7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Бурхны томилгоотой эгэл баатруудаа “БИД МАРТАХГҮЙ“

админ
2019 оны 7 сарын 17

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Өвөө өнөө л янзаараа улаан тэрлэгэн дээлээ өмсөөд иржээ. Өмнөх жилийнхээс багахан өтөлсөн харагдана. Харин хүүгээ санан дурсах сэтгэлийн үг нь янзандаа л байна. М.Загдаа гуай өдгөө нас сүүдэр 89 хүрч яваа. Тэр одоогоос 31 жилийн өмнө төр, иргэнийхээ төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэнэ хэмээн тангараг өргөж цагдаагийн албанд үнэнчээр зүтгэж явсан хүүгээ цаг бусаар алдсан.

Тээврийн цагдаагийн албанаас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг нь мөнхжүүлэх, гэр бүл, төрөл төрөгсдөд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. ТЦА-ны төв байранд өнөөдөр /2019.07.17/ тус хүндэтгэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Arslan.mn

Жил бүрийн энэхүү арга хэмжээнд М.Загдаа гуай хэрэг болгон зорьж ирж оролцдог. Өнөө жил ч хамгийн түрүүнд ирчихсэн сууж харагдана.

Түүний хүү авто замын хөдөлгөөн зохицуулагч З.Ганбат 1988 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, МУИС-ийн өмнөх уулзвар дээр ажил үүргээ гүйцэтгэн хөдөлгөөн зохицуулж яваад автобусанд мөргүүлж амь насаа алджээ. Тэр хар өдрөөс хойш 30 жилийн хугацаанд М.Загдаа гуай дээлтэйгээ “хатаж” хүүгээ гэх сэтгэл нь хэзээд амь халуунаараа өнөөдрийг хүрчээ.

М.Загдаа “Би хүүгээ анх цагдаа болоход нь сонор сэрэмжтэй байгаарай гэж их захидаг байсан. Хүү минь мэргэжилдээ хайртайгаар барахгүй олон улсын цагдаа болно гээд герман хэл сурч байлаа. Одоогийн замын цагдаа нартаа сонор сэрэмжтэй, анхааралтай байгаарай л гэж хэлэх байна. Зам зохицуулах ажлаа хийлгүй л яахав. Гэхдээ өөрийн амь насаа үргэлж хамгаалж байгаарай гэж захья. ТЦА-наас “Бид мартахгүй” арга хэмжээнд үргэлж намайг урьж оролцуулдаг. Үүнд би баярлалаа гэж хэлмээр байна” гэв.

Тухайн үед буюу 1988 онд З.Ганбат эхнэр, нэг настай хүүгийн хамт амьдардаг байжээ. Гэвч эр нөхөр нь осолд орж хорвоог орхисноос хойш гэргий нь амьдралын эрхээр хүүгээ гурван настай байхад нь ОХУ-ыг зорьжээ. Үүнээс хойш бэр, ач хүүтэйгээ холбоо барьж чадалгүй явсаар тун саяхан Ленинград хотод оршин сууж байгаа тухай сураг сонсчээ. Улмаар 30 жилийн дараа тэдэнтэй уулзахаар ТЦА-ны тусламж дэмжлэгтэйгээр үеэлүүүд нь ОХУ-ыг зориод байгаа гэнэ. Тэд зорьсон хэргээ бүтээгээд өнөөдөр эх орны зүг жолоо залжээ.

Аавыгаа амь насаа алдах үед дөнгөж л нэг нас хүрч, тэнтэр тунтар алхаж явсан хүү өнөөдөр өөрөө аав болсон гэнэ. Энэ талаар М.Загдаа гуай “Хүү маань Оюунтөмөр гэж нэг л хүүхэдтэй юм. Хүү нь эхнэр хүүхэдтэй том эр болсон байна гэнэ. Хүүхдүүд очиж уулзахаар явсан. Өнөөдөр ирнэ” хэмээн баяртай өгүүлж байна.

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 90  алба хаагч  албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан байна. Үүнээс замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч үүргээ биелүүлж яваад амь насаа алджээ. Та бидний амар тайван амьдралын төлөө 15 хүү, 15 ах, 15 аав, 15 хань амиа өргөв.

“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн 1 минут дуугүй зогсож “Бид мартахгүй” баримтад киног үзэж, сонирхов.

Баримтат киног үзэж суугаа ар гэрийнхэн дахин нэг удаа хайртыгаа, хүүгээ, дүүгээ, ахыгаа нэхэн санаж нулимс дуслуулна. Дурсамж нэвтрүүлгийг үзэж суусан М.Загдаа гуай хүүгийнх нь тухай  өгүүлэх үед хэсэгхэн нүдээ аниад алга хавсарч харагдана.

Мөн цэл залуухан 25 насандаа тулгар биетэй эхнэр, таван настай охиноо орхиод бурханы оронд одсон Замын цагдаагийн албаны зохицуулагч Г.Өнөрбаатарын ээж Г.Дашдулам гуай нулимсаа арчаад л суух аж.

Г.Дашдулам: Ээжийнхээ гэдсэнд өнчирч үлдсэн охин нь одоо 21 нас хүрсэн

Arslan.mn

Алба үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Замын цагдаагийн албаны зохицуулагч Г.Өнөрбаатар агсны ээж  Г.Дашдулам "Миний хүү 1973 онд төрсөн. Нийслэлийн 48-р сургуульд 1989 онд төгсөж засварчин жолоочоор ажиллаж байгаад 1991 онд цагдаагийн газрын дэргэдэх курсэд суралцан дараа жилээс нь СХД-ийн замын цагдаагийн албанд жолооч зохицуулагчаар ажиллаж байсан. Улмаар замын цагдаагийн дэргэдэх хамгаалалтын албанд шилжин ажилласан идэвхи зүтгэлтэй,ажилдаа дур сонирхолтой байсан. Хүү минь 1998 оны тавдугаар сарын 29-ны өдөр 25 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тухайн үед таван настай хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн байсан. Одоо таван настай байсан хүүхэд нь энэ жил 25 хүрч байгаа. Харин ээжийнхээ гэдсэнд байсан охин нь 21 хүрч байгаа. Хүүгээ алдаад 21 жил боллоо. Миний хүүг эргэн дурсаж байдаг цагдаагийн  газрын бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлж байна" гэв.

Тийм ээ, өнөөдөр бол Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсах хүндэтгэлтэй өдөр юм. Төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсах өдөр.

Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэж явсан амь бүхний төлөө, зүрх бүрийн төлөө залбирах өдөр.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnГ.Сүрэн

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605900
1 эможи

Зочин
2019-07-17 12:32
сонирхолтой
keyboard_arrow_up