COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Чойжамц: Шашны эв эе, уламжлалыг бататган дэлгэрүүлэхийн тулд Батцагаан дуганыг бүтээлээ

2019 оны 9 сарын 02

Arslan.mn

Эртний түүхт Гандан хүрээний Батцагаан Цогчэн дуган шинээр сүндэрлэсэнтэй холбогдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

-Батцагаан Цогчэн дуганыг нээж буй түүхэн үйл явдал тохиож байна. Монголд бурхны шашин дэлгэрсэн талаар түүхийг товчхон сөхвөл?

-Гандан хүрээний Батцагаан Цогчэн дуган эргэн шинээр сүндэрлэсэн өдрийн хүрээнд “Самвад III” олон улсын хурал, “Хүрээ цам-даншүг наадам 2019”  зэрэг чухал үйл явдлууд  тохиож байна.

Эл үйл явдлууд 17-р жарны шороон гахай жилийн намрын эхэн сарын шинийн найман бөгөөд аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 06 ны цог учрал, өлзий бэлэг бүрдсэн өдөр Номын их хүрээ Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хотол баяр, ерөөл буяны өлмий түшсэн,  ачлал хүндлэл дэлгэрсэн үйл явдал өрнөх гэж байна.

Энэ өдөр лам хуврагууд шинэ Батцагаан дуган болон бурхад шүтээнд Дашням Равнай буюу дэлгэрэнгүй Машид оршил өргөх зан үйл, уншлага номыг үйлдэж, Авралт бурханд номыг тэтгэгч нарын лагшин, зарлиг, таалалын адистат хийгээд үйлс залран бууж  баттай оршин соёрхохыг даатган залбирна.

Монгол оронд анх ялгуулсан бурханы шашин Хүннү гүрэн тэргүүтэн нүүдэлчин  олон аймгуудад, завсарт Чингэс хаан тэргүүн их хаадын үед, сүүлд 16-р зууны үед  бага хаад болон түүнээс хойч үед дэлгэрч, монголчуудын  соёл иргэншлийн гол ноён нуруу, итгэл үнэмшил, үзэл санааны чиг хараа болж ирсэн билээ.

Их Монгол оронд  бурханы шашны сүүлийн дэлгэрэлтийн үед Алтан хаан, Автай хаан, Гүши хаан зэрэг шашныг тэтгэгч  олон номт хаадын ач ивгээл, Өндөр гэгээн Занабазар, нэйж тойн Цүлтэмзанба, Заяа бандида Намхайжамц, Заяа бандид Дамбадаржаа  нарын номын ихэс  дээдсүүдийн  үйлс буянд монгол  даяар шашин номын наран зүг бүрнээ мандан дэлгэрч, үргэлжлэн өрнөсөн юм.

Монголын төв нутагт Эзэн Чингэс хааны алтан ургийн аврал дээд богд Өндөр гэгээн Занабазар хутагт бээр 1654 оны хөх морин жил Хэнтий нурууны өвөрт номын их хүрээ Ривугэжай гандан шадүвлингийн эхлэлийг тавьж, дуган сүмийн барилга байгууламж, бурхан  шүтээнийг  бүтээн байгуулж дуусган равнай өргөн, хурал номын эхлүүлсэн байдаг.

Энэ үед их хурлын Цогчэн дуган  боссон агаад Риву гэжай гандан шадүвлин буюу Сарьдагийн хийд нь Монголын Их хүрээ, Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар хотын үүсгэл билээ.Хожим Номын их хүрээ Риву гэжай гандан шадүвлин гайт балмад, гавьяагүй дайны хөлд гэмтэн үгүй болж дахин сэргээх боломжгүй болсон тул Өндөр богд бээр 1706 оны гал нохой жил түүнийг Цэцэрлэгийн Эрдэнэ толгойд нүүлгэн шилжүүлж  их хүрээний гол цогчэн дуганыг даавуун хийцээр урлан босгоод уншлага номын бүхий зан үйл, ая дан ба сургалтыг заан сургаж,  их хүрээний дэг сургуулийг үүсгэн тогтоосон юм.

Улмаар Их хүрээ дахин дахин нүүсээр 1778 онд хан Богд уулын ар, хатан  туулын хөвөөнд  суурьшсан. Богд Жэвзүндамба хутагтуудын  үед их хүрээ номын орд өргөөгөөр өргөжин тэлж, сургалт боловсролын гол төв болсоор байсан.

1838 оны шороон нохой жил  шар хэрмэн дотор нэгэн дуган босгож Гандантэгчэнлин хэмээх нэр хайрласан байна. Ингэж  их хүрээ нь Гандан хүрээ хэмээн алдаршсан түүхтэй.

-Сүм дуган, лав хуваргууд зүрх шимшрүүлсэн түүхийг ч туулсан байдаг. Түүнээс хойш бурхны шашин хийгээд, төв хийд сэргэн мандаж хурал номын үйл ажиллагаа сэргэсэн талаарх түүхийг сонирхуулбал?   

-Гандан хүрээний Батцагаан цогчэн дуган Богдын шар ордоны баруун хойно олон мянган лам хурах багтаамжтай 108 баганат нэгэн байжээ. Гандан  хүрээний хамгийн нандин шүтээн Өндөр гэгээний  өөрийн мутраар бүтээсэн Очирдарь байсан бөгөөд одоо ч тус хийдийн гол нандин шүтээнээр залагдаж байна.

Гандан хүрээнээс номлох, тэмцэх, туурвихын эрдэмд мэргэжсэн олон мянган  эрдэмтэн мэргэд төрөн гарч шашин номоо тэтгэн барьж, түгээн дэлгэрүүлж байв. Монгол оронд коммунист дэглэм тогтон бурханы шашин эвдэрч доройтож,  сэтгэл энэлгэсэн, зүрх шимширгэсэн түүхийг туулсан.

Оройн дээд V богд  Жэвзүндамба тэргүүтэй богдууд Гандантэгчэнлингээ үл нүүлгэх улмаар бат байлгахын таалал болгоолтын хүчээр Гандантэгчэнлингийн дуган, сүмүүд  их хэлмэгдүүлэлийн аюулаас үлдсэн гэдэг нь эргэлзээгүй.

МБШТ Гандантэгчэнлин хийд 1944 онд Мөргөлийн дуган нэртэй дахин сэргэж  нээгдэн хурал номын үйл хэргийг эрхэлсэн нь шашны мөхсөн зулыг эргэн  бадраасан, сүсэгтэн олныг ихэд баярлуулсан үйл явдал болсон юм.

Мөн  коммунист нийгмийн цаг үед Монгол даяар хязгаарлагдмал хурал номын үйл ажиллагаа явуулж байсан  цорын ганц хийд байлаа. Гэсэн хэдий ч Гандан хүрээний  цогчэн тэргүүтэй хурал ном, уншлага зан үйлээс гадна Гандан хүрээний бусад бүхий л дацангийн уншлага, зан үйл болон нарийн дамжлагыг  залгуулж авч чадсан бөгөөд нэг ёсондоо Гандан хүрээг хураангуйлан хадгалж ирсэн ач гавьяатай, агуу адистат орон мөн.

1990 онд ардчилсан нийгэм тогтон ард түмний шүтэх эрх чөлөө нээгдэн МБШТ Гандантэгчэнлин хийд нь хуучин гандан хүрээний хамгийн гол судар, тарнийн сургалтын дацан болон бусад дацангуудыг сэргээн босгосон ба эдүгээ хурал номын үйл ажиллагаагаа  тогмол явуулж  байна.

Энэтхэг улсын Гоман, Сэра, Жүд зэрэг дацангуудад олон залуу лам хуврагууд суралцаж байгаагийн түрүүчээс нь лхаарамбын  зэрэг цолтой эрдэмд сайн  мэргэдүүд төрөн гарлаа.

-Батцагаан цогчэн дуганыг сэргээн босгох шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ. Өнөөдрийг хүртэл нөр их хүчээл зүтгэл, хөдөлмөр зарцуулсан нь гарцаагүй? 

-Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин  хийд Гандан хүрээний уламжлал бүтцийг улам  сэргээх,  шашны эв эе, зохион байгуулалтыг бататгах, өргөжин дэлгэрүүлэхийн төлөө бодлого зорилгыг чиглүүлэн Батцагаан дуганаа бүтээн босгох шийдвэрийг 2006 оны гуравдугаар сарын 31 өдрийн 01 тоот тогтоол  гарган төр засагтаа айлтгасан юм.

Дээрхийн гэгээн Далай багш  энэ үед тус хийдэд заларч шинэ Батцагаан цогчэн дуганы шавыг  тавьж, суурь газрыг адисалснаар үйлс бүтээл дэлгэрэхийн өлзий бүрдсэн.

Төрийн зүгээс бидний Батцагаан Цогчэн дуганаа бүтээн босгох чин хүсэл эрмэлзлийг хүлээн авч, өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтэд бурханы шашин  хамгийн их хохирол амссан тул түүх дурсгал соёлын өвийг дэмжин сэргээх  бодлогын хүрээнд Өндөр богдын үүслийг гаргасан үеэс үед нийтийн  буян номын их газар болсон  Цогчэн  дуганы барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлж  барьж дуусгалаа.

Шашин соёлоо дээдлэгч  үе үеийн олон төрийн түшээд, алба үүрэг хашигчид   Батцагаан Цогчэн дуганыг бүтээн босгоход дэмжин тусалж, их ач  буяныг хүргэсэн. Энэ бол “Төр нь шашнаа хүндэтгэж,  шашин нь төрөө дээдэлнэ гэсэн үндсэн хуулийн зарчин  биелэгдэж байгаагийн нэгэн илэрхийлэл хүндэтгэл” мөн.

Бас нэг зүйлийг сонордуулахад, дээдийн номын эхийн эх болсон хутагт Энэтхэгийн орны ерөнхий сайд Нагендра Моди цогчэн дуганы хоймрын гол шүтээн бурхан багшийн дүрийг, дээдийн номын дараагийн эх болсон Цас Түвдийн орны номын хаан Дээрхийн гэгээн Далай багш бээр Богд Зонхавын дүрийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Өндөр гэгээний дүрийг тус бүр бүтээн  өргөсөн явдал нь “Умараас умард миний  шашин улам дэлгэрнэ” гэсэн бурхан багшийн зарлиг, уламжлалт номт гурван улсын барилдлага үргэлжлэн батажсан  зүйл  болов хэмээн ихэд бэлгэшээж байна.

Цогчэн дуганы бусад шүтээн, эд зүйлс, сүншүг зэрэг олон зүйлд өглөгийн эзэд болсон байгууллага, хүмүүс өнөр өтгөн тул тэдгээрийн  нэрийг дуудан, ачийг дурьдаад  баршгүй юм.

Мөн Батцагаан дуганы зураг төслийг боловсруулсан Балданс ХХК-н зураачид хийгээд дуганы барилгын ажлын гол гүйцэтгэгч СИ-ЭЧ компанийн удирдлага хамт олонд талархая.

Цогчэн дуган Монголын бурханы шашинтны тэргүүн лам нарын зөвлөлийн хурал болон хутагт хувилгаад тогтмол хуралдан бурханы шашныхаа бодлого, хөгжил дэвшлийг хэлэлцэн тодорхойлж байх газар  болно.

-“Самвад III” олон улсын хурлыг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Өмнө хурлуудаар ямар үр өгөөж гарч байсан бол?

-Батцагаан цогчэн дуганы нээлтийн ёслол, “Самвад III” олон улсын хурал, “Хүрээ цам-даншүг наадам 2019” зэргийг хичээнгүй зүтгэл, хүчин чармайлт гарган зохион байгуулж байна.

Батцагаан цогчэн дуганы нээлтийн ёслол үйл ажиллагааг улам бүр утга төгөлдөр, өргөн дэлгэр болгож байгаа зүйл бол “Самвад III” гурав олон улсын хурал бөгөөд энэхүү хуралд олон улсын төр, шашны зүтгэлтэн , номын мэргэд, эрдэмтэн судлаачид нэгэн дор цугларч  хүн төрөлхтний өмнө тулгарсан чухал зүйлийн талаар оньч үзэл, мэргэн санаа, арга ухаан, амссан  туршлагыг  солилцож байгаа нь түүхэн үйл явдал юм.

МБШТ Гандантэгчэнлин хийдээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хуралтай хамтатган зохион байгуулж байна.

Ийнхүү тав дахь жилдээ 2019 оны есдүгээр сарын 06,07-ны өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 2019 оны есдүгээр сарын 08-нд “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам нэртэйгээр уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна.

Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжиж чадсан юм.

Их хүрээ цамд Монгол түмнийг даан  болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр болон уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс  гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх  өвгөн нарын дүрүүд гардгаараа ихэд онцлогтой.Бидний үйлдсэн энэхүү буян үйлс монголын ард түмний сэтгэл таалалд нийцэн, эв найрамдал зохицон, өнөр буян сүндэрлэн, ачлал хүндлэл дүүрэнч, цог жавхаа арвидан мандах болтугай.

Энэ удаагийн олон улсын хурал “Зөрчилдөөнөөс зайлсхийх, хүрээлэн байгаа байгаль орчны аюулгүй байдалд Дэлхийн Хинди болон Бурханы шашинтангууд гаргасан санаачилга” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

2018 оны Самвад олон улсын хурал Японы Токио хотноо зохион байгуулагдан Энэтхэг болон Японы ерөнхий сайдууд тус хурлын ач холбогдол, хэлэлцэн буй сэдвийн талаар ярилцан,  хамтын ажиллагааны тунхаг баримт бичиг гаргасан нь энэ хурлын гол үр дүн байсан юм.

-Олон улсын хурлын үеэр зөрчилдөөнөөс зайлсхийх, хүрээлэн байгаа байгаль орчны аюулгүй байдалд дэлхийн хинди болон бурханы шашинтангууд тодорхой санаачлага гаргах нь гэж ойлголоо. Их өндөр ач холбогдол, үр өгөөжтэй хурал болох нь?

-Хинди болон бурханы шашны сургааль хүмүүст  хүлцэл тэвчээр суулгах, бэрхшээл хатуужлыг давах, өршөөн уучлах ухамсарт сэтгэлгээг хөгжүүлэхийг  чухал болгодог.Аливаа зөрчилдөөнөөс зайлсхийх хамгийн сонгодог арга зам бол сэтгэлийн хат буюу  хүлцэл тэвчээрийн эрдэм мөн. Бусдын хорлолд  хариу хор үл хүргэх, хүч үл хэрэглэх, өөрийн бэрхшээл зовлонд хүлээцтэй байх аваас гадаад хийгээд дотоод зөрчлөөс зайлсхийх нь зайлшгүй.

Ардчилал гэдгийг миний хувьд ард түмний аз жаргалтай амьдралын үндэс бөгөөд  тодруулбал ёс зүйт, буянт үйлийн эрхэмлэгч  нарын зохист хэм хэмжээнд эрх чөлөөгөө эдлэхийг дээдлэх зарчим хэмээн ойлгодог билээ.

Ардчиллын үнэт зүйлс ч азийн улс орнуудад ч өөрсдийн шашин соёл, ёс заншилд харгалзан онцлог ялгааг агуулдаг. Энэ ч бас бид бүгдийн соёлын чухал үнэ цэнэ болно.

Шуналт сэтгэлээс ангид энгийн хэрэглээнд суурилсан амьдралын хэв хэлбэр, баялгийн зөв тэгш хуваарилалт, арвилан хэмнэлт, байгальд ээлтэй технологийн хөгжил юу юунаас чухаг боллоо.

Энэ ухамсрыг хүмүүст төлөвшүүлэхэд хиндү хийгээд бурханы шашинтангууд бусад шашинтануудтай хамтарч  үйл ажиллагаагаа эрчимжүүлж, үр дүнд хүрэх их боломжууд байна.

Энэтхэг, Монголын  мэргэд бандида нар зовлон зүдгүүрээс ангижрах, амар амгаланд хүрэх арга замыг заан сургасан  олон номлол бүтээлийг туурвисан байдаг.Тэдний бодь сэтгэл, шүтэн барилдлагын гүн бөгөөд агуу сургаал, бүтээлүүд  Монголчууд бидний оюун  санааны  гайхамшигт сан хөмрөгийн нэг мөн.

Энэтхэгийн ард түмний  их удирдагч  Махатма Ганди улс орныхоо эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө хүлцэл тэвчээр, өршөөнгүй сэтгэлийн эрдмийг үзүүлэн агуу амжилтад хүрсэн нь бидний  харах үлгэр, дагах дуурайлал мөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.2  ДАВАА  №174  (6141)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607517
0 эможи

Зочин
2019-09-02 11:31
сайн
Зочин
2019-09-02 10:00
хүн зонд хэрэгтэй зүйл ганцыг ч болов хийгээсэй энэ шар хувалц
keyboard_arrow_up