COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Альберт Видалийн шагнал хүртсэн 20 настай гагнуурчин

2019 оны 9 сарын 04

Arslan.mnОХУ-ын Казань хотноо болсон дэлхийн ур чадварын тэмцээнд 63 орны 1,300 гаруй залуус 56 мэргэжлээр ур чадвараа сорьж өрсөлдлөө.

Манай улсаас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн найман залуу, найман мэргэжлээр ур чадвараа сорихоор эксперт багш нарынхаа хамт амжилттай оролцоод ирлээ. Монголоос оролцсон Т.Оюун-Эрдэнэ гагнуурын мэргэжлээр бахдам амжилт гаргаж, Үндэсний шилдэг болон гагнуурын мэргэжлийн дэлхийн шилдэг гагнуурчин медаль хүртсэн юм.

Одоо 20 настай Т.Оюун-Эрдэнэ дэлхийн 38 орны тамирчдаас 711 оноогоор арванхоёрдугаар байрт эрэмбэлэгдэж, улсынхаа чансааг ахиулж, Альберт Видалийн шагналын эзэн боллоо. Энэхүү шагнал нь түүнийг олон улсын стандартад нийцүүлэх хэмжээний ур чадвартайг нотолж буй юм.

ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР 18 ЦАГ ГАГНУУР ХИЙЖЭЭ

Гагнуурын мэргэжлээр дэлхийд өрсөлдсөн Т.Оюун-Эрдэнэ “Монгол-Солонгосын политехник коллеж”-ийг гагнуурчнаар төгсөөд “Хасу мегаватт” компанид ажиллаж эхэлсэн байна.

Ажлынхаа хажуугаар Герман-Монголын политехник коллеж”-д сурч мэдлэгээ ахиулах хугацаандаа 30 гаруй коллежийн оролцогчтой өрсөлдөж, “Дэлхийн ур чадвар”-т хүч сорих эрхийг авчээ.

Түүнээс хойш “Оюутолгой” компани болон ТЭЦ-IV дээр жил гаруй хугацаанд өдөр алгасахгүй бэлтгэл хийхээс гадна олон улсын хэд хэдэн тэмцээн уралдаанд оролцож амжсан нь сэтгэлзүйгээс эхлээд багагүй туршлага болсон гэнэ.

Бэлтгэлийнхээ талаар Т.Оюун-Эрдэнэ “Гагнуур хэмжээ өнгө үзэмжээс эхлээд их дасгал сургуулилт шаарддаг. Нэг гагнаж үзээд болчихно гэж байхгүй. Их нарийн ур чадвар шаардана. Бэлтгэл хийж байхад өнгөрсөн жил дэлхийн ур чадварт оролцсон ах маань багагүй зөвлөж тусалсан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэмцээний өмнө Солонгост cap гаруй бэлтгэл хийлгэсэн нь маш их тус болсон. Багагүй туршлага судалж, их зүйл сурсан.

Өмнө нь хэд хэдэн тэмцээнд оролцож сандралаа дарж чадсан учраас дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох үеэр сандраагүй. Энэ тэмцээний үеэр өдөр тутмын хийдэг ажил шигээ л бодож хамаг чадлаа дайчилсан” гэв.

Дэлхийн ур чадварын тэмцээний үеэр гагнуурын төрөл гурав хоног үргэлжилсэн байна. Даалгаварт өгөгдсөн дөрвөн модулийг 18 цаг гагнахдаа багшийн тусламжгүйгээр кабинд ганцаараа даалгавар гүйцэтгэжээ. Т.Оюун-Эрдэнийн хувьд “Эхний өдөр таван цаг, хоёр дахь өдөр есөн цаг, гурав дахь өдөр нь 3.5 цаг гагнасан. Тэмцээний үеэр хугацаандаа шуурхай гүйцэтгэх чухал байсан.

Гэхдээ хамгийн чухал нь хэмжилт буюу оёдлын өргөн нарийн, өндрийг стандартад нийцүүлэх ёстой. Экспертүүд маш нарийн дүгнэдэг. Тухайлбал, нэгдүгээр модулийг рентгенээр харсан.

Нүх сүв, холболт, нэвчилт өнгө үзэмжийг нарийн шалгахаас гадна хугалж үздэг. Өгөгдсөн хугацаанд даалгаврынхаа аль хүртэл гагнаж чадах хүртлээ хийдэг” гэсэн юм. Харин түүнээс эхний байруудад оролцсон тамирчдаас дутуу санагдсан зүйл байна уу гэхэд “Зарим даалгавраа төгс хийж чадаагүй. Алдсан зүйл бий.

Гэхдээ бусад орны оролцогчдыг харахад гоц ялгарах зүйл байгаагүй. Өнгө үзэмж л сайн байсан. Ер нь улс орнууд тэмцээнд оролцогчдоо маш удаан хугацаанд, дор хаяж 3-4 жил бэлтгэдэг юм билээ.

Тухайлбал, Хятадын 2021 онд тэмцээнд оролцох хүүхэд нь бидний оролцсон тэмцээнийг үзээд явж байна лээ. Миний хувьд дэлхийн ур чадварын тэмцээний үеэр хэрэглэдэг гагнуурын аппаратаар “Оюутолгой” компани дээр бэлтгэл хийж байсан учраас шинэ зүйл байгаагүй. Төгс гагнахад нэг хувийн чадвар 99 хувийн хичээл зүтгэл хэрэгтэй гэж боддог. Мөн анхаарлаа бүрэн төвлөрүүлэх ёстой. Хамгийн чухал нь уйгагүй давтах хэрэгтэй” гэлээ.

ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ГАГНУУРЧИН

Казанийн дэлхийн ур чадварын тэмцээний гагнуурын мэргэжлийн эксперт багш С.Батсайхан Дулааны IV цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид 30 жил ажиллаж байгаа туршлагатай инженер. Мөн дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 онд Бразилын Сан Паолу 2017 оны АНЭУ-ын Абу Дабид эксперт багшаар оролцож байжээ. Харин энэ удаад багш, шавь хоёр дэлхийн стандартын босго оноо болох 700 оноог давж 711 оноотойгоор хоёр шагналыг эх орондоо авчирсан юм.

Г агнуурын мэргэжлийн даалгавар дөрвөн үндсэн модулиас бүрддэг бөгөөд нэгдүгээрх нь стандарт модуль буюу хавтан, шугам хоолой гагнана. Хоёрдугаар модуль нь даралтат сав бол гуравдугаарт хөнгөн цагаан хийц, зэвэрдэггүй ган хийц буюу нержийн гагнуур хийдэг аж.

Энэ дөрвөн модуль гагнуурчнаас өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг. Гадна хавган болон шугам хоолойг рентген аргаар шалгаж дотоод гэмтлийг тодорхойлдог гэнэ. Харин Т.Оюун-Эрдэнэ энэ бүх нарийн шалгуурыг амжилттай давж тэмцээнээс хамгийн өндөр оноо авсанд нь олгодог Үндэсний ялагчийн шагнал хүртсэн юм.

Мөн гагнуурын төрлийн босго 700 оноог давуулж дэлхийн стандартад нийцүүлж чадсаныг нь нотолсон Альберт Видалийн шагналыг хүртээд иржээ.

Гагнуурын мэргэжлийн сайхныг мэддэггүй байхдаа хуульч юм уу цэргийн хүн болно гэж боддог байсан тухайгаа Т.Оюун-Эрдэнэ “14 настайдаа аавын ажил дээр очиж гагнуур хийж үзсэнээс хойш эргэлт буцалтгүй шийдсэн.

Их, дээд сургуульд орж болох байсан ч гагнуурчин болохоор коллежийг сонгосон. Аав, ээж маань намайг маш их дэмжсэн. Тэр их итгэлийг нь алдахгүйн тулд сургуулийнхаа шилдэг гагнуурчин болоод анхны шагналаа авч очсон.

Гэр бүлийнхнээс гадна багш нар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Оюутолгой”, “Хасу мегаватт” гээд намайг дэмжсэн маш олон хүн бий. Тэр хүмүүсийн итгэлийг алдахвий гэхэх л хамгийн их айсан. Тэмцээний үеэр цаг 30 минутын өмнө гагнаж дуусаад гарч ирсэн. Дүн гарах хооронд олон хүний итгэлийг алдсан бол яана аа гээд маш их санаа зовсон.

Тэмцээнд оролцоно гэхэх илүү өндөр хариуцлагыг үүрч гарах том сургамж туршлага боллоо. Болдог бол нэг ч хүний нэрийг орхигдуулахгүй хэлэхсэн. Миний амжилт бол олон хүний хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн багийн ажиллагаа. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон, бэлдсэн, дэмжсэн, тусалсан, хамтран ажилласан, зохион байгуулсан, тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэдгээ манай сониноор уламжилсан юм.

Түүний цаашдын зорилгыг сонирхвол “Хэсэгтээ компанидаа ажиллана. Инженерийн мэдлэг чухал учраас да-хиад гагнуурын чиглэлээр суралцана гэсэн бодолтой байгаа. Улс орныхоо томоохон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

Гагнахдаа алдаа гаргавал эргээд маш их хохиролтой. Зүүний сүвэгч шиг нүх гаргахад л хүний амь эрсдэх аюултай. Тиймээс маш хариуцлагатай байх ёстой. Хайхрамжгүй хандаж болохгүй.

Амархан мэт боловч өндөр хариуцлага, мэдлэг, ур чадвар шаарддаг ажил” хэмээсэн юм. 20 насандаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн гагнуурчин залууд амжилт хүсье.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
44
haha an post
3
wow an post
14
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
607598
230 эможи

Зочин
2020-06-23 11:38
Авъяас мэргэлжээ багаасаа олно гэдэг ухаан ховор тохиолдол .
Зочин
2020-06-22 21:44
Мэргэжил авъяасаа эрт мэдэж мэдрэнэ гэдэг аз биш амжилт ухаан юмдаа.
Huuk
2019-12-02 19:13
Zaluu nas bodogdloo
munhuu
2019-11-29 23:16
Mongolchuudin baharhal bolson huud bayr hurgee.gaihaltai
Zochin
2019-11-27 22:45
Tomoos tom bayar hurgej amjilt buteeliin deediig husie!!!
монгол
2019-11-27 21:10
маш сайн байна. амжилт хусье.
Tuvshinbayar
2019-11-27 19:07
Mash tom bayar hurgie.
зочин
2019-11-27 17:25
Баяр хүргэе.
zochin
2019-11-27 15:04
Мундаг залуу бна. Баяр хүргэе. Чиний ажил амьдрал дөнгөж эхэлж бна. Том өндөрлөгт хүрээрэй.
Оюунцэцэг
2019-11-27 14:30
Бахархаж байна Амжилт хүсье
Б.Оюунаа
2019-11-27 11:07
Маш их бахархаж байна! Амжилтаа ахиулж, аз жаргалтай амьдраарай!
Зочин
2019-11-27 10:09
Bayar hurgei mongol zaluus gaihaltai abiyas chadbartai baharhaj bn
Inga
2019-11-26 21:57
Saihan baharhaj bna
Lkhagvasuren
2019-11-26 20:38
Bayr hurgie mundag hicheel zutgeltei duu bn lee shuu.
Ган
2019-11-26 18:27
Шал сонирхолгүй, илүүдэлтэй мэргэжлээр сурснаас мундаг гагнуурчин болбол том компаниуд булаацалдаад л авна гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах юмсан
Дорнод
2019-11-26 17:54
Мундаг монгол хүүгээр бахархаж бна.
Tserentogtoh
2019-11-25 08:47
Mundag huudee bayar hurgie.
Зочин
2019-09-09 10:05
Mash sain baina, ulam ih amjikt husie ttomoos tom bayr hurgie, manai zaluuchuudiin neg manlai ni bainaa bayrlaj baina shuu
Зочин
2019-09-07 09:51
Ямар мундаг юм бэ? Зөндөө их амжилт хүсье
sarantuya
2019-09-06 19:17
bahathaj baina ene mergejlin gaihamshigig gagnuurchin hun l oilgono uneheer narin medremj chadwar teswer shaardsan saihan mergejil huudee amjilt husie uneheer baharhaj bna
Ganaa
2019-09-05 12:17
Sain baina mundag zaluud amjilt hvsie.Gagnuurchin goe mergejil shvv tsaashdaa ulam ih amjilt gargaarai. Egch ni 25 jil gagnuurchin hiij baisan. Setgel hodlon setgegdel bichij suuna daa.
Энхээ
2019-09-05 00:36
Сайн байна. Баяр хүргье.
keyboard_arrow_up