COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Батцэнгэл: Камер байршуулснаар автобусанд үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан

2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Н.Батцэнгэлтэй ярилцлаа.


- Халаасны хулгай гол төлөв үйлдэгддэг, автобусны буудал болон тодорхой цэгүүдэд камер байршуулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?

-Халаасны хулгайн гэмт хэрэг гудамж талбай, олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл буюу том оврын автобусны буудал, зах худалдааны төвүүдэд үйлдэгддэг. Үүний олонх нь олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж байгаа юм. Нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор автобуснуудыг камержуулах ажлыг Улаанбаатар смарт карт компани, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтарч Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан. 1227 автобусанд тус бүрт нь дөрвөн камер суулгаж өгсөн. Ажлын үр дүн гараад эхэлж байна. Автобусанд хүний халаас ухдаг, гэмт хэрэг үйлддэг иргэд эрс буурсан байна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 60 хувиар буурсан. Хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Хархорин худалдааны төвд царай таних камер байршуулаад байна. Үүнээс гадна Нарантуул зах, “Sunday” худалдааны төв орчимд 30 гаруй камер суурилуулж өгсөн. Энэ нь үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн илрүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Нийслэлд халаасны хулгайн хэрэг хийдэг, шийтгүүлж байсан цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хэдэн иргэд байдаг вэ. Камер байршуулснаар тэдгээрийн үйлдлийг хянах боломж бүрдэж байна уу?

-Нийслэлийн хэмжээнд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байсан, шийтгэгдсэн бүртгэлтэй 500 гаруй иргэд байдаг. Бүртгэлтэй иргэдийг насны тухайд авч үзвэл дийлэнх нь хөдөлмөрийн насны иргэд байдаг юм. Ажил хөдөлмөр хийгээд явах бүрэн боломжтой ч амар хялбар аргаар мөнгө олохыг урьтал болгодог нөхдүүд байна. Эд маань сүүлдээ хил даваад визгүй улс орон руу зорчиж хулгай хийдэг болсон. Пабуудад бохь, тамхи зарж хүний анхаарал сулруулж байгаад утас түрийвч суйлдаг байсан хүүхдүүд өнөөдөр нас биед хүрч улмаар арга хэлбэр нарийсан дэлгүүр хэсч лангууны араас эд зүйлс хулгайлдаг болсон байна. Тухайн үйлдлүүдийг илрүүлж шалгаж байгаа. Мөн халаасны хулгай хийгээд явдаг удаа дараагийн үйлдэлтэй өндөр настнууд ч бий. Энэ жил гэхэд 70 орчим насны хоёр иргэнийг саатуулж, үйлдсэн гэмт хэрэгт нь хариуцлага тооцсон байгаа. Олон удаа ял шийтгүүлж байсан иргэд л дээ. Нэг нь таван ч удаа ял шийтгүүлж байсан юм билээ.

-Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ гэмт хэргийг ор мөргүй арилгах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас ямар ажил явуулж байна вэ?

-Халаасны хулгайтай дан ганц цагдаагийн байгууллага тэмцээд алга болохгүй л дээ. Иргэд гудамж талбай, олон нийтийн газар, зах худалдааны төвүүдээр явахдаа сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Иргэдийн анхаарал сарнисан үед л эд зүйлс хулгайд алдагддаг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн газар, гудамж талбайд сэрэмжлүүлэх зурагт хуудсуудыг байршуулж өгсөн. Мөн “Улаанбаатар смарт” компанитай хамтраад хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлсэн зурагтай 20 мянган ширхэг автобусны картыг хэвлүүллээ. Иргэд автобусанд суухдаа картаа уншуулахад л өнөөх зургаа харна шүү дээ. Эд зүйлсээ хямгадна. Ингэснээр автобусанд хулгай хийдэг нөхдүүдийн боломж улам л хумигдаж байгаа хэрэг.

- Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв ямар үед үйлдэгдэж байна. Жуулчид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол байдаг шүү дээ. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил явуулж байна вэ?

-Халаасны хулгай баяр ёслолын үеэр их үйлдэгддэг. Иргэд их хэмжээний бэлэн мөнгөтэй зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийхээр явдаг нь тэдэнд өгөөш болж байгаа юм. Мөн жуулчид ихээр цугласан газар гадаадын иргэдээс их хэмжээний эд зүйлс хулгайд алдагдах гээд байдаг. Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайгаас сэрэмжлүүлэх зурагт хуудсыг англи хэл дээр хэвлүүлж тодорхой газруудад байршуулж өгсөн.

-Иргэд их хэмжээний бэлэн мөнгөө хулгайд алдах тохиолдол байдаг. Хулгайч баригдсан ч “төлбөрийн чадваргүй” гээд сууж байдаг шүү дээ. Энэ тохиолдолд иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ?

- Тухайн гэмт хэрэг үйлдэгдээд иргэд алдсан эд зүйлээ олдохгүй гээд хаячихдаг шүү дээ. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өөгшүүлж байгаа хэрэг. Иргэд халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад хандаж байх хэрэгтэй. Хулгайн хэргийг илрүүлсэн тохиол­ долд иргэдийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Их хэмжээний олон сая төгрөг алдсан тохиолдолд шүүхээс хохирол барагдуулах шийдвэр гаргадаг. Буруутай этгээдийн эд хөрөнгийн лавлагаа гаргана. Хохирогч Иргэний хэргийн шүүхэд хандаад хохирлоо барагдуулах бүрэн боломжтой.

-Камерын тусламжтайгаар халаасны хулгайгаас өөр ямар төрлийн гэмт хэргийг илрүүлж байна вэ. Камержуулалтын ач тус өөр ямар тохиолдолд гарч байна?

-Халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх олон арга байдаг л даа. Камер байршуулснаар, түргэн шуурхай, амар хялбараар илрүүлж байна. Хулгайд эд зүйлсээ алдсан даруйдаа цагдаад мэдэгдэхэд хугацаа алдалгүй илрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Хэрэг үйлдэгдсэн газар тухайн цаг мөчид сэжигтэй ямар этгээдүүд явж байсныг шалгачихна. Илрүүлэхэд хялбар болж байна гэсэн үг. Мөн манай хэлтсийн ажилчид гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ мэдээлэл цуглуулсны үндсэн дээр энэ сарын 14ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт приус 20 маркийн автомашинтай дөрвөн залууг саатуулж шалгасан. Шалгалтын явцад машинаас нь гурван кг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, канабиссын төрлийн ургамал, хулгайн байж болзошгүй алтан нуухтай, шүрэн толгойтой цагаан хөөрөг олдсон. Энэ дөрвөн этгээдийн хоёр нь өмнө нь хулгай, дээрэм, хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж ял шийтгэгдэж байсан юм билээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгуулахаар хүлээлгэж өгөөд байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608288
1 эможи

Зочин
2019-09-20 04:08
сонирхолтой
Зочин
2019-09-19 22:15
Монгол
2019-09-19 20:53
Камер нь хаа байгаа юм жолооч нар нь бэлэн мөнгөө аваад л байна шдээ
keyboard_arrow_up