээ

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ.
Энэ удаагийн тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм. Орон нутаг дахь цагдаагийн анги байгууллагуудаас 15 багийн баг тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцож байгаа нь онцлог байна. Энэ удаагийн тэмцээнд Хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер 2, Монгол Улсын мастер тамирчин 15, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэн харуулж байна. Тэмцээн 2 өдөр үргэлжилж аваргуудаа тодруулах юм.

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан “Шилдэг мөрдөгч-2019“ тэмцээний шилдгүүд тодорлоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлж, алба хаагчид бие биенээсээ суралцаж, туршлага судлах, мэдлэг ур чадваа дээшлүүлэх тэмүүлэл, эерэг сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл төрүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнийг хоёр өдөр зохион байгууллаа. Тэргүүн байранд Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Дэлгэрсайхан, дэд байранд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандахнаран,  гутгаар байранд  Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Бат-Эрдэнэ  нар  тус тус шалгарлаа.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах “Дартс”-ын тэмцээн боллоо

Arslan.mn

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах "Дартс"-ын тэмцээн /2019 оны 09 дүгээр сарын 12- 14/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 34 анги, байгууллагын 71 алба хаагч  өрсөлдлөө.

БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хуулийн мэдлэг олгох нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Прокурорын газартай хамтран зохион явуулж буй “Амар тайван амьдрал” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийн судалгаанд орсон 30 иргэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа.

Хууль зөрчигчдөд цаг алдалгүй ХАРИУЦЛАГА хүлээлгэх нөхцөл бүрдүүлэв

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын удирдлагууд дүүргийнхээ шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж бодит нөхцөл байдлаа зөв тайлбарлан танилцуулсны үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн материалыг шүүх 7 хоногийн 2 өдөр хүлээн авч шийдвэрлэдэг байсныг 4 өдөр болгох шийдвэр гаргуулж хэрэгжүүлж эхэлсэн нь нүдээ олсон ажил боллоо. НЦГ-ын  удирдлагын  зүгээс дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдийн үйл ажиллагаатай өдөр бүр танилцаж, үр дүнг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байгаа бөгөөд газар, хэлтсүүд жигд идэвхи санаачилгатай ажиллаж байна.

Мөрдөн байцаах албаны “Шилдэг мөрдөгч-2019“ тэмцээний шилдгүүд тодорлоо

Arslan.mn

Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны түүхт 73 жилийн ойг тохиолдуулан алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсэгт ажиллаж байгаа мөрдөгчдийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, мэдлэг чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилах зорилгоор албаны даргаас баталсан удирдамжийн дагуу “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа.

СХД-ийн Цагдаагийн газраас сайжруулсан түлшний борлуулалтын явцад хяналт, шалгалт хийж байна

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт хийх боломж, орц гарцыг бүрдүүлэх, тээвэрлэлт, ачих буулгах, аюулгүй ажиллагаа, худалдан борлуулах зах болон бусад газруудаар сайжруулсан түлшний уутанд түүхий нүүрс болон, орон нутагт үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй түлш хийж зарж байгаа эсэхэд шалгалт хийж, зөрчлийг таслан зогсоох, хуулийн хариуцлага тооцох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Н.Батцэнгэл: Камер байршуулснаар автобусанд үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Н.Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Халаасны хулгайн гэмт хэрэг гудамж талбай, олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл буюу том оврын автобусны буудал, зах худалдааны төвүүдэд үйлдэгддэг. Үүний олонх нь олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж байгаа юм. Нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор автобуснуудыг камержуулах ажлыг Улаанбаатар смарт карт компани, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтарч Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан. 1227 автобусанд тус бүрт нь дөрвөн камер суулгаж өгсөн. Ажлын үр дүн гараад эхэлж байна. Автобусанд хүний халаас ухдаг, гэмт хэрэг үйлддэг иргэд эрс буурсан байна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 60 хувиар буурсан. Хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Хархорин худалдааны төвд царай таних камер байршуулаад байна. Үүнээс гадна Нарантуул зах, “Sunday” худалдааны төв орчимд 30 гаруй камер суурилуулж өгсөн. Энэ нь үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн илрүүлэхэд чухал ач холбогдолтой." гэлээ. 

СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Хүүхэд” арга хэмжээг зохион байгуулж байна

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс "Хүүхэд” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын 12, 42, 62, 65, 107 дугаар бүрэн дунд сургуулийн 26 нийгмийн ажилтан, багш, дунд, ахлах бүлгийн 180 сурагчдад Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүүхэд хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажиллалаа.

Зургаан кг алт хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүллээ

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 14-ний өдөр 12.00 цагийн үед иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг зургаан килограмм 40 граммын жинтэй нийт 775,000,000 төгрөгийн алтыг нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлжээ. Одоогийн байдлаар цагдаагийн алба хаагчид уг алтыг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан Ирландын иргэнийг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчиллаа

Arslan.mn

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг  /2019.09.16/ 06.45 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчиллаа. Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа“ бэлтгэжээ

Arslan.mn

Засгийн газраас 2018 оноос эхлэн  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд цөөнгүй ажлуудыг зохион байгуулаад байна. Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт ахисан шатны 24 цагийн модуль сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг  Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай  хамтран Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Тээврийн цагдаагийн алба болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн нийт 60 алба хаагчийг хамруулсан юм. Үүний үр дүнд  алба, нэгж, нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах алба хаагчдыг бэлтгэжээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж, хадгалсан байдалтай байхад нь баривчиллаа 

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн  бөгөөд шүүхээс түүнд 1 сар хорих ял оноожээ. Түүний автомашин болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, түүнийг амьдардаг зочид буудлынхаа гадаа өөрийн эзэмшлийн улаан өнгийн "Mersedes Benz" маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байх үед нь саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүдийн ЧУУЛГА УУЛЗАЛТ боллоо

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүдийн чуулга уулзалт  Соёлын төв өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой аж. Чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцлоо.

Төв аймаг дахь Цагдаагийн газар сахилга, хариуцлагын зөвлөгөөнөө зохион байгууллаа 

Arslan.mn

Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 3 дугаар улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр сахилгын зөрчил гаргасан 5 алба хаагчид “Итгэл найдварын захидал” гардуулж сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр уриалга гаргав. Цагдаагийн газрын үйл ажиллагааг цахим хуудсаар сурталчилсан 1 алба хаагч, “Хамгийн бүтээлч алба хаагч”-аар 1, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндээ хамгаалж, тамхи татах хорт зуршлаас татгалзсан 1 алба хаагчийг тус тус шалгаруулж, сарын үндсэн цалинг 1 сар 10 хувиар нэмэгдүүлж, батламж гардуулав. Бие бүрэлдэхүүнд “Зөв хооллолт-Эрүүл мэнд”, “Хувь хүний хөгжил байгууллагын хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр сургагч багш нарыг урьж 2 цагийн сургалт орсон. Арга хэмжээний үеэр алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс сэргийлэх зорилгоор “Танида” аппаратаар биеийн жингийн индексийг тодорхойлж, зөв хооллолтын талаар зөвлөгөө өгүүлэв. “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа А.Цэдэвсүрэнг урьж ажлын туршлага, ололт амжилтын талаар ярилцлага өрнүүллээ.

Төв аймаг дахь Цагдаагийн газраас зөрчлийн хуулиар сургалт зохион байгууллаа

Arslan.mn

Төв аймаг дахь Цагдаагийн газраас "Хичээлийн шинэ жил", "Хүүхэд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Заамар сумын Хайлааст 3-р багийн "Шижир-Алт"
сургуулийн 6-9 ангийн 150 сурагчдад "Зөрчлийн тухай хууль", "Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар" сэдвээр сургалт зохион байгуулаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608365
0 эможи

Зочин
2019-09-22 20:06
keyboard_arrow_up