7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Чинбат: ОБЕГ-аас өдөр тутам сэрэмжлүүлж байгаа ч хоёр хоногт нэг иргэн усанд живж амиа алдаж байна

админ
2019 оны 7 сарын 23

Image result for голын эрэг дагуу хүмүүсУрин дулааны үед иргэд голын эрэг барааддаг. Энэ үеэрээ согтууруулах ундаа хэрэглэснээр усанд осолдох тохиолдол элбэг. Жилд дунджаар 88 иргэн усанд осолдож амиа алддаг гэх тоон судалгаа бий. Энэ талаар Нийслэлийн ОБЕГ-ын сургалт судалгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Чинбаттай ярилцлаа.

-Амралт зугаалгын үе эхэлжээ. Туул голын эргээр майхан барьж тухалсан иргэд олон байна. Өдөр тутам шахуу л усанд амь эрсэдсэн тухай мэдээ дуулдах юм. Гол төлөв ямар шалтгаанаар усанд эндэж байна вэ?

-Нийслэлийн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сүүлийн таван жилийн гол усны ослын талаар хийсэн товч судалгаа байдаг. Энэ судалгаанд үндэслээд харахад хүйтэн сэрүүн өдөр олон, бороо хуртай жил усны ослын тоо буурдаг.  Үерийн аюул бол нэмэгдэнэ. Аагим халуун нартай өдөр олонтой жил усны осол нэмэгддэг. 2017 онд гантай жил болоход усны осол их байсан. Нийслэлийн хэмжээнд 30 гаруй хүн амь насаа алдаж байсан. Харин 2018 онд хур бороотой жил 10 гаруй хүн л усанд осолдож амь алдсан байгаа юм. Энэ он гараад хавар жаахан цас ороод л дараа нь их халлаа. Халуун нар шарж байгаад л агшин зуурт ширүүн бороо орж байна. Энэ бүхэн цаагуураа дэлхийн цаг уурын өөрчлөлттэй хамааралтай.

-Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд усанд амь насаа алдсан хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Амралт зугаалгаар явж байгаад 14 хүн амь насаа алдсан. Үүний 11 нь насанд хүрсэн хүн байгаа юм. Гурав нь бага насны хүүхэд байна.

-Нийслэлийн ОБЕГ-аас энэ аюул ослоос сэргийлсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар бид ес дэх жилдээ “Туул гол" гэх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн ЦЕГ-тай хамтарч зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Иргэдийн амралт зугаалгын үе эхэлсэн улиралд гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул гол дагуу завьт эргүүлийг ажиллуулдаг. Завьт эргүүл маань Туул голын дагуу хоёр чиглэлд явдаг. Эхнийх нь Гачууртаас Маршалын гүүр хүртэл.

Нөгөө хэсэг нь Маршалын гүүрнээс Сонгинын амралтын гүүр хүртэл эргүүлд гарна. Энэ жилийн тухайд бага зэрэг өөрчлөлт хийсэн. Нийслэлийн зургаан дүүргийн албан хаагчдыг хамруулах зорилгоор хуваарилж егсөн. Тухайлбал Гачууртаас Баянзүрхийн гүүр хүртэл Баянзүрх дүүргийг ОБЕГ, Хан-Уул дүүрэгт бол Хан-Уулын ОБЕГ гэх мэтээр хуваарилж өгсөн юм.

Голын эрэг дагуу хамарч буй иргэдэд эргүүлийн ажилчид маань тогтмол сэрэмжлүүлж байгаа ч усны осол огт буурахгүй байна. Тавдугаар сарын 20-доос долоодугаар сарын 20-ныг хүртэл хоёр сарын хугацаанд 14 хүн эндсэн байна. Хоёр хоногт л нэг хүн усанд живж байна гэсэн үг.

-Сэрэмжлүүлээд байхад энэ төрлийн осол гарсаар байгаа нь юутай холбоотой вэ. Иргэд хэнэггүй байна уу?

-Хэнэггүй, өөрсдийнхөө амь насанд дэндүү хайргүй байна л даа. Нийслэлийн ОБЕГ-аас голын эрэг дагуу эргүүл хийж сэрэмжлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч өдөр бүр шахуу сэрэмжлүүлдэг. Ингээд байхад л гол руу очиж живээд байх юм. Мөн энэ талын мэдлэг хомс байх шиг санагддаг. Манайхан амралтыг архигүйгээр төсөөлөхөө больчихсон.

Голын эрэг дээр очоод заавал архи ууж байж л таашаал авдаг болчихож. Усанд живж амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Үүнтэй зэрэгцээд усанд осолдсон хүмүүсийн 90 хувь сайн сэлдэг байсан. Согтоход зориг орно. Эрдээд үсрээд ороход нь шөрмөс нь татаад урсчихна шүүдээ. 

Таны биеийн халуун 35 градус, гадаа халуун 35 градус нийлээд 70 градус. Таны уусан архины 40 градусыг нэмэхэд 100 гараад явчихна. Үүний тал хувийг нь л авч үзье л дээ. 50 градус. Гадаа 30 гаруй градусын халуунд гол болон нуурын усны халуун 15 градус л байдаг. 50 градусын халуунтай бие усанд сэрүүцэхээр ороход бие тэлнэ. Та хэчнээн мундаг сэлдэг байлаа ч нэг даллаад л шөрмөс тань татаад живнэ. Гол хүчин зүйл энэ байна.

Аялж зугаалж явахдаа согтууруулах ундаа битгий хэтрүүлж хэрэглэ. Бага хэмжээгээр ч болов архи уусан үедээ гол, нуурын усанд битгий ор. Ингэснээр та амь насаа хамгаалж байгаа хэрэг.

-Усанд эндсэн 14 хүний гурав нь хүүхэд байсан талаар та яриандаа дурдсан. Эцэг, эхчүүд анхааралгүй байна уу?

-Нэгдүгээрт, анхаарал халамж дутсанаас осолдож байгаа юм. Эцэг, эхчүүд модны сүүдэрт хөзөр тоглоод сууж байдаг. Хүүхдүүд нь голын эрэг дагаж гүйж байгаад л хөл алдаад гол руу уначих тохиолдол их байна. Нэмээд хэлэхэд манайхан голын эрэгт очоод хүүхдэд шаар юм уу бөмбөг өгчихдөг. Харилцаж тоглож байгаад бөмбөгөө ус руу оруулчихдаг. Араас нь ороод л урсчихаж байгаа юм. Ийм тохиолдол олон бүртгэгдсэн.

-Энэ жилийн тухайд үерийн түвшин ямар байна?

-Усны түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. УЦУОШГ-аас гаргасан мэдээллээр бол Алтай хангай, Хэнтийн уулсаас эхтэй голуудын түвшин зарим газраа 50 орчим см-ээр нэмэгдсэн байсан. Өмнө таны бүсэлхийгээр татдаг байсан ус л далд орох хэмжээний болсон байна гэсэн үг. Голын эрэг дагуу болгоомжтой аялж зугаалах хэрэгтэй. Энэ сарын 27-28-нд зүүн, баруун, төвийн болон хангайн даншиг наадмууд болно.

Манайхан ч наадамлахаар нутаг орноо зорино. Нутгийн танил найз нөхөдтэйгөө уулзана. Өдөр наадамлаж байгаад л орой голын эрэг орно. Наргина. Уугаад зориг орж сэтгэл хөөрөөд ус руу үсэрнэ. Ингэж яваад л энддэг байхгүй юу. Хөдөө орон нутгийн наадамд зорьж байгаа иргэд үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд болзошгүй үер усны аюулаас сэргийлж, дулаан хувцас авч явах шаардлагатай. Дээрээс нь техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах нь жолоочийн үүрэг.

-Живсэн хүнийг уснаас гаргаад үзүүлэх анхан шатны тусламж нь юу вэ?

-Та усанд сэлж чаддаг бол түргэн хугацаанд уснаас гаргах хэрэгтэй. Гаргасан даруйдаа ухаан оруулах хэрэгтэй. Амьсгалж байгаа эсэхийг нь шалгаад хажуулдуулж хэвтүүлнэ. Шалгасныхаа дараа цээжин дээр нь 30 удаа дарж хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа хоёроос гурван удаа хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа дахиад л цээжин дээр дарна Энэ үед хавь ойрд байгаа хүмүүст мэдэгдэж түргэн тусламж дуудах хэрэгтэй. Ийм байдлаар л ажиллана даа.

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606061
0 эможи

keyboard_arrow_up