COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Азийн хөгжлийн банк 27 сая ам.доллараар хоёр хилийн боомтыг шинэчлэн сайжруулна

2019 оны 9 сарын 03

Хил дамнасан худалдааг хөнгөвчлөх зорилгоор Монгол Улсад хэрэгжиж буй төслийн үргэлжлэл болгож, нэмэлт хоёр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах 27 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр баталлаа.

Arslan.mn

Одоо хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг, Сүхбаатар боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Уг төслийн үргэлжлэл болгон олгож буй, өнөөдөр батлагдсан нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт, Увс аймаг дахь Боршоо боомтыг тус тус шинэчлэн сайжруулах юм. 

“Хилийн боомтууд дахь барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх замаар худалдаа эрхлэхэд зарцуулж буй цаг хугацаа, зардлыг бууруулах боломжтой. Энэ ч утгаараа Монгол улсын засгийн газарт үзүүлж буй АХБ-ны дэмжлэг нь худалдаа эрхлэх ажиллагааг илүү ил тод, үр дүнтэй болгож худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэнэ” хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал тэмдэглэлээ. 

ОХУ, БНХАУ-ын дунд орших далайд гарцгүй орны хувьд Монгол Улсын ДНБ-ий нэлээдгүй хувийг гадаад худалдааны орлого бүрдүүлдэг. 2009-2017 онд экспортын орлого 1.9 тэрбум ам.доллараас 6.2 тэрбум ам.доллар болж өссөн бол энэ хугацаанд импортын орлого 2.1 тэрбумаас 4.3 тэрбум ам.доллар болон нэмэгджээ.

Мөн түүнчлэн одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж байгаа Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлыг шинээр сонгогдсон хоёр боомтод нэвтрүүлэхийн зэрэгцээ шинэ төслийн хүрээнд хилийн дөрвөн байгууллагын ажилчдын чадавхыг орон даяар бэхжүүлнэ. 

Эдгээр хилийн боомтоор дамжин хийгдэх ОХУ, БНХАУ-тай хийх хоёр талын худалдаа болон транзит ачаа тээврийн эргэлт цаашид өснө хэмээн Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа юм.

2026 он гэхэд Бичигт боомтоор дамжих худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэж, 400 сая ам.долларт хүрэхээс импорт 95 сая ам.доллар, харин Боршоо боомтоор дамжих худалдаа эргэлт гурав дахин нэмэгдэж 95 сая ам.долларт хүрэх бөгөөд үүний ихэнх хувийг импортоос шалтгаалсан өсөлт эзэлнэ гэсэн таамаг байна. 

 

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607577
1 эможи

Зочин
2019-09-03 23:17
keyboard_arrow_up