COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БХТ-ийн захирал Ц.Амарсанаа барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

2019 оны 9 сарын 06

Arslan.mnБарилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй нийт барилгачид, инженерүүд, үе үеийн ахмадууд, салбарын алдар гавъяатнууд та бүхэнд Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгачдын өдөр” нь манай улсын хөгжил цэцэглэлийн өнгөрсөн, одоо, ирээдүйн өнгө төрхийг тодорхойлж, өрнүүн их хөдөлмөрийн үр шимээр салбарынхаа арвин их түүхийг бичилцэж яваа Монголын мянга мянган барилгачид, бүтээн байгуулагчдын баярын өдөр билээ.

Монгол Улсын эдийн засаг сэргэж, улс орны хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтад тулгуурлан эх орны өнцөг булан бүрт барилга бүтээн байгуулалтууд өрнөж, томоохон төсөл хөтөлбөрүүд эхлэх, үргэлжлэх боломжтой болж олон жилийн турш зогсонги байдалтай байсан барилгуудаа ч ашиглалтад оруулж эхэллээ. Үүний үр дүнд барилгын салбарт бизнес эрхлэгчид, барилгачид, инженер техникийн ажилтнууд байнгын ажилтай орлоготой байх боломж нэмэгдэж их бүтээн байгуулалтын салбар ахиц дэвшил, амжилт бүтээл өрнүүн байгаад бид бүхэн баяртай байна.

Барилгын хөгжлийн төвийн хамт олон 2019 онд барилга байгууламжийн 1300 гаруй зураг төслийг магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, БХБЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХНХЯ, МХЕГ, Үндэсний хөгжлийн газар, аймаг орон нутгийн ГХБХБГ-уудтай хамтран ажиллаж, улсын хэмжээнд 500 гаруй төсөл арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2019 онд улсын хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалт нь сүүлийн 10 гаруй жилийнхтэй харьцуулахад хамгийн өндөр байгаа бөгөөд тухайлбал Боловсролын салбарт хамгийн их барилга бүтээн байгуулалтын ажил хийгдэж 44 сургууль, 79 цэцэрлэг 24 дотуур байрыг барьж байгуулан энэ ондоо багтаан байнгын ашиглалтад оруулснаар монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд сурч боловсорч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Бүтээн байгуулалтын ажил нэмэгдэхийн хэрээр салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, норм, нормативын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ХАБЭА-н чиглэлээр мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлуудыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд нэгдэн хамтдаа шийдвэрлэх үүрэг бидэнд бий.

Монгол Улсын хөгжлийг хурдасгах, ард иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, барилгын үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагааг хангаж, барилга байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахад барилгачид та бүхний мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, сэтгэл, хариуцлагатай байдал нөр их хөдөлмөр чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэе.

Монгол барилгачдын бүтээн байгуулалт улс орныхоо хот сууринг цогцлоож, монгол инженерийн ур ухаан, авъяас чадвар тив дэлхийд үнэлэгдэх болсон бахдам амжилтаар барилгын салбарынхаа 93 жилийн ойгоо угтаж байгаа та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх аз жаргал, улам их амжилтыг хүсэн ерөөе.

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607725
0 эможи

keyboard_arrow_up