COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хашчулуун: Төв банкийг шахаж, хэрэгтэй, хэрэггүй төслүүдэд мөнгө гаргасны хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байна

2019 оны 7 сарын 25

Arslan.mn

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Долларын ханшийг тогтвортой барих, төгрөгийн ханшийг унагахгүй байх тал дээр Төв банкны барьж буй бодлого дээр байр сууриа хэлээч?

-Монгол банк долларын ханшийг тогтворжуулахын тулд хэд хэдэн арга хэрэглэдэг. Нэг нь, хүмүүсийн тэр‘бүр мэддэггүй гадаадын төв банкуудтай хийсэн своп хэлцэл. Энэ хэлэлцээрийн дагуу гадаадын төв банкууд, тэр дундаа БНХАУ-ын Ардын банк Монгол Улсын төв банкийг дэмжиж ажилладаг. 

Хамтын ажиллагааныхаа хүрээнд манай төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлдэг юм. Долларын ханшид нөлөөлдөг дараагийн зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт зохих хэмжээнд орж ирж байгаа. Үүнээс гадна экспортын орлого гэж бий. Энэ утгаараа улсын валютын нөөц байнга өсөж яваа. 

Төв банк валютын нөөцийг таваас дээш тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байна. Товчхондоо ханш тогтвортой байх гол нөхцөл бүрдсэн.

-Ам.долларын ханшид нөлөөлөхөөр эрсдэл гэвэл та юуг онцлох вэ? 

-Гурван том эрсдэл байна. Эхнийх нь дотоод улс төрийн байдал. Энэ эрсдэлийн хувьд хэзээд тулгарсаар ирсэн асуудал. Өнгөрсөн жилээс харьцангуй тогтворжсон. Ирэх оны нэгдүгээр сараас Сонгуулийн хуулийн дагуу гол албан тушаалтнууд бүгд сонгуулийн ажилД оролцох шаардлагатай болно. Тэр үеэс шийдвэр гаргалт эдийн засгийн гэхээс илүү харьцангуй улс төрийн шинжтэй болж эхэлдэг.

Нөлөөлөл нь 2020 оны улсын төсвийн төсөл дээр гарч эхэлнэ. Одоогоор төсвийн орлого зарлагаасаа давсан буюу улс ашигтай ажиллаж байна. Хоёр дахь эрсдэл нь гадаадын хөрөнгө оруулалт. рөнгө оруулалт орж ирдэг. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ хэвээрээ байгаа. Монгол Улсад жилд тэрбум болон түүнээс дээш хэмжээний гадаадын хө

Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд Оюу толгой голлодог. “Рио тинто”-гийн итгэл найдвар суларч эхэлж байна. Хувьцааны ханш нь уначихлаа. Хөрөнгө оруулагчдын хувьд “Рио тинто”-гийн удирдлагууд Монголын Засгийн газартай хэл амаа ололцож чадахгүй юм гэж буруутгасан хэсэг ч байна.

Монгол Улс байгуулсан гэрээгээ хүндэтгэх ёстой, хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байхад анхаарах ёстой гэсэн байр суурьтай хөрөнгө оруулагчид ч бий. Оюу толгой дээр ямар шийдвэр гарахыг харах л үлдлээ. Дундын шийдвэрт хүрэх болов уу гэж харж байна. 2020 оны сонгууль ойртсон учраас ойрын хугацаанд энэ асуудлыг эмхэлж цэгцлэх шаардлагатай болно.

Миний хувьд компанийн зүгээс Монголын Засгийн газрын хүсэж буй гол зүйлүүд дээр тодорхой хэмжээний нааштай алхам хийх болов уу гэж бодож байна. Гэвч шууд ингэж хэлэхэд бас хэцүү. Долларын ханшид нөлөөлөх гурав дахь эрсдэл нь дэлхийн эдийн засгийн байдал. Сүүлийн хэдэн саруудад байдал нэг намжаад эргэж савлах үзэгдэл тогтмол ажиглагдаж байна.

-Худалдааны дайн хурцдаад байх шиг байна...?

-БНХАУ-ын зүгээс АНУ-тай хийж буй худалдааны дайныг маш шийдэмгий явуулж байна. Ганцхан АНУ гэлтгүй дэлхийн томоохон компаниуд өнгөрсөн 20 жилийн хөрөнгө оруулалтын бодлогоо эргэж харж байна л даа. Урд хөршийг улс төрийн хувьд тогтвортой, хямд ажиллах хүчтэй, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй гэж үзээд дэлхийн бүх үйлдвэрлэл төвлөрсөн.

АНУ-аас гадна Япон, Герман зэрэг улс ч Хятадад үйлдвэрлэлээ нээж байсан. Энэ хандлага Хятадын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд маш том нөлөө үзүүлсэн юм. Хятадад маш олон дотоодын технологийн компани бий болоход нөлөөлсөн. Гадаадаас орж ирж буй технологи, мэдлэг, менежерүүдийн туршлага бүгд БНХАУ-ын эдийн засаг РУУ цутгаж байсан. Гэтэл бид зөвхөн худалдааны дайнд гол анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтад гарч буй үр нөлөөг нь огт сонирхохгүй байна.

-Хөгжилтэй орнууд Хятад руу хандсан хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчилж эхэлснийг хэлээд байна уу?

-Бүх компани Хятад улсын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөөд эхэлчихсэн. Үйлдвэрлэлийнхээ дор хаяж 20,30, зарим нь бүүр 100 хувийг Хятадын нутаг дэвсгэрээс гаргаж байна. Тэд эхний ээлжид Вьетнамыг сонгож байна. Индонези, Мьянмар зэрэг улс том аж үйлдвэрийн парк байгуулж гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж буй улсуудыг зорьж байна. Манай улсын дэргэд их хоцрогдолтой байсан Камбожи, Лаос зэрэг улс гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж байна. 

-Хятадаас Азийн бусад улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал манайх руу ирэхгүй байгаагийн цаад шалтгаан нь юу вэ. Улс төрийн эрсдэлээс өөр шалтгаан бий юү?

-Гадаадын хөрөнгө оруулагчдын тухайд хэдэн сая, маш хямд ажиллах хүч шаардлагатай байдаг. Вьетнам улсын сарын дундаж цалин 80 ам.доллар, Индонези улсынх 200 ам.доллар. Манайд цалингийн дундаж хэмжээ бага ч их хэмжээний ажилчдын нөөц хангах тал дээр учир дутагдалтай. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татна гэж найдалтгүй.

-Тэгвэл хөрөнгө оруулалт шингээх, татах чадвартай ямар салбар байна?

-Уул уурхайн салбар байна. Тодорхой хэмжээнд хөрөнгө татах боломжтой нь гэвэл хөдөө аж ахуйн салбар. Ийм л хоёр чиглэл бий.

-Хятадаас гадны хөрөнгө оруулагчдын бизнес гадагшлахаас гадна дотоодынх нь бизнес эрхлэгчид ч гадагшаа хандаад эхэлсэн гэв үү?

-Тэгж байна. Өмнө нь зөвхөн дотооддоо үйлдвэрлэл явуулна гэж зорьж байсан бол Америкийн хоригоос болгоомжлоод Вьетнам зэрэг өөр улсуудад үйлдвэрлэл явуулаад эхэллээ.

-Валютын ханшид эсрэгээр нөлөөлж мэдэх гурван эрсдэлийг хоёулаа ярилаа. Хамгийн бага эрсдэлтэй нь юу бол?

-Худалдааны дайн. Хоёр улсын эдийн засгийн харилцаа гүнзгий учир тодорхой ойлголцолд хүрэх нь цаг хугацааны л асуудал. Ямар нэгэн байдлаар шийдвэрт хүрэх байх. Худалдааны дайны явцад Хятадын дотоодын эдийн засгийн өсөлт сүүлийн хорин жилд тохиогоогүйгээрээ удааширлаа. Ийм шалтгаанаар дотооддоо маш их хэмжээний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ жилээс Хөх хотод хэд хэдэн шугамтай метроны туршилт хийж эхэлсэн. Хөх хот Улаанбаатараас томгүй. Гэвч ийм дэд бүтцийн төслийг хийчихлээ. Ингээд харахаар БНХАУ-ын эдийн засагт санаа зовох зүйл харьцангуй байхгүй гэсэн үг.

Хамгийн гол нь бид гол түншүүдтэйгээ харилцаа холбоогоо бататгах хэрэгтэй байна. ОХУ-ын эдийн засаг сүүлийн үед их хэмжээгээр хумигдсан. Цаашаа хумигдах эсэх нь газрын тосны үнээс ихээхэн шалтгаална. Сүүлийн хэдэн долоо хоногт газрын тосны үнэ буурч байсан. Гэвч өнгөрсөн хэд хоногт гэнэт өсөж магадгүй үйл явдал боллоо.

Ираны цэргүүд Персийн буланд явж байсан газрын тос тээвэрлэдэг усан онгоцнуудыг хүчээр булааж авлаа. Мөн Европын холбооны иргэд зорчиж байсан усан онгоцыг, олон мянган баррел газрын тос тээвэрлэж байсан онгоцыг булаан авсан хэрэг гарлаа. Европын холбоо дургүйцлээ илэрхийлээд байна. Ираныг удирдаж буй гол хүчин гэж хэлж болох хэсгээс ийм үйлдэл гаргаснаас харахад газрын тосны үнэ өсөх нь бараг тодорхой болчихлоо. Энэ асуудал яаж шийдэгдэхийг харах учиртай улсын нэг нь манайх. Газрын тосны үнэ долларын ханшид шууд нөлөөлдөг зүйлсийн нэг.

-Бусдаар бол эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй байгаа юу?

-Одоогийн байдлаар манай экспорт импортоос давж байгаа. Гадаад худалдаа сүүлийн гурвал жил ашигтай гарсан. Гадаадын гол төлбөрүүдийн заримыг хийсэн, үлдсэнийг нь хойшлуулж зохицуулсан. Ингээд харахаар ямар нэг тулгамдсан асуудал одоогоор алга. Төв банкны своп хэлцэл болон бусад арга хэмжээ үр дүнгээ өгч байна. Тэгэхээр ханш одоогоор тогтвортой байх нөхцөл бүрдсэн.

-Сонгууль дөхсөн учраас их хэмжээний мөнгө хэвлэ гэсэн дарамт УИХ, Засгийн газар зүгээс төв банкинд ирэх вий гэсэн болгоомжлол бий. Эхнээсээ дарамтлаад эхэлсэн гэх сураг ч дуулдаж байна. Тийм дарамт ирээд, төв банк яах аргагүй байдалд орж үгийг нь дагавал долларын ханшид сөргөөр нөлөөлж таарах байх, тийм үү?

-Төв банк инфляцыг найман хувиас доош барьж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх бодлого, чиглэлээр ажиллаж байгаа. Мөнгөний нийлүүлэлт 20 их наяд төгрөг орчим байна. Өөрөөр хэлбэл гүйлгээн дэх төгрөгийн хэмжээг барьж буй учраас ханш огцом унаж савлах, хэлбэлзэх үзэгдэл гарахгүй байгаа юм. Таны хэлсэнчлэн маш их хэмжээний мөнгө хэвлэх шаардлагыг энд тэндээс тавьж байхыг үгүйсгэх аргагүй.

Хэрвээ тэгвэл гүйлгээнд их хэмжээний төгрөг орж ирнэ. Гаднаас импортын бараа, тоног төхөөрөмж, барилгын материал, газрын тос зэргийг авах шаардлага гармагц доллар хэрэг болж таарна аа даа. Энэ тохиолдолд илүүдэл төгрөг бүгд доллар руу урсаж эхэлнэ. Тэгмэгц долларын ханш өсөж, төгрөгийн ханш унана. Төгрөгийн худалдан авах чадвар эрс суларна гэсэн үг.

Манайх газрын тос, цахилгаан гээд өргөн хэрэглээний барааныхаа 90 орчим хувийг импортоор авдаг. Энэ бүхний үнэ тэр хэмжээгээр өсөх эрсдэл бий болно. Хэдхэн сарын дотор төгрөгийн ханш нурж, бүх юмны үнэ өсөж эдийн засгийн сүйрэл бий болох том эрсдэлтэй нүүр тулна.

-Тэгэхээр эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхгүйн тулд улстөрчдийн том дарамттай нүүр тулахаас өөр арга төв банкинд байхгүй гэж ойлголоо...?

-Өөр зам байхгүй. Төв банкны хувьд ямартай ч хуулиа батлуулж хараат бус байдлаа бэхжүүлсэн байгаа. Хуулиар бол хэн ч мөнгө гарга, хэвлэ, их хэмжээгээр тараа гэж Төв банкийг шахаж чадахгүй. Улс төрийн аргаар айлгаж сүрдүүлэх замаар дарамт учруулах эрсдэл бол бий.

-Сонгуулийн өмнө төв банк их мөнгө хэвлэснээс болж долларын ханш огцом савласан үе гэвэл та хэдэн оныг онцлох вэ?

-2013, 2014 оныг онцолно. Их хэмжээний мөнгө дотоодын зах зээлд нийлүүлэгдсэн тэр үед долларын ханш 1,300 төгрөгөөс 2,000 болж өссөн. Үүнээс үүдэж юмны үнэ хоёр, гурав дахин өсөж байсан. 2013 оноос хойш бидэнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд маш хүнд жилүүд тохиосон. Тэр хямралаас гарах гэж оролдсоор яваад, байдал эергээр наашилсан ийм үед дахиж тийм алдаа хийвэл бүр л эвгүйднэ. 

-Манай улс уул уурхайд тулгуурласан эдийн засагтай. Ийм онцлогтой эдийн засгийг буруу удирдаад байна л даа. Баялгийн үнэ өндөр үед олсон их орлогоо үрэн таран хийчихээд, нүүрс, зэсний үнэ буунгуут валютын сангийн хөтөлбөрт орж амиа аргацаагаад амьдардаг нь бараг зуршил болчихлоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Зарим талаар санал нийлнэ. Гол асуудал бидэнд өөрсдөд маань байна. Манай улсын бодлого туйлбаргүй. Бас их туйлширдаг. Эдийн засгийн бодлогоо сайн хэрэгжүүлж чаддаггүй. Таны хэлсэнчлэн Монгол уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай. Солонгос, Япон зэрэг аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засагтай улсууд үндэсний нийт орлогоо үйлдвэрлэлээсээ олдог. Тухайн орлого үйлдвэрлэлийн орлого мөн гэдэг нь маргаангүй. Тэр орлогын тодорхой хэмжээг улс зөвхөн татвар болгож авдаг. Ерөнхийдөө ийм схемтэй.

Монгол Улсын хувьд экспорт бага учир төсвийн орлогын 30-аас дээш хувь нь уул уурхайн орлого байдаг. Уул уурхайн орлого их хэмжээгээр хуримтлагдаад ирэхээр уурхайн мөнгө бус улстөрчдийн мөнгө мэт ойлголт бий болдог. Үүнээс үүдэж тэр орлого мөнгө тараах, янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйлс хийх гэх мэт зүйлс рүү хөвдгийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл аж үйлдвэржсэн орон, уул уурхайд түшиглэсэн улсын эдийн засаг эрс тэс ялгаатай.

Уул уурхайн орлогыг баруунд рент буюу түрээсийн орлого гэж үздэг. Япон, Солонгосын хувьд ашиг орлого их байвал үйлдвэрлэлээ хөгжүүлж хөрөнгө оруулалт хийж, хүмүүсээ сургах зэрэг үр ашигтай зүйлд зарцуулдаг. Эдийн засгийн онцлог нь тийм. Харин Монголын нөхцөлд уул уурхайгаас орж ирж буй маш их мөнгийг улс төрчид хуваарилдаг.

-Уул уурхайгаас орж ирсэн мөнгийг улстөрчид зөв зүйлд зарцуулдаг бол эдийн засагт нэмэртэй нь тодорхой. Гэхдээ манай улстөрчид тойрог руугаа чирч, попорсон амлалтаа биелүүлэх гэж цацаад дуусдаг. Ингээд харахаар уул уурхайн том төсөл ордуудад төрийн оролцоо өндөр байх нь эрсдэлтэй юм биш үү?

-Тийм л дээ. Төрийн өмчтэй уул уурхайн том компани ашигтай ажиллалаа г¥ж бодоход орлогыг нь үйлдвэр байгуулах, цахилгаан станц барих зэрэг эдийн засагт өгөөжөө өгөх бүтээн байгуулалтад зарцуулбал өөр хэрэг. Гэтэл манайд тэр их мөнгийг хэрхэн хуваах вэ гэсэн яриа голлоод байна л даа. Ийм хандлага, үзэгдэл зөвхөн нэг хоёр улс төрчийн дунд байсан зүйл бол нөлөө нь жижиг.

Нийт нийгмийн асуудал болж хувирч байгаа нь л болгоомжлол төрүүлээд байна. Орлогоо яаж хуваах вэ гэдэг хүлээлтэд бүгд орчихсоноос биш олсон мөнгөөрөө бусад салбараа яаж хөгжүүлэх тухай ярьж байгаа хэсэг алга. Станц барих гэх мэт бүтээн байгуулалтын асуудлаа бүр мартчихсан. Үүнийг л уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараал гээд байгаа юм. Таны асуусанчлан манай уул уурхайн салбар хувийн компани дээр тулгуурласан бол байдал өөр байх байсан.

Том, том уурхайнууд бүгд улсын мэдлийн компани болчихоор саалийн үнээ болчихож байгаа юм.

-Төрийн өмчийн уул уурхай улстөрчдийн саалийн үнээ болсон тод жишээ нь Эрдэнэт. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой” нэмэгдчихсэн. Одоо Оюу толгойг саалийн үнээ болгох далд тэмцэл өрнөөд байх шиг санагдах юм...?

-Магадгүй л юм.

-Наанаа монголчуудад ашиггүй төсөл гэх мэт эх оронч гоё тайлбарууд хэлж байгаа ч цаанаа Оюу толгойгоос улсын төсөвт орж байгаа татвараас миний халаасанд бага мөнгө, чинийхэд их орчихлоо гэсэн маргаан л хурцдаад байна гэж харах хүнтэй цөөнгүй таарлаа...?

-Үгүйсгэхэд хэцүү хардлага.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Эдийн засаг талаас нь онцолж харахгүй байна гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Үндсэн хуульд чухал гэж хэлж болох хэд хэдэн эдийн засгийн ойлголт, хязгаарлалтыг тусгах ёстой. Хамгийн түрүүнд яригдах ёстой зүйл бол эдийн засгийн бодлогын хариуцлага.

Түрүүн та бид хоёрын ярианы сэдэв болсон асуудал байна. Төв банкийг шахаж, хэрэгтэй хэрэггүй янз бүрийн томоохон төслүүдэд мөнгө гаргасны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Төв банк шахалтаар нь их мөнгө гаргавал тухайн үеийн төв банкны ерөнхийлөгч хэдэн жилийн дараа буруутаж шоронд суух аюултай. Гэтэл үүнийг шахаж, дарамт үзүүлж, мөнгө гарга гэж тушаасан хүн нь хариуцлагаас мултардаг. Ийм хууль эрх зүйн орчин манайд үйлчилж байгаа.

Хоёр дахь анхаарах гол асуудал бол улсын төсвийн мөнгийг хуваарилах, зарцуулах. Ингэхдээ үр ашиггүй зүйлд зарцуулах ёсгүй. Төслүүдээ сайн судалж төлөвлөгөөний дагуу хийх ёстой. Тэр тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид хэдхэн жилийн өмнө 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө баталсан. Тэр дагуу явж байгаа ч дахин өөрчлөлт хийнэ гэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогоо жил бүр засдаг манайх шиг улс дэлхийд байхгүй.

Учир нь улс орны урт хугацааны төлөвлөгөө гэдэг үндсэндээ ерөнхий чиглэл байдаг. Богино хугацааны төлөвлөгөөнүүд дөрвөн жилийн доторх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Үүнд л бид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүнээс биш 20,30 жилийн дараах үлгэр шахуу зүйлд хамаг цагаа зарцуулж сүртэй зүйл ярих шаардлагагүй.

Тэр төлөвлөгөө байж л байг, харин одоо энэ жил, ирэх жил юу амжуулахаа л онцгой анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэж бий. Энэ хуульд урт хугацааны бодлого батлагдаад тодорхой хугацаанд гар хүрэхгүй гэсэн агуулгатай заалт туссан. Манайд хөгжлийн бодлогын ач холбогдлын төлөвлөлтийг сайн барьдаггүй учир ямар ч хууль байсан нэмэргүй.

Тухайн үед эрх мэдэлтэй яваа улстөрч бодсоноороо хачин юм хийж, өнөөхийг нь дараагийн хүн засдаг. Ийм байнгын засварын процесстойгоор аж төрж ирсэн. Тэрний дагуу юм хийж байгаа юм уу гэвэл бас л үгүй.

-Сүүлийн асуулт. Төв банк ажил эрхлэлтийг дэмжих ёстой, эдийн засгийг тэлж томруулахад өндөр оролцоотой үүрэгтэй ажиллах ёстой гэсэн хандлага байр суурь бий. Үүнийг үгүйсгэсэн байр суурьтай эдийн засагч ч олон. Таны хувьд төв банкинд ийм үүрэг бий юу?

-Ер нь бол хоёр янзын үзэл бодол бий л дээ. Нэг нь төв банкнууд ажил эрхлэлт, эдийн засгийн хөгжлийг дэмжих ёстой гэсэн үзэл баримтлал. Гэхдээ энэ үзэл баримтлалыг сүүлийн жилүүдэд хэрэглэхээ больсон. Учир нь төв банк эдийн засгийг хөгжүүлдэг газар биш. Энэ бол Засгийн газрын үүрэг. Ямар бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт хэрхэн татаж эдийн засгийг хөгжүүлэх нь Засгийн газрын асуудал.

Төв банкны цорын ганц үүрэг бол төгрөгийн ханшийг хадгалах. Энэ үүргээ биелүүлж үнийн өсөлтийг аль болох өндөр байлгахгүйд л анхаарах ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг байхгүй, байх ч ёсгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606110
0 эможи

keyboard_arrow_up