БАРИЛГАЧДЫН БАЯР-2019: “Нээлттэй хаалганы өдөрлөг” НЭГДСЭН арга хэмжээ энэ сарын 6-нд болно
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын үйл ажиллагаа, Барилгачдын баяр, түүхт 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хуралд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Барилга.мн ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батзориг нар оролцлоо.
“МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР" ёслолын арга хэмжээ есдүгээр сарын 6-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болох юм байна.
Тус арга хэмжээний үеэр Барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа, Салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд залах ёслол болно.
Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөг есдүгээр сарын 6-ны 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой.
Өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод, Барилгын компаниуд оролцох аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр албаны хүмүүс салбарын талаар зарим мэдээллийг өглөө.
Тодруулбал, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2019 оны хагас жилийн өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 9.3 хувиар буюу 230.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2019 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрсний 94.1 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 108.3 (5.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 199.7 (12.1%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
- 2016 оны байдлаар 778 мянган төгрөг
- 2017 оны байдлаар 842 мянган төгрөг
- 2018 оны байдлаар 931 мянган төгрөг
- 2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж, ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өслөө.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.
“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин, түрээсийн орон сууцны санг 1542 айлаар нэмэгдүүлэн Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотод түрээсийн орон сууц барьж, ашиглалтад оруулжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|