COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Тлейхан: Бага зардлаар богино хугацаанд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бий

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, удирдлагын ухааны доктор, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер А.Тлейхантай ярилцлаа.

-Эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг импортоор авдаг манай улсын эрчим хүчний системийн найдвартай байдал хэр байгаа вэ. Айл өрхийн хэрэглээ зонхилдог учраас ачаалал тэнцвэргүй. Гэтэл импортын эрчим хүчнийхээ даацыг хэтрүүлбэл торгууль төлдөг гэдэг юм билээ. Үүнийг айл өрх болон төрийн зүгээс хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Манай улс жилдээ 8.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Үүнийхээ  80 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20 хувийг импортын цахилгаанаар хангаж байна. Импортын цахилгааны ихэнхийг буюу 1.4 тэрбум кВт.ц эрчим хүчийг Оюутолгойн үйлдвэр БНХАУ-аас авч байгаа.Төвийн болон баруун бүсэд  жилдээ 300 сая орчим кВт.ц цахилгааныг ОХУ-аас импортолж байгаа. ОХУ-аас дээд тал нь 245 МВт цахилгаан авах боломжтой. Бид аль болох хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээс хангах бодлого барьж байна. Энэ жилийн хувьд импортын цахилгааныг төлөвлөсөн хэмжээнээс бага авсан. 2018 онд Засгийн газар “Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөр” -ийг баталж, энэ төсөл хэрэгжсэнээр 2023 оноос дотоодын үйлдвэрлэлээр хэрэглээгээ бүрэн хангах боломжтой.

-Дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна. Гэтэл манай дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлын 80 гаруй хувийг нүүрсний буюу дулааны цахилгаан станц эзэлдэг. Сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэхийн тулд манай улс хэрхэн ажиллаж байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос 32 хуулийн этгээдэд нар, салхины эх үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнээс нарны 712 МВт чадал бүхий 28, салхины 450.4 МВт чадал бүхий дөрөв, усны 217.4 МВт чадал бүхий гурван хуулийн этгээд, нийт 1.379.8 МВт чадал бүхий нар, салхины эх үүсгүүр барих тусгай зөвшөөрөл аваад байна. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1.309.5 МВт байгаа. Үүний 18.1 хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар нийлбэр хүчин чадал нь 60 МВт-ын таван нарны цахилгаан станц, нийлбэр чадал нь 155 МВт-ын хүчин чадалтай гурван салхин станц жилдээ 270 орчим сая кВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр цаашид ч нэмэгдэнэ. Үүнээс харахад одоо мөрдөгдөж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль үүргээ хангалттай сайн биелүүлсэн, хэрэгжилт нь сайн байгаа.

-Засгийн газрын хөтөлбөрт 300 гаруй МВт-ын нүүрсний цахилгаан станцуудын өргөтгөл тусгасан. Энэ нь эргээд нүүрсний станцын багтаамж өсч, сэргээгдэх эрчим хүч буурах төлөв харагдаж байна гэж салбарын зарим хүн шүүмжилж байсан. Ер нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ? 

-Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар өсч байна. Тиймээс цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Шинээр цахилгаан станц барих гэхээр барьж байгуулах газраас эхлээд асар их хөрөнгө оруулалт шаардагддаг. Гэтэл бидэнд маш бага зардлаар, хоёр дахин бага хугацаанд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж байна. Жишээлбэл, “ДЦС-4”-ийн 1-4 дүгээр турбиныг шинэчлэх хөрөнгийг ОХУ-аас зээлж, ажлаа эхлүүлээд эхний трубиныг  сая ашиглалтад орууллаа. Ингэснээр тус станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэж, дөрвөн турбины ажиллах хугацаа 220 мянган цагаар уртсах юм. Мөн “ДЦС-3”, “ДЦС-2’’, Амгалан, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна. Эхний ээлжинд хөрөнгө оруулалт бага шаардсан, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой ажлуудаа өөрсдийн нөөц бололцоог дайчлан хийх хэрэгтэй. Саяхан УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулсан.Өнөөдөр хэрэглэгчдэд борлуулж байгаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 150 төгрөг байгаа. Гэтэл нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422 төгрөг. Харин салхин цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 230 төгрөг байна. Энэ зөрүүг дэмжих тарифаар нөхөж өгдөг. Анх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дараа буюу 2015 онд дэмжих тарифыг 1 кВт.ц тутамд гурван төгрөг 95 мөнгө байхаар тогтоосон. Гэвч нар, салхины цахилгаан станц шинээр ашиглалтад орсноор сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын зөрүү нэмэгдэж, үүнээс шалтгаалан дэмжих тариф маань 1 кВт.ц тутамд 23  төгрөг 79 мөнгө болж нэмэгдэж байгаа. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн тохиолдолд хэрэглэгчдэд борлуулах сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үнэ тэр хэмжээгээр нэмэгдэх эрсдлийг бий болгож эхэлсэн. Хоёрдугаарт, эрчим хүчний найдвартай ажиллагаанд нөлөөлөхүйц байдал бий болсон. Жишээлбэл, нарны цахилгаан станцууд нар мандахаас жаргах хүртэл эрчим хүч үйлдвэрлэдэг. Салхины станцууд салхигүй өдөр ажиллахгүй. Байгаль, цаг уураас хамааралтай эрчим хүчний ийм эх үүсгүүрүүд нэгдсэн системд үйл ажиллагаа явуулах нь тогтвортой ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дулааны цахилгаан станцад саатал гарах, эрчим хүчний ямар нэг дутагдал гарах үед бид ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон тохируулга хийдэг. Гэхдээ ОХУ-аас манайд өгөх цахилгаан эрчим хүчний дээд хязгаар гэж бий. Тэр нь 245 МВт. Үүнээс илүү гарвал шууд тасалдаг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй, байгалиас хараат байдалтай, 245 МВт-аас илүү хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нэгдсэн сүлжээнд ороод ирвэл бид тохируулга хийж чадахгүйд хүрэх  нөхцөл байдлаас шалтгаалан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар сэргээгдэх эрчим хүчний үнийг бүрдүүлэх бага чадлын тархмал эх үүсгүүрүүдийг хөгжүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, илүү гарсныг нь түгээх сүлжээнд нийлүүлэх, нарны үүсгүүрээр дулааны хэрэглээгээ хангах боломж бүрдэнэ. Цаашид нар, салхины томоохон чадлын үүсгүүрүүдийг цахилгааны хуримтлууртай хослон ажиллуулах замаар системийн тогтвортой ажиллагааг хангах, экспортлох зэргээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зэрэг асар их боломж бидэнд бий.

-Эрчим хүчний үнэ ханш зах зээлийн дагуу биш төрөөс хатуу зохицуулалттай явж байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс нүүрсний уурхайнуудад татаас өгч байгаа нь эрүүл бус тогтолцоо гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн байдал нэг үеэ бодоход сайжирсан. Зөвхөн 2018 онд эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 952 тэрбум төрөг болж өмнөх оноос 97.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Эрчим хүчний салбар татвар шимтгэлд нийтдээ 289.1 тэрбум төгрөг төлжээ. Эрчим хүчний салбар татаас авдаг биш харин ч татвар шимтгэл бүрдүүлэхэд оролцдог салбар болж чадсан. Одоо Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем  улсаас бага хэмжээний татаас авч байгаа. Төвийн бүс, Дорнод бүс татаас авахгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Баруун бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийг нэгдсэн сүлжээнд холбосноор улсаас татаас авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой.

– Ер нь дулааны цахилгаан станцууд зах зээлийнхээ өртгөөр орлогоо олж зах зээлийн үнээр борлуулах боломж бий юу. Тэгэхээр мэдээж цахилгааны үнэ нэмэгдэж таарна. Иргэд бухимдах байх?

-Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифыг хянаж, тогтоож өгдөг.  Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах үүрэгтэй байгууллага. Манайд эрчим хүчний компаниудаас үнэ тарифаа нэмэгдүүлэх санал байнга ирдэг. Гэвч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс үнэ тарифыг тэр бүр нэмж болдоггүй. Валютын ханшийн өсөлт, тээврийн зардал, нүүрсний үнэ, татвар шимтгэлийн нэмэгдэл, сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф гээд эрчим хүчний үнэ тарифт нөлөөлөх олон хүчин зүйл бий. 2015 оноос хойш эрчим хүчний үндсэн үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифт өөрчлөлт орсон. Гэтэл энэ хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар, нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Эрчим хүч үйлдвэрлэх зардал өсөн нэмэгдэж байхад эрчим хүчний үнэ тариф хэвээрээ байсан. Өнөөдөр айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар, дулааны эрчим хүчний үнэ өртгөөсөө  хоёр дахин хямд байгаа нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсэх гол хүчин зүйл болж байна.  Өнгөрсөн онд эрчим хүчний салбар 29 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл нүүрсний уурхайнууд хөрс хуулалтаа хийж, нүүрсээ ухаж, тээвэрлэх, станцууд тоног төхөөрөмжөө шинэчлэх, дамжуулах түгээх компаниуд засвар үйлчилгээ хийх боломжгүй болох аюултай. Тиймээс 2019 онд үнэ тарифт өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн.

-Өнөөдөр цахилгааны үнэ яг хэдэн төгрөг байгаа вэ?

-Цахилгааны үнэ нэмсэн, 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 270 төгрөг болсон гэдэг худал мэдээллийг тарааж, тэр бүү хэл хуурамч тогтоол засварлаад түгээж байна. Эрчим хүчний салбар үнэ тарифыг нэмэхгүй байх маш олон арга хэмжээ авсан. Сүүлийн дөрвөн жил үнэ тарифт өөрчлөлт ороогүй.  Зардлаа хянаж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хэмнэлтийн бодлого барин ажиллаж байгаа ч цаашид энэ маягаараа удаан явах боломжгүй. Мөн эрчим хүчний найдвартай байдалд эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж эхэлсэн учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифт өөрчлөлт оруулж цахилгаан эрчим хүчний үнийг 16 хувиар нэмсэн.  Хэрэглэгчийн эрчим хүчний тарифыг эх үүсвэр, нэгдсэн сүлжээний бүтэц зэргээс хамааруулан гурван бүсчлэлд хувааж тогтоодог. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн айл өрхүүд буюу энгийн тоолууртай ахуйн хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгөөр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгөөр худалдан авч байгаа. Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06:00-21:00 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгө,  21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэдэг.  Энэ бол өнөөдөр мөрдөгдөж байгаа эрчим хүчний үнэ тариф. Бид олон улс болоод дотоодыг хамруулсан маш нарийн тооцоо судалгаа хийдэг. Цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийн өрхийн орлогод эзлэх хувийн жин 2005 онд халаалтын буюу өвлийн улиралд 14.9 хувь, халаалтын бус улиралд 8.8 хувийг эзэлж байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар халаалтын буюу өвлийн улиралд 6.2 хувь, халаалтын бус улиралд 4.3 хувийг эзэлж байна. Дундаж хэрэглээтэй, дөрвөн ам бүлтэй айлын өрхийн  нэг  сарын цахилгааны төлбөр 31 мянга орчим төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, тэр айл өдөрт 1000 төгрөгөөр хоолоо хийж, хувцсаа угааж индүүдэж, гар утсаа цэнэглэж, зурагтаа үзэж, бүхий л цахилгааныхаа хэрэглээг хангадаг. Үүнийг ам бүлд нь хуваавал нэг хүн өдөрт 266 төгрөгийн цахилгаан хэрэглэж байна гэсэн үг. Гэтэл нэг талх 1300, автобусанд нэг удаа суух төлбөр 500 төгрөг. Нэг шил архи 20000 мянгаас дээш үнэтэй байгаа шүү дээ. Хоёр шил архины мөнгө хүрэхгүй үнээр л айл өрх бүтэн сарынхаа цахилгааны хэрэглээг авдаг байх жишээтэй.  Ер нь Монгол Улсад цахилгааны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулсан ч хямд. ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс хоёр дахин бусад хөгжилтэй орнуудын цахилгааны үнээс 4-5 дахин хямд байгаа.

-Нөгөө талаас хэрэглэгчид цахилгааныг хямд үнээр авч байгаа болохоор зохистой, хэмнэлттэй хэрэглэхгүй байна уу. Хэрэглэгчид зах зээлийн үнээр цахилгаан өгөөд эхэлбэл хүссэн хүсээгүй ухаалаг хэрэглээтэй болж, төрөөс эрчим хүчний салбарт өгдөг татаасууд үгүй болно гэсэн санал гарч байна лээ?

-Хэрэглэгчийн цахилгааны тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаа. Дээрээс нь маш олон төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50-100 хувь хөнгөлж байгаа. Энэ хөнгөлөлтөд улсын төсвөөс жилдээ 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн айл өрхийн хэрэглэсэн 150 кВт.ц цахилгааны үнийг  хөнгөлдөг. Тодруулбал 1 кВт.ц тутамд 37 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд нийтдээ  650 гаруй мянган айл өрхөд   нийтдээ 62.7 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт, нэг өрхөд сард дунджаар 9500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.  Үнэ хямд байна гэдэг хязгааргүй хэрэглэнэ гэсэн үг биш шүү дээ.  УИХ-аас 2017 онд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдсан.  Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан ажилладаг. Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилт дэвшүүлэн төвийн бүсийн 12 компанитай “Урамшуулалт зохицуулалтын гэрээ”-г байгуулан ажилласнаар салбарын хэмжээнд цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал буурсан. Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар 33.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мянган Гкал дулааны эрчим хүч буюу 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан байна. Дотоодын дулааны цахилгаан станцуудын диспетчерийн график төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр урамшуулал олгох журам тогтоосноор 2018 оны хэрэглээний өсөлт болох 270 сая кВт цахилгааны 92 хувийг дотоодын цахилгаан станцуудаас хангаж 28 тэрбум төгрөгөөр импортын эрчим хүчний төлбөрийг бууруулсан. Эрчим хүчний хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш 82 эрчим хүчний аудитор, 151 эрчим хүчний хэмнэлтийн менежерийг бэлтгэж, ажилд оруулаад байна. Өнгөрсөн онд 29 байгууллага эрчим хүчний аудит хийлгэж, эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлын талаар олон нийт, ерөнхий боловсролын 241 сургуулийн 139 мянга гаруй хүүхдэд “Эрчим хүчний хэмнэлт зохистой хэрэглээ” хичээлийг заасан гээд маш олон ажил хийж, үр дүнд хүрч байна. Засгийн газраас баталсан Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний хөтөлбөр 2018-2022 оны хооронд хэрэгжинэ. Хөтөлбөрт 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгаж өгсөн байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн С02 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын хэмнэлт бий болох боломж бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.

-Дэлхийн дулаарлыг бий болгож байгаа үндсэн гурван салбарын нэг нь эрчим хүч. Уур амьсгалын өөрчлөлт энэ салбарт хэрхэн нөлөөлж байна вэ. Мөн дэлхийн дулаарлыг бууруулах, саармаг­жуулахын тулд нар, салхины төсөл хэрэгжүүлж, технологийн дэвшил шийдлүүдийг ашиглах ёстой байх?

-Дэлхийн дулаарлыг бий болгож байгаа агаарт буй хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ авах нь чухал. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу дэмжих, эрчим хүч хэмнэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэглэгчдэд эрчим хүчний талаар мэдлэг, мэдээлэл олгох замаар нийгмийн хандлагыг өөрчлөх, эрчим хүчний хэмнэлтийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

 -Энэ өвөл түүхий нүүрс түлэхгүй. Үүнтэй холбоотойгоор танай байгууллагаас ямар зохицуулалт хийж ажиллах вэ?

-Улаанбаатар хотын гэр хорооллын 200 гаруй мянган айл өрх жилдээ сая гаруй тонн түүхий нүүрс түлж байгаа нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байгаа. Тиймээс Засгийн газар түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр гаргаж, 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд өгөх ажлыг  зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа. Мөн шөнийн цахилгааны үнийг тэглэх тул цахилгаан халаагуураар халаалтаа шийдэх боломж бий. Агаарын бохирдлыг бууруулах нь  гэдэг дан ганц Засгийн газрын асуудал биш. Айл өрх, иргэн болгон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан түүхий нүүрс түлэхээс татгалзаасай, эрчим хүчний ухаалаг хэрэглээг амьдрал ахуйдаа бий болгоосой гэж хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607964
0 эможи

Зочин
2019-09-12 14:28
Зочин
2019-09-12 11:48
гоё хэлжээ
keyboard_arrow_up