COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Монголд хувцасны шүүмж судлалыг хөгжүүлэх цаг нь болсон”

2019 оны 9 сарын 19

Энэ удаагийн “Урлан” буландаа “Сити” их сургуулийн  Хувцас дизайны тэнхимийн технологи, зохион бүтээлтийн багш Б.Алтанхайчийг урьсан юм.

-Таныг загвар зохион бүтээгч, хувцас урлалын технологич мэргэжилтэй гэж сонссон. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов?

-Би багадаа оёх, нэхэх дуртай хүүхэд байсан. Тиймээс сонирхлоо дагаад “Залуу техникчдийн  ордны хувцас загварын ангид наймдугаар ангиасаа орж гурван жил суралцсан. Тэр үед энэ сургуулийн хувцас загварын мэргэжлийн багш  Ш.Наташа сурагчдаа “Үнсгэлжин” тэмцээнд бэлтгэн оролцуулдаг байсан. Энэ нь хувцасны загвар зохион бүтээгч, технологич мэргэжилтэй болоход нөлөөлсөн гэж боддог. Мөн хүүхэд байхад зах зээлийн үе байсан учраас даавуун материал одоогийнх шиг элбэг, сонголт ихтэй байгаагүй. Хүссэнээрээ даавуу авч чаддаггүй байсан. Тиймээс ээжийнхээ  банзлыг эвдэж янз бүрийн юм эсгэн, оёж үздэг байлаа. 10 настай хүүхэд эсгүүр хийх талаар юу ч мэдэхгүй ч таамгаараа хайчлаад оёно. Хүний биеэс хэмжээ авна гэж мэдэхгүй болохоор хийсэн хувцас яаж ч олигтой болохов.Долоо хэмжиж нэг огтол гэдэг байхад би долоо хайчлаад л нэг оёдог байлаа шүү дээ. Хуучин оймс хайчилж цэцэг нэхэж, хатгамал оёод хүүхэлдэйгээ хувцасладаг байлаа.

-Залуу техникчдийн ордны  хувцас загварын ангид суралцаж байхдаа ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож байсан уу?

Аравдугаар ангидаа  Ш. Наташа багшийнхаа удирдлага дор монгол бүжгийн хувцас, бага ангийн эрэгтэй, эмэгтэй сурагчийн дүрэмт хувцас оёж техник технологийн улсын олимпиадаас II байр эзэлж байсан. Тэр үеийн боловсролын хуульд зааснаар улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхэд улсын их сургуульд шалгалтгүй элсэн суралцах хугацааны сургалтын төлбөрийн талыг нь төрөөс хариуцдаг байсан. Тиймээс ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуульд мэргэжлээрээ  суралцсан. Энэ сургуульд сурснаар  долоо хайчилж нэг оёдог байсан хүн хувцасны зохион бүтээлт гэж юу болохыг эндээс сурч байлаа. Ш.Наташа болон их сургуулийнхаа багш, доктор С.Цэцгээ багшаас их зүйл сурч авсан.

-Сүүлийн үед манайхан монгол дээл хувцсыг орчин үетэй хослуулан  урлахыг эрмэлздэг болж. Хувцасны технологич хүний хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Аливаа зүйл орчин үе ба уламжлалыг хослуулах нь жамаараа явагдаж буй хэрэг. Монгол дээлний хэв маягийг эвдлээ, билэгдэл заншил зөрчлөө гэдэг шүүмжлэлтэй би санал нийлдэггүй. Хуучин хэв загварыг эвдэж байж шинэ санаа гарах байх. Харин тэр шинэ санааг  илүү ашигтай загвар болгоход анхаарах шаардлагатай. Монгол Улсад хувцас шүүмж судлалын хөгжил хоцорч байна. Шүүмж судлал бол аливаа асуудлыг муу байна гэхээс илүү цаашид яавал илүү сайн болгож хөгжүүлэх  арга замыг боловсруулж нийтэд танилцуулах, санал болгодог ажил юм. Тиймээс би сүүлийн үед “Хувцасны шүүмж” судлалд анхаарч, энэ чиглэлээр түлхүү ажиллан судалж эхлээд байна.

-Монголын хувцас загварын чиг хандлагыг Азийн хувцасны загвартай харьцуулахад хаана нь яваа гэж боддог вэ?

Загвар талаасаа бол манайх хаана ч хоцрохгүй  гэж бодож байна. Энэ нь  монгол хүний сэтгэхүй төрөлхийн онцлогтой холбоотой байх. Харин техник технологи талаасаа бол хоцорч байна.

-Өөрийн чинь бүтээж урласан хамгийн содон өвөрмөц ямар уран бүтээл байдаг вэ?

-Анхны зүйл сэтгэлд тод үлддэг гэдэг. Тиймээс дунд сургуульд байхдаа урласан “Гялалзсан, гал дүрэлзсэн” нэртэй уран сэтгэмжийн загварыг нэрлэмээр байна. Энэ загварыг тэр жил  олон үйл ажиллагаанд хэрэглэсэн.

-Сүүлийн үед ямар хувцасны загвар  гаргахаар ажиллаж байна?

-Хэдийгээр ажил ихтэй завгүй байгаа ч ажлаа зохицуулж энэ өвөл улиралд нь тохирсон гадуур хувцасны шинэ багц загвар боловсруулна гэж төлөвлөсөн. Үндэсний хэв маягтай энэ загварыг хийхдээ орчин үеийн технологи ашиглаж хээ, зураг буулгана гэж бодож байгаа.

-Хүнд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Таны хувьд ?

-Миний мөрөөдлийн ихэнх нь биелсэн. Яг одоо дорвитой бүтээл хийж шавь нартаа үлгэр дууриал үзүүлэх, ихийг уншин судалж чанартай ном гаргахыг хүсч байна.

-Таныг олон шавьтай гэж сонссон. Хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан уу?

Шавь нараа ажилд зуучлах, салбартаа амжилттай яваа хүмүүстэй холбох, бие биеэ дэмжиж ажиллах тал дээр зөвлөж, уралдаан тэмцээнд ороход нь туслах  зэргээр хамтран ажилладаг.  Мөн өөрийнхөө багштай хамтарч үзэсгэлэнд оролцож байсан. Харин шавь нартайгаа хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаагүй юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.19  ПҮРЭВ  №186  (6153)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608251
0 эможи

Зочин
2019-09-19 11:58
гоё хэлжээ
keyboard_arrow_up